Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Дайны тухай хэдэн үгУншсан987

Ямар ч байсан 1945 оноос хойш дайн хийхийг НҮБ-ын дүрмээр хориглосон ба үүнээс хойш эрт урьдынх шиг шударга сайхан дайн зарлаж байгаад нүдэлддэг тэр үе өнгөрсөн байна.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1939 онд Монголын зүүн хил дээр болсон их тулалдаан нь чухам дайн байсан уу, эсвэл хилийн нэг мөргөлдөөн байсан уу гэдэг дээр бид хоорондоо сүрхий ширүүн маргадаг билээ. Зарим нэг нийтлэлч энэ бол ердөө л нэг жижигхэн будлиан төдий гэж үзэж байхад өөр бусад нь Халх голын дайн бол хамаг ардыг хамарсан дайн байсан юм гэж ирээд хоорондоо муудалцан бас нэг дайн гарах дөхнө. Харин энэ маргааныг харж байхад хэн хэн нь дайн гэдэг бол илүү том агуу зүйл, мөргөлдөөн будлиан гэдэг нь нэг тийм ялих шалихгүй жижиг зүйл гэсэн утга санаа тод харагддаг. Тэгэхээр Халх голд дайн болсон юм уу, мөргөлдөөн болсон юм уу?

Ер нь дайн гэж юу вэ?

1899 онд Гаагийн Анхны конвенцоор (Hague Conventions) улс орны хооронд болох дайн дажныг багасгах, хориглох анхны оролдлогыг хийж 1919 онд Үндэстнүүдийн лигийг (League of Nations) байгуулсан билээ. Дараа нь энэ байгууллагыг НҮБ залгамжлан авсан байна. НҮБ-ын ном журмаар бол дайнд бэлдэх, төлөвлөх, түрэмгий дайн өдөөх, хийх зэрэг нь гэмт хэрэг. Өөрөөр хэлбэл дайн хийж болохгүй, хориотой зүйл байх нь.

Гэхдээ аль нэг улс нөгөө улс руу халдан довтолбол нөгөө улс нь өөрийгөө хамгаалах бүрэн эрхтэй ба энэ дайны буруутан нь дайн эхлүүлсэн буюу хэн эхэлж буун дуу гаргасан, хутга мэсээ хуйнаас сугалсан тэр улс орон гэж тооцно.

Тэгэхээр одоо дэлхий дахинд олон жижиг, том мөргөлдөөн гарч нэг нэгнийгээ алж хядаж байгаа нь дайн мөн болов уу? Энэ талын мэргэжилтнүүд “үгүй, дайн биш” гэж хариулдаг. 1945 оноос хойш 2-3 үйл явдлыг л зүтгүүлж байж дайн гэж нэрлэдэг ба энэ нь Иран-Иракийн, Ирак-Кувейтийн, Энэтхэг-Пакистаны явдлууд юм гэнэ. Харин бусад нь зүгээр л зэвсэгт мөргөлдөөн. Энэ мөргөлдөөн нь олон улс хамарсан, иргэний, терроризмын... гээд янз бүрийн нэртэй.

Зэвсэгт мөргөлдөөн гэж үздэг олон үйл явдлуудын хэмжээ дамжаа, хохирол, оролцсон улсын тоо зэргийг харахад дээр дурдсан гурван дайнуудаас хэд дахин том, олон улс оролцсон, асар их хохирол сүйтгэл учирсан нь зөндөө. Зөвхөн “Цөлийн шуурга”-ыг дурдахад хангалттай байх. Энэ Цөлийн шуурга мэтийн аймшигт том ажиллагааг явуулж байгаа нь яагаад дайн биш гэж, гадны хэд хэдэн улс өөр нэгэн улс руу халдан довтолж үй түмэн хүн үхэж үрэгдэж байгааг дайн гэхгүй юм бол өөр юуг дайн гэх юм бэ? гэсэн асуулт гарч таараа.

Тэгвэл иймэрхүү үйл ажиллагааг НҮБ зөвшөөрч, муу муухай нөхдүүдийг сургаж өгөх эрхийг зарим нэгэнд нь өгдөг учир дайн биш гэнэ. Өөрөөр хэлбэл цөмийн зэвсэгтэй, үй түмэн холбоотонтой бол та юу ч хийж байсан түрэмгий дайн лав хийгээгүй байх нь. Бүр “цөмийн зэвсэгтэй, түмэн олон холбоотонтой” улс нь НҮБ-ын зөвшөөрөлгүйгээр “дайн биш” юмыг хийж болдгийг бид харж л байна. Үүнийгээ харин “хүмүүнлэгийн зорилгоор хүч хэрэглэх”, “ардчилсан интервенц” гэх мэтийн гоё ганган нэрээр нэрлэнэ. Дайн биш байгаа биз. 1999 онд NATO-гийн улс орнууд Югославыг будаа болгосон тэр явдал бол үүний сонгодог жишээ. Өөр иймэрхүү жишээ олныг дурдаж болох биз ээ.

Ямар ч байсан 1945 оноос хойш дайн хийхийг НҮБ-ын дүрмээр хориглосон ба үүнээс хойш эрт урьдынх шиг шударга сайхан дайн зарлаж байгаад нүдэлддэг тэр үе өнгөрсөн байна. Энэ бүхнээс харахад дайн болон зэвсэгт мөргөлдөөн, хилийн будлиан... гээд тэр олон нэрүүдийн хооронд ялгаа бараг байхгүйг, байгаа бол хэн нэг хүчирхэг улс орон л хэрэгтэй үедээ тэр ялгааг олж хардаг юм байна гэдэг нь надад лав ойлгомжтой юм шиг санагдлаа.

Харин Халх голын дайн гэдэг маань?

Хэн хүссэнээрээ байна биз. Энэ дайнд ялсан бидний хувьд “Халх голын дайн” бол дайн хэвээрээ бол харин ялагдсан япончуудын хувьд Номун Ханы хэрэг явдал чигээрээ л үлдэж таараа. Үүний төлөө бид дотроо зодолдоод байх хэрэг алга шиг. Дайн гээд томордоггүй, мөргөлдөөн гээд жижигддэггүй л юм байна.

Энд нэмж нэгийг хэлэх хэрэгтэй байх. НҮБ дайн хийхийг хориглохоос өмнө, дайн хийх эхлүүлэх тэрхүү процессыг яг баримталсан хамгийн сүүлийн дайн нь 1945 онд Японы эсрэг хийсэн дайн юм гэнэ лээ. Энэ тухай ярихдаа ЗХУ Японд дайн зарласан тухайг дурдан ярьдаг. Гэтэл миний мэдэхээр ЗХУ нь 1945 оны 8-р сарын 9-нд Японд дайн зарласан бол БНМАУ 1945 оны 8-р сарын 10-нд Японд дайн зарласан түүхтэй. Өөрөөр хэлбэл энэ дэлхий дээрх хамгийн сүүлийн дайныг Монголчууд бид хийсэн болж таарах гээд байдаг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]