Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Францын сүйрэлУншсан3,950

Ингээд германчууд Арденнд Ахений район болон Мозель голын хэсэгт Вермахтын 45 дивиз (7 нь моторчилсон, 3 нь танкийн)-ийг татав.

Нийтлэлч Л.Мөнх-Одын Францын уналт - Шар ажиллагаа нийтлэлийн үргэлжлэл


Францыг эзлэх Вермахтын гол цохилтыг Бельги, Нидерландын нутгаас хийх “Шар ажиллагаа”-ны анхны төлөвлөгөөнөөс татгалзах саналыг армийн ”А” бүлгийн штабын дарга генерал Эрих Манштейн гаргав. Тэрээр Гитлертэй ер уулзаж чадахгүй л байлаа. Генералуудад зориулсан нэгэн хүлээн авалт дээр тэр өөрийн санаагаа Фюрерт танилцуулсан юм. Арденны ойг танкаар гатлан Седан хотыг эзлэн цааш Ла Маншийн хоолой хүрч Англи, Францын цэргийг хоёр хувааснаар Бельгийн нутагт төвлөрсөн холбоотны үндсэн хүчийг бүслэх төлөвлөгөөгөө тэр энэ үед илтгэжээ. Хойд жигүүр бол зөвхөн анхаарал татах маневр болох ёстой байлаа. Тэд Холбоотны үндсэн хүчийг барьж байх ёстой байв.

Эрих Манштейн

Францын эсрэг Германы 89 дивиз байрлалаа эзэлж 47 дивиз нөөцөд байлаа. Холбоотны командлал дөрөв хоног үхэх сэхэхээ үзэн тулалдсаны дараа ч гэсэн Германы армийн гол хүч Бельги, Нидерландын хил дээр хуралдаж байна гэдэгт Холбоотнууд итгэсээр байсан юм.

Гальдер 5 сарын 17-ны  өдрийн тэмдэглэлдээ “Фюрер аймшигтай ихээр уурлаж байна, тэр баярлахын зэрэгцээ энэ боломжоо эцсээ хүртэл хадгална гэхээс айж байна” гэжээ. Удалгүй Гитлерийн 11-р тушаал гарч “Дайсан одоо болтол манай гол цохилт хаана хийгдэж байгааг ойлгоогүй нь давшилтын явцад нотлогдож байна. Дайсан ихэнх хүчээ Белгийн нутаг Намюр-Антверпений шугамд хуралдуулж армийн А бүлгийн өмнөх хэсгийг хайхрахгүй шахам байгаа тул...” хэмээн дурджээ.

Франц Гальдер

Ингээд германчууд Арденнд Ахений район болон Мозель голын хэсэгт Вермахтын 45 дивиз (7 нь моторчилсон, 3 нь танкийн)-ийг татав. Тэд Арденны  орчим Холбоотны фронтыг сэтлэн Маас голыг явдал дундаа гатлан 1940 оны 5 дугаар сарын 20-нд Сомма голын бэлчир дэх Абвиль хотыг эзэлж, Ла Маншийн хоолой хүрсэнээр Холбоотны армийг ядах юмгүй хоёр хэсэгт хувааж орхив.

Улам бүр дотогш хумигдаж буй германчуудын үхлийн атгалтыг сулруулахын тулд британичууд Аррас хотын дэргэд улангассан сөрөг дайралт хийсэн ч бүтэлгүйтэн ухрав. Ингээд Холбоотнууд 338 мянган хүнтэй цэргийн бүлэглэлээ яаралтай Дюнкерк рүү ухраахаас өөр сонголтгүй болов.

Харин энэ үед Германы танкийн бүлэг Дюнкеркээс 20-хон километрт байрлаж байсан нь Холбоотны армийн аймшигт ялагдлыг бататгаж байв.

5 сарын 24-нд Гудерианы танкийн бүлэг байлдааны бэлэн байдалд шилжиж Бетюн, Гравиль, Ланы заагт шинэ давшилтын тушаал хүлээж байх зуур Рунштедтийн армийн "А" бүлгийн командлагчийн штаб байрлаж байсан Шарлевиллд нэгэн шуурхай зөвлөлгөөн болжээ.

 

ЗОГС ТУШААЛ

Энд Гитлер генерал Йодлийг дагуулж ирсэн байна. Энэ зөвлөлгөөн дээр армийн “А”бүлгийн командлалаас танкийн цэргээр Дюнкеркийн чигт давшихаас ихэд болгоомжилсон санал гаргажээ. Танкийн хүч нь нөөцөө болон шатахуунаа татаж авахад хугацаа шаардлагатай байв. Бага орон зайд маш их хүч хуралдуулсан давуу хүчний эсрэг явган цэргийн дэмжлэг муутай танкийн цохилтын ангиудыг явуулах нь Францыг бүрэн хэмжээнд ялах төлөвлөгөөг унагах, бүх зүйлийг эсрэгээр эргүүлэх аюултай дагуулж байлаа.

Зөвлөгөөний үр дүнд Гитлер танкийн армиудыг дараа дараагийн операцид зайлшгүй хадгалах шаардлагатай байгаа болон механикжсан нэгтгэлүүдийг Бетюн, Гравиль, Ланы заагт барьж байх саналыг дэмжив. 5 дугаар сарын 24-нд танкийн бүлгүүдийг эзэлсэн байрлалаа хамгаалах “ЗОГС” тушаал гарлаа. Энэ тухай танкийн дайны эцэг генерал Гудериан “Бид гайхан алмайрч юу ч хэлж чадахгүй болсон” гэж дурсан ярьжээ. 5 дугаар сарын 24-нд 60 орчим км зайтай байсан Холбоотны цэрэг 25-ны орой гэхэд Дюнкеркд орж ирсэн юм.

Рунштедт, Йодль, Кейтель нар танкийн давшилтыг зогсоохыг хүсч байсан бол Гудериан, Браухич, Гальдер зэрэг генералууд Дюнкерк рүү давшилтыг үргэлжлүүлж Холбоотны армийг бүрэн нугаслахыг шаардаж байлаа. Хэрэг явдал бүр хурцдаж генерал Гальдер дайснууд хуралдсан сүүлчийн боомт Дюнкеркийг эзлэн авах зайлшгүй шаардлагатай тухай фюрерт тайлбарлахыг оролдож түүнээс хэчнээн гуйгаад ч нэмэр эс олов.

Ширүүн маргалдсаны эцэст Гитлер хатуу тушаасан ба өөрийн энэ тушаалын биелэлтийг хангахын тулд фронт руу өөрийн хувийн офицеруудыг илгээх болно гэж нэмж хэлсэн юм. Энэ үед Холбоотны цэргийн байдал маш эгзэгтэй байв. Гэхдээ бүр ч найдваргүй болчихоогүй байсан. Гүн цөмөрсөн Германы танкийн нударга Францын армийн хамгаалалтыг хоёр хэсэг болгосон ба энэ ялагдлыг бас ялалт болгон хувиргаж болох байв.

5 сарын 21-нд Францын армийн захирагч генерал Вейган нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэх нэгэн тушаалд гарын үсэг зурсан байв. Энэ бол Ла Маншийн хоолой руу цөмрөн орж ирсэн Германы танкуудыг хоёр талаас нь сөрөг цохилтоор бут ниргэж дараа нь хоорондоо 50-90 км тасарсан өөрийн цэргийн бүлэглэлүүдийг хооронд нь нэгтгэх төлөвлөгөөг гүйцэтгэх тушаал. Хэрэв энэ ажиллагаа амжилттай болсон бол Францыг бут ниргэх боломжгүй болох байсан бөгөөд Гудерианы танкийн цөмрөлт бүтэлгүйтлээр төгсөх байв. Маш чухал энэ төлөвлөгөөг хэлэлцэх уулзалтад Английн талаас генерал Горт болон Английн нисэх хүчнийг командалж байсан офицерууд ирээгүй байна.

5 сарын 25-нд Камбрегийн чиглэлд генерал Горт Британийн 5 болон 50 дугаар дивизийг захиран францчуудтай хамтран давших тушаалтай байсан хэдий ч тодорхойгүй шалтгаанаар Вейганы төлөвлөгөөнөөс татгалзсан байдаг. Ингээд Францын цэрэг дангаараа сөрөг давшилтад оров. Фронтыг тогтворжуулах сүүлчийн оролдлого нуран уналаа.

 

ДЮНКЕРК

Танкийн давшилт зогсож, Германы нисэх хүчин цохилтын халааг авлаа.

"Бид тэднийг Дюнкеркийн эрэг дээр зүйл дуусгах болно” гэж Германы нисэх хүчний рейхсмаршал Геринг Гитлерт амлаж байв. Онгоцноос бөмбөг биш эхний удаа ухуулах хуудас унаж эхлэв. Хуудаст англи, франц хэл дээр "Холбоотны цэргүүд ээ! Газрын зургаас хараарай. Та нарын жинхэнэ бодит байдлыг харуулж байна. Танай цэргүүд бүхэлдээ бүслэгдсэн, тулалдахаа боль! Зэвсгээ хаяцгаа"”гэсэн байв.

1940 оны 5-р сарын 28-нд Леопольд III хааны удирдлага дор Лис гол дээр тулалдаж байсан Бельгийн арми бууж өгөв. Энэ нь Их Британийн хамгаалалтын шугамд 32 км орчим онгорхой орон зай гаргаж орхилоо. Английн аялан байлдах корпусын захирагч генерал Горт яаралтайгаар бельгичүүдийн нөхөж байсан орон зайг дүүргэхийн тулд 3, 4, 50-р дивизүүдийг фронтын шугам руу татав.

Лорд Горт

Энэ үед Германы генерал Эрвин Роммел Лилл хотын ойролцоо Францын нэгдүгээр армийн таван дивизийг бүсэлж эхлэв. Францын генерал Молини Лилийн дэргэд алхам ч ухрагүйгээр дөрвөн өдөр баатарлаг тулалдаж 100,000 орчим Холбоотны цэргийг Дюнкерк рүү ухрах боломжийг бүрдүүлж өгчээ. Эр зоригт франц хөвгүүдийг бурхан ивээг. Холбоотны цэргүүдийн цөхрөлтгүй эсэргүүцэл, ялангуяа Францын 12 дугаар моторжуулсан явган дивизийн эсэргүүцэл Вермахтын цохилтын бүлгүүдийн тамирыг барж эхлэв.

Бүх л зэвсэг, хоол хүнсээ барсны эцэст эдгээр дивизийн үлдэгдэл 35,000 орчим цэрэг олзлогдсон бөгөөд бүгдээрээ францчууд байв. Эдгээр хүмүүс эцсийн мөч хүртэл нүүлгэн шилжүүлэлтийг хааж байжээ.

5 дугаар сарын 26-нд Гитлер панзер танкийн нэгтгэлүүдийг урагш давшихыг нь зөвшөөрсөн боловч алдагдсан энэ хоёр хоногийн хугацаанд Холбоотнууд хориглолтын шугамууд байгуулж эхэлсэн тул германчуудын давшилтыг няцааж чадсан юм.

Францын армийн тэргүүн генерал Максим Вейган "Манай нөхцөл байдал бараг найдваргүй болчихоод байна. Хэрэв үйл явдлууд дэндүү ширүүн биш өрнөх юм бол, хэрэв би Дюнкеркээс мултарч чадсан Францын армийн анги хэсгүүдийг жагсаалд буцаан оруулж амжих юм бол, хэрэв би тэднийг зэвсэглэж амжих юм бол, хэрэв англичууд өөрийн нисэх хүчний ихээхэн хүчийг тив дээрх энэ тулаанд оруулахыг зөвшөөрөх юм бол тэр үед л бидэнд бага ч атугай боломж үлдэж байна" гэж Шарль Де Гольд ярьж байжээ

Дюнкеркээс цэрэг гаргах ажиллагааг хамгаалсан агаарын хаалтад Английн талаас 32 сөнөөгч хорооны 400 гаруй сөнөөгч онгоц оролцож байв. Тэдэн дунд нэлээд хуучирсан Харрикейн, Блейнхэйм мөн алдарт Спитфайр цөөнгүй байжээ. Эдгээр сөнөөгч нар байлдааны 2000 гаруй нислэг үйлдсэн бөгөөд өөдөөс нь Германы сөнөөгч бөмбөгдөгч нийлсэн 1000 гаруй онгоц тулж байжээ. Германчууд бараг 4000 гаруй нислэг үйлдсэн гэдэг.

Люфтваффе нэг удаагийн бөмбөгдөлтдөө 20-40 онгоц зэрэг оролцуулдаг байсан ба энэхүү хаах тулалдаанд хоёр талаас 300 гаруй онгоц сөнөсөн байна. 200 гаруй нь Англи, Францын онгоц байсан бол 100 гаруй нь Германы онгоц байжээ.

ДИНАМО ажиллагаа

5 дугаар сарын 27-ноос 6-р сарын 4-ний хооронд 338,226 цэрэг түүний дотор 139,997 Франц, Польш, Бельгийн цэргүүд, цөөн тооны Голланд цэргүүд ачсан 861 усан онгоц Дюнкеркээс хөдөлсөн боловч германчууд 243 онгоцыг бөмбөгдөн живүүлжээ.

5 дугаар сарын 28-наас Люфтваффе Дюнкерк хотыг хүчтэй бөмбөгдөж эхлэв. Усны хангамж тасарсан тул гарсан галыг унтраах ч боломжгүй болов. 550 сөнөөгч онгоцоор халхлуулсан 300 бөмбөгдөгч оролцож, арван хоёр удаагийн агаарын дайралтад 15,000 тэсрэх бөмбөг, 30,000 шатаах бөмбөг хаяжээ.

Энэ үед Холбоотнууд нүүлгэн шилжүүлэлтийг 3 замаар хийж байв. Хамгийн богино нь Z чиглэл буюу Францын армийн цэргүүдийг бүслэлтээс гарган Францын нөгөө эрэгт буулгаж байв. Тэд онгоцноос буугаад шууд л фронтын шугам руу алхаж байлаа.

6 дугаар сарын 4 гэхэд Германы арми Дюкеркийг эзэлж, Холбоотны цэргүүдийн бүх нөөцийг олзлон  авчээ. Холбоотнууд Дюнкеркийн эрэг дээр асар их техник үлдээсэн байв. Тодруулбал, танк эсэргүүцэгч 850 орчим их буу, 11.000 пулемёт, 700 орчим танк, 20,000 мотоцикль, 45,000 суудлын болон тээврийн ачааны машин үүнд орно.

Эдгээр алдагдал Их Британийн армид хүнд туссан нь ойлгомжтой.

1940 оны 6 дугаар сарын 10-нд Итали улс Франц болон Их Британид дайн зарлаж, улмаар Альпийн нуруугаар өөрийн армийг Францын эсрэг хөдөлгөв. Муссолини Ливи, Корсикийг Францаас нэхжээ. Италичуудын дайралт 150 мянган хүн бүхий Францын Альпийн дивизтэй тулгармагцаа л зогссон юм. Гитлерийн толгойд Францыг богино хугацаанд ялж Англитай энхийн гэрээ байгуулах ганцхан бодол эргэлдэж байжээ.

Фронтын төв болон хойд хэсгүүд дээрх цэргийн амжилтуудын дараа Францын хувь заяа шийдэгдсэн юм. 6 дугаар сарын 14-нд  Вермахтын 6-р арми (хожим Сталинградад бүрэн сүйрсэн) Парист орж 6 сарын 22-нд Франц улс бууж өглөө.

Дайн ердөө 6 долоо хоног л үргэлжилсэн юм. Энэ явдлаас яг 22 жилийн тэртээ Компьений ойд тусгай галт тэрэгний вагонд Холбоотны цэргийн командлагч маршал Фош, Кайзерийн Германы Дэлхийн 1 дүгээр дайнд бууж өгсөн актыг хүлээн авч байжээ. Түүнийг тэр хэвээр нь музей болгосон юм. Үүнээс гадна Францын ялалтад зориулсан "Энд 1918.11.11-нд Германы эзэнт гүрний гэмт хэрэгтнүүд чөлөөт ард түмнийг боолчлохоор санаархан халдан довтолж ялагдан бут цохигдсон юм" гэсэн үг бүхий гантиг чулуун самбар босгосон байв. Яг энд Гитлер тэргүүтэй ялсан баатрууд морилон чулуун самбар дахь бичээсийг уншина. Яг 22 жилийн дараа тэрээр Францын маршалын сууж байсан зөөлөн сандал дээр тухлан суулаа.

Францын талаас үг дуугүй бууж өгөх актад гарын үсэг зурахаар Генерал Хунсижер Германд ирлээ. Гитлер Францын армийг хүнд зэвсэглэхгүй байхыг тулган шаардсан ба цөөн тооны хууль дүрэм сахиулах хэмжээний л цэрэгтэй байж болно гэж заажээ.

Мажино шугамд дайчлан аваачсан болон Францын Альпийн дивиз болон нөөцөд байсан 1 сая 850 мянган цэрэг германчуудад олзлогджээ. Тэдний дотор 36000 офицер, 176 генерал байсан юм.

6 дугаар сарын 23-нд Францын бууж өгсний маргааш Британийн Засгийн газрын тэргүүн Уиинстон Черчилль парламентад үг хэлэхдээ "Урьд өмнө хэзээ ч дайралдаж байгаагүй хамгийн харгис, хамгийн хэрцгий, хайрлах сэтгэлгүй дайн үргэлжлэх болно" гэжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]