Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Моссад андуурсан ньУншсан10,668

Гүйцэтгэх ажиллагааны шугамаар энэ хан хүү Норвегид хэсэг хугацаагаар байж “Хар 9-р сар”-ын шинэ сүлжээ байгуулах ажлыг удирдана гэсэн мэдээ авсан еврей нар тэр даруй хөдөлж эхэллээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1972 оны Мюнхений Олимпын үеэр Израилийн 11 тамирчныг хороосон террористуудыг Моссад бүгдийг нь олж илрүүлэн устгаж байгаа тухай Спилбергийн найруулсан Мюнхен (Munich) хэмээх кино бий. Тэрхүү кино бодит үйл явдлыг үзүүлсэн боловч тухайн ажиллагааны үеэр гарсан зарим нэг алдаа эндэгдлийн тухай огт өгүүлээгүй билээ.

Бейрут хотод Али Хасан Саламе хэмээх нэгэн ханхүү тансаг сайхан харшид олон сайхан охид хүүхнүүдээр өөрийгөө хүрээлүүлэн амьдрах ба спортын үнэтэй янз бүрийн машин сольж унадаг энэ хүнийг Ясир Арафат бараг л хүү шигээ хайрладаг байжээ. Харин Моссадын хувьд энэ хүн бол “Хар 9-р сар” хэмээх Палестины террорист байгууллагын удирдагчдын нэг, Мюнхенд болсон хэрэг явдлын нэг зохион байгуулагч нь байлаа. Тийм учраас “Улаан хан хүү”-г алах нь (Али Хасан Саламе) Моссадын хувьд нэр төрийн хэрэг байсан юм.

Ясир Арафаттай цуг

Гүйцэтгэх ажиллагааны шугамаар энэ ханхүү Норвегид хэсэг хугацаагаар байж “Хар 9-р сар”-ын шинэ сүлжээ байгуулах ажлыг удирдана гэсэн мэдээ авсан еврей нар тэр даруй хөдөлж эхэллээ.

1973 оны 6-р сарын 21-ний өдөр Лилихаммер хотын нэгэн ресторанд ажилладаг Ахмед Бушеки хэмээх марокко гаралтай эр норвеги эхнэртэйгээ цуг кино үзээд гэр рүүгээ буцаж явлаа. Төрөх нэлээд дөхсөн том гэдэстэй эхнэрээ дагуулан аажуухан алхаж явсан эрийн өмнө гэнэт хоёр хүн гарч ирснээ, гар буу гаргаж ирэн тулган буудлаа. Марокко эр үхэтхийн унахад хар хурдаараа давхиж ирсэн машинд өнөө хоёр алуурчин суун арилжээ.

Эхнийх нь Али Хасан Саламе, дараагийнх нь Ахмед Бушеки 

Амар тайван хотод ийм явдал болсон даруй цагдаа нар мөрдөн байцаалтаа эхлүүлсэн бөгөөд үр дүн ч амархан гарч эхэлсэн байна. Учир нь энэ жижигхэн хотод гадны хүн, тэр тусмаа хэд хэдэн хүн цугтаа ирэх нь хэн хүний хараанд өртөх бөгөөд зочид буудал, машин түрээслэх газраас хэрэгтэй мэдээллүүдийг тэр даруй олжээ. Моссадын тусгай ажилтнууд бөөнөөрөө Виктория зочид буудалд буусан бөгөөд нууц ажилтнууд юм болохоороо хуурамч нэрээр өрөө авч, төлбөрөө хийх ухаан гаргасан бололтой. Харин машин түрээслэхдээ өөрийнхөө жинхэнэ нэрээр авсан байж.

Иймэрхүү тусгай албаны ажилтнууд маань хийх ёстой ажлаа хийчихээд яаран сандран зугтаж явахдаа хурд хэтрүүлж, тэрийг нь анзаарсан замын цагдаа дугаарыг нь бичиж авсан ба маргааш өдөр нь цагдаа нар нисэх буудал дээрээс хоёр хүн уг машинаас бууж, онгоцонд суух гэж байхад нь барилаа. Тэд бол Израилийн иргэн Марианна Гладникова болон Дан Арбель нар байсан юм.

Цагдаа нар байцааж эхлэхэд нөгөө “тусгай хүмүүс” маань дороо улайсан ба Марианна нь Моссадын хүн гэдгээ шууд хүлээж, Осло дахь нууц байр зэргээ зааж өгчээ. Дан Арбель бүр ч шалдаа буун, өөрийгөө калаустрофоби өвчинтэй учир (битүү савны өвчин) жижиг биш том хэмжээтэй хорих өрөөнд оруулбал бүхнийг хэлж өгнө гэсэн байна. Цагдаа нар ч болзлыг хүлээн зөвшөөрсний дараа мань эр ёстой л далан булчирхайгаа тоочсон гэдэг. Энэ хоёрын мэдүүлгийн дагуу бусад нөхөд нь бараг бүгд баривчлагдсан ба ганц нэгхэн хүн л Норвегиос гарч амжжээ.

Норвеги даяар бөөн шуугиан болж, “нутаг оронд маань ирээд хүн алж байдаг Израиль бол  муу муухайгийн үүр...” гэж бужигнасаар мөрдөн байцаалт дуусч шүүх хурал болжээ.

Ингээд Али Хасан Саламег алах гээд андуурч адил царайтай гэмгүй хүнийг алсан еврей нөхдөд ял оноосон ба 2,5-5 жилийн хорих ял оноосон байна. Ердөө л энэ. Тэр ч битгий хэл эдгээр нөхдүүд Норвегийн шоронд ч удаагүй ба жилийн дараа тэдгээрийг бүгдийг нь Израиль руу чимээгүйхэн шилжүүлжээ. Нөгөө анх бужигнаж шуугиж байсан хүмүүс таг чимээгүй. Хаа газар ийм л байдаг хойно.

Моссад ийм ичгүүртэй алдаа хийснээ бүр сүүлд 1996 онд буюу 23 жилийн дараа л албан бусаар хүлээн зөвшөөрсөн. Ахмед Бушикигийн гэр бүлд нөхөн төлбөр болгож 400 мянган доллар өгсөн гэдэг ба үүнийгээ экс гратиа хэлбэрээр шилжүүлсэн байна. Энэ нь хэрэг хийснээ хүлээн зөвшөөрөлгүйгээр төлбөр төлөх гэсэн утгатай юм гэсэн.

Харин нөгөө Али Хасан Саламе яасан бол?

Али Хасан Саламе Ливаны мисс-70, Дэлхийн мисс-71 тэмцээний тэргүүн байрын эзэн болох Жоржии Ризак гээч бүсгүйтэй Бейрут дахь гэрт нь тогтмол цагт уулзан учирдаг байсныг олж мэдсэн Моссад 1979 оны 1-р сард отолт хийж, нэгэн машинд тэсрэх бодис бодис хийгээд Алигийн машинаа тавьдаг газрын хажууд орхижээ. “Улаан ханхүү”  ирлээ... машин дэлбэрлээ...

Энэ тэсрэлтийн үеэр Али Хасан Саламе болон түүний 4 бие хамгаалагч, хоёр энгийн хүн нас барж 18 жирийн иргэд хүнд шархадсан гэдэг. Бас нэг хачирхалтай зүйл нь тэрхүү мисс бүсгүй бас л бие давхар төрөх дөхөж байсан юм гэнэ лээ.  

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]