Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Эрэлхэг тагнуулч хүү КолесниковУншсан6,027

Энэ адал явдлын үеэр бярвааз дээр намайг төмөр замын нууц салааг олуулахаар тагнуулд илгээж байсан нисгэгч-дэд хурандаатай тааралдчихав.

Аугаа их Эх орны дайны жилүүдэд Зөвлөлтийн мянга мянган хүүхдүүд баатарлаг гавьяа байгуулан, түүхэнд мөнхөрсөн билээ. Тэдний нэг болох Александр Колесниковын дурсамж яриаг орчуулан толилуулж байна.

1943 оны гуравдугаар сард би найзтайгаа хамт сургууль дээрээсээ оргон, фронтыг зүглэлээ. Бид баглаатай өвс тээвэрлэж явсан ачааны галт тэргэнд орон, нуугдаж амжив. Ингээд азтай байна хэмээн баярлалдан явж байтал нэг өртөөн дээр биднийг мэдэн, Москва руу эргүүлэн буцаах нь тэр.

Буцах замдаа би ахин фронт руу зулран, механикжуулсан корпусын дэд командлагчийн алба хашиж байсан аавдаа очихоор зүглэв. Хичнээн ч газраар дамжин, хичнээн ч урт замыг явган туулсан юм, бүү мэд... Харин Нежинад аавын хорооны шархадсан танкчинтай санамсаргүй таарчихав. Аав миний “баатарлаг” явдлын талаар аль хэдийн ээжээс сонссон бөгөөд уулзах үедээ “алганы амт” үзүүлээд хашраагаад өгнө гэж амласан талаар түүнээс би сонслоо.

Энэ мэдээ миний төлөвлөгөөг орвонгоор нь өөрчиллөө. Ингээд би фронтын ар тал руу явж байсан танкчдад наалдаад авав. Аав маань танкчин, ээжийгээ нүүлгэн шилжүүлэлтийн үеэр алдаад ганцаархнаа үлдсэн хэмээн тэдэнд ярилаа. Тэд ч миний үгэнд итгэн, 11-р танкийн корпусын 50-р хорооны бүрэлдхүүнд хүлээн авч, ийнхүү 12 настайдаа би цэрэг болчих нь тэр.

Хоёр ч удаа дайсны ар тал руу тагнуулд яван, үүргээ биелүүлж чадлаа. Үнэндээ, эхний удаад, шинэ тэжээл хүргэж өгсөн радио холбоочноо золтой л дайсанд мэдэгдүүлчихээгүй билээ. Бид оршуулгын газар уулзах ёстой байсан бөгөөд нууц дохио нь нугас шиг дуугарах байв. Харин би явсаар байгаад оршуулгын газарт шөнө хүрч очлоо. Тэнд харагдаж байгаа зүйлс үнэхээр аймшигтай байв: Бүх шарилууд нь сум дэлбэрэлтэд өртөн, орвонгоороо эргэээд ил гарчихсан байлаа... Би айсандаа нугас шиг орилж эхэллээ. Гэнэт араас холбоочин мөлхөж ирээд, алгаараа амыг минь таглан: “Залуу минь, солиорчихоогүй биз? Хэзээ насандаа нугаснууд шөнө орилж байхыг чи харсийн?! Тэд чинь өдийд унтаж байдаг юм!” гэж шивнэн хэллээ. Гэлээ ч, даалгавраа би амжилттай биелүүлж чадсан юм. Дайсны ар талд амжилттай ажилласны дараа хорооныхон маань намайг Сан Саныч хэмээн хүндэтгэлтэйгээр дуудах болсон билээ.

1944 оны зургаадугаар сард Белоруссийн 1-р фронт давшилтад бэлдэж эхэллээ. Намайг корпусын тагнуулын хэсэг дээр дуудан, нисгэгч-дэд хурандаад танилцуулав. Агаарын шонхор над руу нэг л эргэлзэнгүй маягтай харж байлаа. Тагнуулын дарга түүний харцыг ойлгоод, Сан Санычэд бүрэн найдаж болно, наадах чинь аль хэдийн “буудуулсан болжмор” болчихсон туршлагатай хүн хэмээн залруулан, итгүүлж чадав. Нисгэгч-дэд хурандаа ч олон таван үггүй, шулуухан хүн байлаа.

Тэр үед гитлерчүүд Минскийн ойролцоо хамгаалалтын хүчирхэг байршлыг бэлтгэж байлаа. Тэд төмөр замаар фронт руу техник тасралтгүй зөөвөрлөж байсан бөгөөд фронтын шугамаас 60-70 км зайтай ойн гүнд, өнгөлөн далдалсан төмөр замын салаа ашиглан, ачилт хийсээр байсан юм. Иймд тэрхүү нууц салаа замыг илрүүлэн устгах зайлшгүй шаардлагатай байлаа.

Гэвч түүнийг гүйцэтгэх тийм ч хялбар байсангүй. Тийшээ илгээсэн тагнуулч-шүхэрчид эргэж ирсэнгүй. Өнгөлөн далдлалтыг маш чадамгай хийсэн учраас нисэхийн тагнуулчид ч түүнийг илрүүлж чадахгүй байлаа. Ингээд надад шинэ даалгавар хүлээлгэв. Гурав хоногийн хугацаанд нууц төмөр замын салааг олж, модонд цагаан хэрэглэл уях маягаар байршлыг нь мэдэгдэх ёстой аж.

Намайг энгийн ард маягаар хувцаслан, боодолтой цагаан хэрэглэл өгсөн нь түүнийг хүнсээр солих гэж яваа энгийн нэгэн хүү шиг санагдуулахаар болов. Фронтын шугамыг шөнөөр тагнуулчдын бүлэгтэй хамт нэвтэрлээ. Тэд бас өөрсдийн гэсэн тусгай даалгавартай явсан тул бид тэгсхийгээд салцгаав. Ингээд би ой дундуур үндсэн төмөр зам даган явсаар байлаа. 300-400 метр зай бүрд фашистын хоёр харуул зогсож байв. Ихэд ядарсан учраас өдөр би зүүрмэглэж байгаад золтой л балрах дөхлөө. Хүчтэй цохилтоос цочоод сэртэл хоёр урвагч цагдаа зогсож байх нь тэр. Тэд намайг нэгжин, хамаг л цагаан хэрэглэлийг маань тараагаад хаячихав. Дотроос нь гарч ирсэн хэдэн төмс, зүсэм талх, жаахан өөх, мөн белорусс хатгамалтай гар нүүрийн алчуур зэргийг аваад: “Буудчихаагүй дээр бушуухан далд ор!” гэлээ

Азаар, цагдаа нар миний халаасыг эргүүлж үзсэнгүй. Хэрэв тэгсэн бол ёстой балрах байлаа: миний хүрэмний халаасны доторлогоон дээр төмөр замын өртөөнүүдийн байршлыг заасан байрзүйн зургийг хэвлэсэн байсан юм...

Гурав дахь өдрөө би нисгэгч-дэд хурандаагийн ярьж байсан тагнуулч-шүхэрчдийн цогцостой таарав. Тэд хүч тэнцвэргүй тулаан хийсэн нь илт байлаа.

Удалгүй миний замыг өргөст тор хаахад хүрэв. Хориотой бүс байх нь! Өргөст торыг даган хэдэн км явсаны эцэст надад аз дайрав: Танк ачсан цэргийн цуваа үндсэн замаас алгуурхан эргэн моддын дундуур далд оров. Энэ нөгөө, оньсого шиг салаа зам юм байна!

Гитлерчүүд түүнийг үнэхээр чадварлаг өнгөлөн далдалжээ. Тэр ч бүү хэл, цуваа “сүүлээрээ” урагш явж байв! Зүтгүүр тэрэг бүрэлдхүүний ард зүүгдсэн нь гол зам дээр зогсоод байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр байлаа.

Шөнө нь би үндсэн замаас салсан уулзвар дээр ургасан модонд авирч гаран, эхний даавуугаа уялаа. Үүр гэгээрэх үед би өөр гурван газарт даавуу өлгөөд амжсан байв. Сүүлийн цэг дээр нь өөрийн цамцыг ханцуйгаар нь уяад тогтоочихлоо. Цамц маань салхинд яг л далбаа шиг намирч байв.

Модон дээр суусаар өглөөтэй золголоо. Тэр үед маш аймшигтай санагдаж байсан бөгөөд хамгийн аймаар нь, дугхийж зүүрмэглээд тагнуулын онгоцыг өнгөрөөчихвий хэмээн түгшиж байлаа. “Лавочкин-5” ч яг цагтаа гарч ирлээ. Фашистууд өөрсдийгөө мэдэгдэхгүйн тулд түүнийг яасан ч үгүй. Онгоц зайдуу нэлээн удаан эргэлдэж байснаа, дараа нь миний дээгүүр нисэн өнгөрөв. Тэрээр фронтын зүг рүү эргэнгээ далавчаараа далбилзан дохилоо. Энэ нь: “Салаа замыг харчихлаа, одоо холд, бөмбөгдөх гэж байна!” гэсэн дохио байсан юм.

Цамцаа тайлж аваад, модон дээрээс буулаа. Хоёр км хэртэй холдож явтал манай бөмбөгдөгчдийн дуу сонсогдон, дайсны нууц төмөр замын салаа байсан хэсэгт дэлбэрэлтүүд харагдав. Энэ дуу чимээ фронтын шугамыг зорьсон эхний өдөр замын турш сонсогдсоор байсан билээ.

Дараагийн өдөр нь би Случь гол руу хүрч ирлээ. Голыг гаталж гарах хэрэгслүүд тэнд байсангүй. Тэгээд ч, эсрэг талд нь дайсны харуулын шовгор харагдаж байлаа. Хойд зүгт нэг км орчим зайд цор ганц төмөр замтай хуучин модон гүүр харагдана. Немцийн галт тэргэнд зүүгдээд тэрүүгээр гарчихъя гэж шийдлээ. Гүүрэн дээр, төмөр зам дагуу харуулууд зогсож байлаа. Угтан ирэх галт тэргээ өнгөрүүлэхээр нөгөөх нь зогсох хоромд би азаа туршихаар шийдэв. Бут сөөгний ард нуугдан мөлхөж явтал гэнэт өмнө маань гутал харагдах нь тэр! Немец байна гэж бодон ухраад мөлхтөл, “Нөхөр ахмад, ахиад нэг цуваа өнгөрөх юм байна!” гэсэн бөглүү илтгэл сонсогдлоо.

Үүнийг сонсоод дотор уужраад явчихав. Би хэвтсэн чигтээ ахмадын гутлаас татчихсан нь түүнийг ихэд айлгаж билээ. Бид хамтдаа фронтын шугамыг нэвтэлсэн учраас бие биеэ таньдаг байсан юм. Тэдний баргар царайг хараад би бүгдийг ойлголоо. Тэд энэ гүүрний хажууд нэлээн хэдэн хоногийг өнгөрүүлсэн боловч уг гарцыг устгах боломж яагаад ч олдохгүй байсан аж.

Дөхөж ирж буй цуваа нэг л өвөрмөц байлаа, галт тэргүүдийг лацадсан, харуулууд нь эсэсийнхэн. Яагаад ч бодсон, энэ бол сум хэрэгсэл ачиж яваагаас зайлахгүй! Өмнөөс ирж буй эмнэлгийн галт тэргийг өнгөрүүлэхийн тулд цуваа зогслоо. Автомат буутай харуулынхан шархдагсад дотор таньдаг хүн байгаа эсэхийг харахаар эв найртайгаар бууцгаан, эсрэг талын галт тэрэг рүү очицгоолоо.

Гэнэт надад нэг санаа төрлөө! Нэг цэргийн гараас дэлбэрэх төхөөрөмжийг нь шүүрч аваад, зөвшөөрөл ч хүлээлгүй галт тэрэг рүү харайлгачихлаа. Ингээд галт тэргэн доогуур мөлхөж орон шүдэнз зурав... Тэгтэл галт тэрэгний дугуйнууд хөдлөөд эхэлсэн тул доороос нь гарах боломжгүй боллоо. Одоо яах вэ? Явдал дунд нь, “нохойн үүр” гэгддэг нүүрсний хайрцгийг нь онгойлгоод, дэлбэрэх төхөөрөмжтэйгөө хамт тийшээ орчихов. Гүүрэн дээгүүр галт тэрэгний дугуй түчигнээд эхлэнгүүт шүдэнзээ ахиж зуран, шатах голыг асаалаа.

Дэлбэрэхэд хэдхэн секунд үлджээ. Би асч буй голтой утсыг харангаа, мөдхөн өөрийгөө хэдэн хэсэг болохыг мэдэрлээ! Ингээд хайрцагнаас үсэрч гараад, гүүрнээс шууд ус руу үсрэв. Урсгал даган сэлж эхэлтэл гүүрэн дээрх харуулууд болон цувааны эсэсийнхэн автоматаар шүршиж эхэллээ. Миний тавьсан дэлбэрэх төхөөрөмж ч ажиллан, сум хэрэгсэлтэй галт тэрэг гинжин хэлхээгээр дэлбэрэн шатаж, гүүр, галт тэрэг, хамгаалалт бүгд байхгүй болов.

Сэлж холдохоор байдгаараа хичээсэн боловч фашистын хамгаалалтын завь гүйцэж ирээд намайг авчихав. Түүнийг эрэг рүү ойртох үед би зодуураас болоод аль хэдийн ухаан алдсан байлаа. Уурласандаа араатан мэт болсон гитлерчүүд намайг тамлав, орох хаалганы дэргэдэх хананд гар хөлийг маань хадан өлгөлөө.

Харин манай тагнуулчид намайг аварсан юм. Намайг дэлбэрэлтээс амьд үлдээд, хамгаалалтынхны гарт орохыг тэд харсан аж. Тэгээд харуулынхныг гэнэт дайран намайг тэндээс чөлөөлж авсан билээ. Нэг ухаан ороход, шатаж сүйрсэн белоруссийн тосгоны нэгэн байшинд, зуухан дор хэвтэж байв. Тагнуулчид намайг хананаас салгаж аваад, майханд ороон, фронтын шугам дээгүүр гар дээрээ тэврэн явцгаасан бөгөөд замдаа дайсны бэхлэлттэй тааралдан ихэнх нь амь үрэгджээ. Шархадсан түрүүч намайг тэврэн тэндээс зугтаасан бөгөөд намайг зуухан дор нуучихаад, шархыг маань цэвэрлэх ус авчрах гэж яваад ирээгүй аж. Тэр надад автоматаа үлдээсэн байлаа...

Хичнээн удаан тэрхүү нуугдсан газраа байснаа би сайн мэддэггүй юм. Ухаан алдаад л, буцаж сэргээд л... Гэнэт танкууд явж байхыг сонслоо, дууг нь чагнавал манай танкууд байнаа. Хашгирлаа, гэвч тэрхүү нүргэлсэн чимээнд миний туниа муутай дууг хэрхэн сонсох билээ. Хашгирсан ачааллаасаа болоод ахин ухаан алдав. Ингээд нэг сэргэтэл орос үгс сонсогдлоо. Урвагч цагдаа нар биш байгаа? Өөрийнхөн гэдгийг лавтай мэдэнгүүт би тусламж дуудав. Намайг зуухан дороос татаж гаргаад, эмнэлгийн батальон руу шууд илгээлээ. Дараа нь фронтын цэргийн эмнэлэг, эмнэлгийн галт тэрэг гэж дамжиж явсаар алс холын Новосибирскийн цэргийн эмнэлэгт хүргэгдэв. Энэ эмнэлэгт бараг таван сар хэвтсэн юм. Ингээд хараахан бүрэн эдгэрээгүй байхдаа асрагч эмээг хуучин хувцас авчирч өгөөч, хотоор хэсэг зугаалах гэсэн юм гэж итгүүлээд, эмнэлгээс гарч буй танкчидтай нийлэн яваад өглөө.

Өөрийн хороогоо Польшид, Варшавын ойролцоо байхад нь гүйцэж очив. Намайг танкийн экипажид хуваариллаа. Висла мөрөнг гатлах үеэр манай экипаж мөстэй усанд живэх дөхсөн билээ. Бярвааз дээр сум туссаны улмаас хүчтэй дайвалзаж, манай Т-34 ус руу орчихов. Усны хүчтэй даралтын улмаас хичнээн түлхээд ч цамхагийн тагаа онгойлгож дийлсэнгүй. Ус танкан дотор дүүрэн, удалгүй миний хоолойгоор татав...

Эцсийн эцэст, тагийг онгойлгож чадлаа. Тэд эхлээд намайг гаргаад, өөрсдөө татах трос бэхлэхийн тулд мөстэй ус руу шумбацгаав. Живж байсан манай танкийг холбоотой хоёр 34 арай чүү гэж татаж гаргасан билээ.

Энэ адал явдлын үеэр бярвааз дээр намайг төмөр замын нууц салааг олуулахаар тагнуулд илгээж байсан нисгэгч-дэд хурандаатай тааралдчихав.

Тэр ямар их баярласан гээч!

-Би чамайг хагас жил эрж хайсан. Хэрэв амьд байгаа бол түүнийг заавал олно гэж өөртөө амласан! гэж билээ.

Танкчид намайг нисэхийн хороо руу түр явууллаа. Тэнд би нууц төмөр замыг бөмбөгдсөн нисгэгчидтэй танилцав. Намайг шоколад, амттанаар эрхлүүлэн, У-2 онгоцоор зугаалуулав. Дараа нь, бүх нисэхийн хороогоороо жагсаж байгаад, надад Алдрын III зэргийн одонг баяр ёслолын байдалтай гардуулсан билээ.

1945 оны дөрөвдүгээр сарын 16-нд Зееловын өндөрлөг дээр би гитлерийн “барсыг” устгаж чадав. Замын уулзвар дээр хоёр танк урд урдаасаа тулан зогссон бөгөөд би наводчикийн араас түрүүлээд буудсанд, “барсын” цамхаг дор онон, хүнд хуяглагдсан таг нь яг л бөмбөг шиг шидэгдэхийг харсан билээ.

Тэр өдөр манай танк бас оногдчихов. Азаар, экипажийнхан эсэн мэнд үлдсэн юм. Бид машинаа солиод, тулаанаа үргэлжлүүллээ. Харин энэ хоёр дахиас гурав нь амьд үлдсэн билээ...

Дөрөвдүгээр сарын 29 гэхэд, би тав дахь танкин дотроо явж байлаа. Тэр экипажаас ганц би л аврагдсан юм. Дайсны сум манай танкны моторын хэсэгт дэлбэрч, наводчикийн байранд байсан миний хөлнөөс механик жолооч шүүрч аван, урд талын люкээр гаргаж шидээд, өөрөө араас гарч ирэх гэсэн боловч арай амжилгүй танктайгаа дэлбэрсэн билээ.

Би 5-р сарын 8-нд цэргийн эмнэлэгт ухаан оров. Уг эмнэлэг Карлсхорстэд, Герман бууж өгөх тухай актад гарын үсэг зурсан тэрхүү байшингийн эсрэг талд байсан юм. Энэ өдөр бидний хэнд маань ч, хэзээ ч мартагдашгүй өдөр байлаа. Шархтанууд эмч, сувилагч, өөрсдийн шархаа ч үл хайхран, үсэрч бүжиглэж, бие биеэ тэвэрч байсан юм. Намайг хөнжилд маань боогоод цонх руу аваачин, Герман бууж өгөх актанд гарын үсэг зурсны дараа маршал Жуков уг байшингаас гарч ирэхийг харуулсан билээ.

1945 оны зун би Москвад эргэн ирлээ. Гэртээ орж чадалгүй нэлээн удаан эргэлдэв... Фронт руу ирээд аваад явчихаж мэднэ гэж хаширлаад би ээждээ хоёр жил гаруй хугацаанд ганц ч захидал бичээгүй юм. Энэ удаа ээжтэйгээ уулзахаас айж байсан шиг хэзээ ч ингэж айж байгаагүй байх. Түүнийг хичнээн их зовлон шаналалд хатааснаа би сайн ойлгож байлаа!...

Тагнуулд явахдаа заалгаж сурснаараа би гэртээ огт чимээ гаргахгүй орлоо. Гэвч эхийн зөн совин түүнээс ч нарийн аж. Тэр огцом эргэн, толгойгоо өргөөд, намайг, миний дүрэмт хувцсыг, шагналуудыг маань удаан хугацаанд нүд салгалгүй харлаа...

-          Тамхи татах уу? хэмээн эцэст нь тэр асуув.

-          Аанхаан! гэж би сэтгэл хөдлөл, нулимсаа нуухын тулд худлаа хэллээ.

Олон жилийн дараа би гүүр дэлбэлсэн тэр газартаа хүрэлцэн очсон бөгөөд урьдын ул мөр юу ч үгүй, харин шинэ гүүр байхыг олж харсан юм. Дайны жилүүдэд тэнд болж байсан аймшигт эмгэнэлт явдлуудыг сануулах зүйл тэнд юу ч байхгүй байлаа.

Харин миний хувьд л маш гунигтай байсан юм...

Хөрвүүлсэн Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]