Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Америкчуудын бахархал болсон “Зэрлэг адуу-P-51 Мустанг"Уншсан2,500

Мустанг дайснаас нуугдаж байсангүй буюу харин ч дайсанд өөрийгөө харуулж, “тэнгэрийн хаан болсон би чамайг нөгөө ертөнц рүү явуулах гэж байна шүү” гэж зарлан дуудсаар тулалдаанд ордог тийм онгоц байсан юм гэж хэлмээр.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Дэлхийн 2-р дайны үеийн сөнөөгч онгоцны тухай цувралын энэ удаагийн “зочин” маань Америкийн North American Aviation P-51 Mustang.

Та энэ зургийг анхааралтай харвал нэг хачирхалтай ч гэх үү, сонирхолтой зүйл олж харах болов уу. Энэ нь уг онгоцонд ямар ч өнгөлөн далдлалтын будаг байхгүй төдийгүй, бүр байдгаар нь зүлгэж өнгөлсөн байгаа биз? Яахаараа байлдааны онгоцыг ингэж хийсэн хэрэг вэ? Бусад улс орнуудад онгоцныхоо дээд хэсгийг нь ногооноор, доод хэсгийг нь тэнгэрийн хөх өнгөөр будаж далдалдаг биш бил үү?

Өмнө дурдсан Зөвлөлтийн ЛаГГ-3 онгоцыг мөн л иймэрхүү лакадсан гялгар  хийсэн боловч яваандаа үүнээсээ татгалзсан тухай бичиж байсан ба шалтгаан нь ийм будагтай онгоцыг дайсан алсаас олж харахад тун амархан байсантай холбоотой юм. Дайснаа эхэлж харна гэдэг бол ялалтынхаа талыг хийчихлээ гэсэн ойлголт тухайн үеийн нисэх хүчинд байсан гэдэг. Тэгвэл энэ гялалзсан Мустангтай таарсан дайсан нь тулалдаж эхлээгүй байхдаа л бараг ялчихсан байж таарах нь ээ...

Мустанг дайснаас нуугдаж байсангүй буюу харин ч дайсанд өөрийгөө харуулж, “тэнгэрийн хаан болсон би чамайг нөгөө ертөнц рүү явуулах гэж байна шүү” гэж зарлан дуудсаар тулалдаанд ордог тийм онгоц  байсан юм гэж хэлмээр. Энэ үгэнд үнэний хувь бий боловч нарийн тооцоотой Америкчууд болсон хойно арай илүү прагматик зорилгоор онгоцоо ийм байдлаар хийсэн юм. Тэд онгоцоо ингэж хийвэл илүү хямд төсөр, илүү олон тоогоор үйлдвэрлэхэд амар хялбар байх болно гэж тооцсон ба дээр нь хурдыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж, шатахууны зарцуулалтыг ч багасгах боломжтой гэж үзсэн байна. Энэ бол агуу том “нисдэг цайзуудыг” хамгаалан нисэж, олон зуун км туулах ёстой онгоцонд маш чухал зүйл байлаа. (зураг дээр уг онгоцны бүхээгийн өмнөх хэсэг, далавч нь хар өнгөтэй байгаа нь нисгэгчээ гялбуулахгүй гэсэн санаа)

P-51 сөнөөгч нь анх туршилтад орж, бөөнөөр үйлдвэрлэгдэж байхдаа ийм байгаагүй буюу бусадтай л адил бүрзгэр ногоон өнгөтэй байсан үе бий. Агаарын дайн тулалдаанд ч энэ онгоц ялгарч гайхуулаад байх юмаар тааруухан л байлаа. Гэсэн хэдий ч Америкчууд онгоцоо улам бүр сайжруулах янз бүрийн арга зам хайсаар B  загвараас эхлэн “Паккард” хөдөлгүүр тавьж эхэлсэн байна. “Паккард” хөдөлгүүр гэдэг маань алдарт Ролл-РойлсМэрлин-ий Америкт үйлдвэрлэгдсэн нэр!  Энэ хүчирхэг, найдвартай хөдөлгүүрийг тавиад зохих өөрчлөлтүүдийг хийсний дараа  Мустанг нь Люфтваффегийн эрлэг болон хувирсан юм. Энэ бол ирээдүйн онгоц байлаа.

P-51 Мустанг онгоцны D загварын сөнөөгч нь :

-хэт даралтын эсрэг үйлчилгээтэй тусгай хувцас

-Дайсны онгоц араас ойртож байгааг мэдээлэх зорилготой, сүүл хэсэгт байрласан AN/APS-13 радартай. Энэ нь араас ирэх онгоц 700 орчим метрийн зайд ирэхэд тусгай дохио өгдөг зүйл байв. Тухайн үеийн агаарын дайнд 200 метрээс илүү зайнаас буудах, дайрах гэсэн зүйл үгүй болохоор энэ радар маш их хэрэгтэй зүйл байлаа.

-Ойрхон байгаа онгоцыг таних “өөрийн-дайсны” систем. Энэ нь газар дээрх радио локаторын системтэй холбогдон ажиллах учир Мустангийг хэн нэгэн Хартман мэтийн нөхөр гэнэдүүлэн дайрна гэдэг бараг боломжгүй гэсэн үг.

Зөвхөн эдгээр гурван зүйл л энэ онгоцыг бусдаас ямар айхтар хол давуу тоног төхөөрөмжтэй байсныг илтгэх биз ээ. Өөр бусад сөнөөгч онгоцонд ийм юм байсангүй.

Зөвлөлтийн, Германы, Английн, Францын, Польшийн...олон шинэхэн нисгэгчид дайсан өөрийг нь довтлох гэж байгааг мэдэж амжилгүй олноороо буудуулж үхэж байсан бөгөөд тэд эргэн тойрноо харж сурах гэж 10 гаруй байлдааны нислэг хийж, хүзүү толгойгоо эргэлдүүлсээр хоолойгоо олон удаа үрж, урж, цустай хутгалдаж байж л туршлагажин гэнэдхээргүй болдог байлаа. Харин Мустанг унасан шинэхэн нисгэгчид бүхнийг автомат төхөөрөмж хэлээд өгнө. Мустанг доторх шинэ нисгэгч, Мессер доторх хашир бурхи хоёрын хоорондох ялгаа тун багахан байгаа биз?

Гэтэл энэ бүхэн юу ч биш байлаа. Мустанг онгоцонд дайснаа хараалах К-14 гэдэг онилох төхөөрөмж байсан бөгөөд энэ нь нь одоогийнхоор бол маш бүдүүлэг тооцоолох систем, тухайн үедээ ер бусын гайхамшигт “компьютер” байлаа. Энэхүү аналог систем нь дайсны онгоцны байрлал, хурд, хурдатгалыг нь тооцоолж...

Мустанг сөнөөгчөөр нисэх шинэхэн нисгэгч нь дайсны сөнөөгч онгоцнуудыг олж харан хөтлөгчөө даган дайрахаар бэлдэж хамгийн ойрхон байгаа онгоцыг овоо хараандаа оруулж авлаа. Одоо буудахыг зөвшөөрсөн ногоон гэрэл асахыг хүлээх, дайснаа овоо хараанаасаа алдахгүй байх нь л чухал. Ногоон гэрэл асангуут буудах товчлуурыг дарж дайсны онгоцыг хөрөө мэт тас тан хаялаа. Алдах, онохгүй байх тухайд санаа зовох хэрэггүй. Автомат төхөөрөмж хэзээ буудахыг яг таг тооцсон учир буудлаа л бол дайсны онгоцонд нэг бус нүх гарах нь ойлгомжтой.

Цусаа урсган байж олж авдаг байлдааны туршлага гээч юмыг Мустангийн нарийн төхөөрөмжүүд “бараг” бүтэн орлож чадаж байжээ.

Гэхдээ Мустанг нь шилдгийн шилдэг байж чадаагүй юм. Зөвлөлтийн талд цөөнгүй тоогоор шилжүүлсэн энэ онгоцыг “Орос” нисгэгч нар “сайн аппарат” гэж үнэлдэг ч, өөрсдийн Ла-7, Як-3, Америкийн Аэрокобра шиг бурханчлан үздэггүй байсан гэдэг. Арга ч үгүй бөгөөд 8000 метрийн өндөрт бүхнийг дийлэх хүчтэй гэмээр энэ онгоцоор 2500-4000 метрийн өндөрт дайтахад болхидох, хүнддэх асуудлууд гарч байлаа. Гэтэл дорнод фронтод зөвхөн ийм өндөрт л дайтаж байсан юм.

Их дайны үеийн хамгийн шилдэг сөнөөгчдийн нэг болох P-51 Мустанг гээч нь нэг иймэрхүү аймшигт “араатан” байсан бөгөөд 2-р дайны дараа ч олон том агаарын тулалдаанд орж ялж, ялагдаж явсан түүхтэй.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 12 сар 14. 11:50
Зочин

Өөрийн-дайсны систем гэж юу байхав дээ. Уянгалах гээд хэт дөвийлгөөд хаячих юм. Зүгээр л онгоц өөрийн радартай л гэнэ биздээ. Тухайн үед онгоцнууд өөрсдийн радаргүй, нисгэгч нүдээрээ бүх зүйлийг харж байж шийдвэр гаргадаг байсан юм.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]