Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүх, шинжлэх ухааны олон сонирхолтой контентыг түгээгчид, эрдэмтэн судлаачдын бүтээлийг та бүхэн энэ хуудаснаас сонирхон уншаарай!

Нүүдэлчдийн түүхийг туурвисан Оросын их эрдэмтэнУншсан3,545

Жижиг улс, үндэстэнд маш хүчтэй дархлаа байх ёстой. Тэгж байж даяаршлын энэ эрин үед олон сая, олон зуун сая, тэрбум хүн амтай улс гүрнүүдийн хүрээлэлд, тэдний хүчтэй нөлөөлөл дор тэсч үлдэж, оршин тогтноно.

 Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Я.Ганбаатар бичиж байна.


1991 онд тэрбээр хүндээр өвчлөн хэвтэрт орж, бичиж туурвих нь эрс багасаад, бодсон санаснаа дуу хураагчид буулгах болжээ. Хорвоогийн мөнх бусыг үзүүлж насан хутаг орших жам ёс нэгэнт болсныг мэдэрч, сэтгэлдээ хүн болж төрсөөр хийж бүтээснээ эргэн харж, тийн төлөвлөсөн ч амжиж завдаагүй бас бусыг нэгд нэгэнгүй бясалган цайруулж байлаа. Франц, Япон, Мажар, Испани, бүр Монголоос ч айлчлалын урилга ирсэн байв. Азиар анх болоод сүүлчийн удаа дайраад гарахыг ихэд хүсч, бас эртний сонгодог соёлын толь болсон Итали, Грекэд очихсон хэмээн хорхойсох нь улам улам оргилох боловч даанч бүтэхгүй нь илт байлаа.

 

Харин буурал Европод бол 1945 онд ялгуусан баатрын дүрээр алхаж явснаа санана. Берлин, Прага, Будапештийг чөлөөлөлцөж, дэлхийн түүхийг багтаан туурвих хожмын гайхамшигт бүтээлүүдийнхээ хэсгээс хуудас хуудсаар нь сэтгэл оюундаа бичиглэн хадгалж явсан билээ. Тэр бүх хүсэл мөрөөдлийн дундахь Монгол орон онцгой агаад, дэлхий дээр залран ирж аж төрсөн түүний наян нас сүүдрийн хамаг учир утга, эрхэм хүслэнгийн зангилаа нь Монгол байсан авай. Даанч харуус нь тэр эрхэм хүслэнгээ социализмын урт удаан бөгөөд хэлмэгдэлт он жилүүдэд биелүүлж амжсангүй, өдгөө ч биелүүлж чадахгүй болжээ.

Миний өчүүхэн Монголыг ийн сэтгэл зүрхэндээ тээсээр нартыг туулж насыг дуусгасан энэ эрхэм хүмүн хэн бэ хэмээн уншигч та сонирхож байгаа буй заа. Энэ бол Оросын их түүхч, шинжлэх ухааны олон салбарт шинэ үзэл санаа, гайхалтай онол ойлголт бий болгосон их эрдэмтэн Лев Николаевич Гумилев бөлгөө. Хүн төрөлхтний түүхийг дэлхийн энгээр сэтгэж түүнийгээ, орчлонгийн салхины үрээр хумхын тоосноос хуран цуглаж бүрэлдээд хэдэн галвыг туулан өнөөг хүрч ирсэн ганцхан цэнхэр гаригийнхаа намтар цадигийнх нь хамт туурвин үлдээсэн их түүхчид тийм ч олонгүй агаад мөнөөхөн Геродот, Полибий, Гегель, Арнольд Тойнби, нангиадын Сыма Цян, араб дахины Жувэйни, Рашид-ад-Дин нарын араас тэдний зиндаанд хүрч, өдгөө хэн ч маргашгүй байраа эзлэн мөнхөрсөн авай.    

Л.Н.Гумилев 1912 оны 10-р сарын 1-нд оросын хоёр их найрагчийн гэр бүлд мэндэлжээ. Эцэг Николай Гумилев, эх Анна Ахматова хоёр нь ХХ зууны эхээр, бүр тодруулбал 1910-1920-иод оны үеэр Оросын уран зохиол, яруу найргийн ертөнцөд хүчтэй, нэр төртэй гарч ирж, сонгодог яруу найргийн шинэ дэг сургууль үүсгэн манлайлж явсан аж. Сэхээтэн, яруу найрагч, уран зураач гээд олон нэр цуутай хүмүүсийн хүрээлэлд өсч хүмүүжсэн тэрбээр эхийн талаар татаар гаралтай, Хар тэнгисийн хойгийн боомт хот–Монголын Алтан ордны улсын нийслэл Крымийн унаган иргэн байсан юм. Лев Гумилев урт удаан хэрнээ даанч гуниг эмгэнэлээр дүүрэн аж төрж, наян насныхаа босгон дээр ертөнцийг орхижээ. Тэрбээр насан туршдаа хавчлага мөрдлөг, шорон гяндан, бие сэтгэлийн элдэв зовлон зүдгүүрээс хувь заяаны төөрөг мэт салаагүй агаад бэрх хэцүү нөхцөлд хүн болж төрсөн нэгэн насны зорилгоо гүйцээн бүтээл туурвилынхаа хязгаарт хүрч цэг хатгаад сэтгэл хангалуун орчлонгоос одсон авай. Тийм ч учраас нас барахынхаа өмнөх мөчид сүүлчийн үгээ болгож “Алдар суу минь Орос орон даяар түглээ”(Я прославлен на всю Россию) хэмээн бардамхан хэлсэн байдаг.

Хүмүүс түүнийг их эрдэмтэн гэдэг ч ном бүтээлээс нь болгоомжлон дөлдөг байв. Наяад оны дунд үеэс урьдын ЗХУ-ын дээгүүр зиндааны удирдагчид лекц илтгэлүүдийг нь сонсч эхэлсэн ч хэвлэн нийтлэх, соёл, шинжлэх ухааны хүрээнд олны хүртээл болгохыг аанай л зөвшөөрөөгүй юм. Гэлээ ч тэр сэтгэл оюундаа төрүүлсэн олон үр хүүхдээ амьддаа үзэх завшаантай байжээ. Ерээд оны үеэс л түүний бүтээлүүд цувран хэвлэгдсээр, чингэснээр түүхийг үзэх байр сууринд үндсэн эргэлт хийсэн байна. Энэ нь цаад утгаараа Гумилевын үзэл санаа, онол баримтлал түгэн тарах шинэ цаг эхэлсний тэмдэг буй заа.

Л.Н.Гумилев бол Оросын шинжлэх ухаан, соёлын түүхэнд эртний болоод дундад зууны үеийн түүх, нүүдэлчин ард түмнүүдийн түүхийн талаар туурвисан олон бүтээлээрээ мөнхрөх бөгөөд Эрчимт хүчний хөгжлийн онол, Угсаатны гарвалийн онол, Орос болон оросын олон үндэстэн ястны түүхийн талаарх туурвилууд нь түүнийг алдаршуулсан юм. Тэрээр байгалийн шинжлэл, физик, цаг уур судлал, геологи, хүмүүнлэгийн ухаанд зүй ёсоор анхаарал татаж байгаа алдарт Эрчимт хүчний хөгжлийн онолыг буй болгосон гавьяатай. Аливаа угсаатан, үндэстний хөгжилд эрчимт хүчний орчилт хүчин зүйл ямар учир холбогдол, үүрэг түлхэц болдог тухай нээсэн Эрчимт хүчний хөгжлийн онол гэдгээ тэрбээр Оросын болоод дэлхийн шинжлэх ухаанд оруулсан өөрийн гол чухал хувь нэмэр хэмээн үзэж байсан агаад үнэхээр ч, түүнээс өмнө нэг ч түүхч, нэг ч угсаатны зүйч, биологич болоод газар зүйчид хөгжлийн энэ зүй тогтлыг олж хараагүй юм. Тийм ч учраас голомт залгах үр хүүхэдгүй их эрдэмтэн энэ алдарт онолоо “охин минь” гэж сэтгэл хангалуун нэрлэсэн байдаг. 

Лев Гумилев, Евразийн Их хээр талыг эзэгнэн оршигч нүүдэлчин ард түмнүүдийн намтар цадигийг гайхамшигтай сайхан сэтгэлээр цоо шинэ байр сууринаас туурвисны дотор Хүннүгийн түүх онцгой байр эзэлдэг. Цаана нь бас Түрэг, Хазар, Зүрчид судлал… гэх зэргийг өгүүлж болох ч тэрбээр Оросын Монгол судлалыг оргил түвшинд хүргэн хөгжүүлсэн юм. Түүний бараг бүх бүтээл туурвил нь монголчуудын түүх, тэр дундаа ХIII-ХIV зууны үед Дэлхийн эзэнт гүрэн байгуулсан түүхийг ямар нэгэн хэмжээгээр хөндсөн байдаг. Тухайлбал Их Орос болоод Алтан ордны улс хоорондын харилцааг хамгийн тод томруун бичиглэсэн байна. Тийм ч учраас Айдер Куркчи: “Энэ түүхийн бичлэгтээ тэрбээр шинэ хандлага бий болгосон нь их түүхчийн энэрэнгүй үзэл санаа хожмын олон үеийнхний үндсэрхэг үзэл баримтлалыг даван дийлэх учиртайг цаг хугацаа харуулах буй заа” хэмээн дүгнэсэн нь учиртай. Энэ үг нэг талдаа их эрдэмтний энэрэнгүй үзэл санааг уншигчдад хүргэхийн зэрэгцээ нөгөө талдаа их гүрэн, их үндэстний зүгээс бага улс, буурай үндэстний алив бүхэнд, түүний дотор түүх бичлэгт хандаж ирсэн далд хандлага байсан, хойшид ч байж болзошгүйг анхааруулан сануулсан учир болой.
Тэрээр 1930-1934 онд Саяны уулс, Памир, Крымд явуулсан эрдэм шинжилгээний багт орж ажиллаад, Ленинградын Их сургуулийн түүхийн факультетэд элсэн суралцжээ. Гэвч ердөө жилийн дараа баривчлагдан саатуулагдаж, гэхдээ энэ удаа эхийнхээ гуйлт хүсэлтийн дагуу суллагдаж, 1937 онд сургуульдаа эргэн суралцсан байна. Хувь заяа түүнийг зүгээр орхисонгүй, 1938 онд дахин баривчлагдаж, таван жилийн ял заагдан алс умар зүгийн Норильскийн хорих газар руу ачигдах нь тэр. Армид явж, Белоруссын фронтод дайныг дуусгасан агаад тэгэхдээ Европыг хөндлөн гулд туулан тулалдаж, дайны сүүлчийн голомт болсон Берлинийг чөлөөлөх тулалдаанд оролцсоны учир “Германыг ялсан ялалт”-ын одон, “Берлинийг чөлөөлсний төлөө” медалиар шагнагдсан ажээ. Гэхдээ л түүнийг муу нэр, муу хүмүүс салахгүй дагасаар, гавьяа зүтгэл хэчнээн гаргавч дарж дарамталсаар байх болжээ.

1956 онд Ленинградад ирж, Эрмитажид номын санчаар ажиллажээ. 1961 онд Лев Николаевич “Эртний түрэгүүд VI-VIII зуун” сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан бол 1974 онд “Дэлхийн шим мандал ба угсаатны гарваль” сэдвээр газар зүйн ухааны докторын зэрэг нэмж хамгаалсан юм. 1960 онд түүний анхны бүтээл “Хүннү, Эртний Төв Ази” хэмээх ном хэвлэгдэн гарч, эрдэм шинжилгээний маргаан мэтгэлцээн өрнөх нь тэр. Улмаар бас “Хүннү”, “Хятад дахь Хүннүчүүд”, “Эртний Түрэгүүд” бүтээлүүд нь дараалан хэвлэгдэж, шүүмжлэл, дайралт ч тасарсангүй. Түүний зүг хандсан шүүмжлэлүүдийн гол нь түүнийг анхдагч эх сурвалжийг ашиглаагүй, ихэвчлэн Н.Я.Бичурины орчуулгын бүтээлүүд дээр ажилласан гэж, өөрөөр хэлвэл хятад хэлний мэдлэггүй хэмээн дайрсан байдаг. Ингээд 1986 онд тэтгэвэрт гарах хүртлээ тэрээр Ленинградын Их сургуулийн Газар зүйн эрдлэм шинжилгээний хүрээлэнд ажилласан юм. 1990 онд түүнийг Оросын ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгох санал дэвшигдсэн боловч дэмжигдсэнгүй, харин дараа жил нь Оросын Байгалийн ШУА-иас түүнд академич цол олгосон юм.

Тэрээр Евразийн онолч П.Н.Савицкийтай олон жилийн туршид захидлаар харилцаж, олон асуудлаар санал бодлоо солилцож иржээ. Тэд олон асуудал дээр санал нэг байсны нэг нь “Монгол-татарын түрэмгийлэл” байсан агаад тэд энэ асуудлыг оросын судлаачид дэндүү их дэвэргэсэн гэж үзэж байжээ. Тэд үзэхдээ, Орос-Монголын харилцаанд эн тэргүүнд симбиоз/эвцэл/ байсан бөгөөд тэдний хоорондох зөрчил тэмцэл, бослого тулалдаанууд бол үндсэндээ монголчуудаас илүү радикал/хуучинсаг/ байсан Алтан ордны нэр дорх лалын шашинтнуудтай холбоотой байсан гэж үзэж байжээ. XIV зуунаас өмнөх эртний Орос хийгээд орчин үеийн Оросыг хоёр өөр этнос/угсаатан/ гэж үзэж, тэр байтугай эртний Оросыг ч өмнөх үеийнхээ слав угсаатнаас өөр байсан гэж үзсэн юм.

Лев Гумилев шинжлэх ухааны дээр дурдсан олон салбарт их амжилтад хүрч, ихийг бүтээн туурвисныг тоочих нь илүүц боловч жинхэнэ түүхч байсныг нь онцлон дурдах ёстой. 1930 оны бэрх хэцүү цагт 18 настай залуу хөвгүүн тэмдэглэлийнхээ дэвтэрт нэгэн насны зорилгоо тодорхойлон “Би түүхч болно!” гэж бичсэн  байдаг. Их эрдэмтний хамтран зүтгэгч, Оросын судлаач Айдер Куркчи нэгэнтээ түүний намтрыг тэрлэхдээ “Хожмын олон үеийнхний сэтгэл оюунд Түүх судлалд хувьсгал хийсэн агуу их хүн улам тодрон үзэгдэх болно” хэмээн бичжээ. Л.Н.Гумилев Манай эриний өмнөх III зуунаас манай эриний XV зууны vеийг хvртэлх Дундад хийгээд Төв Азийн нvvдэлчдийн тvvхийг судлах талаар шинэлэг ажлууд хийсэн байна. Мөн тухайн бvс нутгийн тухайн цаг vе дэх тvvхэн газар зvй-ландшафтын/газрын гадаргын/ өөрчлөлт хувьсал, Дундад Ази дахь палеэтнографийн/эртний угсаатны зүйн/ хийгээд Түвд болон Памирын мянган жилийн тvvхийн тулгамдсан асуудлуудын талаар шинэ онолуудыг дэвшvvлжээ.

Лев Гумилевын бүтээлүүд Их Хээр талын тvvхийн талаархи асуудлуудад анхаарал хандуулсан бөгөөд энэ асуудлуудыг цоо шинэ байр сууринаас дvгнэсэн ажээ. Энэ агуу эрдэмтний нэр Орост төдийгvй, Дэлхий дахинд алдаршин тvгж, тvvний ном бvтээлvvд олон хэл дээр хэвлэгдсээр байгаа билээ. Л.Гумилевын нэрэмжит Евроазийн их сургууль Казахстаны нийслэл хотноо байгуулагдсан. Мөн тvvний нэрэмжит Оросын фонд Санкт-Петербургт тvvний эхнэрийн удирдлагаар ажилладаг. Энэ монголч эрдэмтний бvтээлvvдээс нэрт орчуулагч Г.Аким “Хар домог”-гийг /2007/, орчуулагч Ж.Роозон гуай “Дэлхийн шим мандал ба Угсаатны гарваль” номыг нь монгол хэлэнд хөрвvvлсэн, бас “Байгаагүй эзэнт улсын эрэлд”, “Эртний Орос ба Их хээр тал” зэрэг бүтээл нь ч орчуулагдсан билээ. Гумилевын шавь А.Куркчи “Аугаа их Гумилев бол Оросын сонгодог монгол судлалын өнөөг төлөөлж буй хамгийн шилдэг монгол судлаач” хэмээн vнэлсэн байдаг.

Дашрамд дурдахад, их эрдэмтний бүтээл туурвил монголоор ийнхүү орчуулагдан гарч бидний хүртээл болж байгаа нь нэн сайн хэрэг, харин тэдгээрийг хэр зэрэг оновчтой зөв орчуулж байна вэ? гэдэг өөр асуудал юм. Манай зарим хүн түүний зохиолуудын нэр, нэр томьёонуудыг буруу оноох, ташаа орчуулах, оновчгүй үг хэллэгээр зүйцүүдэх гэж оролдох явдал түгээмэл байна. “Этногенез и биосфера Земли”хэмээх алдарт бүтээлийг нь “Газар дэлхийн удам угшил хийгээд шим мандал” гэж, эсвэл шууд л “Биосфер ба этногенез” гэсэн нь ерөөсөө орчуулаагүйтэй адил хэрэг юм. Биосфер хэмээх нь Шим мандал гэсэн үг. Дунд сургуулийн Биологийн хичээлээр бид сав мандал, шим мандал, агаар мандал гэж үздэг байсныг санаж байна. Этногенез гэдэг нь угсаатны гарваль гэсэн нэр томьёо.  “Древняя Русь и Великая Степь” бүтээлийг нь “Эртний Орос ба Агуу уудам тал нутаг” гэж орчуулсан. Агуу уудам тал нутаг гэсэн энэ дөрвөн үг бол оноосон нэр биш. Аливаа нэр томьёо, тэр тусмаа оноосон нэр товч бөгөөд тодорхой байдаг. Тэгээд ч агуу уудам тал нутаг хаа ч байж болно. Харин Гумилевын хэлж буй Великая Степь бол тодорхой нэг газрыг буюу Монголын тал нутгийг л зааж байгаа юм. Б.Ринчен зэрэг манай ахмад үеийн бичгийн мэргэд энэ нэрийг “Их хээр тал” гэж орчуулсаар ирсэн байдаг.

Өнөөдөр зарим улс, үндэстэн эртний угшилт их түүхтэй болох гэсэн хэтийн зорилго агуулахдаа Монголын түүхийг булаах гэж улайм цайм зүтгэж, монголчуудын өндөр дээд өвөг дээдсийн намтар цадигийг эрээгүй үгүйсгэн өөрийн болгох гэж оролдох боллоо. Тэр бүхнийг тоочихын аргагүй. Харин бид тэр бүхний өөдөөс хатуу зогсч монгол үндэстний мөнхийн гал голомт болсон энэ газар нутаг дээр болж өнгөрсөн, энэ газар нутаг дээр аж төрж асан өвөг дээдсийнхээ бичиж үлдээсэн агуу их түүхийн эзэн байхын төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэх учиртай болж байнам. Ганцхан жишээ хэлэхэд, 13 дугаар зууны үеийн монголчууд бол өнөөгийн монголчууд биш, эдний хооронд ямарч холбоо байхгүй, хоёр өөр ард түмэн байсан, бараг л европ маягийн хүмүүс байсан, Чингис хаан бол орос, казах, түрэг, солонгос... гэх мэт зориудын яриа өгүүлэл, дүгнэлт таамаглал үзэгдэх болжээ.

Жижиг улс, үндэстэнд маш хүчтэй дархлаа байх ёстой. Тэгж байж даяаршлын энэ эрин үед олон сая, олон зуун сая, тэрбум хүн амтай улс гүрнүүдийн хүрээлэлд, тэдний хүчтэй нөлөөлөл дор тэсч үлдэж, оршин тогтноно. Тэдгээр дархлааны дотор хүн амын тоо, хөгжлийн түвшин, баялгийн эзэмшил, сан хөмрөгийн нөөц хадгаламж, соёл иргэншлийн онцлог багтдагийн нэг нь өнгөрсөн түүх юм. Эхний үзүүлэлтүүд нь Монголд бараг байхгүй. Бид хүн ам цөөхөн, тийм болохоор 3 сая гэдэг энэ тоо үндэстний хувьд аюулгүй байдал, оршин тогтнохуйн баталгаа, дархлаа болж чадахгүй. Зуун сая хүн амтай улс хүн амын өсөлт зогслоо, төрөлтийг хөхиүлэн дэмжье гэсэн бодлого хэрэгжүүлж байхад Монгол Улс өнгөрсөн зууны ерээд онд үр хөндөлтийг чөлөөтэй болгосноор наад зах нь 1 сая хүнээ “егүүтгэсэн” гэх тооцоо бий. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэж үг байдаг. Уг нь монголчууд хэчнээн ядарлаа ядарлаа гэхэд төрүүлсэн үр хүүхдээ тэжээж өсгөх чадалтай.

Хөгжлийн түвшин дэлхийн хөгжингүй улс орнуудаас хол хоцорсныг илтгэдэг. Баялгийн эзэмшлийн хувьд Монгол орон асар их баялагтай боловч дам утгаар нь авч үзвэл монголчууд, Монгол Улс баялагтаа эзэн нь биш. Бид баялгаа дангаараа боловсруулан эзэмшиж чадахгүй, тийм болохоор гадныхан манай баялагт эзэн суудаг. Алт, валютын нөөц гэх юмгүй. Бидэнд ганцхан түүх л байна. Гэтэл ганцхан дархлааг маань бусад хүн булаах гэж оролдох боллоо. Үүнд бид анхаарахгүй бол өөр хэн анхаарах юм бэ? Төр засаг бодлогоор анхаарахгүй бол бусдын төр засаг бодлогоор булаах нь байна. 

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
6 сар 26. 12:55
Зочин

Ugaasaa garal uusel tuuh soyoloo meddeg mongolchuudiin tasarsan mah usersen tsusnii tasarhai eleg negtnee oor l avch uziishte. Meddegguichuud ni gadaadiin hun shig bichdeg bolohoos.

6 сар 20. 1:12
Зочин

Радикалыг хэзээнээс хуучинсаг гэж орчуулах болоо вэ? Улс төрийн хүрээнд энэ чинь үндэсний явцуу үзэл биш үү?

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]