Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Тамын чимээУншсан6,407

Гүртэнгийн шадар зоч, сойвон хоёртой хамт Хялуу Сүх шид тарнийн хатуу номыг шөнө турш сэгт сэвтэлгүй дуржигнуулан уншиж, хонх дамар нижигнүүлэн, хэнгэрэг цан хангинуулан нүдэж суусаар өглөөтэй золгоход сая нэг сэгсчих нь аярч, утаа май нь ч татраад, нүднийх нь улаан судаснууд суларч, ирвэсийнх шиг гозойгоод босчихсон хүүхэн хараа нь хүнийхтэй төстэй болоод иржээ.

Зохиолч, нийтлэлч Б.Номинчимэдийн "Цагаан бороо" хэмээх роман уншигчдын гар дээр очоод удаагүй авч хэдийнэ ховрын бараанд тооцогдох болж, номын хорхойтнууд чамгүй эрэл хайгуул болж байгаа юм. Өнөөдрийн байдлаар "Цагаан бороо" нь Азхур номын дэлгүүрт борлуулагдаж байгаа бөгөөд 86099011 дугаарт холбогдон хүргэлтээр авч болох аж. Романы хэсгээс...

Цоохор Ананд, Гоорин Даш хоёр Лоосуутайн пүүсийг түйвээж байхдаа, өнөөх монгол хүний тостой цусанд дуртай гэгдэх сампинг нь зад цохиод, тал бүр тийш хулгана шиг зугтаан бөмбөрөх эрхинүүдийнх нь араас хөөцөлдөж байж, нэг зуун арван нэгийг нь барьж авч, элгэн уутанд хийж чадсан юм. Наймыг нь хайгаад олсонгүй. Эрхинүүдтэй уутаа Чойрын дацангийн Чойндон гэлэнд, шид рүлбийг нь номхотгоод түр ч болов дарж бай хэмээн хадгалуулсан байжээ.

Тэр сампингийн эрхинүүд үүр шөнөөр гэнэтхэн амилж, дайтан тулж буй аятай шижигнэтэл хөдлөхөд элгэн уут нь юу юугүй энэ тэнүүгээрээ бөлтрөх шахах тул Чойндон гэлэн гурван давхар уутанд хийжээ. Хамгийн гадуурх нь хар загалын хүзүүний арьсыг тулмалж аваад элдэж, оёорыг нь ооныг шилэн үдээсээр үдэж хийсэн уут байв. Гэлэн түүнийг баруун суганаасаа салгахгүй байлгаж, хоёр төө гүрмэл сураар үе нь чадхийтэл ороолгон тарнидахад жаахан намдана.

Гоорин Даш, Халзан Дамба, Хялуу Сүх гурав гэлэнгээс өнөөх ууттайг юу болж буйг мэдэхээр очиход Чойндон гэлэн “Энэ ёрын чөтгөрийг бүрмөсөн дарах ид чадал минь яагаад ч хүрэлцэхгүй тул чадах хүнийг ол. Сүрэнжав дүвчинтэн байсансан бол... Одоо Нанзад гүртэн л нэг магадгүй” гэжээ. Тэгээд гурвуул Хамбын хүрээг зорилоо. Ямар ч номхон морь тэр элгэн ууттайг өмхий хүрэн үгтээх гэж байгаа аятай үргэж хуйлраад тохуулдаггүй ядчихсан тул замын турш Хялуу Сүх баруун гартаа барьж алхав. Адынх нь хүчинд автчихна гээд биедээ ч хүргэсэнгүй, хийморь цогийг нь дарчихна гээд хэдий гар нь чилэх ч мөрөндөө тохсонгүй. Эхлээд Авжийтанд хүрч үзүүлбэл, “За даа, наадах шиг амилчихсан хараалыг шингээх чадалтай хүн одоо ганц Нанзад гүртэн л байна. Түүнд оч” гэжээ.

Нанзад Гүртэн үзэж үзэж, “Жа би л нэг аргалах юм байна даа” гээд гурван хоног бясалган буув. Нөгөө гурав мөн Гүртэнгийн дэргэд гурав хоног шадарлав. Энэ гурван хоногт Гүртэн хэлэн дээрээ юу ч тавьсангүй, дусал усаар ч хэлээ норгосонгүй, гурав дахь хоногийнхоо үүрээр нүд нь цэхэлзэж таталдаад, юу юугүй тамир нь тасраад унах нь үү дээ гэмээр байснаа гэнэтхэн хөөж түнтийгээд иржээ. Хэнхдэгээр нь татаж, хөдлөх бүрд нь санжганаж байсан аль дивангалавын үлэмж биет баатрын өмсөж асан дуулганы эрүүвч эрүүнд нь шигдэж, мөрийг нь цохилж байсан дуулганы хоёр ирмэг гүртэнгийн чихний дээхнүүр татаад, тусгайлан барьсан дөрвөн ханатын хоймрыг дүүргэсэн нэг овойж оцойсон юм болоод иржээ. Амьсгалах бүрд амнаас нь утаа уур саагина.

Манцайж хөөсөндөө хэдэн хуруу нь тал тал тийшээ арвайчихсан алгаа тэнийлгэн Хялуу Сүхрүү сунгав. Хялуу Сүх тэр болтол олбог доороо дараад сууж байсан элгэн уутаа сугалан гаргаж, хоёр тавхайнхаа завсарт хавчиж байгаад амыг нь боосон давхар давхар уяаг тайлж, ялимгүй ярахад тэр тохойн чинээ жаахан уутан амсрын цаана ёроолгүй, хязгааргүй их ертөнций буй аятай хүнгэнэж, дүнгэнэсэн, нижигнэж хүржигнэсэн, янгинаж, цунгинасан, ер нь тэр гэх тэмдэггүй элдэв хачин дуу чимээ холилдон шуугьж байлаа. Ямар ч хутагт хувилгааныг муу нүдээрээ ч хялайж хардаггүй, алтан мөнгөн бурхан тахилууд гэрэл гэгээ цацруулан хэчнээн ирийж, ижийж байвч хүний урманд хүзүү агшааж үзээгүй, хэнэггүй нь дэндүү Гоорин Даш хүртэл тэссэнгүй “За энэ ч тэр эрлэг тамын чимээ яг мөн байна даа, ээ базарвааны хумпад пад суухаа” гэчихсэн, нүд нь гурвалжилчихсэн сууж байжээ.

Гэнэтхэн нэг сампингийн эрхи годхийн үсрэн гарч ирэхэд Хялуу Сүх сүпхийтэл шүүрэн бариад Гүртэнгийн банцгар алган дээр тавьсанд, галаар тургихаас наахнуур утаа манан уугиулж байгаа хүнхийж харласан амруугаа чулуудчихав. Тэгтэл өнөөх нь улаан хоолойн унгин дээр нь очоод тэвхдэж цахадчихав бололтой, судаснууд нь хагарахаа шахтлаа чинэрч улайсан нүдээ эргэлдүүлэн, үхрийн гүзээний булан шиг болтлоо нугаларч зузаарсан эрүүгээ үл ялиг өргөсхийгээд гүрээ, төвөнхөө хэдэнтээ гүрэлзүүлэн байж арай гэж залгичхаад, доороосоо жадаар хатгуулж буй аятай ондолзож, дотроос нь галаар төөнөж буй аятай мөр хэнхдэг нь оволзон уухичив. Тийн уухичихад хамар амаар нь өтгөн утаа бургилна. Тийнхүү элгэн уутны амаар нэг нэгээр годхийн гарч ирэх сампингийн эрхийг нэг нэгээр нь залгилсаар орой нар шингэх үеэр сая нэг юм дуусгажээ.

Гүртэнгийн час улайсан нүд аяганаасаа бүлтрэхээ шахан томроод, ам хамраас нь завсар зайгүй утаа май саагьж, цээж нь орсон буурынх мэт хүржигнэн хүнгэнэж, тэр үлэмж аварга биеийг нь ямар нэгэн далдын хүчин завсар зайгүй сэгсчиж, заримдаа бүр мухар сөөм хэртэй газраас хөндийлөн дээш шидлэх нь газар доргиулаад нэн сүртэй, чимээнээр хоёр аргамжийн зайнд бөхөлсөн морьд гуурсаа татан цанхаалж, уяа амгалжаа авч явчихаа алдан үргэж хуйлраад сүйд болж байлаа. Гэдэс нь хөөгөөд дүүрэн айрагтай хөхүүр шиг болж, Гүртэн хойш уначих гээд байсан тул гаднаас тэмээний хэдэн хом ширдэг оруулж ирэн Гүртэнгийн ард давхарлаж ивээд, бас Халзан Дамба түшиж суулаа.

Гүртэнгийн шадар зоч, сойвон хоёртой хамт Хялуу Сүх шид тарнийн хатуу номыг шөнө турш сэгт сэвтэлгүй дуржигнуулан уншиж, хонх дамар нижигнүүлэн, хэнгэрэг цан хангинуулан нүдэж суусаар өглөөтэй золгоход сая нэг сэгсчих нь аярч, утаа май нь ч татраад, нүднийх нь улаан судаснууд суларч, ирвэсийнх шиг гозойгоод босчихсон хүүхэн хараа нь хүнийхтэй төстэй болоод иржээ.

Тэгээд Нанзад гүртэнгийн долоон сүвээр нь хар өнгөртэй идээ бээр гурав хоног тасралтгүй цуварч, Хялуу Сүх нар дэргэдээс нь хором ч холдолгүй сахин асарч, цурав хийлгүй гүрэмдсээр долоо хоносны дараа Гүртэн сая төрсөн эхнэр шиг ядарч нялхарсан биетэй амьтан өндийн, шинэ хонины шөл ууж хөлсөө шудраад “Бидний үйл үртсийн хир тоос ямар ч айхтар зузаарч хураа вэ дээ, барагтайд ховхрох аргагүй хатуурч дагтаршчихсан байжив дээ. Бурхад, тэнгэрсүүд хилэгнэн угтай үндэстэй нь хуу татахаар галзуу хар, улаан шуургаа зэрэг зэрэг босгож сүйдлэхээ шахаж байгаа нь энэ мэт юм байна. Бид тэр шуурганд нүд аниастай уруудаад харанхуйн хар хонгил руу чиглэчихсэн явжээ. Тэгээд л энэ мэт нэг муу хар тангадын хараал, шар хятадын шид жатга мэтэд дарлуулж, тэд нь хүчээ авч, дарж дийлэхэд хэцүү болчхоод байгаа аж. Гэтэл эрт цагийн үлдээсэн буян заяаны үлдэл хэдэн цагаан довны орой шуурганд ил гарахад, сая тэр шуурганы хүч саарав. Лавтай шүү. Ээ, дээд тэнгэр агнисийн арван түмэн шидийн орноо юу юу ч болж байнав. Тогтоож хэлэх нь бүү хэл харахын ч аргагүй юм. Одоо гагцхүү үйлт энэ хорвоод тоос хөдөлгөн буй бидний л хичээх үлдэв. Эс хичээвээс бид мэтийн тавиланг хөнтрөх нь эрхт дээд тэнгэрст инчдэх төдий хэрэг билээ. Юутай ч шар хятадын шидийг хугаслав. Хар тангадын хараалыг л харин хэлтэлж чадсангүй” гэж суужээ. Гүртэнгийн долоон сүвнээс нь гурав хоног тасралтгүй цувирсан тэр их идээ бээрийг цул хар эсгийнд цуглаж аваад ганд хийсэнд исэж шуугиад, сагах гэж сандарган бас нэг долоо хоноод номхорчээ. Түүнийг Чойр дацангийн дөрвөн чихтэй хүрэл тогоонд хийж ширгэтэл буцалгасанд нударгын чинээ хар хяруус үлдсэнийг гангийн торхтой хамт галд шатаагаад, үнсийг нь дацангийн босгонд булж, хүрэл тогоог хага цохин, Тожоон дархан тэргүүтэй хэдэн дархчуулд хуваан өгч хайлуулаад хонх цутгуулжээ.

Энэ мэтээр бөөн юм болж байж тэрхүү өнө удаанаар шиджүүлж, гааруулсан хараал ширээлийг хагас хугас ч болов дарж, сулруулж авсан байна. Харин өнөөх сувсан даруулгыг хэчнээн эрж хайгаад ч олоогүй юм. Хошуу туслагч Далиу Дэмбэрэлийн залуу эхнэр сураггүй алга болчхоод хошуу хотлоор асууж сураглаж, эрж хайж сар болоод, ер нэг бол үхсэн, эсвэл хаа нэгтээ дүрвэж зайлж одсон гэлцэж байтал Нанзад Гүртэнг тэр шидийн сампинг идэхээс хэдхэн хоногийн өмнө Хангирцаг жалгын адаг руу боож үхсэн эмэгтэйн нохой шувуу зулгаагаад сэг болсон цогцос олдож, тэр л байж магадгүй, ер нь тэр л мөн дөө, тэгэх гээд байсан юм аа, тэр Далиу Дэмбэрэлийн хомхой хорхой нүдтэй давилуун хар хүүхэн, уг нь урд өмнө зүгээр л байх шиг байсан юм, сүүлдээ ч бүүр нэг толгой дээр сарьчих гээд болохоо байчихсан, нүд нь юу юугүй юутай хүүтэй нь ховх сорчих гээд байх шиг дотор арзасхиймээр нэг хачин болчихсон байсан юм аа гэсэн яриа олны дунд шивэр авир дэгдсэн юм.

Халзан Дамба тэрхүү хүний сэг олдсон газарт очиж, могойн цус асгарсан юм шиг газрын хөрс харлаг татсан байхыг үзээд, тэр лавтай мөн болов хэмээн бодсон ба жараад он гартал тэрхүү жалгын адагт байх хэсэгхэн газарт өвс ногоо ургадаггүй машины моторын тос гоожуулчихсан мэт харлаг татсан хэвээр байсан ажгуу. Тэр жалгыг хэсэгтээ л Бузар жалга хэмээн нэрийдэж, гэгээн цагаан өдрөөр хүртэл толгойтой үс самардаад байх нь хэцүү тул хүн хар орой үдшээр ойртож хавьтахыг байгаад шашин номгүй, сүжиг бишрэлгүй мухар толгойтны улаан төр хүчээ авч, мандан байх цагийн эрхээр аяндаа мартагдан бүдгэрчээ.

ЦАГААН БОРОО романаас...

Лоосуутайн сампингийн эрхийг Нанзад Гүртэн үзэж үзэж, “Жа би л нэг аргалах юм байна даа” гээд гурван хоног бясалган буув. Нөгөө гурав мөн Гүртэнгийн дэргэд гурав хоног шадарлав. Энэ гурван хоногт Гүртэн хэлэн дээрээ юу ч тавьсангүй, дусал усаар ч хэлээ норгосонгүй буюу.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]