Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Китти Женовезегийн синдром” буюу “Гэрчийн нөлөө”Уншсан28,764

Аюулд өртөж байгааг нь 38 хүн харсан хэрнээ нэг нь ч туслах гэж ирээгүй, нэг нь ч цагдаа дуудаагүйн улмаас 30 минутын турш алуурчнаас зугатах гэж оролдон тусламж гуйсан бүсгүй амиа алдсан хэрэг Америкт шуугиан тарьж, Нью Йорк сэтгүүлийн нүүр хуудсанд гарч байв.

Аюулд өртөж байгааг нь 38 хүн харсан хэрнээ нэг нь ч туслах гэж ирээгүй, нэг нь ч цагдаа дуудаагүйн байсаар 30 минутын турш алуурчнаас зугтах гэж оролдон тусламж гуйсан бүсгүй эцэст нь амиа алдсан хэрэг Америкт шуугиан тарьж, Нью-Йорк сэтгүүлийн нүүр хуудаст гарч байв.

Энэ хэрэг 1964 оны 3 сарын 13-ны өдөр Нью-Йорк хотын Куинс дүүрэгт гарчээ. Китти Женовэзэ гэх 28 настай, баарны менежер хийдэг бүсгүй ажлаасаа шөнийн 2:30-д тараад Фиат маркийн машинаа унан гэр рүүгээ явжээ. Замдаа гэрлэн дохион дээр ногоон гэрэл асахыг хүлээн зогсох мөчид Уинстон Мосли гэх эр түүнийг хараандаа авсан байна. Бүсгүй 3:15-д гэрийнхээ гадаах зогсоолд, байрныхаа хаалганаас ердөө 30-хан алхмын зайнд машинаа тавиад гэртээ орохоор алхав.

Энэ үед нэгэн эрэгтэй түүнд ойртон ирж буйг анзаарангуутаа бүсгүй зугтахаар оролдож, гарт нь байсан хутгыг цохиж, цагдаа дуудахаар ойролцоох автомат утасны бүхээг рүү гүйжээ. Эрэгтэй түүний араас хөөн очиж нуруу руу нь хоёр цохиход бүсгүй “Бурхан минь, туслаач” гэж орилсон байна.

Энэ үед түүний хөрш айлууд гэрлээ асаасан төдийгүй гудамжинд юу болж байгааг олон хүн анхааралтай сонсож байжээ. Гэрчүүдээс нэг нь “Охиныг ганцааранг нь орхиоч” гэж хашгирахад Уинстон Мосли бушуухан машин руугаа гүйн очоод машинаа асаан явжээ. Бүсгүй нэлээн хүнд гэмтсэн учраас гэрийнхээ хаалга руу удаан гэгч мөлхөхийг гэрчүүд цонхоороо харсаар л байв. 10 орчим минутын дараа машины дуу сонсогдож, нөгөөх эр буцан ирлээ.

Харамсалтай нь хэрэг явдал үүгээр дууссангүй. Цусандаа хутгалдсан бүсгүй гэрийнхээ хаалганд хүрч, онгойлгохоор оролджээ. Энэ үед гэмт хэрэгтэн Уинстон Мосли араас нь дахин ирж явааг харсан байна. Халдагч түүнийг дахин хэд хэдэн удаа шархдуулжээ. “Би үхэж байна, үхэж байна” гэх хашгирааныг хөршүүд нь мөн л сонсож байсан агаад зарим нь бүр цонхоо онгойлгож юу болж буйг нэг бүрчлэн харсан байдаг.

Китти гэр рүүгээ орж, амиа аврахыг оролдож. Тэр үүдний өрөө рүүгээ орж амжсан ч алуурчин гурав дахиа эргэн иржээ. Алуурчин хожим “Би эргэж очсон, учир нь дуусгаж чадаагүйгээ хийхээр шийдсэн юм” гэж мэдүүлсэн байдаг. Нийтдээ 30 минут үргэлжилсэн аймшигт хэргийн үед хөршүүдээс хэн нь ч цагдаа дуудаагүй юм. Алуурчныг явсны дараахан бүсгүйн дотны найз, хамт амьдардаг София Фаррар гэртээ ирснээр дуудлага өгөхөд түргэн тусламж хэдхэн минутын дотор иржээ. Харамсалтай нь эмнэлэгт хүргэгдэж явах замдаа бүсгүй шөнийн 4:15-д амьсгал хураажээ. Хэрвээ хөршүүдээс нь хэн нэг нь халдлага эхлэх үед цагдаа дуудсан бол бүсгүйг аврах боломж байсныг хожим цагдаагийнхан мэдэгдсэн байдаг.

Китти Женовезегийн үхэл “Гэрчийн зан байдлын үзэгдэл”-ийг судлахад томоохон түлхэц өгсөн юм. Өнөөдрийг хүртэл нийгмийн сэтгэл судлаачдын дунд “Китти Женовезегийн синдром” буюу “Гэрчийн нөлөө” гэж нэрлэгдсэн уг үзэгдлийн учир шалтгааны талаархи маргаан үргэжилсээр байна.

Нью-Йоркийн сэтгэл судлалын профессор Стэнли Милгрэм “Энэхүү хэрэг нь хүний оршин ахуйн суурь асуудлыг хөндөж байна. Хэрэв бидэнд тусламж хэрэгтэй болсон үед ойр орчмын хайнга хүмүүс аврахаар оролдох уу эсвэл үхэл рүү тэр чигт нь илгээх болов уу?” хэмээн асуусан байдаг. Дашрамд дурдахад уг хэргийн талаар баримтат болон уран сайхны кино, тууж, роман, судалгаа шинжилгээний олон бүтээл гарч байсан юм.

Хохирогч Китти Женовэзэ гэгч хэн байв?

Тэрээр 1936 онд Итали-америк гаралтай гэр бүлийн ууган охин болон мэндэлжээ. Дөрвөн дүүтэй, багаасаа каталик шашинтай охидын сургуульд сурч, хүмүүжсэн байна. Бааранд ажиллаж мөнгө хурааж байгаад итали ресторан нээх мөрөөдөлтэй байжээ.

Алуурчин Уинстон Мосли гэгч хэн бэ?

29 настай хар ажилчин Уинстон Мосли аллагынхаа дараа 7 хоног сул чөлөөтэй явж байгаад баривчлагджээ. Тэрээр урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй бөгөөд эхнэр хоёр хүүхдийн хамт хэргийн газраас холгүй амьдардаг, афро-америк гаралтай нэгэн байжээ. Байцаалтад тэр хийсэн хэргээ шууд хүлээсэн бөгөөд гурван сарын дараа шүүх хурал явагдаж, 1964 оны 6 сарын 11-нд цаазаар авах ял оноожээ.

Гэвч шүүх цаазаар авал ялыг бүх насаар нь хорих ялаар сольсон. Түүнийг шоронд хоригдож байх хугацаанд хэрэгт нарийвчилсан мөрдөн байцаалт явуулж, Китти түүний 3 дахь золиос байсныг илрүүлжээ.

Жилийн дараа Мосли шоронгоос оргохоор оролджээ. Тэр хамгаалагч руу халдаж, бууг нь булаагаад 5 иргэнийг барьцаанд авчээ. Эцэст нь Холбооны мөрдөх товчооны ажилтанд бууж өгчээ. Тухайн үед Мосли Нью-Йорк мужид байрлах “Грейт Мидоу” шоронд ял эдэлж байсан бөгөөд түүний хугацаанаас өмнө суллагдах бүх хүсэлтэд шүүх татгалзаж байжээ.

Гэрчүүд яагаад цагдаа дуудаагүй вэ?

Бүх зүйл өнгөрсөн хойно буюу алуурчныг бүрмөсөн явсны дараа хэн нэг нь цагдаа дууджээ. Цагдаа дуудлага авангуут хоёр минутын дараа хэргийн газар хүрэлцэн ирсэн гэдэг. Цагдаа руу залгасан хүн эхлээд найзтай утсаар зөвлөлдсөний дараа залгах эсэхээ шийдсэн аж. Найзын зөвөлгөөг дагахын тулд хашир гэрч хөрш айлынхаа хаалга тогшоод, дуудлага өгөхийг хүссэн байна. Тэрээр хожим хэрэгт орооцолдохыг хүсээгүй тул ийм алхам хийсэн гэдгээ тайлбарлажээ. Энэ бүхнээс яагаад гэмгүй бүсгүйн амийг хороох хэрэг нүдэн дээр нь болж байхад хэн нь ч цагдаа дуудаагүй вэ гэдэг асуултыг нийгмээрээ тавьж байв.

Хэрэг явдлын дараа олон судлаач шинжээчид гэрчүүдийн “эс үйлдэл”-ийг тайлбарлахыг оролдсон байна. Тэдгээрийн дотор гэрчийн зан байдлыг судлах чиглэлээр мэргэшсэн Бибб Латане, Жон Дарли нар нилээн нухацтай судалгаа хийж эхэлжээ.

Тэд “Олон нийтийн гэнэн байдал” гэх ойлголтоор дамжуулан асуудлыг тайлбарлахыг зорьжээ. Энэ нь “Хүмүүс тодорхой бус нөхцөлд яах эсэхээ шийдэхийн тулд орчин тойрныхныгоо юуны өмнө хардаг” гэдэг санаанд үндэслэдэг. Дурдагдсан жишээний хувьд гэрчүүд бусад оршин суугчдаас ямар нэг дохио заавар ирэхийг хүлээж байсан ч ямар нэг үйлдэл хийхэд чиглэсэн юу ч олж хараагүй байна. Өөрөөр хэлбэл, хэн нь ч бусдаасаа тусламж үзүүлэх хэрэгтэй гэсэн сануулга аваагүй нь нөхцөл байдлыг онцгой явдал биш гэж үзэхэд хүргэжээ.

Латане, Дарли нарын санал болгосон дараагийн тайлбар нь гэрчүүдийн тоотой холбоотой байв. Тэд бусад хүмүүс байгаа нь шийдвэр гаргах явцад нөлөөлсөн гэж үзжээ. Хэрэв ямар нэг онцгой нөхцөл байдалд буй олон хүмүүсийн дунд хариуцлага нь сарниж, үр дагаварт нь хүн бүр хэрэг явдлын төлөө хариуцлага хүлээхгүй болохоо мэдэрдэг. Киттигийн аллагын гэрчүүд нөхцөл байдлыг өөрөөс нь бусад олон хүн ажиглаж буйг мэдэж байсан бөгөөд хүн бүр өөрийн оногдох хариуцлагаа бусад даалгасан гэсэн үг. Нэг үгээр, хүн бүр бусад хөршүүдээс нь хэн нэгэн цагдаа дуудна гэж найдаж байв.

Үнэхээр нэг гэрч Кошкин цагдаа руу залгах гэхэд нь эхнэр нь үл зөвшөөрч, түүнгүйгээр аль хэдийнэ гучаас илүү дуудлага очсон гэж нөхрийгөө ятгасан гэдэг. Гэрчүүд ямар ч тохиолдолд хохирогчийг аврахаар хүн ирэхгүй бол энэ нь тэдний буруу биш гэж тэд тооцсон бөгөөд “намайг буруутгах хэрэггүй, бусад нь бас зүгээр суугаагүй гэж үү” гэх асуулт эргүүлэн тавих боломжтой болно гэсэн үг.

Латане, Дарли нар “гэрчийн нөлөө” гэж нэрийн дор цуврал туршилт явуулжээ. Туршилтын үр дүнд олуулаа байгаа хүмүүс нүдэн дээр нь өрнөж буй ноцтой гэхээр хэрэг явдалд хайхрамжгүй хандах, өөр бусдад найдах явдал тун түгээмэл байдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хүн бусад хүмүүсийн дунд байхдаа юу хийх ёстойгоо ойлгохын тулд орчин тойрноо харж анзаарч байдаг байна. Хэрэв өөр бусад нь тайван байвал тэр ойр тойронд нь ямар нэг хүндрэл, асуудал байхгүй юм байна хэмээн тайвширдаг ажээ.

Китти Женовезегийн хэрэг явдалтай маргаан үүгээр зогссонгүй. Гэмт хэргийн гэрчүүд тусламж эрэн орилох хохирогчийг яаж үл тоож чадаж байна вэ? Яагаад тэдний олонх нь өөрсдийн ярилцлагадаа юу ч хийгээгүй болохоо жишим ч үгүй ярихад хүрэв? зэрэг асуултууд урган гарсаар л байсан юм. 1985 онд Шотленд өгүүлэлдээ “20 жилийн судалгааны үр дүнд гэрчийн нөлөө гэх үзэгдэл анагаах, гэмт хэргийн зэрэг бүхий л онцгой нөхцөл байдлын үед илэрч байдаг” хэмээн бичжээ.

Хэрэв та Киттигийн оронд байсан бол өөрийгөө аврахын тулд юу хийх хэрэгтэй бэ?

“Женовезегийн синдром”-ыг тал бүрээс нь судалсны үндсэн дээр хэн нэгэнд яаралтай тусламж хэрэг болсон үед дагаж мөрдөх энгийн хэдэн дүрмийг боловсруулсан байна. Нэн тэргүүнд хүмүүст тэдний харж буй нөхцөл байдал үнэхээр онц аюултай бөгөөд тэдний тусламж чухал хэрэгтэй гэдгийг ойлгуулахыг хичээ. Бусдад халдлага өртлөө гэдгээ маш тодорхой ойлгуулахуйц, хоёрдмол утга агуулаагүй байдлаар илэрхийлэх ёстой. Хариуцлага сарнихаас сэргийлж, тодорхой нэг хүн сонгон тусламж гуйн хандвал зохино. Жишээ нь, “туслаарай” гэх хийсвэр үгнээс илүү “Хөөе саарал хүрэмтэй хүн нааш ирээч, энд аюул болж байна, надад таны тусламж хэрэгтэй байна. Яаралтай цагдаа дуудаач” гэх нь илүү тодорхой сонсогдоно. Энэ нь хэн нэгнийг хариуцлагаа ухамсарлахад хүргэхээс гадна бусад хүмүүст ч асуудал үүссэнийг мэдрүүлж чадна. Нэг үүгээр таны туслалцаа дарагдах бус, хүмүүсийн сэтгэл зүй таны эсрэг биш харин таны төлөө ажиллуулахын тулд бүхнийг хий.

Харамсалтай нь Киттигийн түүх цорын ганц тохиолдол биш юм. Жил бүр уг явдлыг давтсан гунигт үйл явдал нэг бус болдог байна. 2003 онд Шведийн гадаад хэргийн сайд Анна Линд дүүрэн хүнтэй их дэлгүүрт аллагад өртсөн юм. Ойр тойронд байсан хэдэн арван хүнээс хэн нь ч түүнд туслахаар ирээгүй гэдэг.

Гэмт хэрэгтэн Мосли өөрийн хэрэгтээ гэмшиж буйгаа мэдэгдэж, суллагдахыг хүссэн өргөдлөө удаа дараа өгсөн шүүхээс татгалзсан хариу авсаар 2016 онд 81 настайдаа шорондоо нас барсан байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]