Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хорь түмэд, Дөрвөд, Мянгад, Ар гөрөөчний домгуудУншсан210

Нэрт судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич Хорлоогийн Сампилдэндэв агсны Монголын ард түмэнд үлдээсэн өв их эрдэнээс уншигчдадаа хүргэж байна.

Нэрт судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич Хорлоогийн Сампилдэндэв агсны Монголын ард түмэнд үлдээсэн өв их эрдэнээс уншигчдадаа хүргэж байна. Монголын хэл шинжлэл, утга зохиол, аман зохиол судлалын салбарт олон нэртэй эрдэмтэн мэргэд, зүтгэлтнүүдийг төрүүлсэн тэрбээр  аман зохиол судлалаар “Хурим найрын дэг ёс”, “Уул усны зуун домог”, “Цасан ширхэг”, “Орчин үе, яруу найраг”, “Монгол домог”, “Малчин ардын зан үйлийн уламжлал”, “Монгол ардын аман зохиол”, “Монгол яруу найргийн товчоон”, “Монгол аман зохиолын товчоон” тэргүүтэн судалгааны үнэт бүтээлүүдийг туурвиж олны хүртээл болгосон юм. Түүний "Монгол домог" номондоо тэмдэглэн үлдээсэн нэгэн домгуудаас уншигч олон, залуус та бүхэндээ хүргэж байна.

 

ЭРГЭНЭ ХУНГИЙН ДОМОГ

Барагцаалбал, хоёр мянган жилийн тэртээ эрт цагт Монгол хэмээн нэрийдэж агсан тэр аймаг бусад түрэг аймагтай зөрчил тэмцээн болж, тэр нь дайн тулалдаанаар төгсжээ. Бусад аймаг нь Монголчуудыг ялан дарж, хядахад нь хошоод эр эмээс илүүгүй хүн амьд үлдсэн хэмээн хүндэт итгэмжтэй хүмүүсийн ярьдаг өгүүлэл буй. Тэр хоёр өрх айл дайснаас айн, тийшээ нэвтрэн очиход бэрх бартаатай ганц нарийн зөргөөс өөр хаанаасаа ч орох замгүй уул хад, их ой хүрээлсэн хэцүү газарт очжээ. Тэр уул хадны дундуур элбэг өвстэй эрүүл тал газар байжээ. Тэр газрын нэр нь Эргүнэ˗Кун, Кун нь хэвгий уулс, эргүнэ нь эгц гэсэн утгатай, өөрөөр хэлбэл эгц нуруу болой. Тэр хоёр хүний нэр нь Нукуз, Киян байжээ. Тэр хоёр, тэдний удам олон он жилд тэр газраа сууж, өнөржин үржжээ... Угсаатны гарвал нь Эргүнэ˗Кунд очсон тэр хоёр хүнээс эхэн авсан нь мэдээж билээ... төрж олширсоор тэдний овог олон болжээ... Чингээд тэнгэр тэтгэсэн учир дөрвөн зуугаад жил болоход тэд нар олон салбар болоод, тоогоороо бусад (угсаатнаасаа) давамгайлжээ... Тэр угсаатан (Монголчууд) нь тэр уулс, ойн дунд үржин өнөржөөд, газрын зай нь давчдан хүрэлцэхгүй болохоор тэр сүрхий хавцал, уулсын давчуу сүвнээс ямар сайн арга, хялбар замаар гарахыг бие биеэсээ зөвшин асуулджээ. Чингээд тэд төмөр байнга хайлуулдаг байсан төмрийн хүдрийн орд нэгэн газрыг олцгоожээ. Тэд бүгдээр цуглаж, ойд их түлээ зэхэж, бүхэл бүтэн тулмаар нүүрс бэлтгэж далан морь, шар нядалж, ширийг нь бүхэл өвчин, төмөрчний хөөрөг хийгээд, түлээ нүүрсийг тэр хэвгий уулын хормойд зэрэглэж, далан хөөргөөр уулын бэлийг хайлан урстал нэгэн зэрэг хөөрөгдөж байхаар зэхжээ. Тэгээд хэмжээлшгүй их төмөр авч, уулын сүвийг онгойлгожээ. Тэд нар хавцлаас цөм цуг нүүдэллэж уудам тал газар гарцгаажээ. Киянаас удамт гол салбар аймаг хөөрөгдсөн гэлцдэг юм. Мөн Нукув нэрээр алдаршсан аймаг, тэдний салбаруудад хамаарагдах урянкад хөөрөгдөлцжээ. Бусад хэдэн аймаг хөөрөгдөлцсөн болох хэмээн мэрийдэг боловч, дээр өгүүлсэн аймгууд зөвшөөрдөггүй, харин өчнөөн салбараас бүрэлдсэн Кунгиард аймаг, мөн тэрчлэн Эргүнэ˗кунд Нукуз, Киян хоёроос удамласан аймаг нь зөвшин хэлэлцэлгүйгээр бусдаасаа түрүүлэн, нөгөө бусад аймгийнхаа голомтыг гишгэлэн (хавцлаас) гарсан гэж батлан хэлдэг байсан амой».

 

ХОРЬ ТҮМЭД ХОРИДАЙ МЭРГЭНИЙ ДОМОГ

Эрт урьд цагт, Бавуу хавилдуу Хорь түмэд, Хоридай мэргэн хоёр байсан ажээ. Ойхоны арал болоод, Баргажин голын адаг Байгаль нуурын (өвөр) хөвөөнд, Монгол үндэстэн Буриад гэдэг тэнд байсан. Уг нь Балжин хатан... Ойхоны аралд гарч амаржсан байна. Хорь түмэд гэдэг хүн гэр айл болоогүй, эхнэр хүүхэдгүй, тийм залуу байжээ. Хоридай мэргэн ч өөрцгүй тийм байжээ. Хорь түмэдийг Байгалийн эргээр явж байхад нь 9 хун шувуу зүүн хойд зүгээс нисэн ирээд Байгалийн эрэг дээр суухдаа хун хувцсаа тайлахдаа 9 хүүхэн болоод Байгаль нуурын усанд ордог байна. Тэгэхэд нь нэг хунгийн хувцсыг нь хулуулж50 аваад Хорь түмэд биеэ харуулалгүй хэвтэв. Усанд орж хэргээ бүтээгээд найман хун нь хувцсаа өмсөөд зүүн хойшоо нисээд явжээ. Ганц нь үлдэхдээ Хорь түмэдийн эхнэр болдог байна.

Тэр хоёр айл гэр болоод их жаргаж байжээ. Арван нэгэн хөвүүнтэй болохдоо эхнэр хэлжээ:

-Би нутгаа буцъя. Чи олон үртэй болж, чамд ядрах ядрал ердөө байхгүй болов биш үү? Тэгэхэд Хорь түмэд гэгч ердөө хувцсыг нь өгдөггүй байна.

Нэг өдөр эхнэр, хоймрынхоо орон дээр оёдол хийгээд сууж, Хорь түмэд хоёр бариулаа бариад хоол ундаа хийж байв. Тэгээд л «Хун хувцсыг минь гаргаж өгөөч дээ. Би өмсөж үзье л дээ. Би үүдээр гарна шүү дээ. Бариад авна биз дээ. Чи намайг дийлж ядахгүй шүү дээ. Өмсөөд үзье л дээ. Өгөөч дээ хувцсыг минь» гэж. «Үгүй нээрээ өмсөөд үзэхэд яадаг юм бэ» гэж бодоод Хорь түмэд хун хувцсыг нь гаргаад өгдөг байна. Авдар дотроосоо хун хувцсаа өмсөхдөө эхнэр нь хун шувуу болоод хойд орон дээрээ суугаад л далавчаа засаж байв. Гэнэт дүрдхийж нисэхдээ тооноороо гардаг байхгүй юу.

-Хүүе болиоч, болиоч гээд хоёр хөө болсон хар бариулаараа хоёр хөлийн нь шилбийг бариад таталцаад байдаг. Юу юугүй алдлаа! Чи явбал яв! Арван нэгэн хөвүүндээ нэр өгөөд яв гэдэг байна. Арван нэгэн хөвүүндээ нэр өгөхдөө: Хөвдүүд, Галзуут, Хуацай, Халбин, Батнай, Худай, Гушид, Цагаан, Шарайд, Бодонгууд, Харгана гэдэг байна л даа. Энэ 11 эцэг болгоод тэгээд тавьж орхив оо. Тавьж орхиход нь дээгүүр нь нисэн явж их ерөөл тавив: «Үеийн үед, биеийн биед бүү ядрагтун. Сайн сайхан явагтун. Өсөж бойжиж явагтун» гэж ерөөгөөд зүүн хойшоо явчихсан гэдээг.

Хаанаас ч ирсэн, хэн гэдэг хүүхэн байсан юм, түүнийг хүн мэддэггүй. Манай дээр үед, буриадын бөө бөөлөхдөө:

Хун шувуу гарвал минь

Хус модон цэрэг минь

Хусан хүрээт Худар минь

Усан хүрээт Ойхон минь

гэж дуудаж анхан эхэлдэг гэнэ л дээ. Хун шувуун гарвал минь гэдэг нь тэр эх нь хус модон цэрэгтэй (уяатай) байсан юм биз дээ. Худрын гол гэгч нуур эхтэй, тэр нь хусан хүрээтэй, өндөр уулын оройд байгаа. За Ойхоны арал гэдэг нь Байгалийн дунд ийм байгаа. Тэгэхдээ Хорь Түмэдийнхэн тийн бөгөөд 11 эцэг болвой.

 

ДӨРВӨДИЙН ТУХАЙ

Манай Дөрвөн Ойрадууд эрт дээр үед Алтайн цаагуур нутаглаж байсан юм гэнэ билээ. Тэр их хол газар байх аа. Маанарын хуурддаг Ээвэн голын урсгал54 байдаг тэр газар л ёстой манай нутаг болов уу гэмээр. Тэгээд тэр газраас яагаад наашаа нүүсэн юм гэвэл тэр цагт их найр болж (зарим хувилбарт дайн болж гэж ярьдаг) тэндээс эмээлээ хөглүүлсэн алаг дааганы тоосноос үргэж наашаа дүрвэж одоод дөрвөд нэрийг авсан гэдэг юм. Ингээд холын аян замд нүүдэллэж явахдаа хомтой тэмээн дээр суусан самган (эхнэр) хүн одоо энэ дөрвөн ойрадыг55 хуурдаж явсан гэнэ лээ. Энэ татлагад ачаа тэмээ, хүн малын шуугиан, чимээ цөм багтсан гэдэг. Харин дөрвөдөөс манай баядууд хуур, татлагаар илүү байдаг учир нь дээр үед хуурын хаан гээч Дөрвөдийг дайраад Хотгойдод хоноод манай Баян нутагт өнжиж гарсан учир, тийм болсон байна. Харин манай Дөрвөн Ойрадад дуугаар Дөрвөд илүү, магтаараар56 Хотгойд илүү байдаг. Үүний учрыг мэдэхгүй юм даа.

 

МЯНГАДЫН ТУХАЙ

Манайхан дээр үед, Чингүнжаваар толгойлуулж Хотгойдоос Дөрвөд Далай ханыд цэргийн алба хаахаар нүүж очжээ.

Тэр цагт манайхан Мянгад нэрийг аваагүй байсан юм байна. Гэтэл Дөрвөд Далай хан манайхныг мянган цэрэг гарга гэхэд эрчүүл нь 1000 хүрэхгүй болохоор бүсгүй хүнд хутга зүүлгэж эрийн дансанд тоолж, мянга хүрснээрээ Мянгад нэрийг олжээ. Энэ үеэс эхлэн манай Мянгадад бүсгүй хүн хутга зүүх болсон гэдэг юм57.

Харин мянгад айлын хөх үүдтэй, хар хаяавчтай байдгийн учир нь Шадар ван жанжин явахдаа «Та нар хөх үүдтэй хар хаяавчтай байгаарай. Би хэзээ нэгэн цагт эргэж ирэхдээ үүгээр чинь танина» гэж хэлсэн юм гэнэ билээ.

Одоо бол бид минийх гэх нутагтай, Мянгад гэх нэртэй болсон юм.

 

 АР ГӨРӨӨЧНИЙ ДОМГООС

Эрт урьд цагт Хар хориноос долоон гөрөөчин Түшээт хан аймгийн нутагт ирсэн гэнэ.

Гайхалтай мэргэн харваач, эр чадал ч гэж жигтэйхэн улс байсан ажээ. Тэр долоо Шовгор дарга, Хурдан дайвгар, Эрхий мэргэн, Хэнз мэргэн, Хээгц мэргэн, Чавдан, Цовдон хэмээсэн нэртэй байсан гэнэ. Шовгор дарга алив ажлыг нь удирдан, анд нөхөд нь авд явж арын модыг ай гэж үргээн араатан жигүүртнийг намнаж байжээ.

Тэд Элэнхний битүү хэмээх хадан хаалгатай, дотроо нар, сар гэрэлтэн, навч цэцэг дэлгэрч, гол горхи хоржигносон хөндий ууланд амьдарч байсан аж.

Хурдан дайвгар нэг уулын оройгоос нөгөө уулын оройд харвасан сум мэт дүүлэн явдаг байсан учир тийнхүү нэр авсан аж. Тэд Алтан үе зайсангийн бар цоохор моринд сайл тавьж умбасаар нь харван алж, шөнө төхөөрч аваачихаар сэм хэлэлцжээ. Гэтэл Алтан үе зайсангийнхан хурдан Дайвгарыг харвахад нь гайхалтай хурдан ухасхийн дээш цовхорсноос гутлын нь улыг сэт харван хоцорсон гэнэ. Тэд дөрвөн туурайнаас нь гал бадарч, хоёр чихнээс нь утаа манарсан гайхамшигтай жигүүрт хурдан хүлэгтэй байжээ.

Тэдэнтэй хамт Хонгор хүүхэн, Шар хүүхэн гэж хоёр бүсгүй амьдарч олж долсон юмыг нь эмхэтгэн цуглуулж гал голомтыг нь бадраалцаж явсан гэнэ.

Энэхүү долоон гөрөөчин хань бүлтэй болж, үржин төлжиж, Халбагат, Хар сүрэг, Шаргачууд, Хүнгүйд, Олгонууд, Салгайд, Харьяат хэмээсэн долоон омог болж, гөрөөчний удам угсаа үүссэн гэнэ.

 

Жич:

Домог гэдэг бол үндэстэн угсаатны гарал үүсэл, түүхийн онцлог үйл явдал, түүхэнд алдаршсан бодит хүмүүсийн амьдрал, газар нутгийн тогтоц бүтэц, нэрийн учир холбогдлын тухай үнэн баримт, уран сэтгэмж хослуулан хүүрнэн өгүүлсэн аман зохиолын нэг төрөл юм. Домогт уран саналгын зүйл байх боловч тэр нь үнэн баримтын учир зүйг тааварласан шинжтэй байдаг бөгөөд өнгөрсөн үеийн тухай уран сэтгэмжийн үндсэн дээр бат итгэлтэйгээр тааварлан түүнийгээ уран сайхны дүрээр илэрхийлдэг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]