Зүүн хязгаарыг засан тохинуулах сайд Егүзэр хутагт Галсандашийн Таван замын байлдаанд оруулсан хувь нэмрийн тухай өгүүлж байна.
Богд хаант Монгол Улсын Засгийн газраас Таван замын байлдааны эхэн үеийн байдалд үнэлэлт хийж, Өвөрмонголд нэвтэрсэн хүчээ зузаатган цэргийн удирдлагаа бэхжүүлэх, эрчимжүүлэх бодлогыг хэрэгжүүлж, Богд хааны зарлигаар Манлай баатар Дамдинсүрэнг 7 дугаар сарын 1-ний өдөр өмнө зүгийн цэргийг дайчлан захирах сайдаар томилжээ. Энэ үеэс 5 замын байлдааны хоёр дахь үе эхэлсэнд тооцдог.
Мөн Егүзэр хутагт Галсандаш, Сангийн яамны сайд Чагдаржав нарыг зүүн, өмнөд хязгаарыг засан тохинуулах үйлсэд хүчин зүтгүүлж, цэргийн хүчээ улам зузаатгажээ. Ингэснээр манай цэрэг Шилийн гол, Хишигтэн хошууны томоохон хотыг эзэлж Цахарын элсэн цөлд байлдааны ажиллагаа явуулсан. Харин Манлайбаатарын удирдсан цэрэг Долоннуур, Шандын голын эхээр давшсан байна. Улмаар байлдааны ажиллагаа амжилттай болж, Хоногийн тал, Хүйсийн тал зэрэг газар хятад цэргийг хиар цохисон билээ.
Егүзэр хутагт Галсандашийн 5 замын байлдаанд оруулсан хувь нэмрийн талаар ХХЕГ-ын Хилийн түүх судлалын секторын судлаач, дэд хурандаа Н.Даваадорж онцгойлон судалсан байдаг. Түүний судалгаанд дор дурдсан зүйлүүдийг дурджээ.
Богд хаан Зүүн өмнөд хязгаарыг засан тохинуулах сайд Егүзэр хутагтад 1913 онд илгээсэн захидалдаа "Чадалтай түшмэлийг зах хуваан томилж, эртний монголчуудын зах тойрог нь чухам ямар газар байсныг нарийвчлан тодорхойлж, манай яамнаа хурдан түргэн мэдүүлсүгэй..." хэмээн тушааж байсан аж. Үүнээс үзэхэд Богд хаант Засгийн газраас газар нутгаа нарийн тогтоох гэсэн чин хүсэл эрмэлзэл байсныг тодхон харж болно. Гэвч тэрээр Дундад иргэн улсаас Өвөр монголд түрэмгийлэл үйлдсэн дотоодын үймээн самуун, их гүрнүүдийн улс төрийн бодлого зэрэг нөхцөл байдлаас болоод бүх тушаалыг гүйцэтгүүлж чадаагүй юм.
Егүзэр хутагт сайд болохоосоо өмнө Зүүн хязгаарыг засан тохинуулах хэрэгт олон жил зүтгэж, монгол төдийгүй өвөр монголын ард түмэнд нэр нөлөө бүхий хүн байсан нь түүний тухай намтрын илтгэлээс харагдаж байлаа. Тухайлбал, 1912 оны 9 дүгээр сард Дуутын чуулганы Хишигтэн засгийн хошуу, Чирмийн чулууны Жалаад вангийн хошуу, Шилийн гол аймаг зэргийн олон хүн Егүзэр хутагтын ивээлд багтаж, Богд хаант шинэ Монгол улсад дагаар орж буйгаа илэрхийлж байжээ.
Тэрээр тухайн цаг үедээ Ар, Өвөр монголын эв нэгдлийн билэг тэмдэг болсон баатар хүн байсан юм. Таван замын байлдаанд тун чадварлагаар тулалдаж, өнө өглөгт хийдэд дайснаа даран сөнөөх шашин номын хурлуудыг хийж байсан аж. Мөн Өвөрмонголын нутагт тулалдаж буй цэргүүдийн ар талын хангалтын хэрэгцээнд 50 үхэр, хонь 500 гаруй, гурил 550 кг, цагаан будаа 600 гаруй кг-аар тусалж байжээ.
Гэвч байлдаан сунжрах тусам монгол цэргүүдэд улам хэцүү болсон юм. Дундад иргэн улс руу ургашлах тусам монгол цэргүүд араасаа тасарч, хоол хүнс, зэвсгийн хангалт улам тасрах болсонтой холбоотой тэдний хүч ихээхэн саарч байлаа.
Жэн Хиан хотод болсон маш ширүүн тулааны дүнд хятад цэргүүд хуралдан ирсээр хэдэн түм болсоор байгааг архивын баримтад тэмдэглэн үлдээсэн байдгийг мөн тэрээр судалгаандаа өгүүлж, таван замын байлдаан монгол цэргүүдэд хичнээн хүнд хэцүү байсныг харуулсан юм.