Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хараал шингээсэн алчуур бэлэглээд хорложээУншсан19,517

Хоролмаа, Дүгэр хоёр чухам л анхны харцаар дурлалцан амьдралаа холбосон хос юм. Нийслэлийн унаган иргэд агаад “32”-ын гэх тойрогт амьдардаг байсан тул ерөнхий боловсролын 16 дугаар дунд сургуулийг төгссөн гэдэг билээ.

Хоролмаа, Дүгэр хоёр чухам л анхны харцаар дурлалцан амьдралаа холбосон хос юм. Нийслэлийн унаган иргэд агаад “32”-ын гэх тойрогт амьдардаг байсан тул ерөнхий боловсролын 16 дугаар дунд сургуулийг төгссөн гэдэг билээ. Дунд ангид бие биенээ нэг их анзаарч байгаагүй бөгөөд есдүгээр ангид сурч байхдаа сургуулийнхаа урлагийн үзлэгийн үеэр гэнэт харц мөргөлдөн, ёстой л анхны харцаар бие биедээ унаж тустлаа, ухаан алдталаа дурлаж орхижээ. Тэр мөчөөс эхлээд л өглөө бүр хичээлдээ ирэх нь аль алинд нь баяр, баясгалан болсон гэхэд хилсдэхгүй. Бараг л бие биенээ харахын тулд сургуульдаа явдаг мэт сэтгэгдэл ч төрөх болжээ. Тэр хоёр эхэндээ зөвхөн бие биенээ хараад л өнгөрцгөөдөг байжээ.

 

Наяад оны эхэн үеийн хүүхдүүд учраас арай дэгтэй байсан нь мэдээж. Юуны туханд хүрэлгүй уулзаж барин, унтаж хэвтэнэ гэж байхгүй л дээ. Намраас өвлийг аваад хавар болтол бие бие рүүгээ хулгайн харц шидэж явсан гэдэг юм. Тэгж байтал тэр жилээс сургуулийг нь өргөтгөх болж, газар, шорооны ажил өрнөжээ. Барилгыг мэдээж барилгынхан барих ч суурь энэ тэрийг нь сурагчдын хүчээр амжуулдаг байсныг тэр үеийнхэн мэднэ л дээ. Ёстой л цэвэр азаар гэдэг юм уу тэдний хоёр анги нэг дор ажиллах болсон байна. Ингээд ижилдэн дасах их хувь тохиол өөрийн эрхгүй хүрээд ирэхгүй юу. Чухам яаж танилцсанаа сайн ухаардаггүй ч ямар ч байсан ухсан нүхний шороог шуудайгаар дамжилж явсанаа санадаг юм байна. Тэгэн тэгсээр дотносчээ. Дүгэрийнх “32”-ын тойргийн бараг эцэст, Хоролмаагийнх Есдүгээр дэлгүүрийн орчим байдгаас өмнө нь нэг их тааралдаж байгаагүй бололтой.
Бас нэг төөрөлдүүлсэн зүйл нь Хоролмаа долоодугаар анги хүртлээ одоогийн Гуравдугаар сургуульд суралцаж байгаад тэрхүү 16 дугаар сургуульд шилжин очсон юм байх. Тиймэрхүү явдал тэр цагт бишгүй байсан нь мэдээж. Тэр мөчөөс эхлэн Дүгэр Хоролмааг гэрт нь байнга хүргэж өгдөг болжээ. Эхэндээ ч юуных нь хайр майр байхав. Дэвэн дэлхийн хамаг юмыг л хамж шимэн, хичээл номоо ярьцгаадаг байж. Есдүгээр ангиа ингэж төгсчихөөд амралтаараа тус тусын мөрийг хөөн оджээ. Тэгээд ч Хоролмаагийнх Төв аймгийн ойролцоохон ойр зуурын малтай ахан дүүс дээрээ очиж зусдаг уламжлалтай байж. Ингээд биесээ үхтэл санасан амьтад наймдугаар сарын 25-нд хичээл эхлэх өдөр бүртгүүлэхээр очихын далимд уулзсан байна. Энэ мөчөөс бүр салахаа байсан бөгөөд аравдугаар ангиа төгстөл хөтлөлцөн гүйгээд, сургуулиа төгсөнгүүт нэг гэрт орчихжээ. Дүгэр бол байдаг л нэг дүнсгэр бор хөвгүүн байв.

Харин Хоролмаа бол бие хаа, царай зүс, өмссөн зүүснээрээ үеийнхэн дотроо толгой цохидог охин байсныг хэлэх хэрэгтэй болов уу. Юу сайхан, үнэн сайхан гэдэг байх аа. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд Хоролмаа УБДС-д элссэн бол Дүгэр Дарханы Политехникум гэдэгт орсон гэдэг билээ. Сурлагаараа хэн нь илүү гэдгийг ч эл үзүүлэлт харуулна буй за. Мөн л хоёр тусдаа амьдрах болж, биесээ санах зовлонг эдэлцгээжээ. Тэр нь тийм ч удаан үргэлжилсэнгүй. Дүгэр хоёр жил суралцаад төгсчээ. Гидрогеологийн мэргэжилтэй болсон учраас Нийслэлийн усны газарт ажиллаж, арай түрүүлж юманд хүрсэн ч хавраас намрыг хөдөө өнгөрөөдөг ажилтай болсон байна. Ерөнхийдөө хээрээр гэр, хэцээр дэр хийдэг болсон гэсэн үг юм. Геологчидтай адилхан ажил юм уу даа. Төдөлгүй Хоролмаа сургуулиа төгсөн, айл гэрийн амьдрал цэцэглэж эхэлсэн ажээ. Анхны үр нь мэндэлж, айл гэрийн өнгө үзэмж өдрөөс өдөрт дээшилж байлаа. Гэхдээ тэр нь хэмжээтэй байсан юмсанж. Дээд боловсролтой, бие, царай тэгш Хоролмаа залуу хүн болохоороо бусдын анхаарлын төвд байлгүй яахав. Тэгээд ч сурлага сайтай байсных хотын төвийн сургуульд багшлах болсон нь ч нөлөөлжээ. Хэдий социализмын үе ч үеийнхэнтэйгээ өрсөлдөн гоёж, олсон хэдээ толгой мэдэн зарах болсон нь залуу хосыг үе үе ам муруйхад хүргэдэг болжээ.

Хоролмаа мэдээж нөхрөөс илүү цалин авах тул, тэгээд ч юм юмаар түлхүү учраас нөхрөө бодвол эрх мэдэл ч илүүрхэх болжээ. Энэ байдал нь яван явсаар тэдний амьдралд ан цав үүсгэх болсон гэхэд хилсдэхгүй. Тэгээд ч урин цагийг хээр өнгөрөөдөг ажилтай Дүгэр Хоролмаад амьдралын баяр, баясгалан бэлэглэхээсээ илүү тээр болохдоо дөхдөг байжээ. Жилийн 365 хоногийн багагүйг гэрээс гадуур өнгөрөөдөг нөхөртэй залуу бүсгүйд амар байгаагүй нь ч мэдээж. Цэл залуу бүсгүйд биологийн хэрэгцээ ч гэж байх. Мэдлэг боловсрол, өнгө зүс ойролцоо нэг түвшний залуус ч түүнийг эргүүлдэх болжээ. Тэгээд ч анхны хайр ихэвчлэн сохор байдаг юм чинь. Дүгэр нэг л биш, хээрийн хүн шахуу бодогдох болжээ. Тэгээд ч хөндийрч эхэлсэн байна. Хүүгээ аавындаа аваачиж орхисоор бүр тэнд нь дасгачихжээ. Ингээд өөрийн эрхээр жаргаж эхэлснийг хэлэх үү тэгэн, тэгсээр тэр үеийн Орос хэлний багшийн дээд сургууль дүүргэсэн, өөрөөсөө хэд ах боломжийн хүн болох Сайханаа гэдэг эртэй дотносчээ. Мэргэжил нэг, мэдлэг ойролцоо, цалин боломжийн, цэвэрхэн хотын эр Дүгэрийн хажууд ханхүү л гэсэн үг бөлгөө. Ингээд түүнтэй ханилаад яваад өгчээ. Амьдарч асан хашаа байшингаа хаяад, хотын хорооллын шилэн байшинд амьдрах болсон нь ч нэг талаас амьдралыг нь сонирхолтой болгоо биз ээ.

Хүүг нь хог дээр хаясан шалз мэт орхисонд хадам эх, эгч хоёр нь Хоролмаад нэлээд хорсолтой байсан нь зүйн хэрэг. Ялангуяа Дүгэрийн эгч Дүгэрмаа гэх эмэгтэй хортой ч, шартай ч нэгэн байсныг хэн мэдэх билээ. Ганцаар хоцорсон хүү нь уйтгар гунигийн мананд автан, үе үе балгачихдаг ч болжээ. Ер нь Дүгэрт уух магадлал ч өндөр байж. Усны хайгуулынхан хавраас намар хүртэл дэвэн дэлхийгээр тэнэж явахдаа яаж л зүгээр байх билээ. Онгож гандсан эрчүүдийн ганц чаддаг юм нь цалингаа аваад зад наргих явдал ажгуу. “Цагтаа цалгиж, цалингаа аваад наргиж явлаа” гэдэг үе тэр цагаас эхтэйг хэлэх хэрэгтэй. Үндсэндээ Дүгэр ажилтай нэртэй архичин болох зам руугаа шуударсан гэж болно. Хоролмаагийн амьдрал харин бүр өгсөн дэвжиж байсныг хэлэх хэрэгтэй. Амьдралаа өөрчлөх шийдвэр гаргасан нь буруутдаггүй юм бол бусдаар өөгүй бүсгүй билээ. Ааш зан ч тийм муугүй нэгэн бүлгээ. Энэ байдалд хадам ээж, эгч хоёр нь улам хорсох болжээ.

Ингээд эмэгтэй хүний төрөлхийн өст санаагаар “Хоролмааг яаж дөнгөх вэ?” гэдэг бодол тэднээс салахаа байжээ. Ялангуяа Дүгэрмаа эгч нь бурханаас заяасан /бурхан тэгэхгүй л дээ/ гэмээр атгаг эм ажээ. Ер бусын арга заль сүвлэмтгий, хорон мууг бодож оломтгойгоороо бусдыг дагуулахааргүй эм байсныг хойно болсон явдал гэрчлэх ажгуу. Тэр тун чиг гайхалтай тактик боловсруулсанаа ээждээ хэлсэн байна. Зүгээр нэг ярилцах замаар Хоролмаатай уулзаад “хор” атгуулахыг санал болгожээ. Хор шингээсэн бэлгийг хэрхэн бэлдэхээ ч мартсангүй. Баянхошууны хараалч авгайд бараалхжээ. Цаадахь нь тэр талын юмаар тэрүүхэндээ мэргэшсэн, нэг ёсны хар талын, хар энерги бүхий нөхөр байжээ. За, нэгэнт тэгж шийдсэн бол “Шил архи, гар нүүрийн гоёмсог алчуур олж ир. Хаячихааргүй, хадгалаад байх эд тусмаа сайн” гэжээ. Хэлсэн болгоныг нь биелүүлээд очжээ. Үнэхээр тансаг, хар хөх өнгийн угаалгын алчуур нэгийг олсонд нь хараалч авгай шившлэг шингээгээд, хар “ус”-аар даруулга хийж өгчээ.

Тэрхүү алчуураа аваад Хоролмаагийнхыг яаж, ийж байгаад олж очсон байдаг юм. Хадмуудаа ирэхэд Хоролмаа бага зэрэг барьц алдсан ч гэм хийсэн биш гээд дуу шуутайхан шиг, хоол ундтай угтжээ. Энэ тэрийг ярьцгаагаад, загнаж аашлалгүй суужээ. “Та хоёрын салж, суухыг бид заах биш. Одоо яая гэхэв. Хүүхдийг нь хааяа уулзуулж байна биз. Сууж ч болдог, салж ч болдог хорвоог яалтай билээ. Цаашдын амьдралдаа хэн хэн нь алдчихалгүй явбал барав. Та хоёрыг ямар нийлүүлж, нэгтгээд гагначихсан биш. Олигтой бэлэг сэлтгүй ирлээ” гээд өнөө алчуураа өгчээ. Хоролмаа алчуурыг аваад ямар ч харгүйгээр угаалгынхаа өрөөний хананд өлгөчихсөн байна. Хэдэн сарын дараагаас Хоролмаад үл танигдах өвчин тусчээ. Эмнэлгээр явж бүр цөхөрсөн байна. Онош нь тодорч өгөхгүй, өвчин нь хүндрээд байж. Тэр цагийн бүх эмнэлгийг шат, шаталбараар нь яваад дуусгасан гэхэд болно л доо. Ерөнхий өвчний л шинж илрэхээс биш яг чухам юу нь яасныг яг таг тогтоочихож болохгүй байж л дээ. Хүн аргаа барахаараа элдвийг эрэлхийлдэг нь ёс юм хойно янз бүрийг сэдэлгүй яахав. Тэгээд ч Хоролмаагийн ээж нь юм үзэж, нүд тайлсан ухаалаг хүн тул харын арга хайлгахаар таньдаг хүн дээрээ дагуулж очсон байна.

Нөгөө хүн нь үзээд “Хождолгүй ирсэн нь яамай. Цаг алдсан бол бүр хэцүүдэх байжээ. Их ойрхоноос, хадам талаас чинь хараалтай бэлэг иржээ. Хар хөх, сэвсгэр эд байна. Олж ир” гээд явуулсан гэдэг. Алчуураа аваад очсоныг нь мөн аргаар устгаад, Хоролмаагийн биеэс хараалыг гаргаж, хариулах арга авч өгсөнөөр нэг л өдөр өвчнөөсөө салчихсан гэдэг юм. Оношийг нь тогтоож чадахгүй байсан эмч нар ч гайхсан гэдэг билээ. Хоролмаа өдгөө хоёр сайхан хүүхэдтэй, аз жаргалтай айлын нас тогтсон сайхан эзэгтэй явна. Бага багаар архинд толгойгоо мэдүүлж асан Дүгэр нэгэнт “өнгөрсөн” хүн болжээ. Багахангай дахь Архины албадан эмчилгээнд хэд хэд яваад сэхэл аваагүй гэдэг юм билээ. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг үг буй. Хүнд муу юм хийсэн хүн өөдөлдөггүй ч гэдэг. Хоролмаад хийлгэсэн хараал хүү дээр нь буусан ч юм бил үү, хэн мэдлээ. Өнөөгийн энэ их архидалт ч нөлөөлсөн буй за. Хоролмаа хэрэв аргалуулаагүй бол? Ийм бодол нэгэнтээ төрснийг нуух юун.

shuurhai.mn

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]