Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.
1934 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тив дэлхийн 16 улсын шигшээ багууд хурд, хүчээ сорин үзэхээр Итали улсад хуран цуглажээ.
Талбайн эзэн баг нэлээдгүй будлиан хийж байж энэ шигшээ тэмцээнд оролцох эрх авсан ч оролцох төдийгүй бүр аварга болох зорилго тавьж байсан болохоор ард түмэн энэ тэмцээнийг тэсэн ядан хүлээж байжээ.
Италийн фашист нам гэж ард олондоо нэр хүндтэй байгууллага нь тухайн үедээ Европын хамгийн олон хүнийг эгнээндээ нэгтгэсэн нам байсан бөгөөд гишүүн нь болж амжсан хүн удалгүй зэрэг цол ахиж, хангалуун сайхан амьдрах боломж олж авдаг тийм цаг байж. Италийн фашист намын гишүүн олон хүн олз хайсан цөөвөр шиг хоорондоо уралцаж, улс орны эрх ашгийн төлөө гэсэн үзэл бодол нь зөвхөн уриа лоозонгоос өөр зүйл дээр харагдахгүй байсан учир “их” Дуче гуай нь намд элсэх хүсэлтэй болон намын гишүүн хүний заавал биелүүлэх ёстой хэм хэмжээ бий болгож, хязгаарлалт тавьсан нь спортын стандарт байлаа. Хэдэн метрийг тэдэн секундэд гүйх, гар дээр тэд суниах ... гээд янз бүрийн л юм байсан бололтой. Ингэснээр намын гишүүд төдийгүй улс орон эрүүлжиж, хүн болгон л супермэн болох юм шиг санаж байсан ч тохирдог нэг нь нөгөөтэйгөө тохирч, авлига өгдөг нэг нь өгч, авсаар намын гишүүн бүгд стандартыг онцсайн биелүүлсэн дүнтэй болсноор намаас олон хүн хөөж эгнээгээ цэвэрлэнэ гэсэн нь бүтсэнгүй. Гэсэн ч спорт гэдэг зүйл олны анхааралд ямар нэг хэмжээгээр хүрч, яваандаа Итали гэдэг их гүрэн эргэн сэргэсэн гэдгийг харуулахын тулд спортын том ялалт хэрэгтэй юм байна гэдэг бодол санаа Муссолинид төрсөн байна. Тэр тусмаа нутагтаа хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогоод, Итали аварга болбол гадаадад улс орных нь нэр нөлөө эрс нэмэгдэхээс гадна дотоодод ч...
Итали улс бүх зардлыг хариуцна хэмээн чанга дуугарсаар байгаад энэ тэмцээнийг нутагтаа зохион байгуулах болсон нь эхний ялалт байлаа. Дараагийн алхам нь багаа хүчирхэгжүүлэх явдал. Хэдийгээр Италийн хөл бөмбөгийн шигшээ баг нь Европын ширүүхэн багийн нэг байсан боловч тэр үед латин Америкийн хөл бөмбөгчид талбайг эзэгнэж байлаа. Тиймээс тэр хавийн хэд хэдэн нөхдүүдийг ихээхэн мөнгө амлан байж авчраад бушуу түргэн Италийн иргэн болгоод, найдвартай нь дээр гээд нэмээд цэрэгт алба хааж байгаа болгож амжлаа.
Одоо дэлхийн аваргад Италийн шигшээ баг оролцох эрх авах нь нэг ажил байсныг дор нь амжуулах хэрэгтэй. "Муусайн грекчүүд"-тэй тоглож байж эрх авах юм чинь хамаг юм гарт байна гэсэн үг. Гэтэл Италийн иргэн болж амжсан нөгөө хэдэн Бразил, Аргентин угсаатай нөхдүүд Италийн шигшээ багт тоглох эрх авах хугацаа болоогүй байжээ. Чимээ аниргүйхэн шиг шинэ "италичууд"-аа оруулаад, дээрээс нь ийм тоглолтод сэлгээ хийж болохгүй дүрэмтэй ч сэлгээ хийж байгаад 4-0-ээр нутагтаа хожоод авлаа. Грект юу ч болоо билээ, томоохон тоотой хожих нь л зөв байсан учраас тэр бүх будлианыг хийсэн хэрэг. ФИФА энэ бүхнийг сайн мэдэж, грекчүүд гомдол гаргаж байсан ч чимээгүй өнгөрөөхөөр шийдсэн байна. Сайн хүн санаагаараа гэгчээр өөрөө зардал мөнгийг нь гаргаад дэлхийн тэмцээн зохион байгуулах гэж байхад энэ зэргийн шальдар булдар зүйл хамаагүй гэж үзсэн бололтой. Хариу тоглолт хийхээс грекчүүд татгалзсан учир Итали улс дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхтэй болжээ.
Одоо хамгийн гол зүйл болох Дэлхийн аварга цол авах.
Тэдний гол өрсөлдөгч нар хэн байв? Юуны түрүүнд Уругвай. Гэтэл өнгөрсөн дэлхийн аварга тус баг нь энэ удаагийн тэмцээнд оролцохгүй болсон байна. Маш сайн хэрэг. Өөр хэн? Бразил, Аргентины багууд шинэ залуу, хоёрдугаар, бүр гуравдугаар гэмээр шигшээгээ авчирчээ. Онц сайн.
Өөрийн багийг легионеруудаар хэд дахин хүч нэмсэн болохоор аварга болох бололцоо үнэхээр байлаа. Дээр нь засаг төр, нам, Дуче өөрөө байнга хайрлаж, халамжилж, санхүүгийн бүх л туслалцааг олгож байсан гэдэг. Тухайн багийн дасгалжуулагч болсон Витторио Поццо нь өмнөх дэлхийн аваргаар Аргентины дасгалжуулагч байгаад Италитай тоглон хожиж байсан бөгөөд тэр үед Муссолинигийн “хожигдохгүй бол амь настай чинь ярина” гэсэн сүрдүүлэг ам дамжин чихэнд нь хүрч байсан бол одоо Италийн дасгалжуулагч болоод “хожигдвол амь настай чинь ярина шүү” гэсэн үг сонсдог болсон байж. Дуче ийм л "хайр халамж"-ийг үзүүлж байжээ.
Тэмцээн эхэллээ. Хамгийн түрүүнд АНУ-ын багтай таарч ёстой л "будаа болгож" хаян 7-1-ээр хожсон ба уг тэмцээн нь шууд л хасагдах дүрмээр явагдаж байсан тул хожигдох эрх тэдэнд байсангүй. Дараагийн өрсөлдөгч болох хүчирхэг Испанитай бөөн будлиан, бэрхшээл...
Тус тоглолтыг шүүх шүүгч нарыг сонгох ажил “багахан” асуудалтай болж яагаад ч юм Муссолинигийн гараасай гэсэн шүүгчид бүгд талбайд гарах болсон гэдэг. Дуче үүнд хамаагүй гэх боловч тэдгээр шүүгчид бүр хэтэрхий гэхэд багадмаар ганцхан талын тамирчдыг л харж торгож байсан байна. Италичууд гэмгүй, испаничууд л хөл гар руу зогсоо зайгүй өшиглөөд байсан бололтой. Үнэндээ яг эсрэг байсан юм билээ. Тоглолт 1-1-ээр дууссан учир маргааш нь дахиж тоглон Италийн баг 1-0-ээр хожлоо.
Хагас шигшээгийн хоёр тоглолтыг Шведийн нэг л шүүгч ахлан шүүсэн байдаг бөгөөд энэ хүн нь Дучед их сайн, бас л “санаандгүй” байдлаар сүүлийн хоёр тоглолтыг нь шүүх болсон бололтой. Ямар ч байсан хагас шигшээд Итали Австрийг хожиход шүүгч Эклинд нь “зүгээр нэг зогсоод байгаагүй” гэж ярьдаг ба аваргын тоглолт эхлэхийн өмнөх мөчид энэ Швед эр тэргүүлэгчдийн суудалд очиж Муссолинид хүндэтгэл үзүүлсэн байдаг. Одоо цагт байтугай тэр үед ч энэ нь ёстой санаанд оромгүй хачин явдал байжээ.
Ингэж Италийн хөл бөмбөгийн шигшээ баг Чехословакийн багийг 2-1-ээр хожиж анх удаа дэлхийн аварга болсон гэдэг. Гэхдээ хөл бөмбөгчнөөсөө дутуугүй Дуче-гийн “мэргэн бодлогын” ачаар энэ эрхэм хүндтэй цолыг "булаан авсан" гэх нь илүү зөв байх.
Италийн энэ их ялалтыг Альпийн нөгөө талд суугаа нэг нөхөр маш анхааралтай ажиглаж байсан бөгөөд удахгүй түүний ээлж ирэх болно. Тэр нь 1936 оны Олимп байлаа.
P.S.
Итали улс хөл бөмбөгийн дэлхийн аварга хэмээх эрхэм цолыг 4 удаа хүртэж байсан. Анхны цолыг авсан 1934 оны тэмцээн нь иймэрхүү будлиантай явагдсан байдаг боловч бусад гурван удаагийн аваргын тухайд ёстой ямар ч маргаан үгүй билээ. 1982, 2006 оны тэмцээнүүдийг зурагтаар үзэж, энэ багийг балиашиглаж байсан надтай адил олон нөхдүүд үүнийг амархан батлаад өгөх биз.