Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чалчаа саарал: Дайны түүхийг бичигч Жеймс НахтвейУншсан1,522

Энэ удаа дайны гэрэл зурагчин Жеймс Нахтвей хэмээх бараг л үхэшгүй мөнхийн хутгийг олсон гэмээр фото урлагийн нэгэн том мастерын тухай, түүний шилдэг гэрэл зургийн зарим нэгийг танилцуулъя.

Хамаг бүхэн бороо мэт арилж

Харин гэрэл зураг шороо мэт үлдс үү...

(Гэрэл зургийн Гамма агентлагийн дурсгалын самбар дээр Д.Цоодол гуайн бичиж үлдээсэн хоёр мөрт)

Энэ удаа дайны гэрэл зурагчин Жеймс Нахтвей хэмээх бараг л үхэшгүй мөнхийн хутгийг олсон гэмээр фото урлагийн нэгэн том мастерын тухай, түүний шилдэг гэрэл зургийн зарим нэгийг танилцуулъя.

Хойд Ирландад Британийн арми, БНИА (Бүгд найрамдах Ирландын арми)-ын хоорондын мөргөлдөөн, тулааны тухай олон зураг авч, гэрэл зургийн ертөнцөд өөрийн байр сууриа олж бэхжиж авсан Жеймс Нахтвей  нь 1990-ээд оны үед өмнөд Африкийн хэдэн гэрэл зурагчидтай нийлж "Bang-Bang club" гээчийг байгуулж байсан хүн. Энэ клубийнхэн гэж ёстой барын аманд камераа хийгээд авахаас үл буцах, шийдсэн нөхдүүд байсан бөгөөд Африкийн өргөн уудам нутаг дээр болж байгаа бүх л аймшигт үйл явдлын хамгийн төвд нь хүрч зураг авч байдаг байв.

Дараа нь Жеймс “Магнум” агентлагийн зурагчин болоод Өмнөд Африк, Латин Америк, ЗХУ, ОХУ, Дорнод Европ, Азийн олон нутаг дахь дайн дажин, өлсгөлөн зовлонгийн зураг авч байсан хүн. Тэрээр зөвхөн дайн дажны сэдвээр төдийгүй байгаль орчны бохирдол, гэмт хэрэг, Баруун Европ болон Америк дахь цаазын ялын талаар олон зураг авч байжээ.

Гэхдээ түүний хамгийн гол сэдэв, хамгийн их зовж явдаг зүйл бол дайн, дайны үеэрх хүний гэмээргүй хэрцгий зан ааш гардаг явдал гэж өөрөө бичиж, ярьдаг байна.

Ингээд Жеймс Нахтвейн тэмдэглэлийг хүргэж байна.

“Руандагийн аймаглан устгах явдлын үеэр хэрэглэж байсан гол зэвсэг нь хөдөө аж ахуйн багаж хэрэгслүүд байлаа. Мачете (маш том хутга), сүх, хөрөө... Өөдөөс, хойноос хамаагүй харснаа л цавчина. Ямар ч гэмгүй, өөрсдийгөө хамгаалах чадалгүй хүмүүс бөөн бөөнөөрөө амиа алдах бөгөөд хүүхэд тэдний дотор өч төчнөөнөөр. Би үүнийг ойлгож чадахгүй нь. Урьд нь ч ийм байсан гэдгийг би гадарлаж байна. Би энэхүү аймшигт хядлагын үр дагаврыг, ямар гээч аймшигтай үзэн ядалт, айдас бий болж байгааг харж байсан хүн. Гэхдээ яахаараа зуу зуун хүн ийм аймшигтай араатан мэт болон өөрчлөгдөж байгааг ойлгож чадахгүй нь. Тэсрэх бөмбөг олон хүнийг нэгэн зэрэг алж чадах нь үнэн. Гэхдээ тэсрэх бөмбөгт хүний нүүр царай гэж үгүй. Александрын үед бас л цавчилдан алалцаж байсан бөгөөд зэвсэгтэй хүн зэвсэгтэй хүнтэйгээ буюу ямар нэг байдлаар эр зориг, хүч чадлаа үзэж, арай л эрх тэгш гэмээр байдалд алалцдаг байж. Харин ямар ч хамгаалалтгүй хүмүүсийн өөдөөс ийм хүйтэн зэвсэг барин дайрч ороод цавчаад байна гэдэг толгойд маань огт багтахгүй нь”.

Редакцийн тайлбар: Руандагийн аймаглан устгах геноцетийн зургууд үнэхээр аймшигтай тул бид зарим нэг уншигчдаа хүндэтгээд тэрхүү зургуудийг хавсарган нийтэлж зүрхэлсэнгүй. Жеймс Нахтвейн зургуудаас дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл та http://www.jamesnachtwey.com сайтад зочлоно уу.

Индонези

1990-ээд оны үед Индонезид шашин шүтлэгийн зөрчилдөөн хурцдаж мусульман болон загалмайтнуудын дунд байнгын мөргөлдөөн гарах болжээ. Зөв буруу гэж зүйл байсангүйтэй адил сайн муу хүн ч гэж байхгүй болсон тэр цаг үе. Сүм хийд, түүний мөргөлч нар руу дайрах нь байнгын, хэвийн үзэгдэл болсон ба алж хядахдаа айж ичихээ нэгэнт больсон байна.

Жеймс иймэрхүү аюултай районд зураг авахаар очтол хэсэг бүлэг лалын шашинт хүмүүс загалмайтны жижиг сүмийг нураан эвдэж байсан ба сүмийн гурван хамгаалагчийг аль хэзээний алан дөрөв дэхийг нь алах гэж хөөж байв. Том хутга, мачета барин ганц хүнийг хөөх эдгээр хүмүүсийг Жеймсээс өөр зогсоох гэж оролдох хүн байсангүй.

Жеймс лалын шашинтнуудыг тайвшруулах гэж янз бүрийн учир шалтгаан хэлж, шархтсан хамгаалагчийг зүгээр л явуулахыг гуйж бүр өвдөг сөхрөн суусан гэдэг. Гэсэн хэдий ч амжилт олоогүй байна.

9-11

“Есдүгээр сарын 11-ний үйл явдлыг би хэзээ ч мартаж чадахгүй байх. Би Францаар явж байгаад Нью-Йоркт есдүгээр сарын 10-нд шөнийн 23.30 цагийн үед ирсэн бөгөөд цонхоор Олон улсын худалдааны төв харагдаж байлаа. Өглөө сэрээд  хартал нэг байшингаас нь утаа униар суунаглан байсан бөгөөд би юу болж байгааг огт ойлгосонгүй, ямар нэг азгүй явдал болжээ гэж л бодов. Гэхдээ ямар нэг том үйл явдал болж байна гэж мэдэрч байсан учир фото хэрэгслээ бэлдээд гарах гэж байв. Ингээд гарахын өмнө дахин нэг цонхоор хартал хоёр дахь байшин шатаж байлаа.  Америк руу дайрч байна гэдэгт би эргэлзэхгүй болсон юм.

Очоод шууд л янз бүрийн байрлалаас зураг авч эхэллээ. Өмнөд байшингийн зураг авахдаа наад талын загалмай бүхий сүмийг оруулж авах гэсэн бөгөөд болж буй үйл явдлыг ингэж хамгийн тодоор харуулж болно гэж бодсон юм.  Зургаа авч байх яг тэр мөчид байшин нурж эхэллээ. Зүгээр л шоконд орсон гэхээс өөр хэлэх үг алга. Тархи маань маш эрчимтэй ажиллаж байсан ба агаарт бутран унаж байгаа эдгээр том том төмөр нь удаашруулсан киноны хэсэг мэт л харагдаж байлаа. Цаг хугацаа зогссон мэт санагдаж байсан юм шүү.

Зураг авсаар хальс маань ч дууслаа. Чухам энэ үед ертөнц өөрийнхөө хурданд эргэн орсон бөгөөд миний дээрээс одоохон ямар нэг юм унах нь гэдгийг ойлголоо. Нөмөр газар олж авах үед эргэн тойронд байшингийн том хэлтэрхийнүүд унаж байв. Нурж унасан байшингийн үлдэгдэл дээр очих гэж зүтгэж байх үедээ эхний байшин нурсан юм чинь хоёр дахь байшин бас нурж болно гэсэн бодол огт төрөөгүй. Гэтэл би яг тэр байшингийн ёроолд ирээд зогсож байх үед нурж эхэлсэн билээ. Надад хэдхэн секунд байсан бөгөөд би зургаа авсаар байсан бол дарагдаж үхэх нь тодорхой байсан. Амьдаараа булуулсан юм шиг болж, амьсгалах аргагүй хэсэг болж, яаж ийж байгаад эндээс гарч чадлаа. Нурсан байшингийн үлдэгдэл дээр очиж өдөржингөө зураг авч байхад дотор маань амь үрэгдсэн олон мянган хүний хойноос харамсах, үүнийг хийсэн хүнд өсөрхөх сэтгэл төрж байв. Ганц ч амьд хүн олсонгүй. Бүгд дарагдан амь үрэгджээ.”

...Руандгийн иргэний дайн, аймаглан устгалт, Судан, Сомалийн өлсгөлөн зэрэг олон явдлын үеэр хийсэн фото сурвалжлага нь Нахтвейд Пулитцерийн хоёр, (сэтгүүлчдийн хувьд Оскарын шагналтай дүйх шагнал) бас бус өөр олон олон шагналыг авчирсан байдгийн дотор Роберт Капагийн (гэрэл зургийн хамгийн том аваргуудын нэг ) алтан медаль хэд хэд байдаг нь түүнийг хэн бэ гэдгийг ямар нэг хэмжээгээр харуулж байгаа болов уу.

Энэ алдарт фото зурагчин маань зургаа авахдаа үйл явдлын хамгийн аюултай, хамгийн эмзэг хэсэгт байхыг эрмэлздэг байсан бөгөөд олон удаа амь насаа алдахын даваанд ирсэн байдаг.

2003 онд Ойрхи Дорнодод хоёр цэрэг, фото зурагчин Майкл Вайскопфтой хамт машинд цуг явах үед нэгэн уулзварын дэргэд гэнэт гарч ирсэн араб нөхөр машин дотор нь гранат хаясан байна. Майкл гранатыг шүүрч аван буцаан шидсэн боловч гарнаас нь дөнгөж салах үедээ тэсэрч гаргүй болгосон бөгөөд машинд байсан бүх хүн шархтжээ. Нэлээд хүнд шархтсан Нахтвей шархаа боолгож дуусалгүй босон харайж шархтсан нөхдүүдийг нь эмчилж, аюултай бүсээс зөөн холдуулж байгаа тухай зураг авч, зөөх ажилд нь чадлаараа тусалж байжээ. 

2013 онд 65 настай зурагчин маань ээлжит шархаа авсан бөгөөд тэр тухайгаа твиттертээ “зүгээр, бүх юм ок. Сум нэвт гарсан. Ажилдаа эргэн орох гэж байна” гэж бичсэн байдаг юм гэсэн. Энэ хүн бараг 20 гаруй удаа шархтсан юм гэдэг шүү.

“Хэрвээ чиний зураг хангалттай сайн болж чадаагүй бол чи л хангалттай ойртож чадаагүй гэсэн үг” хэмээн нэгэн цагт Роберт Капа хэлснийг яг таг баримталдаг Нахтвей фото зургийн урлагийг өөрийнх нь хэлснээр  “бүх л хүн төрөлхтний гаргасан алдааг давтаж байж, бас өөр хэний ч хийгээгүй хэдэн алдаа нэмэн байж“ бор зүрхээрээ сурч, мэдэж авсан ба энэ хүн фото сурвалжлагаа 35 мм-ийн дуран бүхий камераар хийдэг гэнэ лээ.  Ийм дурантай хүн үйл явдлын дунд л орж байж олигтой зураг авах байх.

Жич: Том зурагчид гэж элдэв дуран, аппарат, хөл ... бөөнөөр нь үүрсэн Шварцнейггерийн "Командос" шиг л юм явдаг байх гэж ойлгодог байж билээ.

Нийтлэлч Чалчаа саарал

Сомали
Заир (Конго)
Балкан
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]