Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сербийн нүүрсний уурхайгаас Ромын хөлөг онгоцуудыг олжээУншсан21,033

Том зээтүүгээр газар ухах нь газар доорхи харагдахгүй байгаа, нуугдсан археологийн үнэт олдворуудыг илрүүлэх хэдий ч тэрхүү үнэт олдворуудыг гэмтээх нь элбэг.

Бэлтгэсэн Б.Нямдолгор

Том зээтүүгээр газар ухах нь газар доорхи харагдахгүй байгаа, нуугдсан археологийн үнэт олдворуудыг илрүүлэх хэдий ч тэрхүү үнэт олдворуудыг гэмтээх нь элбэг. Зарим тохиолдолд хэдэн зуун жилийн турш дарагдаж хадгалагдсан олдворыг ч ингэж илрүүлэх нь бий. Бас барилгын ажилчид, зам харилцааны томоохон байгууламжуудыг барьж байгуулж байгаа хүмүүс ч санамсаргүй байдлаар олдвор олсноос болж ажлаа зогсоон археологичдыг дуудах явдал хаана ч түгээмэл тохиолддог асуудал. Яг ийм зүйл өнгөрсөн онд Серби улсад тохиолджээ. Уурхайчид ажлаа хийж байхдаа нүүрс биш харин мэргэжилтнүүдийн урьдчилан тодорхойлсноор 1300 гаруй жилийн настай гурван усан онгоцны үлдэгдлийг олж илрүүлсэн байна.

Уурхайгаас олдсон усан онгоцнуудын хамгийн том нь эвдэрч хэмхэрсэн болохоор уурхайн ажлыг түр зогсоон археологичдыг талбайд нэн даруй дуудан ирүүлжээ. Костолац хотын Археологийн Хүрээлэнгийн баг усан онгоцнуудын хэсгүүдийг цуглуулж хүрээлэн дэх төв бааздаа авчрав. Эртний Ромын Виминациум хотын ойролцоох уг уурхайг өмнө нь цэргийнхэн Дунай мөрний усан онгоцуудыг хадгалах газар болгон ашигладаг байжээ. Европын хоёр дахь том мөрөн гэгддэг Дунай мөрний гол зам байсан хэсгийн дээхэн талд тус уурхай байрладаг гэсэн тайлбарыг мэргэжилтнүүд өгчээ.

Илрүүлсэн гурван усан онгоцны хамгийн томд нь уул уурхайн төхөөрөмж гэмтэл учруулсанд багийнхан болон археологичид тун ихээр харамсч байна. Уурхайн ажилчид юуг малтаж байгаагаа гадарлахгүй ухсаар байгаад хэтэрхий оройтжээ. Гаргаж ирээд харахад нэг онгоцных нь 35 хувь эвдэрч сүйдсэн байж.

Виминациум шинжлэх ухааны төслийн багийн ахлагч, хүрээлэнгийн захирал Миомир Корак мэдээллийн Arstechnica.com сайтад “Бид олдворуудаа бүрэн бүтэн болгож сэргээхэд хугацаа хэрэгтэй” хэмээн ярилцлага өгсөн байна. Хамгийн том хөлөг онгоц уртаашаа ойролцоогоор 12.7 метр, ёроол нь хавтгай байгаагаас харахад хамгийн багадаа 6 хос сэлүүр тавихаар зайтай байгаа бөгөөд 30-аас дээш тооны далайчид ажилладаг байжээ.

Эдгээр мэдээллийг ромчуудын хөлөг онгоц хийх аргатай нэгтгэж үзээд эрдэмтэн Корак тус хөлөг онгоцыг хамгийн багадаа 1300 жилийн өмнө хийсэн гэсэн дүгнэлтийг гаргажээ. Энэ нь Нийтийн тооллын 700-гаад оны үе буюу Баруун Ромын эзэнт гүрэн хэдийнэ мөхсөн, Визант буюу Зүүн Ромын эзэнт гүрэн оршин тогтнож байсан үе аж. Одоогийн Серби улсын газар нутаг нь Византийн харьяалалд байсан билээ. Хөлгөөс авсан дээжийг лабораторид шинжилж байгаа ч коронавирусын улмаас археологийн судалгаа шинжилгээний бүх төхөөрөмжүүдээ түр хугацаагаар ашиглах боломжгүй болоод байгаа аж. Хөлгийн модон эд ангиудыг бүх талаас нь судлахыг зорьж байгаа бөгөөд үлдсэн онгоцуудыг малтаж гаргах ажиллагаа коронавирусээс болоод бусад бүх археологийн төслүүдийн нэгэн адилаар зогсонги байдалд оржээ.

Корак өөрийнхөө түүж цуглуулсан онгоцны эд ангиудад үндэслэн тодорхой хэмжээний дүгнэлтийг хийгээд байгаа ажээ. Хэмжээ, бүтэц зэргээс нь болоод жижиг хэмжээтэй онгоцуудыг ямар нэгэн байлдаан тулалдаанд ашиглаж байгаагүй харин Дунай мөрнөөр иргэдийг гатлуулахад ашиглаж байсан гэж үзэж байгаа юм байна. Сайн чанарын тусгай модоор хийсэн, дээрээ сийлбэртэй эдгээр онгоцон дээр  голын дагуу хөвж яваад дайсантай тулгарч байлдаанд орсныг илтгэх ор мөр нэгээхэн ч үгүй байгаа ажээ.

Одоогийн байдлаар Корак онгоцнуудыг нүүлгэн шилжүүлсэн юмуу хэрэглэхгүй хаясан байх магадлалтай хэмээн үзэж, боломжит шалтгаануудыг таамаглах төдий байгаа ч нөхцөл байдал хэвэндээ орсны  дараа лабораторидоо судалгааны ажлаа үргэлжлүүлэх хүртэл  илүү их зүйлийг мэдэж авах боломжгүй байна гэж ярьсан юм. Гэхдээ Корак завинууд дүүрэн ачаатай явж байгаад живсэн гэдгийг нотлох ямар нэгэн баримт нотолгоо байхгүй учраас ийм зүйл болоогүй гэдэг нь тодорхой байна гэх тайлбарыг өгсөн. Дэлхий даяар коронавирусийн хөл хорионд ороод байгаа өнөө үед Сербийн ард иргэд хэвийн амьдралдаа эргэн орж, цар тахал намжих хүртэл археологийн багийнхан судалгааны ажлаа үргэлжлүүлэх боломжгүй байгаа юм. Сайхан цаг ирэх хүртэл Корак хамтран ажиллагчдынхаа хамтаар Ромын усан онгоцнуудын талаар шинжлэх ухаанч таамаглалуудыг дэвшүүлсээр байх ба уурхайн олборолтын үеэр онгоцонд илүү ноцтой гэмтэл учраагүйд баярлаж байгаагаа илэрхийлж байсан юм.  

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]