Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Адольф Гитлерийн зурсан зургуудУншсан11,860

1907 болон 1908 онуудад Гитлер Венийн уран зургийн академид орж суралцах гэсэн боловч элсэлтийн шалгалтыг нь даваагүй ба түүний хөрөг зураг зурж чаддаггүй нь үүний гол шалтгаан болжээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Хүн төрөлхтний түүхэнд хамгийн хар муугаар тэмдэглэгдэн үлдсэн энэ эрийн нэгэн сонирхон оролдож байсан зүйл болох  уран зураг зурж байсан тухай болон түүний бүтээлүүдийг танилцуулъя.

Мань эр цагтаа уран зураг зурж, түүнийгээ зарж, талхаа залгуулж байсан бөгөөд ядарч зүдэрч, өлсөх үедээ уран бүтээл туурвих нь тооны хувьд ихээхэн цар хүрээтэй болсон гэдэг. Түүний зургийг хэр таарсан үнээр худалдаж авах хүн олдож байсан нь бас ч зүгээр нэг сараачсан юм байгаагүй гэдгийг илтгэж байх шиг. Гитлер байгаль, цэцэг, натюрморт зурах ба ялангуяа байшин савны зураг нь хамгийн сайн болж байсан бол харин хүний зураг, тэр дундаа хөрөг зураг огт зурдаггүй, ер нь бол чаддаггүй байж. Бүр сүүлд Ева Брауныг зурсан байдаг боловч тэр нь уран зургийн хамгийн нимгэн ойлголттой хэн хүнд ч Гитлер бол хүний нүүр царай зурах хүн биш байжээ гэдгийг харуулаад өгдөг юм гэсэн.

 1907 болон 1908 онуудад Гитлер Венийн уран зургийн академид орж суралцах гэсэн боловч элсэлтийн шалгалтыг нь даваагүй ба түүний хөрөг зураг зурж чаддаггүй нь үүний гол шалтгаан болжээ. Харин нэг том багш түүний зургийг хараад архитекторын авьяас байна гэж үзэн зөвлөсөн ч Гитлер түүнийг нь хүлээж аваагүй байна. Учир нь ингэхийн тулд аль эрт хаясан сургуулиа дахиад дуусгах... гэх зэрэг түмэн ажил, цаг хугацаа.

Мань эр зургаа зарсаар... Түүний зургийг тэр үед худалдаж авах бэл бэнчинтэй хүн ховор байснаас тэр үү (талхны үнэ 200 тэрбумд хүрсэн түүх нийтлэл дээрээ тухайн үеийн байдлыг бичсэн билээ) цөөхөн хэдэн тогтсон худалдан авагчтай байсан гэдэг ба хамгийн сонирхолтой нь тэдгээр нь бэл бэнчин ихтэй еврейчүүд байжээ. Дараа нь бүр сүүлд, Германы эзэн болсон үедээ мань эр еврейчүүдийг хүйс тэмтэрсэн нь үүнтэй холбоотой ч юм билүү. Баян тарган еврейчүүд өлсөж ядарсан эрийн “сайн” зургийг янз бүрээр өөлж, муулж хямд үнээр авахдаа бараг л хишиг хайрлаж байгаа аятай байсан... гээд тэд ямар ааш гаргаж байсныг хэн мэдлээ. Гитлерийн бас нэг орлогын эх үүсвэр нь гадаадын жуулчид түүний зурсан цэцэгтэй ил захидлыг нэлээд ихээр авдаг байсан учир ийм төрлийн бизнес эрхэлж байсан хүмүүс мань эрд захиалга өгөн баахан зураг зуруулдаг байсан байна. 

Гитлерийн зурсан зураг, уран бүтээлийн тооны тухай янз бүрээр ярьж бичих ба зарим тооцоогоор энэ сахалт нөхөр 3400 гаруй бүтээл туурвисан ба одоогоор лав 720 зураг нь (дуусгаагүй болон ноорог төдий зүйлүүд нь ороод) мэдэгдэж байдаг юм гэнэ. Нэг хэсэг нь Америкийн цэргийн архивд хадгалагдаж байгаа бол үлдсэн нь энэ тэнд янз бүрийн үнэ хаялцуулах худалдаагаар орж зарагдсаар. Мэдээж зургийн үнэ ихээхэн өндөр ба олон соёл урлагийн хүмүүс түүний энэ үнэ цэнийг уран сайхны хувьд биш харин тэр зургийн баруун доод буланд байгаа нэрний улмаас ийм үнэ хүрч байгаа гэж тайлбарладаг. Түүний хэд хэдэн зураг 130-170 мянган евро хүрсэн байдаг нь олон урлаг судлаач, зураач нарын уур уцаар, атаархлыг төрүүлдэг болов уу гэж бодогдох ба тэдгээр хүмүүс нь “Гитлер бол уран зураач хүний тухайд бол хэн ч биш, ямар ч чадваргүй, авьяасгүй”... гэсэн алдар цол олгоно.  Гэтэл тэр зураг нь ийм айхтар үнэ хүрчихээд байдаг. Мэдээж Ван Гог биш л дээ.

Гэсэн ч хэдий ч Гитлерийн зурагны доод буланд байх нэр л үнэд хүргэдэг, бусад зурсан зүйл нь хог шаар гэж хашхиралдах хүмүүс маань тэр зурагны доод буланд байх нэр нь энэ зурагны нэг хэсэг гэдгийг яагаад ч юм мартана. Эсвэл тэд түүний зургийг харах боловч үнэндээ зургийг нь биш харин түүний хийсэн, дэлхий дахины түүхэнд дэх хамгийн өөдгүй, аймшигт муухай гэмт хэргийг л нүдэндээ хардаг байх.

Зарим судлаачид залуу Гитлерийн зурсан зургийг маш их хичээсэн, бас ч нэлээд нарийн техник бүхий боловч ямар нэг өөрийн гэсэн гайхуулах өвөрмөц гэх үү, ялгарах гэх үү тийм зүйл юу ч үгүй гэдэг. Нэг ёсондоо жуулчдын гудамжинд сууж хүний нүүр царай зурж өгдөг хүмүүсийн л нэг гэж хэлж байгаа нь тэр. Тийм хүмүүс энэ дэлхийд хэдэн зуун мянгаараа байгаа гэдгийг бас цохон тэмдэглэнэ. Тэр ч үнэн байх. Гэхдээ түүний зурганд өөрийн гэсэн онцгой ялгарах бас нэг юм бий нь өнөөх баруун доод буланд байгаа нэр билээ.

Ер нь Гитлерийн зурсан зургийн тухай яриа гарахад л нэг бол маш түүхийгээрээ, муу зураач ... гэж нэг хэсэг нь амаа олохгүй муулах бол нөгөө хэсэг нь харин ч гайгүй сайхан зурдаг байж, зурагт нь хар бараан юм байхгүй нь их сонин... гэх мэтээр тайлбарлаж бичнэ. Үнэндээ Гитлерийн зурсан зургийг сайн муу гэж ярих нь, ер нь уран зургийг сайн муу гэж ярих нь жаахан хэцүүхэн  санагддаг. Ямар зургийг сайн гэдэг, ямар зургийг муу гэдэг аливаа нэг хэмжүүр байдаг юм уу? Жишээ нь дэлхийд дахины хамгийн үнтэй зураг болох Леонардо Да Винчийн “дэлхийг аврагч” ( Salvator Mundi хэмээх энэ зураг 450 сая $ хүрсэн гэдэг ) гэдэг зургийг Эдвард Мунк-ийн “Хашхираан”  (Skrik) гэдэг алдартай зурагтай харьцуулахад нэг л хачин. Дээр нь Пикассогийн “сараачсан” гэмээр юмнууд, Малевичийн “хар квадрат”... гэх мэт.

Уран зураг гэдэг бол урлаг болохоос яг таг шинжлэх ухаан биш. Хэн хүнд таалагдаж, таалагдахгүй байж болох ба хамгийн гол нь хүн болгонд түүнийг өөрийнхөөрөө үнэлэх эрх бий.

Тийм учраас дэлхийн хүн төрөлхтөнд хамгийн их гайтай үйлийг хийсэн, ертөнцийн чаралба болох Адольф Гитлер хэмээх хүний зурсан зургийг зүгээр л сонирхож үзье. Надад лав урлагийн хувьд сайн муу гэсэн элдэв яриа нь ер хамаа алга, харин ч их сонирхолтой байна.

P.S.

Гитлерийн зурсан гэх эдгээр зургийн зарим нэгийг хуурамч зураг гэж үзэх нь бас байдаг бөгөөд чадвартай зураачид Гитлерийн зураг зурах барилаар өөр сайхан зураг зурж зарсан нь нэг биш гэнэ. Харамсалтай нь аль ч алдар нэртэй зурагчны зургууд дотор өөр хүний зурсан зурагнууд явж байдаг нэг гэм байдаг юм гэнэ лээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]