Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сандлын эффектУншсан1,438

“Энэ одоо Шар хаданд хэвтэж байх хүн ингээд хууль яриад сууж байх юм", "Өөрийгөө бас ... гээд бодчихсон байгаа юм даа, ичмээр юм".

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

“Энэ одоо Шар хаданд хэвтэж байх хүн ингээд хууль яриад сууж байх юм", "Өөрийгөө бас ... гээд бодчихсон байгаа юм даа, ичмээр юм".

...Бидний амьдралд иймэрхүү яриа ямар их гардгийг та нэг анзаарах гээд үзээрэй. Бүр санаанд багтамгүй их байдаг байж ч магадгүй. Хэн нэгнийг муулж зүхэх, дараа нь тэрийгээ батлах гэдэг юм уу өнөөхийнхөө хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үгийг анхааран сонсоно гэж. Бас тэгснээ муулж байсан хүнтэйгээ (улстөрчид, урлагийн одод...) их ойрхон байх боломж гарвал бүр хамтдаа зургаа авахуулах гээд зүтгэх...

Үнэн үү? Ийм юм байдаг уу? Яагаад ийм хачин аашийг бид гаргадаг юм бол оо?

Үүний утга учрыг ямар нэг хэмжээгээр тайлбарлаж өгсөн нэгэн нэвтрүүлгийн тухай одоо сонирхуулъя.

1990-ээд оны үед Европын нэгэн улсын телевизийн суваг ихээхэн хачирхалтай гэмээр шууд нэвтрүүлэг гаргаж эхэлсэн байна. Уг нэвтрүүлэг цаг болгонд гарах ба үргэлжлэх хугацаа ганцхан минут. Гарч байгаа зүйл нь ердөө л нэг сандал. Ямар нэг урлагийн ч юм уу, түүхийн... аливаа нэг сонирхол татах өчүүхэн юмгүй, айл болгонд байж болох энгийн нэг хямдхан сандал. Өөдөөс харан байх, ямар нэг хөдөлгөөнгүй зүгээр л нэг сандал... бүтэн минутын турш.

Үзэгчид гайхаж эхэллээ. “Ийм юм яах гэж гаргадаг байна аа? Хийх юмгүй ...нууд” гээд дургүйцэх хүмүүс ч бий болох нь ойлгомжтой. Удалгүй орон нутгийн ганц нэг хэвлэлд телевизээр гарч байгаа, ганц сандал үзүүлдэг утгагүй нэвтрүүлгийн тухай доог тохуу хийсэн нийтлэл ч гарч. Үзэгчид, телевизийн мэргэжилтнүүд энэ нэвтрүүлгийг дооглон хөхрөлдөн, хорвоо дээрх хамгийн утгагүй нэвтрүүлэг гэх мэтийн нэр хочийг ёстой харамгүй хайрлана.

Гэтэл нэгэн удаагийн ээлжит нэвтрүүлгээр өнөө сандал чинь эгц урагшаа харж биш, жаахан зүүн тийшээ харсан байдалтай харагдаж байна гэнэ. Үүнийг анзаарсан зарим ажигч нөхөд мэдээж асуулт тавьж таараа. “Яах гэж зүүн тийш харуулж тавьсан хэрэг вэ?”

Тэд энэ асуултаа хэнд хандаж тавихаа мэдэхгүй учир өөр хоорондоо ярилцаж, болсон болоогүй таавар гаргаж эхэллээ. Удалгүй зарим нэг нь “Сандал ийм байдалтай байгаа нь эвгүй байна, буцааж хуучин байдлаар нь тавьж гарга” гэх мэтээр шаардах болж.

Ингээд л олон хүнийг хамарсан маргаан дэгдэж эхэлжээ. Хэн ч юу болоод ойлгохгүй, ямар санаатай ийм юм хийгээд байгааг мэдэхгүй хэр нь утга учир багатай таамаг, тэр болгоныг эсэргүүцэж няцаасан өөр нэг таамаг, тэрийг нь буруу гэдгийг харуулсан өөр нэг таамаг, гээд явж өглөө. Дараагийн удаа сандал хаашаа харсан байх бол, ер нь сандал хаашаа харж байх ёстой вэ гэдэг дээр хамгийн их маргаж байсан бөгөөд тэрхүү маргаанд орж байгаа хүмүүсийн идэвх гэж мундаг.

Дараагийн нэвтрүүлгийн үеэр өнөө муу сандлыг чинь бүтэн эргүүлээд буюу буруу харуулаад тавьчихсан байлаа.

"Яаж болдог юм, буруу харуулаад... Яах гэж? Яагаад баруун юм уу, зүүн тийшээ биш арагшаа харуулж байгаа юм..."

Хамаг хүмүүс сандлыг буруу тийш харуулсан тухайд л анхаарлаа хандуулж энэ тухай өөр хоорондоо ярилцан маргах нь хэмжээ хязгаараа алдлаа. Бусад телевизийн сувгуудын нэр алдартай нэвтрүүлгүүд, томоохон хэвлэлүүд ч энэ сандлын тухай маш их ярьдаг, гаргадаг болж, элдэв тоймч, эксперт гэж өөрийгөө нэрлэсэн нөхдүүдийг урьж авчран энэ тухай яриулж өгнө. Өнөө хэд нь ч ёстой бүлтэрч өгч таараа. Үзэгч олон дараагийн удаа сандал хаашаа харсан байх бол гэж таамаглаж эхэлснээр мөрий тавих болж, удалгүй энэ мөрийнд асар их хөрөнгө эргэлдэж эхэлсэн ба сандлын төлөөх фэн-клуб хүртэл байгуулагдсаны дараа үүний эсрэг буюу сандлыг үзэн ядах хөдөлгөөн бий болжээ. Бүх л улс даяар зөвхөн сандал, сандлын тухай ярьсаар... Тэгэсгээд удалгүй сандал ч байхгүй, хорвоогийн хамгийн чухал зүйл болох шахсан сандлын тухай маргаан ч чимээ аниргүй алга болж бүх зүйл таг чиг.

Энэ юу болоод өнгөрвөө?

Хамгийн энгийн, хамгийн утга багатай зүйлийг ч хэвлэл мэдээллийн эргэлдэх тэрхэн орчинд оруулж чадвал, оруулах оруулахдаа хамгийн утгагүй аргаар ч хамаагүй анхаарал татах байдлаар эхлүүлж чадвал тэр нь тэгээд л “од” болдог юм байна. Хамгийн гол нь хэвлэлийн орчинд тодорхой цаг хугацаа, үечлэлтэйгээр шуугиан тарьж, нэр ус нь байнга олны анхааралд байх нь л чухал. Сандал дуулсангүй, бүжсэнгүй, хаанаас ч юм хулгай хийсэн мундаг ухаантай үг хэлэлгүй зөвхөн дороо л эргэлдсээр од болж чадсан биз дээ.

Энэ бүхнээс нэг л юм ойлгогдоод байх шиг.

Энэ сандал нь (эсвэл сандлаар орлуулсан тэр нэг хүн) ухаангүй биш, бас ухаантай сайн нь ч биш. Харин хэн нэгний ухаантай, ухаангүй, авьяас чадалгүйг гайхан суух дуртай бид л өөрсдөө асуудлын учир аж.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]