Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Цэрэг Райныг бус цэрэг Ватутиныг аварсан нь..."Уншсан32,197

Дараа Озеров "Сталинград" киног Warner Bros-той хамтран хийж байх үедээ генерал Ватутины түүхийг ярьсан бололтой ба хэдэн жилийн дараа Спилберг “Цэрэг Райныг аварсан нь” киногоо хийсэн юм.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.  

Дэлхийн 2-р дайны үеэр төрөн гарсан Зөвлөлтийн гарамгай жанжнуудын нэг, магадгүй тэдгээрийнхээ дотроос  ч ялгаран цойлдог байсан хүн бол Николай Федорович Ватутин билээ. Түүний удирдаж байсан фронт нь хамгийн бага хохиролтойгоор хамгийн их амжилтад хүрдэг байснаас Германы цэрэг офицерууд энэ хүнийг “их мастер” гэж нэрлэдэг байсан гэдэг домог ч бий. Николай Федоровичийн дайтаж байсан түүх нь өөрөө эх орны дайны хамгийн хэцүү цаг үеийн он тооллын бичээс болдог бөгөөд харамсалтайгаар амиа алдсан явдал нь ч бас олон түүхчдийн анхааралд байсаар байгаа билээ.

Гэхдээ энэ удаа генералын амьдралын төгсгөлийн хачин явдлын тухай биш харин нэгэн кинотой холбоотой түүхийн тухай сонирхуулъя.

Стивен Спилберг хэмээх агуу найруулагчийн хийсэн “Saving Private Ryan” буюу “Цэрэг Райныг аварсан нь” хэмээх киног бид сайн мэднэ. Кино урлагийн оргилын нэг болсон энэ бүтээлд айлын дөрвөн хүүхдийн гурав нь дайны явцад үрэг дсэн гэдгийг санаандгүй мэдсэн Америкийн армийн командлал уг айлын амьд үлдсэн ганц хүү болох цэрэг Райныг дайны савраас салгахаар нэгэн тусгай бүлгийг явуулсан тухай гардаг. Энэ кино нь бодит түүхээс сэдэвлэсэн гэдэг нь үнэн юм болов уу?

Энэ тухай олон янзын яриа бий.

Дэлхийн 2-р дайны үед Америкийн тэнгисийн цэргийн USS Juneau хэмээх хөлөг онгоцонд ах дүү таван Салливан алба хааж байгаад 1942 оны 11-р сарын 13-нд япончуудын дайралтын дараа хөлөг онгоц нь сүйрч тавуулаа амиа алдсан гашуун түүх байдаг аж. Тухайн үед Америкт нэг айлын үрсийг бүгдийг цэрэгт татах шаардлага байгаагүй учир тавуулаа амь үрэгдсэн гэсэн түүх нь Спилберг болон түүний багийг уг киног хийх сэдэл, урам зориг өгсөн гэдэг хүмүүс бий.

Бас нэг түүх нь ах дүү Ниланд нарын дайтаж байсан явдал. Нэг гэрийн дөрвөн ах дүүс бүгд дайнд явсны дараа гурав нь амиа алдсаныг мэдсэн армийн удирдлага  үлдсэн ганцыг нь цэргээс тэр даруй халж ээжид нь аваачсан явдал болсон бөгөөд хэсэг хугацааны дараа амиа алдсан гэж байсан нэг ах нь япончуудад олзлогдсон, мэнд үлдсэн нь сүүлд тодорхой болсон байна.

"Цэрэг Райныг аварсан нь" киноны гарал угсаа нь чухам ах дүү Ниланд нарын түүхээс эхтэй гэж түүхчид болон кино урлагийн судлаачид үздэг, ярьж бичдэг билээ.

Харин энэ талаар Зөвлөлтийн (сүүлд Оросын түүхчид) түүхчид өөр юм ярьдаг ба Америкийн зарим судлаачид ч тэднийг дэмждэг юм байна. Тэдний нэг болох Жулия Кэмерон “Үзэх ёстой 50 агуу кино” номдоо “Цэрэг Райныг аварсан нь” түүх бол Зөвлөлтийн нэгэн гэр бүлийн дайтаж явсан түүх, бүр генерал Ватутины гэр бүлийн түүх юм шүү гэж бичсэн байдаг юм.

Генерал Ватутины хувьд ах дүү дөрвүүлээ бөгөөд Афанасий, Семен, Павел, Николай нар бүгд эх орны дайнд оролцож явсан байна. Николайн хувьд бидний мэдэх агуу генерал бол нөгөө хэд нь фронтын жирийн цэргүүд. Генерал Ватутин бүхэл бүтэн фронт командалдаг хүний хувьд өөрийн ах дүү нарын ядаж нэгийг нь ч гэсэн ар талд биш юм гэхэд ямар нэг штабт татан авч болох ч тэгээгүй нь тэдэндээ муудаа биш ердөө л тухайн үед Улаан армид ийм байх ёстой гэсэн зарчим баримталдаг байсантай холбоотой гэнэ. Ингээд дайны явцад Афанасий Ватутин, Семен Ватутин нар фронтын шугамд нөгчсөн ба 1944 онд генерал Николай Ватутин ч утгагүй тохиолдлоор амиа алджээ. Гурван хүүгээ алдсан эх Никита Хрущевт (айхтар том эрх мэдэлтэй болоогүй байсан Хрущевт хандсан нь бас сонин) хандаж үлдсэн хүү Павелийг цэргээс халж өгөхийг гуйсныг тэр даруй биелүүлснээр Павел удалгүй ээж дээрээ, тосгондоо очиж нягтлан бодогчоор олон жил ажилласан гэдэг.

Ватутин, Хрущев нар

Энэ залууг цэргээс халагдахад генерал Ватутины нэр хүнд яах аргагүй нөлөөлсөн байж таарах ба хэрвээ том жанжны ах дүү биш байсан бол ийм юм болохгүй л байсан болов уу. Тухайн үед Улаан армид нэг гэрийнхэн цэрэгт татагдаж, хэд нь амьд мэнд үлдсэн тухай ямар ч мэдээлэл, тооцоо байгаагүй ба энэ их дайнд нэг айлын бүх ах дүүс аавтайгаа цуг ү г ү й болсон түүх хэдэн мянгаараа бий. Тэр ч битгий хэл долоон үртэй айлын зургаа нь дайнд явж үрэг дсэн ч (нэг нь бүр ЗХУ-ын баатар цолоор нэхэн шагнагдсан)  долоо дахь буюу ганц амьд үлдсэнийг нь дайн дууссаны дараа ч цэргээс халалгүй 8-р сар хүртэл алба хаалгаж байсан юм гэдэг. Ёстой л “Аугаа их эх орны дайн” гэж ийм байдаг болов уу.

Генерал Ватутин болон түүний ах дүү нар, амьд үлдсэн Павел Ватутины түүх нь “Цэрэг Райныг аварсан нь” кинотой төстэй төдийгүй бас өөр юмаар ч холбогддог юм байна. Юрий Озеров хэмээх Зөвлөлтийн найруулагчийн “Чөлөөлөлт” хэмээх алдартай киноны зохиолд ах дүү Ватутины эмгэнэлт түүх байсан боловч сүүлчийн шалгуураар хасагджээ.

Генералыг сүүлчийн замд үдэх ёслол

Дараа Озеров "Сталинград" киног Warner Bros-той хамтран хийж байх үедээ генерал Ватутины түүхийг ярьсан бололтой ба хэдэн жилийн дараа Спилберг “Цэрэг Райныг аварсан нь” киногоо хийсэн юм. Энэ кино гарсны дараа Америк дахь орос хэл дээрх хэвлэлүүд нь Спилберг Зөвлөлтийн түүхийг хулгайллаа хэмээн бичиж байсан юм гэнэ лээ. Түүх хулгайлсан тухайд бол Америкт ч, Зөвлөлтөд ч нэг айлын үрс дайны хөлд үрэгдсэн нь зөндөө бөгөөд үүнийг Зөвлөлтийн, Америкийн гэхээс илүү хүн төрөлхтний түүх гэх нь зөв болов уу.  Спилберг л чухам энэ түүхийг бидэнд үлдээсэн билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]