Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"... Жанжны тушаалаар болдоггүй юм аа. Чадал хүчээрээ болдог юм"Уншсан20,475

Буянт Ухаагийн дэнж тоосорч байна даа. Хотод ирсэн чинь бие баригдаад, хөлс урсаад нэг л биш. Улсын цолтой томчуулын дэргэд зодгоо өвөртөө хийж, дэвжээ баахан тойров.

Нэгэн цагт монгол бөхийн дэвжээг чимж, хүч бяр, арга мэхээрээ олон аавын хөвгүүд, хүчит бөхчүүдийг өвдөг шороодуулж, алдар цуугаа дуудуулж явсан Улсын арслан "Дэрэн бор" хэмээх С.Самданжигмэд, "Хужаа" хэмээх Ө.Чүлтэмсүрэн нарын ховор нандин ярилцлагын хэсгээс та бүхэндээ товчлон хүргэж байна.


“Дэрэнбор" хэмээх алдарт арслан С.Самданжигмэд гуайтай яруу найрагч, зохиолч Дамбын Төрбат ийн хөөрөлдсөн нь

 

...Буянт Ухаагийн дэнж тоосорч байна даа. Хотод ирсэн чинь бие баригдаад, хөлс урсаад нэг л биш. Улсын цолтой томчуулын дэргэд зодгоо өвөртөө хийж, дэвжээ баахан тойров. Сайхан наадам үзээд харьдаг ч юм билүү гэж бодож явсан шүү. Халширч буй хэрэг л дээ. Гэтэл над шиг биетэй хоёр жижигхэн бөх сайхан давлаа.

Нэг нь Архангайн "хэрээ" Дэмбээ, нөгөө нь Хөвсгөлийн "хужаа" Чүлтэмсүрэн хоёр байсан юм. Өөрийгөө чамлаж явсан би зориг орлоо. Нэрээ бичүүлчихээд л чагнаад байлаа. Гэтэл нэгийн давааны шувтарга хэрд дуудаж байна шүү. Өмнөговийн онгорхой Гэндэнпил гэдэг ламтай таардаг юм байна. Том ч гэж жигтэйхэн, бяр ч гэж лут даа...

-Хатуу учраа таарч дээ?

-Сайн бөх. Гэтэл манай Арвайхээрийн Банди арслан "нохой" Гомбод "...Чи энийг засаад гар. Нэг давуулаадах" гэлээ. Би гайхаж л зогсов. Гэтэл "нохой" Гомбо гуай малгай авахдаа "Битгий дэвж шаваад, годгоноод байгаарай хө. Хоёр ханцуйгаа шамлаад л тойрч гүйгээд бай" гэдэг юм байна. Гэндэнпил гэж уул шиг эр юм аа. Би ч Гомбо гуайн хэлснээр ханцуй шамлаад л тойрч гүйгээд байлаа. Гэндэнпил гуай намайг даган тойрч тойрч, толгой нь эргэв бололтой, хөдөлгөөн нь удаашираад ирэхэд нь л гүйчихсэн...

-Та тэр наадамд хэд давсан бэ дээ. Начин болж чадсан уу?

-Ишш... хүү минь. Начин гэдэг чинь амар юм биш. Хатуу боорцог. Хоёр, гурвын давааг сайн мэдэхгүй юм.. Дөрвийн даваанд "овгор" Лувсандорж заан намайг авчихаж. Буур Жамъян аваргаас зузаан том, лагс хүн шүү дээ. Тэр халхын бөхчүүл дунд байгаа нь, олон цагаан тэмээн дунд том хар буур орчихсан юм шиг л бараатай эр юм. Хүүхэд багачуул, хөгшин залуугүй л дагаж хуйлардаг байсан даа. Айх шиг л боллоо. Банди арслан дээр гүйн хүрч "Өнөө том заан чинь намайг авчихаж" гэлээ. Гэтэл Банди арслан "Чи том хүнтэй барилдахгүй гэж ирсэн юм уу? Айгаад байвал буц. Унаа олж өгье" гэлээ.

Чингэхэд нь баахан гомдож гарахын үед "Тэр чинь Шадавтүндэвийн хаалганаас том байх шүү" гэж араас хэлсэн юм. Тэр үедээ ч ухаарсангүй л дээ. Хожим бодвол "гүй" гэсэн далд үг байж л дээ.

-Засуул чинь юу гэж байх юм бэ?

-Миний засуул "За, цаадах чинь чамайг элээ шиг шүүрээд авна. Урьтаж л гүйдэг юм шүү" гэсэн. Би ч гүйсэн дээ. Гэтэл алга ташиж, хашгиралдаж үзэгчид сүйд болов. "Наадах чинь хэн гэдэг хүн бэ" гэлцэхэд манай засуул "Арвайхээрийн арван наймт гэдэг юм" гэж билээ. Улсын цолноос өмнө авсан цол минь юм даа /инээв/. Дараа нь "нисэхийн" Сүрэнжав заанд гүйх гэж байгаад "гүйлгэж" унасан даа.

-Та хэзээ улсын цол авсан бэ?

-Олон удаа дөрөв давсан даа. Тавын даваанд л зургаан жил "бүдэрсэн". Дандаа л тунасан. Архангайн "жонго" Даваасүрэнтэй гурав тунаж, гурав унасан юм. Тэгэхэд би цэрэгт байлаа л даа. Гэтэл Лхагвасүрэн жанжин "Дэрэнбор чи, Даваасүрэнг тушаад өгсөн ч дийлэхгүй нь..." гээд Г.Цоодол заанд Даваасүрэнг "амла" гэж тушаасан юм. Самбуу арсланд "Чи Дэрэнборыг авч, начин болго" гэж бас тушаасан. Би цэрэгтээ хайртай жанжиндаа баярласан хэдий ч "тушаалын начин" хэмээн шоолуузай гэж бодсон нь бий. Гэвч дотроо горьдолгүй яахав. Гэтэл Самбуу намайг амлаж аваад хаячихдаг юм байна. "Үгүй чи чинь яав аа. Чамтай барилдсан бол ч өгөө аваатай байх шүү" гэтэл Самбуу "... Жанжны тушаалаар болдоггүй юм аа. Чадал хүчээрээ болдог юм" гээд дэвээд явчихдаг байгаа. Үнэн үг л дээ.

-Дараа жил нь даагаа нэхнэ дээ?

-24 жилийн ойгоор юм даа. Өвөрхангайн Жанцандорж начинтай тунаж, /ер нь одоо энэ жижиг Сүхбат шиг байнга тунадаг байж дээ. Одоо түүнийг л би их тоож хардаг хүн. Нэг гэм нь халаа, суйлаа байхгүй юм. Тонгороо сурмаар санагдаад байгаа юм/ начин цол авч байлаа даа.

-Бөхийн урлаг гэж байна аа даа?

-Байхаар барах уу? Бөхийн урлаг гараа дэвээндээ байдаг юм гэж би боддог. Дээр үед намайг анх хот орж ирэхэд их гоё байж. Цолоо дуудуулсан том том бөхчүүл шаваа хийх нь даллаад ч байгаа юм шиг, буцлаад ч байгаа юм шиг сүртэй харагддаг байж билээ. Би саяхан нийгэмлэг дээр очиж одооны бөхчүүлд шаваа заасан л даа. Зурагтаар харж суувал зарим нь оромдож л байна лээ.

-Дээр үеийн бөхчүүдийн гараа сайхан биз?

-Яриа юу байхав. Банди арслан, "мээтэн" Аюур гээд л томчуул байж дээ. Цол дагаж бяр нэмдэг гэж үнэн шүү. Харин хойтон жилийн наадмаар нь одтой сайхан барилдсан даа. Тэр жил эхний даваанд улсын цолтой хөгшчүүл өвөдөг шороодож, баахан залуучууд /Түвдэндоржийн үе юм даа/ түрж гарч ирсэн юм. Тэгэхэд шинэхэн начин би л гэхэд тавын даваа хүртэл амлаж байлаа шүү дээ. Зургаагийн даваанаас хойш харин тунасан юм. Тэр жил 1024 бөх барилдаж, шөвгийн наймд үлддэг юм байна. "Хужаа" Чүлтэмсүрэн намайг амлалаа. Барьцгүй харваж давсан даа. Их шөвгийн даваанд Түвдэндорж аваргын ид аманд очсон. Чингэж арслан цол хүртсэн юм.

-Та улсын наадамд 12 удаа шөвгөрч, 4 удаа дөрөвт үлдэж, хоёр удаа арслангийн болзол хангасан хүн. Гадаадад явж барилдсан анхны бөх гэсэн. Тэр түүхээ сонирхуулна байгаа?

-Монгол бөх анх хил алхсан нь бараг тэр дэг ээ. Юуны ч билээ 10 жилийн ойгоор нь Өвөрмонголд Бадамсэрээжид бид хоёр очив оо. Тэгэхэд би 41-тэй байж дээ. Аймгийн алдар цолтой 20 бөхтэй шатарчилж барилдсан юм. Улаанхүү гэдэг хүн намайг дөрвөн хөллүүлсэн. Тэднийх гараараа газар тулав хэмээн. унасанд тооцдог юм билээ. Чингэж би гуравт орж, Бадамсэрээжид түрүүлсэн дээ. Ингээд цаашаа явж Хөх хотноо улсын алдар цолтой 8 бөхтэй шатарчилж барилдсан юм. Би тэнд түрүүлж, Адъяа Бадамсэрээжид хоёр удаалсан... Тэгэхэд Өвөрмонгол "хүчтэн" гэж цол олгосон явдал бий.

-Таныг нэлээд харьсан хойноо улсын наадамд үзүүрт үлдсэн гэж дуулсан юм?

-1956 онд 41-тэй байхдаа дархан аварга Дамдинтай үлдэж үзүүр түрүү булаацалдсан юм. Дамдин тэгэхэд 23-24-тэй л байсан байх. Нэлээд удаан ноцолдсон шүү.

-Залуу бөхчүүдэд өвгөн арслан юу захидаг вэ?

-Бие биедээ бууж өгөх аз хийморьт их муу шүү гэж хэлдэг дээ. Хуучны бөхчүүл ярих нь "Бууж өгсөн бөхийн эр удамд байтугай нутаг оронд нь бөх төрдөггүй" гэлцдэг юм. Үнэн биз!


Нэгэн цагт монгол бөхийн дэвжээг чимж явсан хүчтэнүүдийн нэг "Хужаа" хэмээх Ө.Чүлтэмсүрэн арслантай Төв аймгийн Баянчандмань сумын дунд сургуулийн захирал Д.Дорждамба тэртээ 1970-аад оны үед ийнхүү хөөрөлджээ

 

-Арслан та барилдаж явсан үеэсээ ярьж өгөхгүй юу?

-Хүнд яриад байхаар гойд сайн барилдаж байсан биш дээ. Монголын 26 онд /1936 онд/ цэргийн наадамд нутгаасаа ирж Сэлэнгийн Данигай заанаар 5 даваад Мөнгөнморьтын Чимэд арсланд унасан. Улсын наадамд анх эхэлж барилдсан минь энэ гээд улс, хувьсгалын ойн их баяр наадмуудад хэрхэн барилдаж байсныгаа ингэж ярьсан билээ.

 -Би 1936 оноос улсын наадамд 6 жил дараалан 5 давсан билээ. 1937 онд Архангайн Лувсанжамц арсланд 1938 онд мөн аймгийн Төрбат арсланд, 1939 онд Түвдэндоржид, 1940 онд Авзагын Наваан заанд зургаагийн даваанд унасан юм. Сайчуулд ингэж нухлагдаж явсны минь хэрэг бүтэж 1942 оны улсын баяр наадамд Завханы нахиу Санжсүрэн арсланг орхиж түрүүлсэн билээ. Намайг цэрэгт байх тэр жил цаг төр тайвангүй, дайны үе байсан сан. Маршал Чойбалсан намайг түрүүлэхэд их талархаж, "Улсын хүч нь цэрэгтээ Цэргийн хүч нь сахилгатаа байдаг. Чи сайн бөх болох хүү байна" гээд нутагт минь 2 сарын чөлөөгөөр явуулж байсан нь санаанаас ер гардаггүй юм.

-Таныг бөх болоход юу их тус болсон гэж та санадаг вэ?

-Барилдаж сурахад сайн засуул их юм сургадаг. Намайг ид л барилдаж байх үед Дорги шандас гэдэг засуул манай нутагт байсан. Тэр надад их юм сургасан хүн дээ. Тэр хүн өрж байхад гар атгах, нүд цавчихыг цээрлэдэг сайн талаа хүний өмнө тавьж яв гэдэгсэн. Одоогоор бол дасгалжуулагч юм биз дээ.

-Та ер нь голдуу ямар мэхэнд барилддаг байв?

-Би бяртай бөх байгаагүй юм. Гэхдээ нударга сайтай хүн намайг нударгалж унагахаас биш, хэр тааруу хүн над мэх хийдэггүй байлаа. Би ер нь наадамд барилдаж байгаа бөхчүүдийг бүр барилдаж эхлэхээс нь аваад хийдэг мэх, ялимгүй сул талыг нь ч хүртэл ажиглан мэдэхийг хичээж, ингэснээрээ хэнтэй барилдвал ямар мэх хийж болохыг урьдчилан өөртөө тогтоож авдаг байсан.

Барилдахаар өрөхдөө би цаад бөхийнхөө чухам тэндээс нь барьж авна гэж бодсон тал руугаа биш, нөгөө тал руу нь анхаарч байгаа дүр үзүүлэн эсрэг бөхөө төөрөлдүүлж байгаад жинхэнэ бариад авахдаа анхныхаа төлөвлөснийг хийж хаядаг байсан. Хүний мэхийг мэхээр хариулахыг их хичээх хэрэгтэй.

Мэхийг хариулах олон арга байдаг. Өөрийнхөө хийж явсан мэхний тухай ярихад суйлхсан хүнийг зайлж гуядах, тонгорсон хүнийг хөших, дэгээдсэнийг дэгээтэй хөлөөр нь хавирах гээд л хариу мэх алиныг тэр гэх вэ? Гүйдэг хүнийг сөрөхөөс өөр аргагүй юм шиг санагддаг, ухарсан хүн заавал ойчдог юм.

 

Баруун гар талаас: Ө.Чүлтэмсүрэн арслан, Гулзгай хэмээх Дамчаа арслан, Их Монгол хэмээх Х.Шаравжамц аварга, Маршал Х.Чойбалсан, Буур хэмээх Н. Жамъян аварга, Сэцэн ханы Буянтогтох аварга

Өмсдөг хүнийг бол өмсөх гэхтэй нь зэрэг өвдгийг нь тулаад авах хэрэгтэй. Цэрвүү барьцтай хүнийг гарыг нь дороос нь жаахан өргөвөл л хүч нь саараад ирдэг. Улсад анхны жил намайг начин болгодог Сэлэнгийн Данигай арслан бол мөр алгадаж, гударч дайрдаг хүн байсан.

Тэр мэхээрээ мөр түлхээд дайрахад нь би гарыг нь дээш алгадчихсан чинь мөрөн дээгүүр даваад ирэхээр нь сугараад хаячихаж байсан. Бас өлгөх гэж сайхан мэх бий. Би нэг үе баруун, солгойгүй өлгөдөг, зайлж тонгордог, лав цэрвүү алинаар нь ч барилддаг байлаа. Мэхийг хүнээс өрсөж хийвэл даамай болдог.

Тэгээд ер нь цаад хүнийхээ муу талыг л урьдаас сайтар судалж мэдсэн байх нь чухал. Үүний хүчээр л би хэдэн жил бузгай барилдсан юм. нэг үе унасан, хаясан 2-ыг ялгаагүйд бодож явлаа. Тийм хүнтэй тэгж барилдаад уначихлаа гэх юм байдаггүй, яагаад ч юм уначихсан л байдаг байв.

-Та сэтгэлдээ үлдсэн содон барилдаанаасаа заримыг хэлж өгнө үү?

-Юугаа ч сэдэлгүй уначих, унадгийн даваан дээр хаячихдаг явдал бишгүй л тохиолдож байсан. Тэр болгоныг санахгүй байна. Нэг зун Завханы Товууч заан гэдэг сайхан залуу улсын наадамд ирсэн сэн. Хүч чадал ихтэй биерхүү тэр заанаас бөхчүүд жаахан хулгас хийгээд л байв. Дөрвийн даваанд билүү дээ, бид хоёр таардаг байна. Товууч намайг барьж авангуут хоёр суганаас хавчиж өргөөд толгой дээрээ гаргаад ирлээ. Би ч хий дэмий толгойноос нь зуурчихаад л байв. наадамчид тал талаас арагш нь хая, одоо гүйцээ гээд л шуугилдлаа. Нөгөө бөх маань намайг хаях эвээ сайн олохгүй сууж, босож, үзэж өргөж байснаа суунгуут толгой дээгүүрээ ар тийш нь давуулаад хаяж орхисон нь би уналгүй ард нь гараараа тулж тогтохдоо ээтэн гутлынхаа хоншоороор эрүүнээс нь өлгөөд арагш нь суулгачихаж байсан юм. Тун түргэн хугацаанд болсон хэрэг шүү.

Тийм богино хугацаанд миний ийм мэх санасан нь барагтай хэрэг. Харин азаар, гутлын маань хошуу л тэгж таарсан байлгүй гэж одоо боддог юм. би хүнийг ер нь дарлаж /хүчээр давамгайлж/ унагаж байгаагүй. Энэ мэтчилэн самбаа хүнд хэрэгтэй гэж байгаагаас биш, би өөрийгеө тийм сүрхий байсан гэж байгаа юм биш шүү.

Барилдаад цаад бөхийгөө давамгайлаад ирэхэд нь одоо би дийлэхээсээ өнгөрлөө гэж бодож болохгүй, унаж унатлаа юм санаж хийх хэрэгтэй. Архангайн Найдандорж начин төв аймгийн наадамд намайг өмсөж дээр гаргаж ирээд яг тавьдаг дээр нь би ачаад унагачихаж байсан. Өөрөө мэх хийхгүй юм уу, цаад хүнийхээ хийсэнд хариу өгөхгүй байснаас л хүн уначихдаг юм. ,

-Та улсын наадамд түрүүлснээсээ хойших жилүүдэд хэр зэрэг амжилттай барилдаж байв?

-Түрүүлснээсээ хойш 1944, 1946, 1948, 1949 онуудад дөрөвт үлдэж, улс хувьсгалын 29 жилийн ойгоор Чимэд-Очиртой үлдээд үзүүрлэсэн. Хэдэн жил өнжөөд хамгийн сүүлд 1958 онд 6 даваад Чойжилсүрэн арсланд унасан. Түүнээс хойш барилдаагүй.    Энэ тоглоомыг /барилдааныг/ би арай л эрт орхисон юм.

-Та өөрийнхөө үеийн уран барилдаантай сайн бөхчүүдээс нэрлэнэ үү?

-Мөнгөнморьтын Чимэд арслан, Завханы урт гарт Лхагваа хоёрыг би тэр үедээ сайн бөхчүүд байсан гэж санадаг. Лхагваа арслан гэж өлгөх, суйлах, тонгорох олон мэхийг угсруулан хийдэг, бяр тэнхээ ихтэй үнэхээр сайн бөх дөө. Барилдаж байхыг нь харахад бахадмаар байдагсан. Түүний дараахан Түвдэндорж аварга олонд их алдаршжээ. Чимэд-Очир аварга бяр мэх тэгшхэн барилдаан сайтай бөх байгаа юм. Манайхны "Дэрэн бор" гэж нэрлэдэг Самданжигмэд арслан бас л давхар давхар олон мэх хийдэг сайн бөхийн нэг дээ.

-Түвдэндорж аваргатай та олон удаа барилдсан уу?

-Би Түвдэндоржтой 6 барилдаж, гурав орхисон юм. Жирийн барилдаанд унагачихдаг байсан мөртөө улсын наадамд хоёр удаа ойчсон юм даа. Хаях учиргүй юман дээрээ л хаяад байсан хэрэг.

-Таныг яагаад "хужаа" гэх болсон юм бэ?

-Би угийн хуржгар шар царайтай болохоор эцэг минь намайг "хужий" гэдэг байсан. Тэр нь явсаар сүүлдээ "хужаа" болчихдог байгаа. Харин би яах аргагүй монгол газрын монгол хүүхэд шүү.

-Одоогийн бөхчүүдээс та хэнийг нь онцолж үзэх вэ?

-Аварга Дамдин, Мөнхбат, Баянмөнх нар аргагүй л сайн улс. Тэр дундаа Дамдин нь бүр гаргуун сайн бөх. Энэ хоёр /Мөнхбат, Баянмөнх/ гарч ирээгүй бол Дамдин нэг хэсэгтээ дийлдэхгүй байх улс. Ер нь одооны бөх, ясны бөх гэж байдаг гэж хууччуул хэлдэг. Манай Дамдин аварга бол ёстой ясны бөх байгаа юм.

“Бөх” сонин, "Домогт бөхчүүдийн омогт барилдаан" номоос

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]