Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Э.Баасантогтох: 33-ны мөчлөгийн хамгийн сайн засал бол эхийгээ баярлуулахУншсан1,146

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн лам Э.Баасантогтохтой ирж буй “сайжруулагч” хэмээх усан бар жилийн өнгө, заслын талаар ярилцлаа.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн лам Э.Баасантогтохтой ирж буй “сайжруулагч” хэмээх усан бар жилийн өнгө, заслын талаар ярилцлаа.

-Ирж буй “сайжруулагч” хэмээх усан бар жилийн өнгө ямар байна вэ?

- XVII жарны усан бар жилийг “сайжруулагч”, “буян үйлдэгч” хэмээн нэршинэ. Ирж буй жилийн өнгө ерөнхийдөө сайн байна. Улс даяар сайхан жил гарах нь гэсэн төлөвтэй байгаа. Үүнийг зурхайчид шороон үхрийн зурлагаар шинждэг. Үүнээс үзэхэд үхэр нь ногоон биетэй, улаан омруутай, сүүл, эвэр, чих нь шар өнгөтэй, дөрвөн шийр нь хөх өнгөтэй байна.

Үхэр хариулаач нь үхрийнхээ баруун талд шар дээлтэй, ногоон бүстэй, хөх царайтай идэр залуу хүнээр дүрслэгдсэн байгаа нь дөрвөн улирлынхаа эхэнд тэгш сайхан хур бороотой, өвс ногоо элбэг, мал, амьтанд сайхан жил гарахыг илтгэнэ. Үхэр хариулаач идэр залуу хүнээр дүрслэгдсэн нь энэ жил идэр залууст ээлтэй, нялхаст дунд зэрэг, өтгөс, буурлуудад бага зэрэг ширүүвтэр жил байна. Үүний цаад утга нь идэр залуу буюу дунд албан тушаалтанд ээлтэй, нялхас буюу дундаас доод албан тушаалтанд дунд зэрэг, өтгөс буюу дээд албан тушаалтан ажил төрөл, биеэ хичээгүүштэй байна л гэсэн үг.

-Суудал өнцөгдсөний, мэнгэний заслын тухайд?

-Жил орж буй, мэнгэ нь голлосон, суудал өнцөгдсөн, 33-ны мөчлөг орж буй хүмүүс тусгайлан засал хийлгэх хэрэгтэй. Шороо, огторгуй, уул суудалд суусан хүмүүс суудал өнцөгдсөний засал хийлгэнэ. Gandan.mn сайтаар орж, өөрийн төрсөн жилээ хийснээр тусгайлсан засал, номын мэдээлэл гарч ирнэ. Энэ дагуу засал, номоо хийлгэх боломжтой.

Мэнгэний заслын тухайд гэвэл энэ жил таван шар мэнгэтэй жил гарч байгаа. Тиймээс таван шар мэнгэнд төрсөн хүмүүс мэнгэний засал хийлгэнэ. Мэнгэ голлосон үед сэтгэл санааны байдал тогтворгүй болох, бие хаа өвдөх, ажил үйл цаанаасаа бүтэл муутай байх гээд байдаг. Үүнийг анзаарахгүй, үл тоомсорлоод яваад байвал бие өвдөх, алив барцдад өртөх, орлого тогтохгүй байх зэрэг гэм гарах талтай. Гэхдээ тухайн хүн буян үйлдэж, сайн сайхан зүйлд тэмүүлж явахад сайн сайхан зүйлд хөтлөгдөнө. Үйлийн үр гэж бий. Сайн үйл хийвэл сайн, муу үйл хийвэл муу үйлийн үрээ эдлэх нь дамжиггүй.

-Суудал салгах ёс гэж бий. Энэ тухайд?

-Хүмүүс охинтойгоо, хүүтэйгээ нэг суудалд суусан байна, суудлаа салгуулая гэдэг. Энэ тохиолдолд салгуулах шаардлагагүй. Хамгийн гол нь айл гэрийн эхнэр, нөхөр хоёр суудал нэгдсэн үед үүнийг салгуулна. Суудал салгах номыг эхнэр, нөхөр хоёр хоёул биечлэн очиж, ламаар засал, ном хийлгэдэг.

- Сүлд тэнэж одох, хийморь лундаа доройтох үед ямар засал хийлгэх вэ, энэ үед ямар шинж тэмдэг илэрдэг бол?

-Эрэгтэй, эмэгтэй аль алинд нь хийморь, сүлд гэж бий.  Зарим хүмүүс сүнсээ дуудуулая гэдэг өрөөсгөл ойлголттой байдаг. Хүний сүнс биеэс гарахгүй. Харин тухайн хүн бэлэвсний газар, үхээрийн газар, муу энергитэй газар очих, бузартай идээ хүртэх, айж цочих үед сүлд тэнэж оддог.  Хуанлины ард X болон O гэсэн тэмдэглэгээ бий. Сүлдний чулуу сайн байсан ч гэсэн тухайн жилдээ айж цочсон, буруу газраар явсан тохиолдолд сүлд зайлсан гэж хэлж болно. Сүлд гэдэг нь тухайн хүний явдал үйл дээр л тогтдог. Сүлдийг улиралдаа нэг удаа дуудуулж байвал зүгээр. Өөрийн дуртай идээ ундааг аяганд хийж, бүсээр нь сүлд дууддаг. Бүсэнд хүний сүлд оршдог гэж үздэг. Сүлд, хийморьтой хүн гадны муу нөлөөнд автдаггүй.

Сүлд зайлсан үед нүдний гал цог унтрах, бодлогшронгуй, гутранги болох, сэтгэл санаа хямрах, зүүд нойр эвгүйдэх, хар дарах, талийгаачийг зүүдлэх зэрэг шинжүүд илэрнэ. Хэрэв удсан тохиолдолд тэгшхэн, бартаагүй замаар явж байсан ч хий гишгиж байгаа мэдрэмж төрдөг. Эдгээр нь сүлд зайлсны л дохио юм.

-Шинэ жил, цагаан сарын завсарт төрсөн “хавчраа” настай хүмүүс жилээрээ бодож засал, номоо хийлгэх үү, оноороо тооцох уу?

-Арванхоёрдугаар сарын 31-ээс хойш төрсөн хүмүүс орос тооллоороо явах уу, монгол тооллоороо явах уу гэж асуудаг. Монгол тооллоороо явна. Шинийн нэгнээс өмнө төрсөн бол урд жилдээ, хойно төрсөн бол тухайн жилдээ орж явна. Цаг тооны бичигт цагаан сарын лавлагаа гэж тусгай хэсэг буй. Тэндээс өөрийн төрсөн хугацаагаар аль жилдээ орохыг харах боломжтой.

-Харш жилийн засал гэж бий. Хүмүүс ивээл жил гарахаар үйлс хэрэг бүтэмжтэй сайхан жил болох нь гэж ойлгодог шүү дээ?

-Ерөнхийдөө ивээл гэдэг утгаараа сайн уу гэвэл сайн. Гэхдээ ивээл жил гарахад тухайн жилийнхээ сүр хүчинд дарагддаг гэж үздэг тул хийморь лундаа уруудах гээд байдаг. Ивээл жилийн засал гэж тусдаа бий. Хийморийн сан тавиулах, сүлдээ дуудуулах зэрэг заслыг хийх хэрэгтэй.

Харш жилийн тухайд гэвэл бага харш, их харш гэж бий. Бар жилээсээ хойш 7 удаа тоолоход их харш жил тохиодог. Энэ жилийн тухайд гэвэл бич жилтэй хүмүүсийн харш жил тохиож байна гэсэн үг. Гарч буй жилээс дээш, доош дөрвөн удаа тоолоход бага харш жил гарна. Тэгэхээр могой, гахай жилд төрсөн хүмүүсийн бага харш жил орж байна гэсэн үг. Эдгээр хүмүүст харш жилийн тусгай засал, ном айлдуулна.

-Шинийн нэгэнд мөр гаргах ёсон гэж бий. Зарим хүмүүс өрхийн тэргүүн гаргасан л бол боллоо гээд тоодоггүй шүү дээ. Энэ тухайд?

-Ганцхан өрхийн тэргүүн гэлтгүй хүүхдээс бусад насанд хүрсэн хүн бүр мөр гаргах ёсыг үйлдэх нь зөв. Мөр гаргах нь ирж буй жилийн заслын нэг чухал хэсэг.  

- 33-ны гүймэг жил буюу мөчлөг тохиохыг онцгойлон авч үздэг. Энэ үед ямар засал ном хийлгэх хэрэгтэй вэ?

- 1990 онд төрсөн морь жилтэй хүмүүсийн хувьд 33-ны мөчлөг тохиож байгаа. 33-ны мөчлөг тохионо гэдэг нь гурван мөчлөг давхцахын нэр. Эрэгтэй хүн гал, эмэгтэй хүн усан махбодтой төрдөг. 33-ны мөчлөг дээр эрэгтэй нь гал, эмэгтэй нь ус буюу төрсөн махбоддоо сууж таардаг. Засал номын тухайд хүмүүс янз бүрийн л дом, засал ярьдаг. Хонины асуухын уулзварын махыг хувааж идэх, өлгийдүүлэх гэх мэт газар газрын ёсон, ам дамжсан яриа бий.

Хамгийн сайн засал бол эхийгээ баярлуулах. Хуучинд бол гутал, малгай, дээлээр иж бүрэн хувцасладаг байсан уламжлалтай байна. Одоо бол ээж нь юунд дуртай, түүнийг нь бэлдэж баярлуулж болно. Ингэснээр тухайн засал хийгдсэн гэсэн үг. Нийт хүмүүст хандаж хэлэхэд буян сайн үйлдэх хэрэгтэй.

-Сүсэгтэн олон сар шинийн 15-нд багтаж засал номоо хийлгэхийг эрмэлздэг. Чухам засал хийхэд сайн, муу өдөр гэж байх уу?

-Учир нь шинийн 15-нд бурхан багш рид хувилгаан үзүүлсэн өдөр юм. Монголчууд бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэдэг шүү дээ. Шинийн 15 рид хувилгааныг хүртсэн дүйчин өдөр буян үйлдэх аваас машид ихээр арвидаж байдаг гэдэг утгаар энэ хугацаанд багтаж засал номоо хийлгэхийг эрмэлздэг. Заавал шинийн 15-наас өмнө  засал номоо айлдуулах хэрэгтэй гэдэг зүйл байхгүй. Харин мэнгэ нь голлосон,  жил орж буй гэх мэт тусгайлан засалтай хүмүүс 15-нд багтаж заслаа хийлгэвэл зүгээр. Заавал ганданд ирж, ном бичүүлэх шаардлагагүй. Цахимаар засал, номын захиалгаа бичүүлээд хийлгэх боломжтой.

-Жилийн болон онцгой заслыг хэр удаагийн давтамжтай хийлгэх вэ?

-Тодорхой давтамжтай хийлгэвэл зүгээр. Шинийн 15-нд багтаад нэг, жилийн дундуур, жилийн төгсгөлд хийлгэвэл сайн. Засал гэдэг нь тухайн хүний зам мөрийг засаж байна гэсэн утгатай. Хүн од гарагсийн нөлөөнд төрдөг. Од гарагс тухайн хүнд тодорхой давтамжтайгаар нөлөөлж байдаг. Заримд нь сайнаар, заримд нь саараар нөлөөлнө.

Засал, ном гэдэг бол саар нөлөөллөөс хамгаалах л учиртай юм. Тиймээс үл тоомсорлохоос илүүтэйгээр ядаж жилдээ нэг удаа засал, номоо айлдуулвал сайн.

-Шинийн 1-ний өглөө эрчүүд хийморийн овоон дээр гарч ургах нарыг харах зан үйл хэзээнээс уламжлалтай вэ?

-Шинийн нэгэнд мандах нарыг уул овоон дээрээс харах нь эртний уламжлалтай. Овоон дээр гарч, өргөх зүйлээ өргөж, байгалийн энергиэр хийморь лундаагаа сэргээж болно. Гэхдээ буухдаа тарьсан хогоо цэвэрлэх хэрэгтэй. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх, овоонд өргөж болдоггүй. Ихэнх уул, овооны савдаг архи, согтууруулах ундааны зүйлийг таалдаггүй.

 

Ярилцсан О.Цэцэгсүрэн

History.mn, Zaag Media Content-ийн редакцид бэлтгэв.
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]