Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Их Монгол улсын цэрэг Алтан улсыг амжилттай дайлсны учирУншсан7,020

Чингис хаан анхныхаа томоохон аян дайныг хийхдээ Алтан улсыг дайлсан агаад тэр дайн бүхэл бүтэн таван жил үргэлжилсэн билээ.

ХБНГУ-ын монголч эрдэмтэн, доктор профессор Удо Б.Баркманны нийтлэл

Чингис хааны хийсэн аян дайнуудын өвөрмөц онцлогийг ул үндэстэй нягтлан судалсан эрдэм шинжилгээний бүтээлүүдэд зохиогчид нь гол төлөв Монголчуудын цэргийн ажиллагаа, байлдах арга ухаан, зэвсэглэл, морьт цэргийнх нь гүйцэтгэсэн үүрэг, онцлогийг авч үзсэн байдаг. Тэгсэн хэрнээ дайтаж байсан нөгөө этгээдэд нь анхаарлаа хандуулах нь тун ховор, гэтэл энэ нь Монголчуудын үзүүлсэн цэргийн амжилтыг ч, суралцах чадварыг нь ч бүх талаас нь бүрэн ухаж мэдэхэд зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Чингис хаан анхныхаа томоохон аян дайныг хийхдээ Алтан улсыг дайлсан агаад тэр дайн бүхэл бүтэн таван жил үргэлжилсэн билээ. Алтан улс хүчирхэг дайсанд тооцогдож байв. 1200 оны үед тус улсад 50 сая орчим хүн амьдарч байсны 4-5 сая нь зүрчидүүд байжээ. Тэр үед Алтан улс өөрийн өмнөдийн Сүн улстай дайтахад 2.270.000 цэрэг дайчлан гаргаж чадсаныг 1159 оны цэрэг татлагаас бид мэднэ. Тэгэхлээр Алтан улс Монголчуудтай харьцуулахад тооны хувьд асар их давуу цэрэг цэрэгтэй, бараг шавхагдашгүй хүн хүч, материалын нөөцтэй байсан хэрэг. Тэгсэн ч Чингис хаан хамаагүй цөөхөн цэрэгтэйгээр нэлээд их цаг хугацаа зарцуулж байж тэр их гүрнийг ялсан билээ. Түүний тэрхүү ялалтыг ойлгоход дөхөм болгох үүднээс Алтан улсын зарим өвөрмөц байдал, дайтаж байлдах онцлогийг нь энд хөндөн ярих гэсэн юм.

Юун түрүүн тус гүрэн ихэд хятадчилагдсан байсныг хэлэх хэрэгтэй, харин хятад бус шилмэл удирдлага нь зүрчидүүд байв. Хүн амынх нь 90 хувьхятад гаралтай байжээ. Хятадач Жак Гернет “Жүрчидийн улс төр, засаг захиргааны байгууллага, эдийн засаг, соёл нь хятадчилагдсан байсан” тухай тэмдэглэсэн буй.[1] Цэрэг армийнх нь удирдлагын бүтэц, байлдааны ажиллагаа, байлдах арга ухааны талаарх үзэл баримтлал нь ч гол төлөв Тан улсын үеийнхийг хуулбарласан хятад уламжлалаар тэжээн тэтгэгдэж байжээ. Гэвч тэр нь Алтан улсад ихээхэн гай тарьсан нь тодорхой болсон. Чингис хааныг 1211 онд анхны аян дайнаа Алтан улсад хийхэд эзэн хаан Вэй шао ваны дөнгөж шинээр томилоод байсан цэргийн захирагч Вангиан Чэнюй 400.000 хүнтэй цэргээ авч сөрөн байлджээ. Чингис хааны цэргийн жанжин Мухулай юунаас ч үл шантрах шилмэл “үхлийн цэргүүд”-ээ удирдан түүний цэргийг довтолсон байна. Юань улсын сударт: “Монгол цэрэг цөөхөн байсан боловч удалгүй Хятан болон Зүрчидийн цэргийг эвдэн бусниулжээ…” хэмээн онцолсон буй.[2] Вангиан Чэнюйг үлдсэн цэргээ аван ухрахад Чингис хаан өөрийн биеэр цэрэг авч мөшгөн хөөсөн байна. Эцэст нь гурван өдрийн тулалдаанаар Алтан улсын цэрэг хиар цохиулжээ. Юань улсын сударт бичсэнээр: “100 гаруй ли газар дайсны үхдэл хүүрээр дүүржүхүй.”[3] 1213 оны намар Чингис хаан Жиншаны дэргэд Жүхү Гаочи, Вангиан Ган нарын удирдсан Алтан улсын их цэргийн үлдэгдлийг бут цохижээ. “Алтан улсын түүх”-нд тэмдэглэснээр дан ганц Вангиан Ганы цэрэг л гэхэд 100.000 хүнтэй байсан аж. Тийнхүү Алтан улсын цэргийн гол хүч бүрмөсөн хиар цохиулсан ажээ. Гэсэн ч Алтан улсыг дайлсан аян дайн 1216 оныг хүртэл сунжран үргэлжилсэн нь Монголчууд цэргийн шинэ ажиллагаа болох хот, бэхлэлт цайзуудыг булаан эзлэх, цэрэг хамгаалалттай даваа гүвээг давахад анхаарлаа төвлөрүүлэх ёстой болсон, өмнө зүгт давших тутмаа өөрсдөд нь болоод морьдод нь халгаатай цаг агаар, бүс нутгийн эсэргүүцэлтэй тулгарах болсонтой илүү холбоотой.

Гэхдээ яагаад Чингис хаан аян дайнаа эхлэнгүүт л наад зах нь 500.000 хүнтэй Алтан улсын цэргийн гол хүчийг ялж чадсан бэ? Өмнөд Сүн улсын үеийн дайн байлдааны түүхийг судалсан Франке энэ талаарх ойлголт төсөөллийг бидэнд өгч байна.[4] Юуны өмнө цэрэг удирдах арга ухаан Алтан улсад ч, Сүн улсад ч Тан улсаас хойш ер өөрчлөгдөөгүй байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Морьт цэргээр жигүүрээсээ хамгаалуулж, хайрцаглан жагссан хоёр этгээдийн явган цэрэг өргөн уудам тэгш талд бие биеийг сөрөн зогсох нь тэр үеийн ойлголт төсөөллөөр хамгийн зохистой төгс төгөлдөр байрлал байжээ. Дайсагнасан хоёр талын гол цэргийн захирагчид аль нэг гүвээ толгой юмуу модон цамхаг дээр гарч зогсоод туг далбаагаар цэргүүдийг ийш тийш нь залж удирдана. Хэнгэрэг дэлдэж дайрах тушаал, харанга цохиж ухрах тушаал өгдөг байж. 100.000 хүнтэй гол цэргийг жагсаахад Тан улсын үеэс тодорхой тоо тогтоож өгдөг болсон байна. Цэргийг “том солонгон” жагсаалаар жагсаахад нийт фронтын өргөн нь 4.125 метр байх ба гүн рүүгээ 300 метрт цэргүүд цуваа болон зогсоно. Тэрхүү тэгш өнцөгтөд цэргийн гол хүч нь өргөөшөө 2.205 метрт багтдаг байжээ. Уг гол хүч нь тус бүр 50 цэргээс бүрдсэн салаануудад хуваагдаж, тэдгээр нь дайралтын зүгт суваргалан байрладаг байж. (1-р эгнээ: 7 цэрэг + салааны дарга, 2-р эгнээ: 8 цэрэг + салааны орлогч дарга, 3-р эгнээ: 9 цэрэг + нэг тугч, хоёр туг хамгаалагч, 4-р эгнээ 10 цэрэг, 5-р эгнээ 11 цэрэг). Нэг салаанд 225 ам метр, нэг цэрэгт 4.5 ам метр талбай ногдохоор тооцно. Хоёр явган цэргийн хоорондын зайг 3.1 орчим метр байх нь зохистой хэмээнэ. Жигүүрийг хамгаалах морьт цэргүүдийн хувьд ч бас л үүнтэй төстэй тоон үзүүлэлтийг баримталдаг байжээ. Хоёр морьт цэргийн хоорондын зай 6 метр, урд, хойд эгнээний хоорондох зай 30 метр байх ёстой байв. Морьт суман хоорондын зай 75 метр байж. Мэдээж тийнхүү тогтоосон тоо нь хамгийн зохистой гэсэн хэмжээ байсан, түүнд нь газрын бартаа зэрэг саад учруулах юм бишгүй байж. Тийм үед хоорондын зай өргөөшөө багасах төдийгүй цэрэг дайчдын чөлөөт хөдөлгөөн ч бас хумигддаг байв.

Ийм гол цэргийг хөдөлгөх хамгийн гол нөхцөл нь дасгал сургуулилалт, сахилга байсан нь эргэлзээгүй. Үе үе жагсаалын хаа нэгтээ газар орны нөхцөл байдлаас болж явган марш хурдаа өчүүхэн өөрчлөх төдийд л жагсаалын эмх цэгц алдагддаг байв. Тиймээс цэрэг арми, цэргийн маневрлах чадвар нь туйлын уян хатан бус байжээ. Дээр нь бас цэргийнхэн бус Күнзийн сурталт энгийн түшмэд цэрэг удирдах явдал тийм ч ховор бус тохиолдоно. Мөргөлдөөн гарсан тохиолдолд ийм цэрэг яахыг төсөөлөөд үзье л дээ. Бараг хүч тэнцүү Хятадын хоёр цэрэг хоорондоо дайтлаа гэхэд нэгэн цагт тодорхой шийдэлд хүрэх нь лав. Харин өөрсдөө тооны хувьд хичнээн давуу ч Монголчуудтай бол чингэх ямар ч боломж байхгүй.

Эргэн санацгаая: Мухулай жанжин юуны өмнө явган цэргээс бүрдсэн Алтан улсын цэргийн гол цөмд “Үхлийн морьт цэрэг”-ээ цүүц хатгалтаар нэвтрүүлж, тулалдааны байрлал, жагсаалынх нь эмх цэгцийг алдагдуулсан болов уу. Цүүц хатгалдаанаар асар хурдтай цөмрөн оржээ. Цүүц дайсны жагсаалыг баруун солгойгүй эвдэн бусниулж, их хурдтай өргөжин тэлж, зүүн, баруунгүй дайсны хүчийг талбай нь улам хумигдан, хүч нь улам эрчлэх усны эргүүлэг лугаа байдалд оруулжээ. Дайсан эх захаа алдан бужигнаж, айдас хүйдэст автан, эмх замбараагүй болж дутаана. Чингис хаан хөнгөн зэвсэглэж, өвч тоноглосон морьт цэргээ тулалдааны өмнө хоёр жигүүрт хуваасан байжээ. Одоо тэр зөвхөн цүүц хатгалдааны үзүүлэх нөлөөг хүлээж, морьт дайчдынхаа хоёр жигүүрийг эмх цэгц нь нэгэнт алдагдсан дайсны явган цэргийн жагсаал руу довтолгон оруулах л хэрэгтэй байв. Тэгээд ердөө алаад байх л үлджээ. Юань улсын сударт бичсэнчлэн: “100 гаруй ли газар дайсны үхдэл хүүрээр дүүржүхүй.” Үнэхээр ч Алтан улсын цэргийг бодвол Монголчуудын амссан хохирол бага байсан буй заа.

Европын хөдөлж ядсан болхи хуягт баатруудын цэрэгтэй Лийгнитц зэрэг газарт хийсэн иймэрхүү тулалдаануудад ч Монголчуудыг амжилт үзүүлэхэд нь хуучирч үеэ өнгөрөөсөн, уян хатан бус байлдааны дэг журам, хэтэрхий хүнд зэвсэг агссан, өвч өмсгөлтэй хуягт баатруудын армийн хөдөлгөөн муутай байдал тодорхой үүрэг гүйцэтгэсэн байж болох талтай.

Дайснуудынх нь үздэгээр Монголчууд ихээхэн үр нөлөө бүхий хүч тэнцвэргүй дайныг хийсэн. Өдгөө ч гэсэн хамгийн сүүлийн үеийн техникээр тоноглосон өндөр хөгжилтэй цэргүүд хүч тэнцвэргүй дайны аргад дадсан цэрэгтэй газар орны хүнд бэрх нөхцөлд харьцангуй найдвар багатай дайтаж байгааг бид мэдэх билээ.

(2012)

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]