Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Бээжин, Хонконг, Токиод тусгаарлалтад орсон бүсгүйн тэмдэглэлУншсан10,455

148 хоногийн гуравны нэгийг нь карантинд өнгөрөөлөө. Аялал маань Бээжингээс эхлээд Хонконгоор үргэлжилж, Токиод дууссан юм

"Си Эн Эн" агентлагийн идэвхтэн сурвалжлагч, аялагч Селина Вангийн тэмдэглэл.

148 хоногийн гуравны нэгийг нь карантинд өнгөрөөлөө. Аялал маань Бээжингээс эхлээд Хонконгоор үргэлжилж, Токиод дууссан юм. Очсон газар болгондоо 14 хоног карантилагдаж ковид-19-ийн хэд хэдэн шинжилгээ өгөв. Цар тахлын үеэр аялах нь тун уйтгартай, дарамттай зүйл байдаг юм билээ. Сүүлдээ гадагшаа гаралгүй хэдэн долоо хоног болох нь хэвийн зүйл шиг санагддаг болсон доо. Ази тив заавал хэрэгжүүлэх ёстой карантин, гадаад улс орон руу аялах тал дээр хатуу хориг тавьж, уулзсан учирсан хүн бүрийн мэдээллийг нарийн бүртгэх замаар вирусийг хангалттай барьж чадаж байна. Тиймээс л Зүүн болон Зүүн Өмнөд Азийг дэлхийн нийт хүн амын 15 хувь нь байдаг АНУ, Европ тивтэй харьцуулбал байдал хамаагүй дээр. Зүүн, Зүүн Өмнөд Азид ковидоор нас барагсдын хувь бага байхад Америк, Европ тивд ковидоор амь насаа алдаж байгаа хүний тоо дэлхий дээр тус өвчнөөр нас барж буй хүмүүсийн тал хувийг нь эзлэж, тогтмол тэргүүлж байна. Азийн улс орнуудын Засгийн газрууд янз бүрийн аргаар карантин тогтоож, вирусын тархалтыг өөрийнхөөрөө намжааж байгаад л гол учир байна.

 

Бээжин: Хэдхэн өдрийн дотор сая сая хүнийг шинжилгээнд хамруулж, аппликейшн ашиглан тандав

 

Тавдугаар сарын сүүлээр найз маань хотдоо хамгийн томд тооцогддог Бээжингийн “Шинфади” бөөний зах руу дагуулж явсан юм. 250 акр хэмжээтэй энэ зах дээр олон мянган хүн хүнсний бүтээгдэхүүн зарж борлуулдаг. Найз маань наймаачидтай тохиролцон үнэ буулгаж, том хайрцагтай интоор, тоор, нэрс жимс худалдаж авч өгсөн юм. Ингээд 14 хоногийн дараа намайг найзындаа очиход Бээжингийн хүнсний бөөний захуудаас болж корона вирусын хоёр дахь давалгаа бий болсон хэмээн мэдээлж байв. Удалгүй Засгийн газраас вирусийн тархалтыг зогсоохын тулд “дайны бэлэн байдал”-д шилжиж байгаагаа зарласан билээ. Засгийн газар гео-орон зайн мэдээллийн сан ашиглаж тус захаар үйлчлүүлсэн иргэдийн гар утас руу мессеж илгээн, сайн дураар өөрсдийгөө тусгаарлахыг хүссэн юм. Иргэд ч маш ухамсартайгаар өөрсдийгөө тусгаарлаж байв.

Зах руу цугтаа явсан найзын маань гэрийн хаалган дээр мэдрэгч суулгасан байсан ба түүнийг хаалгаа онгойлгох болгонд түүний гарч, орж буй мэдээллийг бүртгэж авдаг. Би наанадаж 14 хоног өөрийгөө тусгаарлаж, ковид-19-ийн шинжилгээг хоёр удаа өгөх шаардлагатай боллоо. Энэ үед би зөвхөн гэртээ байх ёстой болсон ба байрныхаа лифт, орцныхоо үүд хэсгээр эргэлдэхийг минь хориглосон байв. Карантины эхэнд, мөн төгсгөлд тусгай хамгаалалтын хувцастай нэг хүн өрөөнд минь орж ирээд хоолойн арчдас авсан. Хоолойн арчдас өгсний дараагийн өдөр нь шинжилгээний хариуг хаалган доогуур шургуулаад орхичихно. Бас өдөрт хоёр удаа биеийн халуунаа мэдэгдэнэ. Вирусийн тархалт зун таарсан учраас Хятад улс энэ стратегиа олон удаа ашиглаж дотооддоо гарсан дэгдэлтийг намжаасан гэхэд болно. Тэд хэдхэн өдрийн дотор сая сая хүнийг шинжилгээнд хамруулж, тэдний хаана хэнтэй байгааг аппликейшн ашиглан тандаж, хэсэгчилсэн зогсолтыг хийж байсан юм. Энэ стратеги амжилттай болж хүмүүсийг жирийн амьдралаараа амьдрах боломжийг олгосон. Саяхан болж өнгөрсөн Алтан Долоо хоногийн баяраар Хятадад 500 гаруй сая хүн дотооддоо аялсан гэсэн тооцоо гарсан байгаа. Үүнээс өмнө хэдэн сарын турш коронагаар өвчилсөн хүний тоо тэг байсан ч баярын дараа хэд хэдэн хотод хүмүүс өвчилсөн нь тогтоогдсон юм. Гэхдээ тийм олон хүн өвчлөөгүй л дээ.

 

Хонконг: Бугуйвчаа гараасаа салгавал торгуулж, 42 хоног шоронд сууна

 

Гуравдугаар давалгаа үргэлжилж байсан наймдугаар сарын эхээр би Хонконгт очиж таарсан юм. Тэр үед Хонконгийн хил Хятадын эх газар, Тайвань, Макаогоос бусад бүх орны иргэдэд хаалттай байв. Бээжингийн нисэх онгоцны буудал, нислэгүүд ямар ч хүнгүй шахам байсан. Хонконгт газардсаныхаа дараа анкетууд дээр гарын үсэг зурах, ямар дэг журам баримтлах талаар зааварчилга сонсох, ковидын шинжилгээ зэрэг удаан үргэлжлэх үйл явц намайг угтаж авлаа.

Хонконгийн Засгийн газраас бэлдэж өгсөн буудалд нэг хоноод, хариу маань сөрөг гарсан учраас дараагийн өглөө нь тэндээсээ явсан. Аялагчдыг нисэх буудал дээр байхад QR кодтой бугуйвч тараасан. Тусгаарлалтын байранд ирэнгүүтээ би тэр бугуйвчаа гар утасныхаа аппликейшнтэй холбох хэрэгтэй болсон юм. Wi-Fi, Bluetooth, GPS зэргийг ашиглах үед бугуйвчны эзэн тусгаарлалтын байрыг орхисон эсэхийг холбогдох байгууллагад мэдээлдэг юм билээ л дээ.

Зун Хятад улс Үндэсний аюулгүй байдлын хуулиндаа ийм технологи суулгаж, хэрэглэж эхэлсэн, харин Хонконгчууд энэ систем нь хүний хувийн орон зайд хэт халдсан хэрэг гэж үзэж эхэлцгээсэн юм. Эл технологийг зохион бүтээсэн SagaDigits компанийн гүйцэтгэх захирал Артур Чан “Манай технологи тухайн хүний яг хаана байгааг мэддэггүй. Харин байршил хэрхэн өөрчлөгдөж байгааг илрүүлдэг” хэмээн мэдэгдсэн.

Тусгаарлагдаж байх хугацаандаа гараасаа бугуйвчаа салгах нь хориотой байсан юм. Хэрэв гараасаа салгавал нэлээдгүй өндөр торгууль төлөхөд хүрнэ. Тусгаарлагдаж байх хугацаандаа дүрэм зөрчсөн нь илэрвэл 25000 хонконг доллараар торгох  юмуу эсвэл зургаан долоо хоног шоронд суух заалттай. 14 хоногийн турш эмнэлгийн бугуйвч зүүнэ гэдэг амаргүй зүйл байсан ба усанд орох, унтахад тээртэй санагддаг байв.

Карантин дуусах дөхөхөд би ахиад л коронагийн шинжилгээ өгөх хэрэгтэй боллоо. Тусгаарлагдсан хүмүүс хэн нэгнээр ковидын сорьцоо хүргүүлэх эсвэл хүргэлтийн компанид хандах гэсэн хоёр сонголтыг Засгийн газраас зөвшөөрч байв. Хятадын эх газартай хил залгаа оршдог ч гэлээ Хонконгийн Засгийн газар тэг зогсолт хийх арга хэмжээ авалгүйгээр ковидоор өвчлөгсдийн тоог харьцангуй цөөн хэмжээнд нь барьсаар л байсан. Ковид-19 өвчний хэд хэдэн давалгаа бий болсон ч өдөрт 150-иас олон тооны хүн тус вирусээр өвчилсөн мэдээ цацагдаж байгаагүй юм. Өнгөрсөн сард л гэхэд өвчилсөн хүний тоо ихэнхдээ л нэг оронтой тоогоор хэмжигдэж байсан. Эх газрын Хятадын нэгэн адилаар хонконгчууд хил гаалиа чангатгаж, карантины бодлогоо тогтмол барьж, маскны хэрэглээгээ нэмэгдүүлэн, хүн хоорондын зайг ягштал баримталсан нь өвчлөлийг бууруулахад чухал үр дүнтэй алхам болсон.

 

Токио: Төр засгаас нь шахсан шахаагүй, япончуудын ухамсар өндөр байв

 

Аравдугаар сарын сүүлээр Хонконгоос Токио руу нислээ. Хөөрөхөөсөө 72 цагийн өмнө би эмчийн гарын үсэгтэй, ковид-19 вирусээр өвчлөөгүй гэдгийг баталсан хуудсыг олж авах ёстой болсон юм. Токиод газардсаны дараа бүх зорчигчид шүлсний шинжилгээ өгч, хоёр цагийн дараа сөрөг хариу авснаар гаалиар нэвтрэх эрхтэй болов. Хонконгийн нисэх онгоцны буудал дээр болсон зүйлийн адилаар би өгсөн аппликейшн рүү өөрийнхөө аяллын түүхийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг оруулж, нисэх онгоцны буудлын ажилтнуудад QR кодоо үзүүлэв.

“Тодорхой нэг байрлалд 14 хоногийн турш байх”, “Хүмүүстэй аль болох харьцахгүй байх”, “Нийтийн тээврийн хэрэгсэл ашиглахгүй байх”-ыг хүссэн албан бичгийг ч хүлээн авав. Аялагчид нисэх буудлаас гарсныхаа дараа хувийн тээврийн хэрэгслээр зорчих ёстой төдийгүй хаана өөрийгөө тусгаарлах талаар мэдээлэх ёстой байсан юм. Гэхдээ нэг сонин нь нисэх буудлаас гарснаас хойш хэн ч миний халууныг хэмжсэнгүй, хэн ч намайг нэг газраа үнэхээр байрлаж байсан эсэхийг шалгаагүй, бас тусгаарлалт дуусахаас өмнө ямар ч шинжилгээ авсангүй ээ.

Онгоцны буудалд байсан аялагчдаас Line аппликейшнийг утсан дээрээ татаж авахыг л шаардсан. Тэгсэн хэрнээ нэг ч удаа намайг энэ аппликейшнээ шалгахыг сануулаагүй. Эрүүл мэндийн яамнаас илгээсэн чатыг нээж үзэхэд миний утсан дээр тийм, үгүй гэсэн хэдэн асуулт автоматаар гарч ирж байв. Лондонгийн Кинг Коллежийн Олон нийтийн Эрүүл мэндийн Хүрээлэнгийн захирал Кенжи Шибуяа гуайн хэлснээр “Япончууд ковид-19 өвчинд хэтэрхий тайван хандаж байгаа нь өвчлөл дахин сэргэхэд хүргэж байгаа” гэнэ. Япон улс цар тахалтай тэмцэхийн тулд дэлхий дээрх хамгийн хатуу аяллын хоригийг тавьж, дэлхийн 150 гаруй орноос аялал, бизнесийн зорилгоор ирэх гадаадын иргэдийг эх орон руугаа нэвтрүүлэхгүй байсан юм. Харин сүүлийн хэдэн сард л эдгээр хатуу чанд дүрмүүдээ бага багаар суллаж эхлээд байна. Шибуяа гуай “Тархалт байсаар л байна. Япон улс шинжилгээ, тусгаарлалт, хүмүүсийн хэнтэй уулзаж байгааг тандаж мөрдөх ажиллагаагаа чангатгах хэрэгтэй. Одоо энэ систем суларсан байна. Олимп зохион байгуулагдахгүй болсон, Японы Засгийн газар улсынхаа эдийн засгийг муутгахгүй байхын тулд илүү хатуу арга хэмжээг авахаас зайлсхийж байгаа. Япон улс бусад Азийн улс орнуудын авсан арга хэмжээнүүдийг авч вирусийн тархалтыг намжааж чадна гэдгээ харуулах ёстой” гэж ярьсан юм.

Япон улс тэг зогсолтыг нэг ч удаа хийгээгүй ч тухай бүрт нь тохирсон арга хэмжээнүүдийг аваад л яваад байсан. Сүүлийн хэдэн саруудад нэгээс хоёр оронтой тоогоор өвчлөл нь хэмжигдэж байсан Хятад, Хонконгтой харьцуулахад Японд өдөрт хэдэн зуугаас мянга гаруй өвчлөл бүртгэгдсээр л байгаа юм. Эх газрын Хятад, Хонконгийн нөхцөл байдлыг Америк, Европ тивтэй харьцуулж үзвэл Япон улсад ковид-19 өвчнөөр нас барсан хүмүүсийн тоо 2000-д хүрээгүй. Жүнтэндо Их сургуулийн профессор, халдварт өвчин судлалаар мэргэшсэн Сатоши Хоригийн үзэж байгаагаар дүрэм журмыг дагах ёстой гэсэн нийгмийн дарамт асар их байгаа учраас Засгийн газарт хуулийн хэрэгжүүлэлт хэрэггүй юм гэнэ. Хамгийн гол нь төр засгаас шахсан шахаагүй, япончууд өөрсдийн ухамсраараа байнга маск зүүж, цэвэр цэмцгэр байсан, агааржуулалт муутай, олон хүн цугларсан газраас зайлсхийн, хүн хоорондын зайгаа баримталсны ачаар цөөн хүн өвчилсөн гэсэн дүгнэлтийг профессор хийжээ.  

 

Эцэст нь

 

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үеэр гадаад улс руу аялна гэдэг нэг талаараа эрх чөлөөг олгосон сайхан мэдрэмжийг өгч байсан ч гэлээ нөгөөтэйгүүр намайг маш их ядраасан. Хятадад дөнгөж вирус гарсан гэдгийг мэдсэнээс хойш би Хубэй муж дахь цар тахлын голомтод байгаа хамаатан садангуудаасаа байнга мэдээлэл авсаар өдийг хүрлээ. Харин одоо би Америкт байгаа гэр бүлийнхэндээ маш их санаа зовж байна. Бид бүгд айдас хүйдэс, уур бухимдал гээд олон сөрөг сэтгэл хөдлөлийг мэдэрсээр л байна. Улс орон бүр байнга өөрчлөгдөн хувирч байдаг хорио цээр, дүрэм журмуудыг хэрэгжүүлж байгаа нь толгойг минь эргүүлж байна. Үр дүнтэй вакцин хүмүүсийн гар дээр очоогүй цагт ямар ч ид шид энэ вирусийг дарахгүй гэдэг нь тодорхой байгаа юм. Хөл хорио тогтоогоогүй газар, өндөржүүлсэн бэлэн байдалтай газрын алинд нь ч амьдарч байлаа гэсэн дэргэд маань зогсож байгаа хүн таньд, бас надад ковид-19 өвчнийг халдаахгүй гэсэн баталгаа үгүй гэдгийг бид мэддэг болсон билээ.

Орчуулсан Б.Нямдолгор

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]