Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Тэмүжин Бэгтэрийг хөнөөсөн явдлыг Нууц товчоонд яагаад дурдсан бэ?Уншсан3,270

...Энэ орчлон ертөнц дээр түүнийг ухаалаг хэрсүү байхыг зааж зөвлөн алдаа эндэгдлийг нь хэлж өгдөг ердөө ганц л хүн байлаа.

Tolgoilogch.mn сайт Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг түүх газарзүй, өв соёл, зан заншлын холбогдолтой бүтээлүүдээс уншигчдадаа хүргэж эхэлсэн. Энэ удаад  Английн түүхч, аялагч Жон Мэний бичсэн “Чингис хаан: Амьдрал, үхэл, эргэн ирэлт” номоос хэсэгчлэн хүргэж байна.

Өмнөх нь: Жон Мэн “Чингис хаан: Амьдрал, үхэл, эргэн ирэлт”

Жон Мэн: Чингис хаан коммунистуудын үед “нон грат этгээд” байлаа

Жон Мэн: Монголчуудын нум ромчуудын илд, шүршдэг пулемёт шиг ертөнцийг өөрчилсөн


Хөвүүнээ 8 нас хүрэхэд Есүхэй түүнд эхнэр болох хүнийг олж сүй тавихаар Өэлүнгийн төрөл садангийнхан руу хүүгээ дагуулан морджээ. Зүүн зүгт явж байх замдаа тэрээр Хонгирад аймгийн нэгэн эр, эм хоёртой дайралдсан байна. Тэдэнд Тэмүжингээс нэг эгч Бөртэ гэгч охин байсан бөгөөд худ ураг бололцохоос татгалзах зүйл байсангүй. Есүхэй, Дай сэцэн хоёр ийм тохиолдолд хэлж ярьдаг үгүүдийг хэлэлцэн, «хүүхдүүд нь нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой» байна хэмээлцсэн нь тэдний ирээдүй сайн сайхан бололцоно гэж бэлгэшээсэн хэрэг байлаа. Тохиролцоогоо бататгахын тулд Есүхэй хөвүүнээ ирээдүйн хадмуудынх нь гэрт орхижээ. Энэ нь хүү ямар хүн болохыг хадам эцэг, эх хоёрт нь мэдүүлэхийн тулд, эсвэл Бөртэгийн ирээдүйн инжний (энэ нь ихээхэн тансаг зүйл байсныг бид хойно мэдэх болно) үнэ хөлсийг төлүүлэх гэж орхисон байж болох талтай. Дай сэцний хүрээнээс явахдаа Есүхэй хүүг нь харж хандахыг, ялангуяа чухалчлан «Миний хөвүүн нохойноос айдаг билээ, Эрхэм худ чи, миний хөвүүнийг нохойгоор бүү айлгаарай!» гэж захижээ.

Ирээдүйд Евро Азийг эрхэндээ оруулан захирах эзэн нохойноос айдаг байлаа гэж үү? хэмээн өрнөдийнхөн гайхах байсан биз ээ. Энд гайхаад байх юм алга. Энэ нь Монгол нохдын талаархи миний бодол эргэцүүлэл ч байж магад. Монгол нохой догшин авир зангаараа алдартай. «Нууц товчоо»-г зохиогч гол баатрынхаа хүнлэг, зөөлөн аядуу зан чанарыг илтгэхийн тулд авч ашигласан энэхүү бяцхан зүйлийг Чингис хаан өөрөө зохиосон гэж бооцоо тавихад ч би бэлэн байна.

 

Есүхэй харьж явах замдаа найрлаж байгаа татааруудтай тааралдсанд тал нутгийнхны зочломтгой заншил ёсоор түүнийг дайлжээ. Гурав хоногийн дараа өөрийн хүрээнд арайхийн нэг юм хүрэхдээ тэрээр туйлдахын дээдээр туйлдаж үхлийн ирмэгт очсон байлаа. Түүнийг нас барсны дараа энэ үхэлд татаарууд буруутай гэж ойр тойрныхон нь үзжээ. Есүхэйн аль нэг дайралтын золиос болсон хүмүүс тэнд байсан, тэднийг Есүхэй таниагүй өнгөрсөн, харин цаадуул нь олдсон завшааныг ашиглан өшөөгөө авахаар шийдэж ундаанд нь хор хийсэн байна гэж бодоцгоосон байна. Есүхэй бас өвчинд нэрвэгдсэн ч байж болох билээ. Ямар боловч Есүхэй амь тавихаасаа өмнө Тэмүжин хөвүүнээ авчруулахаар Дай сэцэний хүрээ рүү хүн илгээжээ.

Өэлүн өөрөөс нь гарсан дөрөв, өөр сурвалжид Сочигэл гэж тэмдэглэсэн бага эхнэрээс гарсан хоёр, нийт 3-6 насны зургаан хүүхдийн хамт ямар ч хамгаалал өмгөөлөлгүй үлдэж хоцров. Заншил ёсоор Өэлүнд дэмжлэг үзүүлэх ёстой байсан Есүхэйн ах дүү нар бэрдээ ямар ч тусламж үзүүлсэнгүй. Тэдний ертөнц бүхлээрээ, дайнд ялалт амжилт олно гэсэн итгэл найдвар, таагүй байдалтай учрахгүй байх баталгаа цөм гэнэтхэн нурж үгүй болов.

Гэвч Өэлүн хүчирхэг эмэгтэй байжээ. Өөрийн гэх мал сүрэггүй болсон тэрээр ан агнаж, ургамал түүх болсон байна. Өэлүн хормойгоо шууж, сайн язгууртан эмэгтэйн малгайг толгой дээрээ тавьж арцан шор барин Бурхан Халдуны бэл, Онон голын хөвөөгөөр үндэс малтаж, модны жимс түүж амьдрах болов. «Нууц товчоо»-нд энэ талаар дүрслэн бичихдээ:

Зарчимтай төрсөн үжин эхийн Затгас төмсөөр тэжээсэн хөвүүд Засагтан сайд болж өсөв.

Гоо төрсөн үжин эхийн Гогод мангираар тэжээсэн хөвүүд Хутагтан сайд болж өсөв гэжээ.

Хөвүүд гох дэгээ хийж, загас жараахай тороор шүүрдэн барьж сурчээ. Хатан эх Өэлүнгийн сайхан чанарыг энд янз бүрээр хэтрүүлэн дүрсэлж байгаад эргэлзэх зүйлгүй юм. Хүний төлөвшин тогтнолд маш чухал үе байдаг. 3-4 жилийн хугацаанд Тэмүжин өөрсдийг нь өмгөөлж хамгаалах гэр бүлийн хэлхээ холбоогүй, мах, сүү, эсгий, ноос мэт шаардлагатай зүйлээрээ хангагдаад байх мал сүрэггүй, нийгмийн хамгийн доод давхаргад байна гэдэг юу болохыг мэдэж авсан бөгөөд ядуу анчны хатуу хэцүү, хагас өлсгөлөн байдал түүнд дарамттай байсан ба тэрбээр тал нутгийн харьцангуй чинээлэг, чөлөөт байдлын талаар байнга бодож мөрөөддөг ч байсан байж болно.

Энэхүү хүнд хэцүү он жилүүдэд Тэмүжин үнэнч андаа олж авсан нь Жамуха нэрт хөвүүн байлаа. Арван настай хоёр хөвүүн эдэлж хэрэглэсэн зүйлсээрээ бие биедээ бэлэг барьцгаажээ. Өвөл нь зузаан нэхий дээд өмсөн Ононгийн мөсөн дээр хонины шагайн ясаар нааддаг байв. Монголд хүүхдүүд ч, насанд хүрэгчид ч эдүгээ шагай их тоглодог, шагайн өөр хэлбэртэй дөрвөн тал тус бүр амьтны нэрээр нэрлэгддэг. Хавар болж цасан дороос нялх ногоо цухуйх үед Жамуха Тэмүжин анддаа дуут сумаа (дуут буюу исгэрэгч сумаар буга намнадаг байна, сумны исгэрээг сонсон гайхсан буга толгойгоо дээш болгон чагнаж хэсэг зуур хөдөлгөөнгүй зогсдог учир харвахад хамгийн тохиромжтой байдаг) бэлэглэхэд Тэмүжин хариуд нь эвэр зэвт сумаа түүнд өгчээ. Цусан барилдлагатай андууд болсноо тэр хоёр хошоод удаа андгайлан харилцан тангараг тавив.

Тэмүжиний гэр бүлийн амьдрал таатай бус л байлаа. Орь ганц бүсгүй хүн өөрийн дөрөв, өрөөлийн хоёр хүүхдийг өсгөж байсан билээ. Ахмад хоёр хөвүүн болох Тэмүжин, түүний эцэг нэгт дүү Бэгтэр хоёр бие биетэйгээ өрсөлдөн мөчөөрхөх болцгоов. Тэмүжинг 13 нас хүрээд байх үед энэ хоёр түүний барьсан шувуу болон загаснаас болж түнжин хагарсан байна. Тэрбээр болсон явдлын талаар ээждээ хэлж гомдол мэдүүлвээс эх нь:

Одоо сүүдрээс өөр нөхөргүй

Сүүлнээс өөр ташуургүй байгаагаа мэдэх биз хэмээн анхааруулжээ. Тэмүжин ихэд хорсон уурлаж юу ч хэлэлгүй эхээсээ холдов. Тэгснээ нум сумаа бэлдэн 11 настай дүү Хасараа дагуулж гараад довцгийн орой дээр цайвар хээр морьдоо харж суусан Бэгтэр лүү гэтэж очин алж орхижээ.

Арай хожуу гарсан бусад эх сурвалжуудад эл явдлын талаар огт дурдалгүй өнгөрсөн байдаг нь энэхүү тэнэг бөгөөд гутамшигт үйлдэл ирээдүйн их хааны нэр төрийг сэвтээж магадгүй гэж болгоомжилсон хэрэг байлаа. Харин энэ тухай Чингис өөрөө, эсвэл туульч-найрагчид, эсвэл «Нууц товчоо»-ны зохиогч яагаад үүнийг дурдсан юм бол? Үүнийг хоёр талаас нь авч үзэж болох байна. Нэгд, ирээдүйн байлдан дагуулагчид байхгүй л бол удирдан жолоодох байр суурийг олж авч ч, тогтоон барьж ч үл чадах тийм хайр найргүй зан чанараа бүр хүүхэд байхаасаа илтгэн харуулсан явдал болно. Үүнээс бүр ч илүү нөгөө зүйл нь бол Тэмүжин хэмээх зөрүүд хөвүүн цаашдаа ямар их зүйлийг мэдэж авч, суралцах шаардлагатай байсныг харуулж байна.

Энэ орчлон ертөнц дээр түүнийг ухаалаг хэрсүү байхыг зааж зөвлөн алдаа эндэгдлийг нь хэлж өгдөг ердөө ганц л хүн байлаа. Өэлүн эл гэмт явдлыг мэдээд уй гашуунаасаа болж арай л галзуурчихсангүй. Хүүдээ хандан түүний хэлсэн хайр найргүй хатуу үгийг «Нууц товчоо»-нд шүлэглэсэн байдлаар өгүүлжээ:

Ханиа барагсад ижлээ идэгсэд...

Хавиргаа хазах хар нохой мэт...

Эл шаштирт содон сонин үг хэллэг дахин дахин хэрэглэн эх нь хөвүүдээ эртний үгийг иш татаж, өвгөдийн үгийг үндэс болгож ихэд буруушаан зэмлэсэн тухай дараа нь «сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуургүй байхад» яаж ийм хэрэг хийж чадсан тухай асуусныг бичсэн байдаг. Ийм хатуу үт хэрэглэн өшөөгөө авах гэсэн эрмэлзэл, хамтран ажиллаж, үнэнч байдлыг хадгалан дэмжих хэрэгцээ шаардлага хоёрын хоорондын тэнцвэрийг заавал барьж байх хэрэгтэй гэсэн санаагаа өөрт нь ойлгуулж өгсөн эхийгээ Тэмүжин ихэд хүндэлдэг байсан тухайгаа бүр хожим ч ярилцдаг байсан гэдэг. Энэ сургамжийг тэрбээр маш гүнзгий хүлээж авчээ. Бэгтэрийг харвасандаа харамсаж байгаагаа Тэмүжин хэзээ ч хэлж байгаагүй бөгөөд гэр бүл ч сарниж задарсангүй, хэдэн жилийн дараа дүү Хасар ахынхаа дотны туслагч нь болсон байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Унших СЭДЭВ-ээ өөрөө сонгодог боллоо

12 сард сонгогдсон сэдэв
Дундад зууны Европ
2018 оны 1 сарын онцлох сэдвийн санал хураалт явагдаж байнаЭнд дарж саналаа өгнө үү