Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Заяагүй хүн гэж угсаа гаралгүй ядуу хүнийг хэлдэггүй юм"Уншсан11,293

А.Очирбат гуай амьдралынхаа 60 гаруй жилийг урлагт зориулж, хүүхдийн жүжгээс эхлээд олон түүхэн кинонд дүрээ мөнхөлсөн авъяастан.

 Заяагүй хүн гэж угсаа гаралгүй ядуу хүнийг хэлдэггүй юм.

Заяагүй хүн гэж залхуу арчаагүй мунхаг хүнийг хэлдэг юм.

"Итгэлт баян"-ы диалоги

Чадраабалын Лодойдамба

Бүтээсэн дүр  болгон нь сэтгэлээс гардаггүй мөнхөрдөг дүрийн эзэд Монголын кино урлагийн түүхэнд олон бий. Тэдний нэг нь Итгэлт баян буюу Ардын жүжигчин А.Очирбат гуай билээ. Та XX зууны шилдэг роман, Чадраабалын Лодойдамбын "Тунгалаг тамир" романыг уншиж байхдаа хэсэг зуур нүдээ аниад "Итгэлт баян"-ы дүрийг төсөөлөөд үз. А.Очирбат гуайн царай л орж ирээд байгаа биз. Кино урлагийн нэг гайхамшиг бол энэ.

А.Очирбат гуай амьдралынхаа 60 гаруй жилийг урлагт зориулж, хүүхдийн жүжгээс эхлээд олон түүхэн кинонд дүрээ мөнхөлсөн авъяастан.

1928 онд Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу, одоогийн Төв аймгийн Бүрэн сумын нутаг Монгол уулын энгэр гэдэг газар төржээ. Түүний төрсөн аав нь нутаг усандаа алдартай зураач Дашдаваа гэдэг хүн байж. Дашдаваа нь ихэвчлэн бурхан зурдаг хүн байсан гэдэг. Харин А.Очирбатыг ээжийнх нь дүү жирийн ард Аюурзана өргөж авсан түүхтэй. Малч удмын хүү тэрээр багаасаа малын дэргэд өссөн, 19 нас хүртлээ мал маллаж өнгөрөөжээ. Энэ тухайгаа дурсахдаа “Ихэвчлэн хонинд явна. Хааяа саахалт айлынхаа үеийн банди нарыг дагаж адуунд давхина. Морь уургалах гэж хүртэл оролдоно. Морины толгой гайгүй олдог ч бяр муу болохоор голдуу уургаа алдчихна. Харин бие жижиг болоод ч тэр үү эмнэг адууны нуруун дээр нэг гарчихвал хачиг шиг л наалдчихдаг байлаа.” хэмээжээ.

1940-өөд оны үе Монголчуудын хувьд шинэ бүхний эхлэл байжээ. Бүгд бичиг үсэгтэй болохыг эрхэмлэж, үсэг сурах нэг сарын аянг зохион байгуулагджээ. Тэрээр хэдэн гэр барьчихсан, ширээ сандал байхгүй, эсгий дэвсчихсэн гэрт хичээллэж байснаа дурсан ярьсан байдаг. Ингээд үеийн хүүхдүүдтэй эрдэм номын их аянд мордож, бичиг үсэг тайлагджээ. Ээжийнхээ буянаар найман настайгаасаа уншаад сурчихсан учир түүнд хэцүү зүйл байгаагүй аж. Харин ч үеийнхнийгээ хошуучлан, ангийнхаа онц сурлагатнаар шалгарсан түүхтэй. Тэрээр сайн суралцаж, бүлгэмийн болон сумын төвийн багш болсон байна. А.Очирбат гуай “ Өнөө “Шинэ үсгийн багш” кино шиг олон ах, эгчид хичээл заана. Заримдаа настай хүнд ч заана” гэж ярьсан байдаг. Тэрээр төрсөн аавыгаа дуурайсан маш гоё зурдаг хүүхэд байж. Тэр үед цаас ховор байсан болохоор улаан тамхины боодлын цаасан дээр л зурж, голдуу хөдөөний аж байдлыг дүрсэлдэг тухайгаа ч мөн хуучилсан байдаг.

Жүжигчний мэргэжилтэй анх холбогдсон нь

Ардын жүжигчин маань уран бүтээлч, жүжигчин болно гэж зүүдлээгүй явсан гэдэг. 19 нас хүрч сумандаа ч багшилж байсан тэрээр хот явж сургуульд сурахаар шийдэж л дээ. 1947 онд морь унасан, нударга унжуулсан шавилхан залуу Улаанбаатар хотод ирлээ. Аав нь зураач байсан тул уран зургийн сургуульд орох бодолтой тээж явж. Гэвч тэр сургууль нь татан буугдсан учир Цэргийн сургууль, Худалдааны сургууль, техникум гээд хэд хэдэн газар очсон боловч дөрөвдүгээр ангийн боловсролтой түүнийг их сургуульд аваагүй гэдэг. Гэтэл тэр үед нутгийн хүн нь тааралдаж "Би чамайг сургуульд оруулж өгье" гээд жүжигчний ангид оруулжээ. Шалгалт өгөхөөр олон зуун хүүхэд бужигнаж хүүхдүүд ч нэг нэгээрээ шалгуулж дуусжээ. Харин Очирбат гуай нутгийн хүний нэрийг бодож шалгалт авч буй багш нарын хэлсэн бүрийг гүйцэлдүүлсэн гэдэг.  Энэ үед шалгаруулалтад ирсэн Д.Маамхүү, Д.Хишигт, Сэлэм тогмид зэрэг Монголын урлагийн алтан хуудсыг бичилцсэн хүмүүстэй танилцжээ. Цагааны Цэгмид, зохиолч Э.Оюун,  зэрэг  хүмүүс шалгалтын комисст багтсан байв. Гэвч А.Очирбат гуай тэдгээр хүмүүсийг таньдаггүй тул айж, сандрах зүйлгүй дуугаа дуулж, шүлэг уншив. Харин этюдийн шалгалт ирэхэд түүнд сэдэв өгсөн байна. “Сонинд ах нь одон медалиар шагнуулсан ч нас барсан” тухай байж. Түүний хувьд мэдэх зүйл байсангүй. Гарахад нь “Хүү минь чи тэнцээгүй” байх шүү гэсэн гэдэг. Гэртээ харъя гэж бодсон ч яагаад ч юм тэнцсэн хүүхдүүдийн нэрийг сонсмоор санагдаад хүлээж. Харин тэдгээр хүүхдүүдийн дотор өөрийнх нь нэр байгааг хараад гайхсан гэдэг. Ингээд малчин А.Очирбатын жүжигчин болох гараа эхэлсэн байна. Наймдугаар сарын 20-нд сургуульд дуудагдаж, мэргэжлийн хичээлээ Цагааны Цэгмид багшаараа заалгав. Энэ үеэс урлагийн сайхныг мэдэрч, урлагт ухаангүй дурласан гэдэг. Тэрээр Д.Хишигт, П.Туваанжав, Ц.Цэрэндорж зэрэг авьяаслаг хүүхдүүдтэй хамт урлагийн сургуулийг дүүргэжээ.

Түүнийг сургуулиа төгсдөг жил Төв хорооны тогтоол гарч “Улсын хүүхэд залуучуудын театр” байгуулагдсан бөгөөд жүжигчин мэргэжил эзэмшсэн төгсөгчид бүгд томилогджээ. Тэр үед театрт нийт 13 хүүхэд томилогдсон бөгөөд тэдний нэг бидний хайртай Ардын жүжигчин болсон А.Очирбат байлаа. Тэрээр хамгийн анх Ч.Лодойдамба гуайн зохиол “Нэг ангийнхан” жүжигт тогложээ. Сургуульд орсон цагаасаа хойш тайзан дээр амьдарсан А.Очирбат гуай тайзны 200, дэлгэцийн 30 орчим дүрийг амилуулж, Монголчуудаа урлагийн сайхнаар аялуулсан хүн билээ.  Үүгээр ч зогсохгүй "Баавгай дуулах дуу", "Тэмдэгтэй хүн", "Урилга", "Бэлэн дарга" зэрэг арваад жүжгийн зохиолууд бичсэн. Түүний ажил хөдөлмөр, уран бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж 1971 онд БНМАУ-ын Гавъяат Жүжигчин, 1988 онд БНМАУ-ын Ардын Жүжигчин цолоор тус тус шагнасан байдаг.

Ард түмний сэтгэлд хоногшсон дүр

Үзэгчдийн сэтгэлд хамгийн тод үлдсэн дүр нь яах аргагүй “Тунгалаг тамир” киноны Итгэлт баян гэдэгтэй маргах хүн үгүй биз. Тэр өөрөө ч миний Итгэлт баяны дур хүмүүст их хүрсэн шүү гэж ярьдаг байсан.Тэрээр “Зохиол нь мундаг байсан болохоор биднийг хөтлөөд л аваад явчихсан. Онгирч байна гэж бодох вий дээ. Итгэлийн дүрийг бүтээхэд ямарч бэрхшээл тулгараагүй шүү. Сайн зохиол жүжигчнээ хүртэл хөтлөөд аваад явчихдаг юм билээ” хэмээн ярьсан байдаг. Суусан газраасаа шороо атгаж, атгасан шороогоо алт болгодог адтай, овсгоотой энэ дүр түүний дэлгэцийн анхны бүтээл байв.

Түүний Итгэлт баяны дүрд томилогдсон нь бяцхан түүхтэй. Шавилхан биетэй, шаг хийсэн яриатай хүнийг олох гэж кино багийнхан их хайсан гэдэг. Ингээд жүжигчдийн дунд “Тунгалаг тамир” роман кино болох гэнэ гэсэн яриа тархаж эхэлж. Харин энэ үед А.Очирбат гуай Д.Намдагийн “Хярааны хонхорт” кинонд тоглох гээд хяналтад ороод завгүй явж. Харин Ч.Лодойдамба "Итгэлт баян"-аа хайгаад энэхүү киноны хяналтад саатаж л дээ. Хяналт дуусаад өрөөндөө сууж байтал үйлчлэгч бүсгүй хаалгыг нь тогшиж Ч.Лодойдамба гуай дуудаж байна гэж. Яваад очтол өнөөх том зохиолч “За хө, чамайг нэг сайн харна аа. Чи наашаа алх, цаашаа алх, одоо суугаад тамхиа тат” гэсэн гэдэг. Ингээд түүнд "Хярааны хонхорт” кинонд тоглуулалгүй "Итгэлт баян"-ы дүр оногдуулжээ. Уг дүрийг бүтээхдээ тэрээр 40 гаруй настай байжээ. Гурван ангит кино хийхэд багагүй хугацаа зарцуулагдаж, нэг ангийг нь жилийн хунгацаанд зургийг нь авсан гэдэг. Кино бүтээхэд гурван жилий хугацаа зарцуулагдаж, зураг авалт дууссанаас хойш жилийн дараа үзэгчдийн хүртээл болжээ. Сонирхуулахад эхний зураг авалт цүү хаядаг хэсэг байж. Энэ зургийг хүмүүс "Тамирын гол" гэж боддог ч Таван толгойн бааз, Туул голын эрэг дээр авчээ. Манай уншигчид санаж байгаа байх “Тунгалаг тамир” кинонд Цэвэлсүрэн гэж ганган хүүхэнтэй сээтэгнэх хэсэг гардаг. Тэр хэсэгт тоглоход жүжигчинг биеэ бариад байна гээд солих уу яах уу гэж ярьцгааж байж. Маргааш нь мал тоолдог хэсгийн зургийг авахад найруулагч нь нэлээд урам орж “За өнөө орой цүү хаядаг хэсгээ ав” гээд авч байж. Энэ тухай тэрээр “ Мал тоолдог хэсэгт муу тоглосон бол би энэ кинонд тоглохгүй байсан байх” хэмээжээ.

Түүний бас нэгэн түүхэн дүр бол Сатай сайд. “Мандухай цэцэн хатан” киног хийх үед тэрээр өөрөө Сатай сайдад тоглох санал гаргажээ. Энэ тухай тэрээр “Сатай сайд нэгэн хэвийн дүр. Кино дуусахад ч тэр хэвээрээ л төгсдөг. Хийх ажилгүй байна гэдэг ямар хэцүү гээч. Жүжигчин хүн чинь өөрийгөө эвдэх ёстой. Гэтэл би Сатайд нэг хэлбэрээр тоглоод л дууссан даа. Гэхдээ түүхэн дүр болохоор сайхан шүү. Кинондоо бол их чухал дүр. Мандухай хатныг авчирдаг, насаараа түүний үнэнч зөвлөх нь байж, төрийн төлөө амьдралаа зориулдаг шүү дээ” гэсэн байдаг.

 Мөн тэрээр урлагийн гараагаа тайзнаас эхэлсэн. У.Шекспирийн “Ромео, Жульетта” жүжгийн Меркуцио, Ф.Шиллерийн “Дээрэмчид” жүжгийн Франц Мор, Д.Намдагийн “Хярааны хонхорт” жүжгийн Харуул занги зэрэг 100 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг бүтээж байжээ.

Ингээд А.Очирбат гуайн дурсамжаас хүргэе.

-"Тунгалаг тамир" киноны олон мундаг жүжигчин шиг биш гэхэд тэр хэмжээнд дөхөж очихуйц жүжигчид одоо ч байгаа юм шүү дээ. Тэр кинон дээр адгийн муу Галсангийн дүр хүртэл хүмүүсийн сэтгэлд үлдэж л байгаа биз дээ. Гол нь чанартай зохиол, сайн дүр хоёр хэрэгтэй байна.

-Жүжигчин хүний хувийн зан чанартай яг таг нийцсэн зүйлс бүтээж буй дүрд нь байдаг л байх. Гэхдээ яагаад ч юм ихэнхдээ л эсрэг тэсрэг байдаг даа. Итгэлт бид хоёрын араншин алд дэлэм зайтай, би Итгэлт шиг баян биш, бас зальтай биш. Энэ дүр их сайхан. Надад уран бүтээлийн замыг нээж өгсөн. Ганц Итгэлт биш Цахиур Төмөр, Дулмаа, Хонгор, Эрдэнэ, Бадарч тахар цөмөөрөө л мундаг дүрүүд.

-Үйл явдлынхаа үеэр үхээд өгдөгт нь харамсдаг. Гэхдээ зохиол болон жүжигчний логик харьцаа яг тэгж үхүүлэхээр таарч байгаа юм. Нэг уулзалт дээр хүмүүс Лодой багшаас "Та яагаад тэр сайхан дүрүүдийг үхүүлчих вэ" гэж асуухад "Тэрийг чинь би биш Түгжил хөнөөчихсөн шүү дээ" гэж их гоёор энгийн хариулж байлаа.

- Энэ киноны хоёр ангийг Ч.Лодойдамба багш зохиож байсан ч харамсалтай нь таалал төгсч, эхнэр нь үргэлжүүлж зохиосон. Ч.Лодойдамба гуайн зохиолыг сайн ажиглавал эхний хэсгийг уншихад үргэлжлэл төгсгөл хоёр нь яаж өрнөх нь тодорхой байхаар нарийн бичсэн байдаг. Нэг ч хэсгийг нөгөөгөөс нь салгаж болмооргүй гэх үү дээ.

-"Тунгалаг Тамир"-ыг Монголын "Дөлгөөн Дон" гэдэг. Энэ хоёр зохиол төстэй гэгдэх үйл явдал олон. Гэхдээ нэг нь Монгол зохиол, нөгөө нь Орос зохиол. "Тунгалаг тамир"-т үнэхээр Монгол гэсэн уур амьсгал, ялгарах шинж чанар ихтэй шүү. Хүмүүс Лодой багшийг та хуулсан гэж зэмлэж ч байсан, тэрийг би нуухгүй. Ч.Лодойдамба багш өөрөө ч хэлсэн "Би эхнээс нь аваад, төгсгөл хүртэл "Дөлгөөн Дон"-ы хуудас бүрийг эргүүлж байж уг зохиолоо бичлээ" гэж.

-"Хатанбаатар Магсаржав" кинонд туслах дүрд тоглохдоо нэг орос цэрэг барьж хүлдэг зальтай, алиа маягийн ламын дүр бий. Тэр үед найруулагч Л.Эрдэнэбулган надад тэг ингэ гэж юу ч хэлээгүй. Чи өөрөө л заль хэрэглээд л тэр орос цэргийг барьж аваад хүлчих гэсэн. Тэгээд л өөрийн мэдэлгүй л тэгж жүжиглэж эхэлсэн.

Г.ЖАРГАЛ

Zaag.mn

Албан ёсны зөвшөөрөлтэйгөөр нийтлэв.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]