Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ардын дуу "Гоолингоо"-гийн үнэн түүх ийм ажээУншсан4,454

Ирээд буцах энэ л амьдралд янаглан дурлалцсан хос хоёрын хайрын түүх “Гоолингоо”-гийн аялгуунд мөнхөрч үлдсэн учир энэ юм байна.

Зүрхний дуун бол хорвоогийн уянга. Харин энэ уянга баяртай гунигтай байх эсэх нь амьдралын жаргал зовлонтой холбоотой билээ. Дуунд дуртай монгол түмэн маань баярлаж магнай тэнийлгэхийн сацуу энгэр нэвт уйлж уйтгарлаж сэтгэлийн хөг аялгуугаа зохиодог. Нэгэнт авьяаслаг ард түмний минь бүтээл болохоор хэдийд хэн гээч хүн зохиож үе дамжин дуулж байгааг хөгжим судлаачид ч тогтоогоогүй л байна. Гэхдээ олон домог, хууч, баримтууд “Гоолингоо”-той холбогддог. 

19-р зууны дунд үеэс эхлэн Манжийн захиргаа сууриараа ганхах болсон нь 1840-өөд оны сүүлээр болсон хар тамхины дайнд Англи улсад ялагдсантай холбоотой. Ингээд өөрийн захиргаанд байсан улс орнууддаа маш их өр, татварын дарамт үзүүлснээр эргээд Манжийн төрийн эсрэг бослого тэмцэл өрнүүлэхэд хүргэсэн. Үүний нэг нь 1862-1877 оны хооронд үймж байсан “Цагаан алчууртны буюу цагаан малгайтны бослого” билээ. Манжийн төр зүгээр суугаад байсангүй. Халх Монголд байсан төлөөний түшмэдүүд болон өөрсдийн яамдаараа дамжуулаад Халх Монгол, Өвөр Монголоос олон тооны цэрэг хуралдуулж энэ бослогын эсрэг хөдөлгөсөн гэдэг. Үүний нөлөөгөөр тэр бослого 1877 оны үе гэхэд дарагдсан. 

Тэр үймээний үеэр хуй-хуу хэмээх олон хүүхдээ дагуулж, хаа явсан газраа шатааж явсан дээрэмчид Монголын хил хязгаар, баруун зүүн өмнөд талаар дайрч өнгөрсөн байдаг. Бүр Архангай, Өвөрхангайгаар хүртэл шүү. Тэр үед өмнөд хил хязгаарт амьдран суудаг байсан Гоолин занги гэж эрд зориулж түүний хатан “Гоолингоо” дууг зохиожээ гэсэн нэг хувилбар байна. Харуул занги Гоолин хэмээх эр залуу хатнаа Богдын хүрээ рүү явуулчихаад үүрэгт ажлаа гүйцэтгэх үедээ алтан амиа алджээ. Энэ явдлыг хожуу мэдэж гэргийд нь хэл хүргүүлсэний дараа хүрээнд ирээд удаагүй хатан даруй эргэж нутагтаа очин нөхрийнхөө шарилыг өссөн нутаг, адуу мал нь түмээр багширч байдаг ууланд нь оршуулсан гэдэг. Тэднийх ихэд баян айл байж. Хатан хүрээ буцалгүй хэдэн жил нөхрийнхөө нутаглуулсан газрын ойр эргэж тойрч байгаад сэтгэл нь жаахан цөхөрч хүрээнд ирээд, хүнтэй уулздаггүй, олны газар явдаггүй ганцаардсан зожиг зантай болж сүүлдээ шанз хөгжмөө тэвэрч нэгэн гунигт дуу дуулж суудаг байсан нь зовлонт хатны дуу гэгддэг “Гоолингоо”-гийн ая эгшиг байжээ гэсэн домог түүх бий. 

Гоолин гэдэг нэрэн дээр “гуай минь” гэдэг үгийг “гоо” болгон хэрэглэсэн ч гэдэг. Хатны нэрийг Агаа гэх боловч үнэндээ Агаасүрэн гэдэг байж. Залуу сайхан насандаа хайрт ханиа зуурдаар алдсан хатны гуниглангуй царайг харсан хэн ч өрөвдөж сэтгэлийг нь чангалах гэж аягачин шивэгчид нь загнасанд хариуд нь Агаа хатан нэгэн дуу зохиож дуулсан нь: 

Хатир сураагүй морийгоо болбол

Хазаарыг нь дугтчаад юугаа хийхэв дээ

Хал үзээгүй намайгаа болбол

Харааж загнаад юугаа хийхэв дээ хө

 

Жороо сураагүй морийгоо болбол

Жолоогий нь дугтчаад юугаа хийхэв дээ

Зовлон үзээгүй намайгаа болбол

Зориуд загнаад юугаа хийхэв дээ

 

гэж дуулж байсан гэдэг. Нөхрийн нь сүнс салахгүй дагаж хорогдсоноос Агаа хатан наслаагүй юм ч гэж ярьдаг. 

Гоолингоо” хэмээх дууны 2-р бадагт юу гэж дуулдагийг үзье. 

Арван түмэн адуу нь болбол

Арынхаа ууланд нь алаглаад байна даа хө

Амраг хайртай Гоолингоогийн алтан хүрээ нь

Арынхаа ууланд цайрас хийгээд л байхымаа хө гэж дуулдаг байхад зарим хүн:

 

Амраг хайртай Гоолингоогий минь

Алтан шарил

Арын ууланд нь цайрас хийгээдбайхымаа гэж дуулах нь ч бий. 

Амраг хайртыгаа нутаглуулсан алсын цэнхэр уулыг нулимстай нүдээр ширтэн, энэлэн хайлан байгаа хүнд “алтан хүрээ” харагдаагүй. Тэр үед хүрээ байгаа ч үгүй, харин алтан бие цогцос нь гэгээн наранд цайран харагдаж байсныг төлөөлүүлэн өгүүлсэн ч гэх нь бий. 

Магадгүй Агаа хатны аялсан энэ гайхамшигт аялгуу хайртай Гоолингоогийнх нь явж одсон түнэр харанхуй замыг гэрэлтүүлэх шидийг олж бүтсэн ч байж мэдэх юм. 

Хэдэн түүхийн өмнө амьдарч байсан үзэсгэлэнт Агаа хатны сэтгэл зүрхний хайр яг л уул тал шиг минь яг л ус мөрөн шиг минь яг л орчлон ертөнц шиг агуу уужим байсан болохоор түүний Гоолингоо он цагийн уртад арилж бүдэгрэлгүй өнөөдрийн энэ цаг үед ирж миний сэтгэлийг ч бас хөндсөн байх нь. Ирээд буцах энэ л амьдралд янаглан дурлалцсан хос хоёрын хайрын түүх “Гоолингоо”-гийн аялгуунд мөнхөрч үлдсэн учир энэ юм байна.

 "Зүрхний нулимс Гоолингоо" номоос

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]