Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Фау-2" пуужингаар сансраас авсан анхны зургийн түүхУншсан1,382

Гэтэл эх дэлхийг сансраас авсан хамгийн анхны зураг нь 1946 оны зураг байдаг. Яахаараа ийм байдаг билээ, хэн нь яаж яваад тийм зураг авчихдаг хэрэг вэ гэсэн олон асуултууд гарч ирэх нь дамжиггүй.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1957 оны 10-р сарын 4-ний өдөр ЗХУ хүн төрөлхтний түүхэнд анхны хиймэл дагуулыг хөөргөж сансрын уудмыг эзэмших алхам хийсэн билээ. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтний сансарт гарсан хамгийн анхны тохиолдол, үүнээс өмнө өөр хэн ч хэзээ ч ийм хэмжээний амжилтад хүрч байгаагүй гэмээр.

Гэтэл эх дэлхийг сансраас авсан хамгийн анхны зураг нь 1946 оны зураг байдаг. Яахаараа ийм байдаг билээ, хэн нь яаж яваад тийм зураг авчихдаг хэрэг вэ гэсэн олон асуултууд гарч ирэх нь дамжиггүй. Энэ удаа сансарт гарах гэж юу болох, Карманы шугам (Kármán line) гээч юу болох зэрэг элдвийн зүйл тоочилгүйгээр сансраас авсан анхны зургийн тухай сонирхуулъя.

Анхны зураг

1946 оны 10-р сарын 24-нд Нью Мексико мужийн цөлд унасан пуужингийн үлдэгдэл, уг пуужинд суурилуулсан байсан хальсыг олохоор хэсэг эрдэмтэд, цэргийнхэн хүрэлцэн ирсэн байна. Уг харвасан пуужин нь ФАУ-2!

Энэ пуужинг Германы цэргийнхэн өшөө авах зэвсэг болгохоор дэлхийн 2-р дайны туршид хийж, үйлдвэрлэж, туршиж, харваж, олон хүний аминд хүрсэн бөгөөд дайнд ялагдсаны дараа америкчууд энэ пуужингийн бүх л зураг, төсөл, бэлэн болсон пуужин болон түүний эд ангиудыг олзолж авсан байна. Үнэндээ бол уг пуужинг бүтээгч Вернер фон Браун хамаг юмаа бариад америкчуудаас амь гуйсан гэх нь илүү зөв болов уу. Оросуудын хувьд америкчууд шиг айхтар нарийн сайн зураг сэлт олж амжаагүй ч уг пуужинг үйлдвэрлэх үеийн зураг төсөл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, эд хэрэгслийг олж авсан нь Зөвлөлтийн пуужингийн хөгжилд асар их ахиц авчирсан төдийгүй 1957 оны хиймэл дагуул, 1961 оны Гагарины нислэгт энэ пуужингийн зарчмыг ашигласан байдаг билээ.

Америкчууд олзолж авсан шинэ төрлийн зэвсгээ сайжруулахын тулд олон туршилтууд хийж байснаас (өнөөх Фон Браун удирдсан буюу нацист намын гишүүн энэ офицер Германд хийж байсан ажлаа Америкт үргэлжлүүлжээ) 1946 оны уг туршилт нэлээд өвөрмөц юм. Учир нь энэ удаа ФАУ-2-ыг эгц дээш чиглүүлэн харвасан ба энэ пуужин хэчнээн хэмжээний өндөрт гарах боломжтой, сансрын уудамд гарах чадвартай эсэхийг батлах туршилт байжээ. Пуужин дотор ган хайрцагт хийсэн фото камер, бас тусдаа хамгаалалттай хальс хийсэн байсан нь туршилтын үр дүнг шууд харах зориулалттай байж.  1,5 секунд тутам нэг зураг авч байх боломжтой, 35 мм-ийн хальстай камер пуужин буцан унахад бяц үсэрсэн боловч харин хальс нь гэмтээгүй байна. Уг хальсыг Фред Рулли гэгч жирийн цэрэг олж аваад дарга, эрдэмтдэд шилжүүлэхэд цэргийнхэн хийх ёстой ажлаа хийлээ гэсэн мэт огт тоохгүй байсан бол харин эрдэмтэд уг хальс ямар ч гэмтэлгүй байгааг мэдэнгүүтээ өөрсдөө сансарт гарчих шахам үсэрч харайж дэвхцэн баярлаж байжээ.

- “Дараа нь хальсыг угааж тодруулан, дүрс гарах үед эрдэмтэд зүгээр л солиорч эхэлсэн юм” гэж  Рулли дурссан гэдэг.

фон Браун Фау-2 пуужингийн макетаа барьсан байгаа нь

Энэ үе хүртэлх хамгийн өндрөөс авсан зураг нь Америкийн Explorer II хэмээх аэростатаас, 22000 метрийн өндрөөс авсан зураг байсан бол 1946 оны ФАУ-2-ын авсан зураг энэ өндрийн рекордыг 5 дахин эвдсэн гэсэн үг юм.

Үүнээс хойш буюу 1947-1950 оны хооронд Америкчууд ФАУ-2-ыг ашиглан мянга гаруй гэрэл зургийг 160 км-ийн өндрөөс авсныгаа нийлүүлэн нэгэн зураг болгосон нь тухай үедээ зөвхөн эрдэмтэд төдийгүй жирийн хүн олны сонирхлыг ч гэсэн ер бусын ихээр татаж байсан юм. Үгүй дээ л дэлхий бөөрөнхий гэдгийг уг зургийг харсан ямар ч тэнэг нь ойлгохоор сайхан зүйл болж.

Сансарт анхны хиймэл дагуулыг гаргаснаас хойш иймэрхүү зургуудыг бүр ч олон янзаар авах болсон ба хүн сансарт гарсны дараа энэ байдал ямар хэмжээнд гарсан нь ойлгомжтой.

Жишээ нь 1966 онд Жеммини хөлгөөс авсан энэ зураг нь 1368 км-ийн өндрөөс авсан байна.

Гурван жилийн дараа алдарт Апполо 11 хөлгөөс авсан, сансар судлалын хамгийн алдартай, хамгийн их шуугиан тарьсан зургийг буюу саран дээрээс эх дэлхийг гэрэл зургийн хальсанд буулгасан дүрс дэлхий даяар цацагдаж байв.

Одоо бид эх дэлхийг маань сансрын уудмаас авсан олон зургууд мэдэхээс хамгийн сайхан, хамгийн сонирхолтой зураг нь чухам доорхи зураг болов уу. Энэ бол Америкийн Кассини хиймэл дагуул дэлхийгээс 1,5 тэрбум км-ийн зайтай байхдаа  Санчир гаригийн бүслүүрийн зургийг авахад цаад талд нь эх дэлхий маань орсон байгаа тэр үе юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]