Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Өвөөгийнхөө өргөсөн 500 кг жинтэй чулууг би л өргөсөн"Уншсан20,076

Эрдэнэ-Очир арслан, том Санжаа заан эд нар 1950 оны, би 1960 оны цэрэг. 1960 онд хилийн буюу дотоодын цэргийн 05-р ангид татагдан очоод, тэнд Эрдэнэ-Очир бид хоёр танилцаж нөхөлөсөн.

-Таны бөхийн удам нутаг орондоо бяр чадлаараа гайхагдсан өвөөгөөс тань эхтэй гэдэг байх аа?

-Миний нагац эцэг Далай Чойнхор вангийн хошуу, одоогоор бол Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат Өсөхөө гэж хүн байсан юм. Даншиг наадамд барилддаг, гарьд, тулгат гэдэг цолтой байсан гэдэг. Их бяртай, шаварт сууж үхсэн бухыг өргөж автобусны хоёр буудал хэртэй газар аваачиж хаяад, галуун хүзүүт гэж том ваартай архи авч ууж байсан гэж нутгийнхан ярьдаг. Тэгээд л бух Өсөхөө нэртэй болсон юм билээ. Ээж маань ч гэсэн үнээ саалгахгүй байгаа бухыг хүзүүг нь мушгиж унаган, тушаагаар дөрлөчихдөг бас их бяртай хүн байлаа. Харин би тэдэн шигээ том биетэй биш л дээ. Ид барилдаж байхдаа 178см өндөртэй, 98,99кг жинтэй л байсан.

-Таныг  “азарга” Лхагваа гэдэг байхаа. Тэр нэрний учир бас бяр чадалтай холбоотой юу. Өвөөгийнхөө өргөсөн чулууг өргөсөн гэдэг?

-Би С.Цэрэн аваргатай үерхдэг, бид их дотно найзууд байсан юм. Заалны барилдаанд гурван ч удаа С.Цэрэн аварга намайг аваад бүгдэд нь харцагадаж дайрах мэхэнд маань унасан юм. Тэгээд аварга тэрийгээ  “Лхагваад  азаргадуулчихлаа” гэдэг байсан нь сүүлдээ хоч болсон хэрэг. Одоо ч залуучууд дуулаад мэдчихсэн юмуу, Чулуун начин эд нар “Азаргаа” гэж байдаг юм. Завхан аймгийн Их-Уул сумын Их-Өлд гэдэг газар, Солонготын даваа уруудаад км хүрэхгүй газар миний өвөг эцгийн өргөж тавьсан 500 орчим кг чулуу байдаг юм. Тэр чулууг би 18 настай, цэрэгт явахынхаа өмнө өргөх гээд хөндийрүүлж ч чадаагүй. Сүүлд нь начин болчихоод 24 настай нутагтаа иртэл миний ах Жүгдэрнамжил “Чи одоо бяр ороо байлгүй” гэж ам асуугаад мотоцикльтой очиж надаар өргүүлсэн юм. Гурвалжин үзүүртэй чулуу байдаг юм, тэрнийг үзүүрээр нь газар хатгаж байгаад барьцтай талаар нь өргөөд 200 м өгсүүр газар яваад, дор нь гурван чулуу ивж тавьсан. Надад өргөх эв нь таарсан юмуу. Нутгаас төрсөн начингууд очиж өргөдөг ч өвдөгнөөс өөд гаргаагүй гэдэг юм билээ. Үнэн худлыг нь мэдэхгүй. Манай Их-Уул сумаас улс хувьсгалын наадмын жилүүдэд төрсөн нэг заан, долоон начин байдаг юм. Нэг сумаас ийм их улсын цолтой бөх төрнө гэдэг ховор л доо. Улс хувьсгалын Дүвчинжав, Яндаг, Гомбо, Батбаяр, Бат-Амгалан гэж начингууд бий. Би дөрөв дэх начин, энэ жил Бадамдорж начин боллоо.

-Шинэ начин болоод нутагтаа очиход нутаг орныхон тань яаж хүлээж авч байсан бэ?

-Бидний үед одоогийнх шиг сүйд болж байсангүй, начин боллоо гээд баяр хүргэдэг л байсан. Гомбо, Батбаяр, Бат-Амгалан бид дөрвийн алдрыг тэмдэглэнэ гээд 5 жил болж байна. Энэ жил начин болсон Бадамдоржид нутгийн зөвлөл хоёр өрөө байр, жийп машин өгсөн гэнэ лээ. Яахав хуучин юм нь ул, шинэ юм нь зул болсон шиг байна. Бид дөрвийг аймаг, сум нь ч тоодоггүй юм.

-Бөх болох гараа тань цэргийн ангиас эхэлсэн гэдэг билүү?

-Эрдэнэ-Очир арслан, том Санжаа заан эд нар 1950 оны, би 1960 оны цэрэг. 1960 онд хилийн буюу дотоодын цэргийн 05-р ангид татагдан очоод, тэнд Эрдэнэ-Очир бид хоёр танилцаж нөхөрлөсөн. С.Цэрэн аварга, Зундуй заан, Санжаа, Одсүрэн харцага бид хэд үерхдэг байлаа. Намайг дөнгөж барилдаж эхэлж байхад Жанц, Сосорбарам, Чойжилсүрэн, Баянмөнх, Хайдав нар бүгд цолгүй залуу бөхчүүд бие биетэйгээ ноцолддог байв шүү дээ. Баянмөнхийг багшийн их сургуульд сурч байхад би засгаас таван ханатай гэр авч, одоо энэ Баянгол зочид буудлын тэр хавьд юмуу даа, тэр үеийн авто техникийн газрын ажилчдын байр гэж том хашаанд барьж өгсөн юм. Тэнд Баянмөнх ээж Хорлоо гуайтай цуг байдаг байсан. Тэнд Дагвасүрэн арслан, Хайдав арслан, Баянмөнх аварга, Дашдаваа начин бид хэд барилдаад, шалаа унагачихаар нь гэрээ буулгалгүй өргөж тавьж шалаа янзалчихаад буцаагаад тавьчихдаг байж билээ.

-Нэгэн үеийн аварга, арслангуудтай хэр ана мана үзэлцдэг байв. Ялангуяа Эрдэнэ-Очир арслан та хоёр зүү орох зайгүй нөхөд гэдэг?

-Бид бие биендээ их аархаж, ам гарна. Заалны барилдаанд би хоёр, гурван удаа хоёрын даваанд уначихсан чинь Эрдэнэ-Очир намайг “Чи заалны барилдаанд хоёр давж чадахгүй юмаа, гурав давбал чинь би авах байсан юм” гээд шар хөдөлгөөд байдаг. Тэгэхээр нь шарандаа хоёр давчихаад Эрдэнэ-Очирыг “Одоо намайг ав”  гэж шалсаар амлуулаад дүүгүүрдэж байгаад тавихдаа ганцхан цохиод унагачихсан. Бүр сүүлд нь Эрдэнэ-Очир “Чамд уначихаад босож чадахгүй байсан. Халхын наадамд би Одсүрэн та хоёроос өөр хүнд тэгтэл чанга унаж байгаагүй” гэж билээ. Бид хоёр 50 гаруй жил үерхсэн. Олон жил нөхөрлөхөөр үг хэлэхгүй байсан ч биесээ хараад л юу гэж хэлэхийг нь мэддэг. Эрдэнэ-Очирын аав улсын арслан Х.Өлзийсайхан Эрдэнэ-Очир бид хоёрт барилдааны арга техник зааж өгдөг хүн байсан.

-Төрийн наадамдаа тав давж, улсын цол хүртсэн барилдаанаа эргэн дурсвал?

-1961 оны наадмын урьд өдөр бие муудаад барилдаж чадаагүй юм. 1962 онд дөрөв давчихаад байтал тэр үед начин байсан Жанц арслан, Дагвасүрэн арслан, Баттогтох бид дөрвийг амлах хүн байдаггүй. Бид бүгд цолгүй байсан л даа. Тэгээд тунаж барилдаад би Жанцад унасан юм. 1963 онд Өвөрхангайн Сугар начнаар дөрөв даваад, тавд Батсуурь аваргад унасан. 1964 онд ноёны бөх улсын начин Жигмэддоржоор дөрөв, Б.Түвдэндорж аваргаар начин болоод, зургаагийн даваанд Д.Дамдин аваргад унасан юм. Базарваань тэр үед энэ аваргуудыг хүн барихын аргагүй амьтад байлаа шүү дээ. Б.Түвдэндорж, Д.Дамдин, Чойжилсүрэн гээд аварга, арслангууд ид барилдаж байсан тэр үед над мэт нь тэдний хаагуур нь ч гарч улсын цол авах аргагүй байлаа. 1965 онд тавд Жанц арсланд, 1966 онд дөрөвт Өвгөнхүү харцагад унасан. 1967 онд тавын даваанд Сосорбарам арсланг давж начин цолоо батлаад, зургаад Ж.Мөнхбат аваргад унасан юм. Би улсын наадамд найман удаа 4 давж, гурван удаа 3 давж, хоёр удаа начин цолоо баталсан. Ер нь ч тэр үед заан төрдөггүй байлаа шүү дээ. Цэрэн аварга, Мөнхбат, Баянмөнх, Дэмүүл, Жанц арсланд их унадаг байсан. Тэр дотроо Жанцад би гурван удаа унасан юм даг. Сүүлд анализ хийж үзэхэд Жанц удаан хөдөлгөөнтэй, том биетэй, харин би түргэн барилдаантай. Тэгээд би яарч хөдлөөд уначихдаг байсан байх.

-Хэнтэй хийсэн барилдаан хамгийн сургамж, дурсамж болон үлдсэн бэ?

-Бөхчүүд бүгд миний багш. Харилцан бие биенээсээ юм сурах хэрэгтэй. Бадамсэрээжид, Бээжин аварга хоёр надад гардаж үндэсний бөхийн мэх заасан хүмүүс. Түвдэндорж, Батсуурь аварга нар гараа дэвээ заасан. Хүн ер нь чанга унаж байж сургамж авдаг юм. Соёлын төв өргөөнд болсон шинэ жилийн барилдаанд би гурвын даваанд Чойжилсүрэн арсланд унасан юм. Арсланг барьцгүй цохиход нь миний хөл тайзанд тулах шахам дээш хөөрөөд, дал сээрээрээ хүчтэй унаж билээ. Босоод явах гэсэн чинь хаалга олдоггүй/инээв/. Ингэж чанга унахаараа дахиад тэр мэхэндээ унадаггүй юм.

-Ямар бөхөд хамгийн их амлагдаж, ямар бөхийг олон удаа авсан бэ?

-Ид байхад намайг битгий аваарай гээд гуйгаад байдаг хүмүүс хоёроос дээш давахаа байж муудахаар намайг аваарай гээд шалаад байдаг юм. Тэгэж арав, таван цаасаар зовлогоо худалдаад яахав. Яахав энд хүн, хүний сонирхол байдаг юм шиг байгаа юм. Зарим нь нутгийн сайн бөхийг дэмжье гэж байхад зарим нь тав, арван цаасаар даваа өгчих санаатай байх шиг. Би ид барилдаж байхдаа аль сайн барилдаж байгаа бөхийг л амладаг байлаа. Галдандагва начин, Одсүрэн харцага, Шижээ начин, Артаг начныг дөрөв давчихаад байхад нь тавын даваанд амлаж чанарыг нь үздэг байлаа. Жанчивравдан, задгай шар Лхагвадорж, Сэлэнгийн Батсүх, Хэнтийн Гансүх гээд олон бөхийг начны даваанд амлаж, чадалтай бол намайг дав гэдэг байсан. Гэхдээ би хүнийг нэг л удаа авдагаас дээрэлхэж олон амалдаггүй. Хүнийг муугаас нь биш сайнаас нь авахаар унасан ч, давсан ч сайхан байдаг юм. Сайн бөхөд авахуулаад барилдах бүр ч сайхан. Зарим хүмүүс хоттой хониноос мууг нь авч байгаа юм шиг ам авдаг. Ер нь барилдаж байгаа хүн шатрын нүүдэл хийж байгаа юм шиг тооцоо маш их хэрэгтэй.

-Одооны бөхчүүдийн барилдааныг таны үеийнхтэй харьцуулахад?

-Бидний үеийг бодвол одоогийн бөхчүүд бэлтгэл их хийдэг болж, техник нь ч их сайжирч. Бид чинь хагас, бүтэн сайнд л хэдхэн хоног бэлтгэл хийгээд наадамд зодоглодог байлаа. Тэр үед Монгол үндэсний барилдаан ном ёсоороо, цэврээрээ байсан. Одоо бол барилдаан эрлийз болж дээ. Жудо, самбо, чөлөөтийн мэх хийж байна.

-Удам залгаж барилдаж байгаа хүүхэд байгаа юу?

-Би таван банди, гурван охинтой. Бүгд л их дээд сургууль төгсөөд өөр өөрийн ажлаа хийгээд явж байна. Хамгийн том нь Дэмидбаатар байгаа юм. Уг нь өөрөө барилдах сонирхолтой ч би “Чи барилдаад яахав, урлагийн хүн урлагаа хөө” гээд болиулсан. Доороосоо хоёр дахь нь жудо самбогоор барилдчихдаг, улсын наадамд хоёр гурван даваатай л хүү. Даанч мөрөө гэмтээчихсэн. Тэгэхээр нь “Чи бяраараа авч чадахгүй, надад бусадтай адил их мөнгө байхгүй учраас худалдаж авч өгч чадахгүй” гээд барилдуулахгүй байгаа. Бага хүү маань ах нараасаа илүү том биетэй, бяртай ч би алуулна гээд өөрөө барилдахгүй болохоор нь дургүй хүнд дарж сахил хүртээгээд яахав. Харин ач зээ нараа горьдож л сууна. Гал дээр гарсан зээ маань улсын наадмаар гурвын даваанд цол дуудаж байхад төрсөн юм. Тэрийгээ юу болдог бол гэж боддог юм. Бага охин маань ЦЕГ-т боловсон хүчин хийдэг, эр байсан бол ёстой бяртай байх байсан. Ер нь охид маань жинхэнэ барилдах хүмүүс байгаа юм.

-Жүжигчин Дэмидбаатарыг улсын наадамд зодоглож байсан гэж сонсогддог?

-Уг нь өөрөө их дуртай л даа. Кёкүшюзан Батбаяр, улсын начин Дэлгэрдалай эд нартай хүүхэд байхдаа бэлтгэл хийдэг байсан юм. Би улсын наадмын нэг, хоёрын давааг гэртээ үзчихээд, гурвын давааг цэнгэлдэхэд, ирж үздэг. Тэгээд хөгшинтэйгөө бөх үзэж байтал миний зодог шуудаг, гутлыг өмсчихсөн залуу яваад байх юм. Гайхаад хөгшнөөсөө миний зодог шуудгийг хэн авсан юм бэ гэсэн чинь “Мэдэхгүй, надаас л хэн ч гуйж аваагүй шүү дээ” гэдэг. Тэгээд гайхаад сууж байтал гурвын давааны цол дуудсан чинь Өвгөнхүү харцага Лхагваагийн Дэмидбаатарыг амлалаа гэж байна. Тэгсэн намайг дургүйцээд байдаг болохоор надад хэлэхгүй ээжээсээ зодог шуудаг аваад явсан байсан. Би ч “за энэ ч тарагны савнаасаа салах нь дээ” гэсэн чинь ээж нь “яах гэж хүүгээ тэгж байдаг юм” гээд их дуртай байна. Тэр СУИС-д оюутан байсан үе нь л дээ. Урлагийн хүн боовон чихтэй, мойног гартай байвал муухай. Чаддаг чаддагаа хийсэн нь дээр шүү дээ. Уг нь бага хоёр дүү нь ахаасаа том биетэй, бяртай. Гэхдээ та нар хүнд уначихаж чадахгүй, хаячих бяргүй байж амьтан чилээж яахнав гэдэг юм. Би ер нь барилдахдаа хүүхдээ дагуулж явдаггүй байсан. Би хүүхдийнхээ царааг нь нэг муу юм мэдээд байгаа юм. Тийм болохоор барилдаад хэрэггүй гэдэг. Гэхдээ Дэмидбаатар эд нар сумын наадамд үзүүр түрүү булаалдаад, сумандаа бол данга л даа.

-Та үнэхээр уран цэцэн яриатай юм. Магадгүй хүүгийн тань авьяас танаас өвлөгдсөн болов уу?

-Дэмидбаатар намайг дагаж хөдөө хамт явдаг байсан. Замдаа уртын, ардын дуу зааж өгдөг байлаа. Би өөрөө онигоо ярьдаг, бөхчүүдээ инээлгэж шуугиулж явдаг байсан. Тэрнийг Дэмидбаатар дууриасан юмуу. Ер нь манай ээж их хошин яриатай, зүйр цэцэн үгээр ярьдаг, их хэлэмгий хүн байсан юм. Тэгэхээр нь энэ тал дээр бас удам байдаг байх. Одоо хүү маань СУИС-д багшилж байгаа. Чингис хаан кинонд тоглож байгаад ирсэн, одоо өвлийн зураг авалт нь явагдаж байгаа гэсэн.

-Бөхчүүдийн дунд болсон хөгжилтэй явдлыг дурсахгүй юу?

-Хөгжилтэй зүйл алийг тэр гэхэв. Бээжин аварга, Эрдэнэ-Очир арслан, Одсүрэн харцага бид дөрөв Хөвсгөлд барилдахаар явлаа. Орой бүрийн болсон хойно Эгүүрийн САА-н улаан буланд тайзан дээр нь барилддаг юм байна. Би гурав давчихаад таахай Рагчаа гэж 1 м 40-50 см орчим намхан нөхрийг авлаа. Тэгсэн чинь Одсүрэн, баригдахгүй, мах идэх юмыг яах гэж амладаг байна аа гэж байна. Барьж авах гэтэл зугтаад араас нь хөөсөөр байгаад тайзны арын хаалгаар тэр чигтээ гадаа гарчихаж билээ. Тэгээд барьсан чигт нь өргөж оруулж ирээд хаясан юм. Тэрийг одоо болтол ярьж намайг шоолдог юм. Барилдаан дуусаад Бээжин аварга дүүгийндээ, Эрдэнэ-Очир, Одсүрэн хоёр нэг айлд, би буудалдаа ганцаараа хоносон. Өглөө нь Бээжин аваргынд очоод байж байтал нөгөө хоёр ирлээ. Тэгтэл гаднаас хоёр хүн ороод ирсэн чинь Эрдэнэ-Очир "Сайн байна уу" гээд мэндэлсэн чинь нөгөө хоёр хүн нь дуугардаггүй, харин Одсүрэн хөхрөөд уначихлаа. Гэтэл Эрдэнэ-Очир хоносон айлынхаа хүнийг танихгүй дахиад мэндэлчихсэн байсан.

-Тэтгэвэртээ гараад хөдөө суурьшив уу? Хужирбуланд хэд дэх жилээ өвөлжиж байна вэ?

-ЗЦГ-т 28 жил ажиллаж тэтгэврээ тогтоолгочихоод, ЦЕГ-ын холбоонд 14 жил, нийт улсад 42 жил ажилласан. Тэтгэвэр гайгүй гэхдээ нэмэгдэхийн хэрээр юмны үнэ өсөөд байх юм даа. Төрийн буянаар болж л байна. Жил бүр нутагтаа очиж, хүүхдүүд маань аав, ээжийнхээ нутгаар авч явдаг юм. Өнгөрсөн жилээс хотын утаанаас дайжаад Гачууртад гарсан. Ойрхон болохоор зуны цагт хүүхдүүд очсон ч амар юм. Эрдэнэ-Очир манай хоёрынх айл хөрш. Манайхан гэр бүлийн найзууд. Үхэр малтай байхаар дөрвөн хөгшнийг дээрэлхээд хулгай авчихна, тахиа тэжээхээр муур барьчихна. Дөрвүүлээ тэтгэврээрээ сүү, таргаа худалдаад авчихдаг. Хүүхдүүд гурил, будаа авчраад өгчихнө. Эрдэнэ-Очир бид хоёр хааяа хотод орж ирэн томоохон барилдаан үзчихнэ. Наадмаар хоёулаа эрт ирээд нэгийн давааны өмнө тугандаа мөргөчихөөд гурвын даваанаас ирж үздэг юм.

Д.Энхтуяа

Эх сурвалж: Тодмагнай

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]