Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Эрдэнэт хүний амийг аварч, эх орныхоо нэрийг гаргасан монголчуудУншсан1,885

Хүний эрдэнэт амийг аварч, эрэлхэг үйлсийнхээ төлөө гадаадад эх орныхоо нэрийг гаргаж явсан эгэл эрхмүүд олон.

Хүний эрдэнэт амийг аварч, эрэлхэг үйлсийнхээ төлөө гадаадад эх орныхоо нэрийг гаргаж явсан эгэл эрхмүүд олон. Тэднээс онцолж байна.

Зургаан цаг тусламж үзүүлж эрдэнэт хүний амь аварсан нь

2019 онд АНУ-аас Холбооны Бүгд Найрамдах Нигери улс руу онгоцонд зорчиж явсан С.Цэрмаа хэмээх монгол эмэгтэй онгоцонд зорчиж явсан 77 настай Нигери гаралтай Америк иргэний амийг аварч, эх орныхоо нэрийг сайнаар мандуулж байв. Тухайн иргэн онгоцны хойд хэсэгт зорчиж явсан бөгөөд гэнэт ухаан алджээ. Энэ мөчид С.Цэрмаа зургаан цагийн туршид тусламж үзүүлснээр эрдэнэт амийг авран хамгаалсан. Түүнийг "United air"-ийн аяллын 150 ам.долларын эрхээр шагнасан байдаг.

Энэ талаар С.Цэрмаа “Амьдрал дэндүү баялаг юм. Надад ийм  зүйл тохиолдоно гэж ер бодсонгүй. 77 настай эмэгтэй амьдралд эргэн ирсэнд талархаад баршгүй. Нигер гаралтай Америкийн хосууд эх нутагтаа зочлох гэж буй зам. Эхнэр нь онгоцонд ухаангүй болоод хэн нэгэн эмч сувилагч байвал онгоцны хойно ирээч гэсэн дуудлагаар тасралтгүй хамт байж дараагийн эмч нарт хүлээлгэн өгч санаа амарлаа” гэсэн байдаг.

 

216 хүний амь аварсан баатарлаг үйлс

Тайландаас Хонконгийн чиглэлд нисч явсан онгоцыг Филиппиний амиа золиослогч барьцаалж, унагах оролдлого хийхэд уг онгоцоор зорчиж явсан З.Буяннэмэх хэмээх бизнесмэн залуу уг үйлдлийг таслан зогсоож, 216 хүний амийг аварсан мэдээлэл цацагдаж олон монголчууд түүгээр бахархсан юм.

Филиппиний амиа золиослогч цагдаагийнханд өгсөн мэдүүлэгтээ Хонконгийн "Cathay Pacific” авиа компанийн СХ712 чиглэлийн онгоцыг унагах үүрэг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэрбээр ганцаараа онгоцонд суусан бөгөөд түүний даалгавар зорчигдыг айлган сүрдүүлж, онгоцны хаалгыг нээн нэг нэгээр нь унагах байж. Гэвч эрэлхэг монгол залуугийн ачаар түүний энэ үйлдэл талаар болсон. З.Буяннэмэхийг "Cathay Pacific" компанийнхан нэгдүгээр зэрэглэлийн нислэгээр насан туршдаа үнэ төлбөргүй зорчих эрхээр шагнасан юм. З.Буяннэмэх “Би яг тэр үед хөгжим сонсоод явж байсан. Онгоцонд болсон байдлыг хараад нөгөө этгээдийг хоолойгоор нь гараараа боож багагүй ноцолдсоны эцэст бид хоёр хойшоо унасан. Энэ үед онгоцны эрэгтэй үйлчлэгч тусалж нөгөө этгээдийг аюулгүй болгосон. Ингээд түүнийг гавлан хоёр хөлийг нь цагаан уяагаар уясан. Надтай хамт тэр онгоцонд зорчиж явсан Солонгос хүн онгоц аюулгүйн буулт хийтэл түүний толгойг нь дарж дундаа суулгасан даа. Амиа золиослогч гэдгийг тухайн үед мэдээгүй. Тийм үед ямар нэгэн юм бодох сөхөө байгаагүй дээ. Зүгээр яагаад ч юм бэ түүнийг аюулгүй болгох ёстой мэт л санагдсан. Гэхдээ зүгээр сууж байгаад унаж үхэхийг хэн ч хүсэхгүй биз дээ” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Монгол Улсын Засгийн газраас түүнд талархлын бичиг,  дурсгалын зүйл гардуулсан юм.

 

Үерийн аюулаас охины амь насыг авран хамгаалав

Жилийн өмнө Америкт үерийн усанд унасан охины амь насыг хоёр монгол залуу аварч байв. Б.Амарбаясгалан, Б.Дашням хоёул гэр бүлээрээ АНУ-д ажиллаж амьдардаг бөгөөд Чикаго хот руу аялах үед энэ үйл явдал болж, 911 дуудсан ч, тэднийг ирэхийг хүлээж цаг алдалгүй, түрүүлж ирсэн нэг цагдаатай хамжилцан охины амийг аварсан юм. Тэд хоёул хөл бөмбөгийн спортын мастер цолтой. Тамирчин хүний хурд хүч, авхаалж самбаа үүнд нөлөөлсөн талаар дурьджээ.

Тэд ийн өгүүлжээ. Бид Guyanhogo National Park-д оршдог нэгэн хүрхрээг үзэхээр шийдээд энэ явдалтай таарсан юм. Биднийг Narional Park руу орох үед гэнэт хүчтэй бороо асгарч эхэлсэн. Хүрхрээ рүү очих жимийн эхэнд машинаа зогсоолд тавих үед гол хэвийн урсаж байснаа машинаас буух үед (бараг л 1 минутын дотор) эргээд хартал улаанаараа эргэлдсэн үер буусан байсан. Эхэндээ үер буучихжээ ч гэж бодолгүй бид Хүрхрээ рүү жимээ даган алхаж байхдаа гэнэт эмэгтэй хүний орилох чимээ сонсогдлоо. Очоод хартал үерлэсэн голын нэг талд эмэгтэй хүн хоёр жаахан хүүхэдтэйгээ, нөгөө талд нь нэг жаахан охин гишгэх ч газаргүй хаднаас зүүгдсэн байдалтай байсан. Бороо орсоор байсан тул дахиад хэдхэн минут энэ байдал үргэлжилсэн бол үерийн усны түвшин нэмэгдэж охин усанд урсахаар байлаа.

Манай эхнэрүүд 911-т дуудлага өгч, эхний цагдаа ирж таарсан тул цагдаатайгаа гурвуулаа цагдаагийнхаа авчирсан бүдүүхэн олсоор татаж гаргахаар арга зам хайж эхэлсэн. Охин өөрөө овсгоотой байж олсоороо өөрийгөө сайн бэхэлсэн учир бид амжилттай уснаас гаргаж чадсан юм. Яг тэр үед аврах баг ирсэн. Үер гэдэг нүд ирмэхийн зуур болдог зүйл юм байна. Охин үер буухаас өмнө голын усанд тоглож байгаад, нүд ирмэхийн зуур үерлэж эхлэхэд сандарч, ээж болон ах дүүгээсээ салж үерийн нөгөө талд зүүгдэж тогтсон байсан. Яг тухайн үед толгой дотор юу ч орж ирдэггүй юм билээ. Өөрсдөө тийм ч сайн сэлж чаддаггүй болохоор эмээж л байлаа. Гэхдээ хүний эцэг болсон хүн чинь тэр жоохон охиныг уйлаад орилоод тусламж гуйж байхыг үзээд яагаад ч зүгээр хараад зогсоод байж чадаагүй ээ” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

 

Алтан гарт эмч нар

2017 оны зургадугаар сард Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч  Б.Онон, Б.Ган-Эрдэнэ, Ч.Янзганбүүвэй, АШУҮИС-ийн дүрс оношлогооны тэнхмийн эрхлэгч Ц.Эрдэмбилэг нар Солонгос улсад олон улсын хуралд оролцоод буцаж явахдаа эрдэнэт хүний амийг аварчээ. Энэ тухай тусламж үзүүлсэн эмч Б.Ган-Эрдэнэ “Онгоц дөнгөж хөөрмөгц л нэг зорчигчийн бие муудсан. Амь тэмцэн бачуурч, амьсгаа авч чадахгүй байсан. Тухайн үед онгоцонд суусан зорчигчид сандарч эхэлсэн. Бид ч анхны тусламж үзүүлсэн. Зорчигчийн бие тайвширч эхлэхэд онгоцонд явсан бүх хүмүүс алга ташиж, баяр хүргэж байв. Энэ бол үнэхээр сайхан мэдрэмж байсан” хэмээжээ. Энэхүү эрэлхэг үйлдлийг МИАТ компаниас үнэлж, тэднийг хүссэн чиглэлдээ нэг удаа үнэгүй зорчих эрхээр шагнасан байдаг.

 

Хүний амь аврах эмч хүний үүрэг

 2011 онд Японд дадлагын ажлаар суралцаж байсан П.Бат-Ирээдүй болон н.Наранбаатар нар хүнд даацын машинд мөргүүлж, хүнд гэмтсэн найман настай япон охиныг үхлийн аюулаас аварч байв. Тэд ослыг хармагцаа охинд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, цус алдалтыг нь зогсоож чадсан юм. Токиогийн түргэн тусламжийн албаныхан Монголчуудын эр зоригийг бахдан талархал илэрхийлж П.Бат-Ирээдүйд Японы ард түмний талархлын цомыг гардуулж өгсөн байдаг. П.Бат-Ирээдүйтэй “Токио хотын Шинжуку дүүргийн ойролцоо засварын ажил хийж байсан зам дээр найман настай охин хүнд даацын машинд мөргүүлчихсэн байсан. Их хэмжээний цус алдаж байсан учраас бид эмч хүнийхээ үүргийн дагуу түргэн тусламж ирэхээс өмнө цус алдалтыг зогсоож, анхны тусламж үзүүлсэн юм. Одоо охины биеийн байдал тогтворжсон. Бид хүний амь аварсан. Гэхдээ энэ чинь эмч хүний үүрэг шүү дээ” гэжээ.

 

"Амьд явахдаа хүний амь аварна чинээ бодож явсангүй"

2019 онд Австрали улсын Мельбурн хотноо Мэдээлэл технологийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалахаар суралцагч Т.Чингэс гэх залуу 26 настай бүсгүйн амийг аварчээ. Тэрбээр Австралин Кюунсланд мужийн Кайрнс хотод гурав хоног аялах зорилготой очсон байсан аж. Түүний буудалласан "Пасифик" буудлын долоон давхраас хар тамхинд донтсон бүсгүй үсэрч амиа хорлохыг завдсан ч залуу эр зориг, авхаалж самбаа гарган аварчээ.

Т.Чингэс тавдугаар давхарт байрлаж байжээ. Буудлын хоёрдугаар давхрын усан сангаас хоёр эмэгтэй орилох чимээг сонсож, улмаар дээшээ харахад охин долдугаар давхрын тагтны гадна талд хамгаалалтаас зуурсан байдалтай, “Надад хэн ч тусалж чадахгүй. Би үхмээр байна” хэмээн уйлж байсан гэнэ.

Гэсэн ч залуу тагтаар дамжин гараас нь чанга атгаж, тав орчим минут ярилцсаны дараа цагдаа нар ирж, охиныг буулган авсан байдаг.

Австралийн Засгийн газар болон Цагдаагийн албанаас түүнд хүний амь аварсан явдалд нь талархал илэрхийлсэн цахим шууданг илгээж, Эр зоригийн одонгоор шагнахаа мэдэгдсэн байдаг. Монгол залуу өөрийн фэйсбүүк хуудаснаа "Амьд явахдаа хүний амь аварна чинээ бодож явсангүй. Хар тамхи гэдэг зүйлээс хол байгаарай. Битгий хайртай нэгнээ нулимсанд автуулаарай!. Долоон давхраас үсрэх гэж байсан охиныг аварч чадлаа” хэмээн нийтэлж байжээ.

 

Галын аюулаас хүний амь аварсан Монгол бүсгүй

Өмнөд Солонгосын Гуанжу хотод ээжтэйгээ хоёулаа амьдардаг бүсгүй дээд айлд нь гал гарахыг мэдээд эр зориг гаргаж, эрдэнэт хүний амь аварсан явал тун саяхан болсон. З.Ундармаа гэх энэ зоригтой бүсгүй байранд нь утаа униар болж гал гарсныг мэдсэн даруйдаа цонхоороо хартал нэг залуу тагтан дээрээ нохойтойгоо хоёулаа яахаа мэдэхээ байсан бололтой тусламж эрсэн шинжтэй байжээ. Бүсгүй байрныхаа бусад айлуудаас тусламж хүсэхээр баахан хаалга нүдэж гүйсэн ч хүнгүй байсан уу яасан, нэг нь ч тайлж өгөөгүй учир ганцаараа дээвэр рүү гүйн гарчээ. Дээврээс олс унжуулж татаж аварья гэж бодож байсан ч боломжгүй байж. Улмаар хаалгыг нь хүчтэй түлхэн орж, доод давхраас ээжээрээ ус зөөлгөн гүйж цацсаар галыг унтрааж залуу нохой хоёрын амийг аварчээ.

Гадаа гал команд, цагдаа, галын машин ирэх чимээнээр бүсгүй хууль бусаар оршин суудаг учир гэртээ ороод гарч очоогүй гэнэ.

Амийг нь аварсан залуу хэвлэлийнхэнд хандсаны улмаас Солонгосын телевиз түүнээс ярилцлага авч, мэдээ бэлтгэжээ. Тэрбээр “Би ямар ч гарсан яахав ээ, төрийн далбааг маань төрийн дуулалтай минь хамт сайн гаргаад өгөөрэй. Маш хүнд байдалд орсон хүнийг хараад манай Монголчууд хараагүй юм шиг зүгээр өнгөрч чадахгүй байх. Би хийх ёстой зүйлээ л хийсэн” хэмээжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]