Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Аваргаа нэг монгол хүн эмчлүүлээд гарсан, тэр хүний төлбөр юм байна"Уншсан77,389

Хакухо аваргын тухай нэгэн гайхалтай түүх. Энэ түүхийг Ebe Kh хэмээх нэгэн фэйсбүүк хэрэглэгч бичжээ.

Хакухо аваргын тухай нэгэн гайхалтай түүх. Энэ түүхийг Ebe Kh хэмээх нэгэн фэйсбүүк хэрэглэгч бичжээ. Мөн нийтлэлч Артаньян буюу Долгорын Түмэн-Өлзийн 2020 оны гуравдугаар сард Хакухо аваргын тухай хэрхэн бичиж байсныг та бүхэндээ хүргэж байна.

Ebe KH: Аваргаа нэг Монгол хүн эмчлүүлээд гарсан тэр хүний төлбөр байна гэж байна!

Их аварга гэж арай өөр хүн байдаг..

Сумо бөхийн түүхэн бүх цагийн үеийн хамгийн шилдэг бөх Мөнхбатын Даваажаргал буюу Хакухо дүү зодог тайлж буй тухай хэвлэлүүд бичээд эхэлжээ. Тиймээ, үнэхээр гайхалтай бөх энэ талаар бөх судлаачид нь мэддэг чаддагууд нь бичих биз. Сайхан аварга аавын үргэлжлэл, гайхамшигтай аварга.

Инээд алдаад л, зөөлөн зөөлөн алхаад, гоё сайхан зүйлийг ярихаараа гэгэлзээд нүд нь сэргээд яг л хүүхэд шиг хирнээ дотроо маш их бодож тунгааж төвлөрдөг, хүссэндээ хүрэх гэж зорьж тэмүүлдэг зогсолтгүй эрч хүчний туйл юм даа. Хакухо дүүгээс илүү бяртай тэнхээтэй, мэхтэй шидтэй бөхчүүд байдаг байж мэднэ. Харин их аварга гэдэг энэ үг зөвхөн бяр тэнхээ, мэхний тухай, ялж ялагдахын тухай ойлголт биш харин ур ухаан, сэтгэлийн хувьд бусдаас өөр жинхэнэ ИХ АВАРГА байдаг юм байна даа гэж хажуугаас нь хэд хэдэн тохиолдолд харж билээ.

2019 оны хавар Токиод ажлаар очоод уулзалт юм амжуулаад явж байтал ах гэрээсээ хол хэд хоноод сайхан шөлтэй хоол энэ тэр санаж байгаа биз дээ дэвжээн дээр ирж шөл уугаарай гэх мессэж өглөө аваад үдийн хоолны цагаар очлоо. Бөхчүүдтэй нь хоол идэнгээ Японоор ойлгох биш биеийн хэлэмжээр нь юу ярьж буйг нь таасан шигээ сууж байлаа. Цаана нэг залуу бөх шуудангаар ирсэн захианууд ялгаж суух. Бүгдийг нь нээгээд л уншихыг нь уншаад, цаашаа түгээхийг нь түгээж сууснаа нэгэн захиаг энэ буруу иржээ буцаагаад шууданд хийчих гэж буй болтой.

Гэтэл Хакухо асууж байна. Хаанаас ирсэн захиа байна?

Залуу бөх: Эмнэлгээс нэг төлбөрийн тооцоо иржээ. Нэр ус байхгүй байна. Манайхнаас энэ эмнэлэгт эмчлүүлсэн хүн байхгүй ээ.. / гэнэ /

Хакухо: Эмнэлэг рүү нь залга даа. Монгол хүн байх вий дээ.

Өөр нэгэн туслах болтой залуу эмнэлэг рүү нь залгаснаа. Аваргаа нэг Монгол хүн эмчлүүлээд гарсан тэр хүний төлбөр байна гэж байна. Ямархуу төлбөр байна гэсэн миний мэддэг хэл буюу доллароор 18'000 долларыг иенээр хэлж байна. Хакухо төлбөртэй цаасыг авч 1-2 секунд гартаа барьж сууснаа энэ төлбөрийг миний өмнөөс төлчихөөрэй гээд хоолоо үргэлжлүүлэн идлээ.

Зүгээр л Монгол хүн л бол хэн байх нь хамаагүй би туслах ёстой, дэмжих ёстой гэсэн зарчимтай том сэтгэлтэй, том зүрхтэй жинхэнэ ИХ аварга дүүд энэ хорвоогийн дулаан сайхан бүхнийг ерөөе. Яг л чиний инээмсэглэл шиг, сэтгэл шиг чинь зам мөр, хийх бүхэн нь гэгээн байг ээ..

Түүний бусдад тусалсан түүхийг мэдэх хүмүүс нь бөөгнүүлвэл дуусахгүй урт сайхан түүх бичигдэх бизээ. Хэн нэгний аз жаргалын төлөө түүнийг баярлуулахын төлөө юм хийж сурсан хүн өөрөө инээмсэглэж амьдрах нь баталгаатай гэж би боддог.

"Би азтай хүн, гэхдээ аз гэдэг хөдөлмөрлөсөн хүнд л ирдэг." Хакухо M. Даваажаргал


"Хакухо барилдахдаа нүдээ цавчихгүй юм, миний бүх хөдөлгөөнийг удаашруулсан мэт хараад байна”

Жич, нийтлэлч Артаньян буюу Долгорын Түмэн-Өлзий 2020 оны гуравдугаар сард Хакухо аваргын тухай ийн бичиж байв. Түүнийг бичиж байх үед Хакухо 44 дэхээ түрүүлж байж. Одоогийн байдлаар зодог тайлахдаа Их аварга Хакухо Шо Мөнхбатын Даваажаргал 45 түрүү авсан байна.

Түүнийг эхэндээ тоож байсан хүн цөөхөн дөө. Цайвар хөх мавашитай, өндөр үү гэхээс нимгэхээн цээжтэй. Нялцгайдуу зөөлөн биетэй. Залуус том бөхчүүдтэй өгөө аваатай байх нь байдаг л зүйл. Тэгсгээд бөхдөг нь дэндүү олон. Нялцгай, уян гэдгийн тухайд агуу озэки Точизума “Хакухог түлхээд байхад болж өгдөггүй, хамаг хүч сороод байгаам шиг санагддаг” гэж ярьсан удаатай. Тэр өөрөө чулуу шиг баглайчаад голлож дайрахад нь хэн ч тэсдэггүй л байсан.

Мөнхбат аваргыг тийм хүүтэй гэж хүмүүс мэддэггүй байлаа. Гарч ирснийх нь дараа итгэсэн ч амжилтанд нь итгэж байсан нь бас ховор. Тэр зэргийн араамтай залуус тэгсгээ л гулдайдаг даг. Харин домогт Чиотайкай түүнийг “Тэр барилдахдаа нүдээ цавчихгүй юм. Миний бүхий л хөдөлгөөнийг удаашруулсан мэт хараад байна” гэж хэлж билээ. Тэр өөрөө хүний усан нүд гүйцэхгүй, гараа сэнс шиг эргэлдүүлэн цүппаридаж учраагаа дарж авдаг байлаа л.

Хакухогийн барилдааныг хэдэн үед хуваамаар санагдаад байгаа юм.:

ЭХНИЙ ҮЕ. 2003 оноос 2005 он. Дээд зиндаанд гарч ирээд шуугиулсан. Монгол бөхийн хавыг Аса харуулцан байсан үе. Амьд үлдэх гэж байгаа чоно шиг барилдаантай. Гэтэл дараагйин монгол бөх Хакухо харьцангуй өөр зан төлөвтэй тул итгэл төрсөн нь цөөн. Ихэнх хүн “Заа даа худлаа биз дээ” гж байв. Гэвч удалгүй өөрөө ч зузаарч, үүлэн цэнхэр мавашигаа хэд гурав сольж, Асатай өгөө аваатай ганц бөх болох юм шиг харагддаг болсон. Энэ бол Аса аварга өрсөлдөгчдөө бариа зөрөө, аз эзийн дэнсэн дээр биш арслан гөрөөс барьж байгаам шиг шиддэг байсан үе шүү дээ. Хакухо сүмод мөрөө үлдээхээр зүтгэж байлаа.

ХОЁР ДАХЬ ҮЕ. 2006-2009. Хакухог бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн. Энэ үед түүнд ганц Аса ч гэлтгүй мэр сэр өрсөлдөгчид байсан. Хамаг авхаалж самбаагаа гарган ялан дийлж байв. Аса-г ч илүүрхэх болсон үе. Аавынхаа гялалзан гарч ирсэн ид 22-23 насандаа. Тэр сүмог үнэхээр лут сайн хийж, бах тав болгон барилдаж эхэлсэн.

ГУРАВ ДАХЬ ҮЕ. 2010-2014 он. Аса зодог тайлж, тэрээр цор ганц үнэмлэхүй аварга болов. Өсөхөө Сүхбатад, Сүхбат Пунцагт, Пунцаг Сумьяд гээд нэг тойрч хаялцдаг эв таардгүй барилдаан шиг Хакуход Харумафүжи хамгийн эвгүй өрсөлдөгч болж үлдэв. Анхаарал хором сарнихад л шидүүлнэ. Өмнө нь олон рекорд харагдаастай. Тайхо аваргын сүнс ч хараастай.

ДӨРӨВ ДЭХ ҮЕ. 2015-2017 он. Байж болох бараг бүх рекордыг хусчихав. Бурхан Тайхо ч ард хоцорлоо. Футабаяма аваргыг амьд бөгөөд ид байсан бол дуудаж авчраад үзмээр санагддаг байсан болов уу. Харумафүжи зодог тайлцан. Өрсөлдөгч байхгүй. Учраа бөхийнхөө нүүрний өмнө алга ташиж тоглох маягтай. Холбооноос зэмлээгүй бол бөхчүүдээр Дамдин аварга шиг л жонглёрдох нь.

Залуу үедээ санаа тавьдаг болсон. Өөртэй нь олигтой барилдаагүй Ичиножог олны нүдэн дээр мангасдаж зэмлэв. Бас нэгэн шинэ үзэгдэл гарсан нь даруу төлөв Хакухо дарагдаж ядан байгаа аархалаа хөмхийндөө зууж байгаа харагддаг болсон. Хуучин түүнийг даруу төлөв байхад нь хүмүүс "аав нь аатайсан" гэж гайхаж байхад Чанарав гуай хэлж байв “Аавынх нь аа байгаа байгаа. Харин энэ хүү сүрхий дарах юм”.

Мөн энэ цаг үед түүний амжилтын төлөөх өлсгөлөн зан зөөлөрч, бараг залхаж ч ирсэн болов уу гэж харагддаг. Тэр агуу лагшинг татаж босгодог агуу сэтгэл нь ч уйдаа юмуу, бэртэл авдаггүйгээрээ алдартай аварга башё өнждөг, дундаас нь гардаг ч болов. Хэн ч дийлкү гэж боддог байсан хад чулуу эмтрээд ч байгаам шиг сонин.

ТАВ ДАХЬ ҮЕ. 2018-2020. Өнөөдрийн Хакухо. Бүх боломжийнхоо 60 хувийг л гаргаж байх шиг санагдана. Монгол бөхийн хувьд ид нас. Нэг барилдаандаа бүх хүчээ гаргаж байгаа ч өмнөх шигээ утсаар наадах муужгай шиг арай л биш. Гэсэн ч ялагдал гэдэг түүний хувьд хуучин сүнсний дуудлага хэвээр байна. Үе мултарсан Асаноямаг түүдэг шиг өнхрүүллээ. Өөрөөсөө арван хэд дүү залуусыг шидсээр л байна. Давахдаа өөрөө ч хэд гурав айхтар ч өнхрөх. Сэвхийтэл босч ирэх нь хорьтой залуу шиг л байна. Унах эрдэм давахаас ч хэцүү гэдэгсэн.

Өнөөдөр тэр 44 дэх удаагаа түрүүллээ. Тэр бол сүмогийн, эр хүний, ноён нурууны, тамирчны, философийн ноён оргил. Тавь гэдэг сайхан тэгш тоо түүнийг хүлээж байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]