Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Наадамд түрүүлээд буцахдаа байныхаа гөлмийг өгье"Уншсан19,856

Тэрээр аймгийн наадмын түрүү бөхийг нанжин гахай гөлмөөр шагнахыг сонсоод замдаа морио сульдахаар Бугат сумын нэг айлд буужээ.

ААТ ХЭМЭЭХ Д.ЛУВСАНЖАМЦ АРСЛАН

Довчингийн Лувсанжамц Сайн ноён хан аймгийн Саруул гүний хошуу, одоогийн Архангай аймгийн Хайрхан сумын нутагт 1912 оны усан хулгана жил төржээ. Тэрээр 20 орчим настайгаасаа эхлэн орон нутагтаа барилдан нэрд гарч эхэлжээ.

1932 онд аймгийнхаа баяр наадамд барилдан үзүүрлэж аймгийн заан цол авсан бол 1935 онд түрүүлж аймгийн арслан цол хүртжээ. 1937 оны улсын баяр наадамд анх удаагаа ирж аймгийн арслан цолтой барилдан 896 бөхөөс ес давж үзүүрлэж 25 насандаа Монгол Улсын заан цол авчээ..

1943 онд улсын баяр наадмын 512 бөхөөс ес давж түрүүлж Монгол Улсын арслан цол хүртжээ.

1944 онд 512 бөхөөс тав давж шөвгөрчээ.

1948 онд дөрөв давж Завханы Ө.Гарамдагва заанд өвдөг шорооджээ.

1949, 1954 онуудын улсын баяр наадамд хоёр давжээ.

1950, 1952 онуудын улсын баяр наадамд гурав давжээ.

1953 онд 512 бөхөөс тав давж хурц шаламгай шалгарсан чимэг.

1951, 1955, 1956 онуудын улсын баяр наадамд нэг давжээ.

Үүнээс гадна аймгийнхаа баяр наадамд дахин 1937, 1938 онд түрүүлж, 1940 онд үзүүрлэжээ. Мөн Хэнтий аймгийн баяр наадамд 1942 онд түрүүлж дараа жил нь Хэнтий аймаг байгуулагдсаны 20 жилийн ойн баяр наадмаар ирээдүйн даян аварга Ц.Чимэд-Очирыг улсын начин цолтой байхад нь хамт очин барилдаж үзүүрлэж байжээ.

Д.Лувсанжамц арслан дугуй бор царайтай, алиа наргиа яриатай, биеэр зузаан, дунд зэргийн нуруутай, гол мэх нь халж суйлах, гүйх, дамжин ордог баруун, зүүн аль ч талын барилдаантай, гарын хуруундаа их хүчтэй, бяр чадалдаа итгэж барилддаг бөх байжээ. Д.Лувсанжамц арслангийн гар нь маш урт, өвдгөндөө бараг хүрдэг байсан болохоор суйлах мэхийг чадмаг хийдэг байжээ. Арслангийн хоёр хуруу нь эсрэг бөхийн хонгонд хүрсэн цагт хаядаг л байжээ. Мөн өөр сумын наадамд очихдоо ямагт ногт ганзгалаж явдаг байж.

Тэрээр аймгийн наадмын түрүү бөхийг нанжин гахай гөлмөөр шагнахыг сонсоод замдаа морио сульдахаар Бугат сумын нэг айлд буужээ. Наадамд гоёх гэсэн бололтой шинэ гахай гөлөм унинд нь хавчуулаастай байхыг хараад наадамд барилдаж түрүүлээд буцахдаа байныхаа гөлмийг өгье гэж тохироод гөлмийг авч тохон морио сольж унаад явжээ. Тэгээд хэлсэн ёсоороо наадамд түрүүлж байныхаа гөлмийг авчирч өгч байжээ. Мөн Булган аймгийн нэг баяр наадамд Бямбын “довцог” хэмээх Пүрэвжав заан түрүүлээд буцах замдаа Хайрхан сумын баяр наадамд барилдахад нь гурвын даваанд амлан авч хаячихаад цаашид барилдахгүй яваад өгч байсан зэргээс наадамчин олон түүнд “Аат” хэмээх алдрыг хүртээжээ.

Д.Лувсанжамц арслангийн бяр тэнхээгээ үзэж жалганы нөгөө талаас 50 метр орчим газар өргөж зөөвөрлөж авчирсан чулуу Хайрхан сумын нутаг дахь Өлийн давааны өвөр аманд одоо хүртэл байдаг аж. Энэ чулуу ойролцоогоор 300-400 кг орчим хүнд жинтэй бололтой. Энэ чулууг дөрвөн хүн өргөхөд дөнгөж газраас хөндийрүүлээд алдчихаад байсан гэдэг. Д.Лувсанжамц арслан барилдахаа больсноос хойш улсын баяр наадамд бөхийн засуулаар олон жил ажиллажээ. “Аат” хэмээх Д.Лувсанжамц арслан амьдралынхаа сүүлчийн жилүүдийг Хэнтий аймагт байсаар 1969 онд насан өөд болжээ.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
8 сар 6. 17:34
Зочин

Нанжин гахай гөлөм гэдгийг нанжин гэдэг үг нь хятадын Нанжин хот мөнүү? Мөн гэж үзвэл, монголчуудын өдөр тутамдаа хэрэглэдэг эмээлийн салшгүй хэсгийг хүртэл хятадууд хийдэг байсан болж таарч байнуу?

8 сар 18. 3:05
Зочин

Тийм ээ нанжин гахай гөлөм, бас тэнзэн ташуур гэж байна. Бодвол тянжинь нь тэнзэн болсон байх

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]