Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Буриадууд бүгд сайн дураар Орос улсад нэгдсэн гэх нь өрөөсгөл юмУншсан4,312

Халх монголын ноёд Буриад монголын газар нутгийг хаант оросын цэргүүд тvрэмгийлэн эзлэхийг зvгээр харж суугаагvй. 1688-1689 онд Тvшээт хан Чахундорж монгол цэргийн хvчээр Сэлэнгэ, Yдийн чиглэлд оросын түрэмгийлэгчдийн эсрэг довтолж орос цэргийг уугуул нутгаасаа хөөж байжээ.

Буриад Монгол гэж ямар улс вэ? Яагаад монголчууд хэдэн хэсэгт хуваагдсан юм бэ? гэдгийг үнэн бодитоор өгүүлэх цаг нэгэнт болжээ. Өмнөх зургаан зууны туршид хөрш гүрнүүд монголчуудыг бие биентэй нь сөргөлдүүлэн турхирч монголчууд өөрсдөө ч өөр хоорондоо байлдан тэрсэлдэж харь гүрний өгөөш болсоор Их Монгол улсаа мөхөөж өөрсдийгөө ч хамгаалж чадахгүй өчүүхэн улс болж байлаа. Буриад Монгол бол тэрхүү сөргөлдөөнт доройтлын цаг үеийн нэгээхэн хэсэг нь юм. Буриад бол Монголын харьд алдсан нутаг юм.

Буриад гэдэг үгийг зарим эрдэмтэд "Бури –чоно, Бургуд- бүргэд, Бураад- ойн иргэд” гэсэн үг хэмээн янз бүрээр авч үздэг. Буриад Монголын  Байгаль орчмын нутаг бол манай эриний өмнөх 220 оноос манай эриний 200 он хүртэл монголчуудын өвөг дээдэс Хүннү гүрний нутаг байсан. Дараа нь монголчуудын өвөг дээдсийн байгуулсан  Сяньби улс /93-235/, дараа нь Жужан улс /220-535/, дараа нь Чингис хааны байгуулсан Их Монгол улс /1206-1368/ -ын харьяанд байсан өвөг дээдсийн маань унаган нутаг бөлгөө. Буриад монголын өвөг дээдэс бол монголын аймаг болох мэргэд, баяд, хорь-түмэд, барга монголчууд болой. Буриад бол монгол үндэстэн, монгол туургатан. Буриадын хэл, бичиг үсэг, соёл, шашин, гарал угсаа бүгд монгол юм. Энэ бол түүхийн бодит үнэн.

Арван долдугаар зууны vед Халх Монголыг баруун талаас нь ойрд монголчууд довтолж, хойд талаас нь оросууд довтолж, өмнөд талаас манж нар шахаж эхлэх үед монголчуудын хүч ихэд доройтсон байв. Монголчуудын доройтсон байдлыг ашиглаж оросууд Байгаль орчмын нутгийг түрэмгийлэн эзэлж эхэлжээ.  Оросын эзэнт улс хил хязгаараа тэлж татар монголын Хүчүлэг хааны эзэмшил Урал, Сибирийг эзэлсний дараа Байгаль орчмын монгол нутагт өнгөлзөж эхэлжээ. Оросын хаант улс эртний монголын Байгаль орчмын нутаг нь алт, мөнгөний ордоор баялаг гэдгийг мэдээд энэ нутагт улам ч ихээр шунах болжээ. Амар амгалан Буриад монгол  нутагт сахал үсэндээ баригдсан, муухай харцтай буруу номтнууд буу зэвсэг барин  гэнэт уулгалан довтлон  орж ирэхэд харийн түрэмгийлэгчдээс эх орноо хамгаалах бэрх хэцүү зорилт буриадын ард түмний өмнө тулгарав. Хамгийн анх Байгаль орчмын монголын нутагт довтолж орсон хүн бол оросын цэргийн отрядын дарга Петр Бекетов гэгч байлаа. Бекетовын отряд 1628 оны намар Ангар мөрнийг өгсөж доод Үд, Балаганы буриад нутагт хүрчээ.Бекетов өвөр байгалийн монгол нутагт очоод шууд л буриад ардуудаас албан татвар нэхжээ. Оросын Сибирийн захиргаа 1635 онд эзэн хаандаа өгсөн мэдээндээ: "Петр Бекетөв цэргүүдээ дагуулан Буриад монголын газар Лена голын эх өөд Она голын адагт очиж  урьд өмнө Орос улсад алба төлж байгаагvй  буриад, зvрчид угсааны иргэдээс улсын алба гаргуулахаар шаардахад эдгээр буриад, зvрчид нар эсэргvvцэж, очсон хvмvvсийг зодож занчив. Гэвч Бекетов нөхдийн хамт гурав хоног бvслэлтэд сууж бурхны ивээлээр Петр цэргvvдийнхээ хамт тэдгээр буриад монголчуудыг элдэв арга мэх хэрэглэн зодож, алж хороосон буриад  хvний тоо 90 хүрэв…” гэжээ.

Ийнхүү буриад  иргэд оросын төрд албан татвар төлж эхэлжээ.1643 онд Курбат Иванов гэгч Байгал нуурын Ольхон ольтрогийг байлдан эзлэхээр дайралт хийжээ. 1644 онд Амар орчмын нутгийн хvмvvс энэ дайралтынх нь хариуг барихаар шийдэж,Лена (Зvлэг) болон Амар (хар) мөрнөөр нутагтай  хvмvvс хамтран Верхөленскийн (Лена мөрний эхэн) бэхлэлтийг гурван удаа бvслэв. Бvслэлт нь амжилт олсонгүй. Тэр жилvvдэд Енисэйгээс мөнгөний орд, мөнгөний уурхайн тухай  мэдээ цуглуулах тусгай даалгавар бvхий атаман Василий Колесников Ангар мөрөн орчмын нутагт иржээ. 1644 онд Колесников Ангарыг өгсөн аян дайнд мордоод өвөл нь Осголын адагт хvрч өвөлжихөөр шийдээд бvхэл өвлийн турш зэргэлдээ Брацкийн омгуудын эсрэг байлдаж  дээрэм тонуул хийснээр тэдний зэвүүцлийг хvргэжээ. 1645 онд Колесников дахин замд гарч дээрэм тонуул хийж явсаар Байгал нуур хvрээд Куд болон Ангар мөрний орчмын буриад монгол ардуудыг дээрэмджээ. Ийнхүү оросын казак цэргvvд, худалдаачид, хожим нь тvшмэдvvд Байгаль нутагт олноороо хvч тvрэн ирж 1646 онд Дээд Ангар, 1648 онд Баргужин, 1665 онд Сэлэнгэ, 1666 онд Дээд-Yд зэрэг буриадын унаган газар оросын цэрэгжсэн суурин шивээ гацаа байгуулж, эзлэн тvрэмгийлэх бодлогоо хэрэгжүүлж эхэлжээ.1681 онд Өвөр Байгаль нутагт оросын Федор хааны зарлигаар ариун Троицкийн христийн сүмийг бариулав.  Халх монголын ноёд Буриад монголын газар нутгийг хаант оросын цэргүүд  тvрэмгийлэн эзлэхийг зvгээр харж суугаагvй. 1688-1689 онд Тvшээт хан Чахундорж монгол цэргийн хvчээр Сэлэнгэ, Yдийн чиглэлд оросын түрэмгийлэгчдийн эсрэг довтолж орос цэргийг уугуул нутгаасаа хөөж байжээ.

Гэвч Халх Монголд Ойрдын цэрэг довтолсон тул Түшээт хан Чахундорж монгол цэргээ авч яаралтай нутаг буцжээ. Энэ чөлөөг ашиглаж  оросын казак цэргүүд хоттой хонинд ордог өлөн чоно мэт Байгал нутагт дахин өнгөлзөж эхлэв. Тэр vед буриадын бие даасан овгууд эвсэлдэн нэгдсэн зүйл ч vгvй, бvриад ноёд тvшмэд  нарын төрийн нэгдсэн бодлого ч байхгvй, оросыг хэрхэн эсэргүүцэж газар нутгаа хамгаалах талаар ямар ч бодлого байхгүй,өөрийн гэсэн байнгын цэрэг, зэр зэвсэг гэхээр зүйл бараг байхгүй байв. Нэг хэсэг буриад овогууд Монголын Тvшээт хан, Сэцэн ханы талыг баримтлан Оросын хаант засгийн  тvрэмгийллийн эсрэг тэмцэж байсан бол нөгөө хэсэг нь оросыг дэмжиж тэдний талд урваж байжээ. 1703 онд оросын Петр хааны зарилигаар Буриадыг Оросын бүрэлдэхүүнд оруулжээ.

 

1689 оны Нерчүгийн гэрээгээр Манж Чин улс, Оросын эзэнт улс хоёр харилцан худалдаа хийхээр тохиролцсон боловч Манж Чин улс Оросын худалдааг Халх Монголд нэвтрvvлэхийг хориглох бодлого явуулж байв. 1727 онд Манж Чин улс, Оросын эзэнт  улс Хиагтын орчимд Буурын тосгонд гэрээ байгуулж, албан ёсоор Халх Монгол, Орос улсын хил хязгаарыг тогтоож, уг хэлэлцээгээр буриад нутаг бvхэлдээ хаант Оросын харьяанд багтсан байна. Хаант Орос Буриадын нутгийг эзэлж авмагц хvн амд ихээхэн албан татвар ногдуулжээ. Энэ албыг буриад монголчууд vнэт арьс, адуу малаар өгч байсан ч  албан татвараа цаг тухайд нь төлж чаддаггvй байлаа. Хаант Орос улс 1851 онд Өвөр Байгалийн мужийг байгуулав. 1897 онд Өвөр Байгалийн мужийн хүн ам 672 000 хүрчээ. Зарим газарт буриад-оросын хоорондын харьцаа хэвийн байсан боловч оросын атамануудын албан тушаалаа хэтрvvлэн эдлэх, Оросын засаг захиргаа авилга авч хэрэг төвөг учруулж байснаас буриадvvд оросын захиргааг хvлээн зөвшөөрөхгvй эсэргvvцэж байлаа. Ийнхvv ард тvмнийг газар нутгаас нь шахан хавчиж, албан татвараар дарж  бэрх болоход тvvнээс гарах арга замыг сvвэгчлэхээр буриадын ард тvмэн Москва, Санкт Петербvргт  элч төлөөлөгчөө илгээж, буриадуудын эрх ашиг, газар нутгаа хамгаалах талаар асуудал тавьж байлаа. Оросын дарамтаас болж зугатах, нvvх хөдөлгөөн хvчтэй болов. Ихэнхи нь Монголыг зорьж, Байгаль орчмын буриад овгуудын байршилд ихээхэн өөрчлөлт өржээ. 1658 онд атаман Иван Бахабовын vед буриад ноёдууд албатынхаа хамт буриад шивээнээс Монгол газар нvvн оджээ. Бvриадууд Орост нэгдсэн vйл явц  ээдрээтэй бөгөөд зөрчилтэй байсан. Буриадууд бүгд сайн дураар Орос улсад нэгдсэн гэх нь өрөөсгөл юм. Тэр үед Буриад vндэстэнд өөрийн бvрэн эрхтэй төрийн байгууллага гэж байсангvй, нэг талаас хаант Оросын засгийн газар өөрийн захиргааны удирдлагыг тогтоож, нөгөө талаас буриадын нийгмийн давхарга дотооддоо өөрийн удирдлагыг явуулж байлаа.

19 дүгээр зууны эцэс, 20 дугаар зууны эхэн vе гэхэд Буриад нь Оросын эзэнт улсын газар тариалан, эдийн засгийн  хоцрогдсон хязгаар нутгийн нэг болсон байлаа.

Хаант Оросын засгийн газар Байгал нуурын өмнөд болон Сэлэнгэ Амар мөрний сав газрын  хамгийн vржил шим, өвс бэлчээр сайтай газрыг булаан авч оросын олон мянган  тариачдыг нvvлгэн суурьшуулах, байгалын болон газрын хөрсөн доорх баялгыг цөлмөн ашиглах бодлогоо нарийн дэс дараатай хэрэгжvvлж байсан ажээ. Оросын хаант засгийн  бодлого Сибирийн нутагт эрс идэвхжиж ирэв. Энэ бодлого гол төлөв газрын болон захиргааны шинэтгэл явуулахад чиглэгджээ. Энэхvv бодлогоо хэрэгжvvлэхдээ оросын тариачин эрд 15 га, малчин эрд 30 га-гаар газар олгох, шинээр суурьшихаар ирж буй орос тариачдад газар олгох, хуваарилагдаагvй vлдсэн газрыг улсын сангын газар болгохоор шийдвэрлэжээ. Шинэтгэл нь vнэн хэрэгтээ цөөн хvн амтай буриадvvд оросын олон тосгон сууринд таран бие биенээсээ алслагдан салж нэг газар суурьших, улмаар нvvдлийн мал аж ахуйгаа эрхэлж чадахгvйд хvргэх бодлого байлаа. Мөн засаг захиргаа шvvн таслах байгууллагууд шинэчлэл хийж хянан цагдах явдлыг хvчтэй болгожээ.

Үргэлжлэлтэй.

Д.Сүхбаатар

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]