Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Гүрж-Оросын дайнУншсан22,660

Зөвхөн офицеруудаас бүрдсэн тусгай томилолтын "Коммандос" батальоныг байгуулсан. Эдгээрт бие бялдар сайтай залуусыг авч, цалинг ч өндөр тогтоосон аж.

Мэргэжлийн цэрэгтэй болох хөтөлбөрийг Гүрж 2002 оноос АНУ-ын дэмжлэгээр хэрэгжүүлж эхэлжээ. АНУ-ын Тусгай хүчнийхэн, тэнгисийн явган цэргийн сургагч нар Гүржийн "элит" ангиудыг сургаж бэлтгэхдээ жижиг бүлгийн тактикийг голлож, онц буудагч болгох, хүн нэг бүрийн бэлтгэлийг сайжруулахад их анхаарчээ.

Зөвхөн офицеруудаас бүрдсэн тусгай томилолтын "Коммандос" батальоныг байгуулсан. Эдгээрт бие бялдар сайтай залуусыг авч, цалинг ч өндөр тогтоосон аж. Элитийн дайчдыг бусад ангид томилохгүйгээр 3 жил сургаж, хоол хүнсийг нь сайжруулах, сахилга батыг чанд сахиулах арга хэмжээ авчээ. Хөтөлбөрийн хүрээнд 5 батальоныг бэлтгэж, тэдгээрт 35 нас хүрээгүй залуусыг авч доод тал нь 4 жил алба хаалгахаар гэрээ хийсэн ба 7500 хүн бэлтгэсэн гэх тоо байдаг. Мөн Турк сургагч нар 750, Израильчууд 200 явган цэргийг хот сууринд байлдах ажиллагаанд сургажээ.

Түүнчлэн РЭТ-ийн цэрэг, танк, их буу, холбооны станцын тоотуудыг ч сургаж бэлтгэсэн аж. Гүржийн мэргэжлийн цэргийн 5 явган бригад дайны үед үүргээ сайн гүйцэтгэснийг оросууд ч хүлээн зөвшөөрчээ. 10000 хүнтэй эдгээр бригад Иракт үүрэг гүйцэтгэсэн дайчидтай учир захирах, захирагдах ёсыг хүнд нөхцөлд чанд биелүүлдэг, сэтгэлзүйн хувьд тогтвортой, тэсвэр хатуужилтай, байлдах бэлтгэлтэй байсныг оросууд онцлон тэмдэглэжээ. Эдгээр чанарыг тэд Цхинвали хот болон Присскийн өндөрлөгийг хэд хэдэн удаа мятрашгүйгээр довтолж эзлэн авахдаа, Оросын цэргийн давамгай хүчний дайралтыг няцаахдаа харуулсан байна. Америкчуудын дүгнэлтээр тэдний сул тал нь ахлагч нар байжээ. Дайн байлдаанд тасаг, зарим үед салаа удирдах гол үүрэгтэй ахлагч нарын байлдааны бэлтгэл хангалтгүй, удирдах дадлага, туршлага дутмаг байсан нь ажиглагдаж.

Мөн танк, явган цэргийн байлдааны машинуудыг байлдаанд чадмаг ашиглах, тэдгээрийг явган цэрэг, галын хөнөөлийн хэрэгсэлтэй уялдуулах явдал Гүржийн зэвсэгт хүчинд төлөвшөөгүй байжээ. Гүржүүд жижиг бүлгээр ажиллаж байсан ч газар орны далдлах, хамгаалах давуу талыг сайн ашиглахгүй нөхцөлд эдгээр нь томоохон армийн эсрэг үр өгөөж багатай гэдэг нь нотлогдсон аж. Гүржийн цэрэг холбоо, тагнуул, чиг баримжаалах, шөнийн харааны хэрэгслээр давуу байсан ч эдгээр нь зөвхөн хангалтын үүрэг гүйцэтгэдэг учир шийдвэрлэх нөлөө үзүүлээгүй. Ийм шинэ хэрэгслийг хуучирсан болон өөр улсад үйлдвэрлэсэн зэвсэг, байлдааны техникийн хамт ашиглахад үр өгөөж багатай, өөр хоорондоо тохиромж муутай байдаг нь нотлогджээ. Шинэ төрлийн хэрэгслийг шинэ үеийн зэвсэг, техникт зориулж бүтээдэг билээ.

Гүржүүд өөрийн харьяаны Өмнөд Осети, Абхазын эсрэг цэргийн хүч хэрэглэхээр эртнээс бэлтгэж байсан юм. Тиймээс Зэвсэгт хүчин нь тус хоёр улсын салан тусгаарлагч зэвсэгт бүлэглэлтэй тэмцэхэд тусгайлан бэлтгэгдсэн, энэ хоёр бүс нутгийг төвөггүй эзлэх бүрэн боломжтой байжээ. Мэргэжлийн чиг хандлагатай болж байсан Гүржийн зэвсэгт хүчин гагцхүү улс орноо гадны түрэмгийллээс хамгаалахад, томоохон армитай тэмцэхэд төдийлөн бэлтгэгдэж сургагдаагүй байсан гэж үзэж болно. Абхази, Өмнөд Осетийг Гүрж эзлэхээр бэлтгэж байсан бол ОХУ ч мөн Гүржийн халдлагад бэлтгэж байжээ.

Дайнаас 1 сарын өмнө ОХУ-ын Өмнөд Кавказын цэргийн тойргийн анги, салбарууд хээрийн сургууль хийж, энэ дайнтай төстэй цагийн байдалд ажиллажээ. Тус бүс нутагт байрладаг Оросын цэргийн анги, салбарууд дайн болохоос өмнө хээрийн сургууль, дадлагаас ирсэн, зэвсгийн системүүд нь галт хэрэгслээр хангагдаж, байлдааны техник нь шатахуунаар бүрэн цэнэглэгдсэн байжээ.

Гэхдээ оросууд алдаа гаргасан. Дайнд тус бүс нутагт байрладаг 58 дугаар армийн нэгтгэл, ангиудыг шуурхай оруулах ёстой байтал стратегийн тээвэрлэлт, хөдөлгөөнт чадвар сул байсны улмаас Псков, Ивановт байрладаг шүхэр десантын дивиз, Ульяновскийн агаараас дайрах бригадыг эхлээд оруулжээ. Мотобуудлагын цэргийн адил байлдсан эдгээр ангиуд үүргээ сайн биелүүлсэн. Энэ нь бэлтгэл сургалт сайтай, байлдааны байнгын бэлэн байдалд байдаг нэгтгэл ангиуд дайнд үр нөлөөтэй байдгийг, бас оросууд үүрэг гүйцэтгэх чадвартай мотобуудлагын анги, салбар цөөрснийг гэрчилж байгаа юм. Дайны явцад оросууд агаарт хүчний давуу байдлыг бий болгосон ч агаарын орон зайг давамгайлж чадаагүй.

Энэ 5 өдрийн дайнд ОХУ 4 байлдааны онгоц буюу 3 агаар дайралтын СУ-25, 1 стратегийн бөмбөгдөгч ТУ-22МЗ онгоцоо алдсан. Гэтэл Гүржид орчин үеийн сөнөөгч онгоц байгаагүй, бас агаарын дайралтаас эсэргүүцэн хамгаалах хэрэгслүүд нь хуучин ЗХУ, Украинд үйлдвэрлэгдсэн байв. Стратегийн бөмбөгдөгчөө алдсан нь оросууд хэт бардам байсныг, эсвэл Гүржийн цэргийн хүчийг дутуу үнэлсний илрэл юм. Аливаа дайн, байлдаанд ийм онгоц гол үүрэгтэй бөгөөд дайсны агаарын дайралтаас эсэргүүцэн хамгаалах идэвхтэй бүсэд орохгүйгээр далавчит пуужин, эсвэл бусад өндөр цэцтэй зэвсгээр цохилт хийж их хохирол үзүүлдэг.

Мөн уг бөмбөгдөгч ганцаар биш халхлалт, хамгаалалтын онгоцын хамт үүрэг гүйцэтгэдэг гэдэг зарчмыг Оросууд баримтлаагүй бололтой. ТУ-22-ыг алдсан нь дайсны агаарын дайралтаас эсэргүүцэн хамгаалах хэрэгслийг урьдчилан илрүүлж, цаг тухайд нь устгаагүйтэй, эсвэл радиоэлектрон саад тавиагүйтэй холбоотой юм. Дайн, байлдааны явцад Гүржийн тун жижигхэн Агаарын цэргийн хүчин (СУ-25 загварын 8 онгоцтой) идэвхтэй ажиллаж, дайралтад нь Оросын цэргийн цуваа болон анги, салбарууд өртжээ. Энэ нь Оросын Зэвсэгт хүчин агаарт дайн явуулах, агаарын орон зайг ноёрхож чадахгүй байгаа, мөн өөрийн цэргийг дайсны агаарын цохилтоос хамгаалах бэлтгэл тэр үед сул байсныг гэрчилж байна.

Сүүлийн жилүүдэд АНУ, НАТО-гийн орнуудын Зэвсэгт хүчинд Байлдааны удирдлагын системийг нэвтрүүлээд байгаа. Энэ нь тагнуул, байлдааны хангалтын нэгж, байлдааны анги салбар, галын хөнөөлийн хэрэгсэл, ар талын хүч хэрэгслийн удирдлагыг нэгтгэсэн тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл дайсны тухай бүх төрлийн тагнуул туршуулын мэдээ, өөрийн болон холбоотны цэрэг, галын хөнөөлийн хэрэгслийн байршил, байлдаан болж буй газар орны тухай мэдээ, мэдээллийг компьютержсэн газрын зурагт оруулж байлдааны тушаал зааврыг шуурхай өгч удирдах боломжийг олгодог хэрэгсэл. Энэ системийг бий болгоход сансрын, агаарын, газрын, тэнгисийн болон тусгай тагнуулын хэрэгсэл, мэдээллийн найдвартай сүлжээ, өөрийн болон дайсны цэргийн байршлыг тодорхойлох навигацийн хиймэл дагуул, тушаал заавар дамжуулах орчин үеийн холбооны хэрэгсэл шаардлагатай байдаг. Уг дайны үед дайсны целийг илрүүлэх, тэдгээрийг янз бүрийн галын хөнөөлийн хэрэгслээр устгах, устгасан эсэхийг шалгах, цэргийг удирдах явц тасралтгүй хийгдэж байгаагүй нь энэ дайнд Оросын Зэвсэгт хүчинд орчин үеийн ийм систем нэвтрээгүй байсныг нотолж байна.

Гэхдээ эл дайн мөн Оросын Зэвсэгт хүчний сайн талуудыг ч харуулсныг үгүйсгэх аргагүй.

Байлдааныг газар, агаар, тэнгист явуулж, түүнд шүхэр десант, тусгай томилолтын цэргийг амжилттай оролцуулсан, анх удаа кибер дайн явуулах оролдлого хийсэн. Дайны үед Гүржийн үндэсний интернетийн серверүүдийг Орост байрлалтай компьютерийн сүлжээнүүдийн тусламжтайгаар жагсаалаас гаргаснаар Гүржийн Ерөнхийлөгчийн Ажлын алба болон Засгийн газрын веб хуудсууд ажиллагаагүй болж Польшийн серверийг ашиглахад хүрсэн юм. Оросын Зэвсэгт хүчин дайн, байлдаан хийхдээ хуурай замын цэргийн хэт давуу хүчийг ашиглах (3х1), галын бөөгнөрүүлсэн цохилтыг дайсанд өгдөг нь хэвээр байв. Харин барууны орнуудын цэргийн урлагт дайсны эсрэг ижил хэмжээний цэргийн хүчээр (1x1) тулаан хийхдээ тактикийн арга хэлбэрийг чадмаг ашиглах, дайсны цэргийн байлдааны журмын бүхий л гүнд өндөр цэцтэй зэвсгээр гол гол цельд цохилт хийж байлдах чадваргүй болгохыг номлодог.

Дүгнэлт

Энэ дайн

1.Үндэстэн угсаатны ялгаа зэвсэгт мөргөлдөөнд хүргэж болзошгүйг,

2.Шинэ тусгаар улс орнууд дайн байлдааны талбар болдгийг,

3.ОХУ хүчирхэг болсныг,

4.Өөрийн ашиг сонирхлыг хамгаалах нэрээр хүчирхэг улс олон улсын гэрээ хэлэлцээрийг үл тоомсорлон цэргийн хүч хэрэглэх болсныг гэрчилж байна. Мөн уг дайн ОХУ-тай хил залгаа хөрш орнуудад айдас төрүүлж, тус улстай хийж буй харилцаанд онцгой анхаарах, болгоомжтой хандаж байх сургамж, сануулга өгсөн юм. Орос иргэд олонтой Украин, Казахстан зэрэг улс ч ОХУ хүчирхэгжсэн, "таалагдахгүй" улсдаа түрэмгий бодлого явуулахаас татгалзахгүй, ашиг сонирхлоо зэвсгийн хүчээр хамгаалах чадвартай болсонд сэтгэл зовниж буйгаа илэрхийлж байсан билээ.

Энэ дайнд Гүржийн талаас 412 хүн, тэдний дотор цэргийн 170 албан хаагч, 228 энгийн иргэн амь үрэгдэж, 1747 хүн шархдаж, бас 24 хүн сураггүй алга болжээ. Гүржийн англи хэлээр гардаг "The Georgian Times" сонинд мэдээлснээр, Өмнөд Осетийн /Гүржид Цхинвалийн бүс нутаг гэдэг/ 19381 дүрвэгч, Кодорийн /Абхазтай залгаа хил/ 1893, Ахалгорийн районы /2008 оны наймдугаар сарын дайны дүнд Цхинвалийн хяналтад шилжсэн Өмнөд Осетийн зүүн нутаг/ 5348 дүрвэгч албан ёсоор бүртгэгдсэн байна. Тус хэвлэлд мэдээлснээр, 150 мянга орчим гүрж орон гэргүй болжээ. Оросын тал ч мөн адил хохирлынхоо талаар мэдээлсэн байна. ОХУ-ын Ерөнхий прокурорын газрын дэргэд байгуулсан Мөрдөн шалгах хорооны шинэ мэдээгээр, тус улсын цэргийн 67 албан хаагч амь үрэгджээ. Тус хорооноос мэдээлснээр, Гүрж улс Өмнөд Осети руу халдан довтолсноор орон сууцны 655 барилга юу ч үгүй нурж, 2139 барилгын зарим хэсэг нь нурж, 33 мянга гаруй хүн орох оронгүй болов. Гүржийн арми осетийн ард түмнийг хомроголон устгасан тухай эрүүгийн хэргийг тус хороо 2010 оны наймдугаар сарын 8 гэхэд мөрдөн шалгаж дуусахаа амлажээ. Одоогоор 162 хүн амь үрэгдсэнийг баримтжуулаад байна. Энгийн номхон 2000 гаруй иргэн амь үрэгдсэн гэж Өмнөд Осетийн эрх баригчид урьд нь мэдэгдсэн билээ.

Хурандаа С.Амарсайханы нийтлэлээс

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]