Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ганцаараа хоёр онгоцыг буулгасан ньУншсан5,691

Нисэх онгоцтой холбоотой цөөнгүй сонин түүхийг урьд өмнө сонирхуулж байсан бөгөөд энэ удаа бас нэгэн байж боломгүй гэмээр болсон явдлын тухай.

History.mn, нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Нисэх онгоцтой холбоотой цөөнгүй сонин түүхийг урьд өмнө сонирхуулж байсан бөгөөд энэ удаа бас нэгэн байж боломгүй гэмээр болсон явдлын тухай өгүүлэх нь.

1940 оны  9-р сар буюу Британийн төлөөх агаарын их дайн ид үргэлжилж байх үед хаа холын Австралийн тэнгэрт нэгэн хачирхалтай явдал болжээ.

Гитлерийн Герман Польшид халдан довтолсноор  Их Британи Германд дайн зарлаж, эзэнт гүрнийхээ бүх л улс орон, муж бүсүүдийг энэ их дайнд эрчимтэй бэлдэж эхлэхийг тушаасан байна. Энэ зааврын дагуу Австралийн Форест-Хилл хэмээх нисэх хүчний баазад олон тооны сургалтын нислэг хийж, шинэхэн нисгэгч нарыг жинхэнэ тулалдаанд бэлдэж байх үед энэ явдал болсон гэдэг.

29-ний өдөр Энсон хэмээх хоёр хөнгөн онгоц хөөрч агаарын тулалдааны үеийн хамтарсан нислэг хийх ёстой байв. Уг онгоц нь тагнуулын болон хөнгөн бөмбөгдөгч зориулалтаар ашиглаж болох боломжтой бөгөөд 1935 онд үйлдвэрлэгдсэн харьцангуй шинэхэн онгоцнууд байжээ. N4876 дугаартай онгоцны нисгэгч нь Фуллер, штурман нь Синклер бол L9162 дугаартай онгоцны нисгэгч нь Хьюзон, штурман нь Фрейзер.

Леонард Грэмм Фуллер

Ингээд хамтарсан нислэг эхэлж янз бүрийн өндөрт, олон төрлийн зэрэгцсэн, цувсан, нэгэн зэргийн маневр хийх нислэгүүд хийж байх үед Хьюсоны онгоц арай хоцорч эргэн, нэг л мэдэхэд Фуллерийн онгоцны дор нь орсон байлаа. Харин Фуллер хамт нисэж байсан машин нь хаашаа алга болсныг харах гэж жижигхэн маневр хийх үедээ өндөр алдаж доодох онгоцныхоо яг дээрээс нь унаж таарч. 300 метрийн өндөрт тас нясхийн, доод онгоцны бүхээг тэр чигээр бяц дарагдсан боловч багийн гишүүд амьд мэнд үлдсэн ба мөргөлдсөн онгоцнууд өндрөө алдахаас өмнө амжиж ослын нээлхийгээр Хьюзон, Фрейзер нар (шархтсан) шүхрээр үсэрчээ.

Доод онгоц дээрээ мордож авсан дээд онгоцны хөдөлгүүрүүд ажиллахгүй болсон боловч доод онгоцны хөдөлгүүр хэвийн ажиллаж байсан ба мөргөлдсөн хоёр онгоц юунд ч юм таг гацан нэг онгоц мэт болсон байв. Хэдийгээр дээд онгоцны хөдөлгүүр ажиллахгүй ч удирдлагын бусад систем гэмтээгүй учир наалдсан онгоцнуудыг ямар нэг хэмжээгээр залж болохоор байгааг мэдсэн  Фуллер газарт ослын буулт хийхээр шийдэхэд штурман Синклер нь бушуу түргэн шүхрээр үсэрлээ.

Avro Anson

Одоо хоёр онгоцыг ганцаараа удирдаж яваа Фуллерын хувьд аль болох тэгшхэн талбай олж азаа үзэхээс өөр арга байсангүй. Элдэв систем шалгаж, удирдлага ямар байгааг мэдэх гэж янз бүр болсоор байх хооронд онгоц өндрөө бага багаар алдсаар байсан учир шүхрээр үсрэхэд оройтсон шинжтэй байлаа. Ийм байдлаар 8 км ниссэний дараа Броклсби хэмээх тосгоны ойролцоо тэгшхэн газар байгааг олж ослын буултыг амжилттай хийжээ.

Ингэж давхралдсан хоёр онгоцыг амжилттай буулгасны дараа Фуллер нь орон нутгийн хэмжээнд од болж, хамт ажиллагсдаасаа “хээлтүүлэгч”, “зоотехникч” хоч авсан гэхийг бодоход тэр давхралдсан онгоцны байрлалаас болсон юм байлгүй.

Бас нэг сонирхолтой зүйл нь дээд Энсоныг дараа нь засаж янзлан, шинэ хөдөлгүүр тавин агаарт гаргасан ба Фуллер ч Эзэн хааны нисэх хүчний 37-р эскадрильд бүрэлдэхүүнд орон, газар дундын тэнгисийн орчинд олон удаа байлдааны нислэг үйлдсэн байна.

Тэрээр 1943 оноос Австралид буцан ирж сургагч-нисгэгчээр ажиллаж байгаад 1944 оны хавар авто ослын улмаас нас баржээ. “Дүүжлүүлэх хүн усанд живдэггүй” гэдэг шиг агаарын тэр том ослоос шалбархайгүй бууж ирсэн хүн газар дээр дугуй унаж яваад амь үрэгдсэн нь харамсалтай.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]