Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Д.Хадбаатар агсан: Та яаж суйлдаг юм гэхэд, ингэж гээд намайг ширээ давуулаад хаячихаж билээУншсан29,751

Бас л бөөн бөөн сургамж, ухаарал хайрласан ярилцлага. Түүнтэй Ч.Сүхбаатар ярилцаж байж. Энэхүү ярилцлага нь аваргатай хийсэн хамгийн сүүлийн ярилцлага болов уу.

Улс орны болоод хүмүүний намтар түүх өгүүлсэн, өөрөө тухайн цаг үеийнхээ нийгмийн гэрч болж үлдсэн хуучны хөрөг ярилцлага, нийтлэлүүдийг манай сайт сэргээн уншигчдадаа цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа 90-ээд онд манай нэгэн өдөр тутмын сонинд хэвлэгдэж байсан Д.Хадбаатар агсны ярилцлага, тэмдэглэлийг хүргэж байна. Бас л бөөн бөөн сургамж, ухаарал хайрласан ярилцлага. Түүнтэй Ч.Сүхбаатар ярилцаж байж. Энэхүү ярилцлага нь аваргатай хийсэн хамгийн сүүлийн ярилцлага болов уу.

Сэтгүүлч өгүүлрүүн: Хүний амьдрал эргэх орчлонгийн нугачаан дунд янз бүр байх юм даа. Ажил төрөл нь өөдрөг яваа нэгэн байхад алдаж эндэн яваа нөгөө нь байх юм. Бид нэгнийхээ амжилтыг бус алдааг шүүн ярилцвал хожим нөхдөд хэрэг болохсон. Чухам юунд бид алдаад байна. Амжилтандаа ташуурч алдсан бол тэнэг хэрэг, харин хүмүүсийн муу арганд орж хохирсон бол яалтай ч билээ дээ. Ямар ч гэсэн бидний амьдралд дунд сайн муу бүхэн эргэлдсээр л явна. Энэ бүгдийг биеэр амсч сайныг ч дуулж, мууг ч үзсэн хүн, бол БНМАУ-ын аварга Д.Хадбаатар.

Ардын хувьсгалын 65 жилийн ойн наадмаар Д.Хадбаатарыг түрүүлж аварга гэсэн хүндтэй цолыг хүртэхэд хүн бүхэн баярлаж олон ч жил түрүүлэх бөх дөө гэж ярьцгааж байсан нь үнэн. Гэтэл хэдхэн хоногийн дараа аварга маань монголчууд тэр тусмаа бөх хүний жигшин үздэг хэрэг үйлдэж шоронгийн хаалга татсан нь ассан гал дээр ус хийхтэй адил юм болж хүн бүхний сэтгэлийг эмзэглүүлсэн билээ. Тэр мөчөөс хойш эдүгээ таван жил өнгөрч аварга маань бөхчүүд, ард түмнийхээ дунд эргэж ирэв. Тэр хэдхэн хоногийн өмнө засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн газраас (ЗХХГ) суллагдан, эрх. чөлөөт амьдралдаа эргэж орлоо. Ард түмэн, засаг төр нь түүнд авралын гараа сунгаж  өршөөл үзүүлэв.  Чухам энэ үед тэр юуг бодон яваа бол.

Д.Хадбаатар өгүүлрүүн "Би улс нийгэм, хүн арддаа муу санаж явдаггүй. Өөрийнхөө болчимгүй байдлаас болж олон ч удаа алдлаа даа. Гурав дахь удаагаа алдана гэдэг гэнэн насны болчимгүй үйлдэл биш. Энэ бол дээшээ сагсуурч яваад буух газраа мэдэхгүй ойчсонтой адил. Хамгийн гол нь би ард түмнийхээ их хайр ивээлийг даасангүй, аягатай хоол өгөхөд асгасантай адил юм хийсэн хүн. Монгол Улсынхаа анхны Ерөнхийлөгч, бөхдөө хайртай хүн ардынхаа ач буянаар эрх чөлөөт амьдралдаа эргэж орсондоо хязгааргүй их баярлаж байна. Энэ бүгдэд «Монголын спорт» сонины тус дэм ч орсон нь эргэлзээгүй. Энэ их хайр ивээлийг хөсөрдүүлэхгүй явна."

Сэтгүүлч өгүүлрүүн: Тийм ээ, аварга Хадбаатарыг бөхдөө хайртай монгол хүн болгон хүндэтгэдэг байлаа. Олон ч хүн түүнтэй нөхөрлөхийг хүсдэг байж. Тэр олон дунд аваргын жинхэнэ сайн нөхөр ч байсан, алдар хүндийг ашиглах гэсэн муу санаатан ч явсан.

Д.Хадбаатар өгүүлрүүн "Өнөөдөр би ямар ч гэсэн нөхөр дайсан хоёроо ялгадаг болсон байх. Өнгөрсөн хугацаанд энэ бүхнийг их ч эргэцүүлж бодлоо. Ядахдаа нэг бөхтэй үерхээд бодол санаагаа ч хуваалцаж явсангүй, энэ бүхэнд их харамсах юм. Хүн гэдэг сэтгэж боддогоороо адгууснаас ялгаатай болохоор би одоо ч найз нөхрөө ялгах байхаа.

Сэтгүүлч өгүүлрүүн: Суллагдаад гарсан энэ мөчид нь бөхийн хорхойтон, нөгөө л «найз нөхөд» нь түүнийг бас л бүчин авлаа. Тэд янз янзын бодолтой байгаа боловч ихэнх нь сайн санаа агуулан яваа нь гарцаагүй биз ээ. Монголчууд бид архийг хэдийгээр муу хэлдэг ч гэсэн идээнийхээ дээж болгон хүндэтгэж ирсэн уламжлалтай. Энэ архинаас болж хэчнээн сайхан бөхөө буруу замд орууллаа даа. Хадбаатартай уулзаж найз нөхөд нь шилтэй архи биш сайхан сэтгэл, хүндтэй сургаал өвөртлөн ирээсэй дээ. Аваргын уусан архи нь ихэдсэн үү гэхээс багадаагүй шүү хүмүүс минь,

 Д.Хадбаатар өгүүлрүүн: "Шорон гэдэг төмөр шиг байсан хүнийг алт шиг болгочихдог газар биш. Тэнд засаръя, хөдөлмөрлөе гэсэн хүмүүс бий, муу зуршилтан улс ч бий. Тэдний дунд байгаа хүн улам л арга нь нарийсч элдвийг сурна. Ганцхан хувь хүнээс л бүх юм шалтгаална. Миний хувьд гаргасан алдаагаа гэмшиж яс махандаа мэдэртэл ажиллаж байсан, хамт олон хэнээс нь ч асуусан намайг тодорхойлж өгөх учир би өөрийгөө хүмүүжээд гарлаа гэж үзэж байна. Хүн эрх чөлөөт амьдралд ороод ирэхлээрээ урьдахаа мартдаг аюул бий. Ер нь монголчууд бид нэгд, залхуурдаг, хоёрт хойш тавин мартдаг дутагдалтай. Энэ муу зуршлыг л давж гарах учиртай.

Сэтгүүлч өгүүлрүүн: Д.Хадбаатар аварга эдүгээ 40 насыг зооглож явна. Амьдралынхаа ид цэцэглэж байсан үеийг тэр шоронд өнгөрөөж үс нь бууралтаж, бие нь сульджээ. Арван нэгэн жил тэр наадмынхаа дэвжээнд барилдаагүй, санаа алдан сураг сонсон шоронд суулаа. Тэгэхдээ хамгаас хайртай ээжийгээ бодож байсан нь их болов уу. Бидний яриа цааш үргэлжилж эрхэмлэн явдаг хүмүүс, хүн чанарын тухай өрнөлөө.

Д.Хадбаатар өгүүлрүүн: "Хүн бүгдийн адил миний хамгийн хайрлаж явдаг хүн бол ээж минь. Би ээжийгээ олон ч жил зовоолоо доо. Баяртай, гунигтай ямар ч үед ээж минь үргэлж холбоотой байж ачит сургаалаа хайрласаар явсанд би баярладаг. Мөн юугаар ч сольшгүй зүйл бол хүний гэр бүл байх ёстой. Хүнд хорвоогийн эрээн бараан амьдралыг хамтдаа туулах хань хэрэгтэй. Ханийн халамж, хайр ивээлийг ойлгоогүй явсандаа харамсаж байна. За тэгээд манай сайхан бөхчүүд. Энэ бүхнийг хайрлан хүндэлж явдаг.

- Өнгөрсөн хугацаанд та наадамд барилдсан бол хэд хэд түрүүлчих боломж байсан байх. Ер нь хэчнээн түрүү алдсан гэж боддог вэ? хэмээн аваргаас асуухад:

- Ямар ч гэсэн тав түрүүлчих боломж байсан болов уу. Гол нь тэр гавьяаныхаа төлөө зүтгэлгүй, хүний амаар өөрийн бодолгүй явж байсан учир их алдаж дээ гэж боддог. Манай дархан аварга Х.Баянмөнх гуай 46 насандаа улсад түрүүлж л байсан. Энэ бол хүн хөдөлмөрлөвөл амжилтад хүрдгийн тод жишээ. Одоо би наадмын түрүү горьдсоор л суух байх гээд инээв.

-Одоо барилдаж байгаа бөхчүүдийн талаар болон өөрийнх нь гол өрсөлдөгч хэн байх бол гэж сонирхвол,

- Барилдаж байгаа бөхчүүдээ үзлээ. Мах дугаарлаж байгаа аятай энэ нь сайн, тэр нь муу гэж хэлэх юм алга. Гэхдээ үнэнхүү сайн барилдаж явааг нь ч нуугаад яахав. Үнэнийг хэлэхэд, Бат-Эрдэнэ аварга бусдаасаа тасархай, зоригтой, ухаантай сайхан барилдаж байна. Заан Д.Баяраа, залуу бөх Д.Мөнх-Эрдэнэ гээд урамтай барилдаж байгаа бөхчүүд ч олон харагдана. Атаа хорсол санаж сайн яваа нэгнийгээ битгий хорлоосой билээ. Бат-Эрдэнэ аварга бид хоёрыг хэд барилдуулах юмсан, Хэн нь ч юм бэ, хэд сайхан давчихаасай гэж зарим хүмүүс боддог бололтой. Ийм л бодолтой байвал тэд спорт, бөх гэдгийг ойлгохгүй явна гэж би хэлнэ. Сайн барилдаж, давж л байх ёстой мэт өөрсдийнхөө бодлыг тулгаж, тэр нь биелэхгүй болохоор элдвээр авирлах нь бөхчүүдэд муугаар нөлөөлж байна. Бөхийн хорхойтнууд спорт сонирхогчид минь битгий л өрөөсгөл талаа бариасай билээ гэж Хадбаатар аварга өгүүлэв.

Сэтгүүлч өгүүлрүүн: Бидний яриа дахиад л бөхийн тухай өрнөлөө. Гэхдээ бахархмаар сайхан барилдаж байгаа бөхчүүдийн тухай биш. Чухам тэгж л барилдаж явсан хүмүүсийн талаар хөөрөлдөв. Өнөөдөр Хадбаатар аварга суллагдсан ч цаана нь сайхан бөхчүүд «сууж» л байна. Болдогсон бол бөхдөө хайртай монголчууд бүгдийг нь суллачих санаа байгаа л даа. Гэсэн ч ухааны мунхаг ч юм уу, уурын тэнэгээс ч гэхүү өөрсдийн үйлээ тэд хүлээхээс өөр аргагүй.

Д.Хадбаатар аваргыг суллагдмагц хамт олныхоо дунд, авч ажиллая, амьдралыг нь өөд татъя гэсэн сайн санаат хүмүүс сонин хэвлэл, төр засагт олноороо захидал хүсэлт гаргаж байлаа. Төв аймаг, Эрдэнэт хот гээд тоочоод байвал олон. Харин аваргын хувьд амьдралынхаа 18 жилийг өнгөрөөсөн армийнхаа эгнээнд мөнхийн байлдагч нь болж явахаар шийджээ. Тиймээс тэр «Алдар» нийгэмлэгт ажиллахаар болж удирдлага хамт олонтойгоо ярилцан тохирчээ. Д.Хадбаатарт өмнөө тавьсан зорилго байгаа аж. Юуны өмнө бие бялдраа сэргээж бөхийнхөө дэвжээнд дахин гарч улмаар дархан аваргын хүндэт цолыг хүртэхийг тэр бодож явна. Мөн алдарт аварга, арслангуудынхаа дархан мэхүүдийг өвлөн авч залуу бөхчүүдэд сургах талаар ч бодолтой яваа ажээ.

Аварга өгүүлрүүн: Бөхчүүд бидний дунд, аваргуудынхаа дархан мэхийг сурч хэрэгжүүлж байгаа хүн алга, Баяраа заан л аавынхаа хонгодож цохидог мэхийг хийж байна. Сонирхуулаад ярихад «Алдар» нийгэмлэгийн гурван үеийнхний уулзалт дээр талийгаач Ж.Батсуурь аварга «Миний суйлдаг мэхийг хэн ч надаар заалгасангүй, сонирхож ч асуусангүй. Надтай цуг дархан мэх минь үхлээ дээ» гэж хэлэхэд нь, та яаж суйлдаг юм бэ гэхэд «Ингэж» гээд намайг бараг ширээ давуулаад хаячихаж билээ. Ингээд бодохлоор бид хэтэрхий нэг талаа бариад энэ ч хөгшин тэр ч залуу гэж явсаар алдаж дуусах нь.

Бид ярианыхаа төгсгөлд биеийн тамир, спортын салбарын тухай болон улс төр сэдвээр хуучиллаа.

Д.Хадбаатар өгүүлрүүн: Өнөө үед хүн бүгд л улс төрийн байдлыг сонирхож байна. Энэ олон намуудаас тэр нь сайн, энэ нь муу гэж хэлэх юм алга. Ямар ч гэсэн бүгд л улсаа хөгжүүлэхийн төлөө яваа байх. Зөв юм сэдэж, ард түмэндээ сайн үйлс бүтээж байгааг нь бол дэмжинэ. Манай спортын салбар ч ялгаагүй ажиллаж чадах хүмүүсээ дэмжих хэрэгтэй болов уу. Одоо нэг л эв зүйгээ олохгүй байдал харагдах юм. Бид аль болох эв эеэ хичээж хамтран ажиллах нь чухал байна. Тэр цагт амжилт олох болно. Спорт гэдэг олныг хамардгаараа нэр хүндтэй байдаг. Монголчууд бөхөө хүндэлдэг шиг спортын бусад төрөлдөө анхаарал тавибал амжилт нь тэгшрэх болов уу.

Сэтгүүлч өгүүлрүүн:  Д.Хадбаатарыг 1960-аад оны дундуур эгч Намжилмаагаа дагаж спортын салбарт хөл тавьсныг бид мэднэ. Спортын хаан гэж нэрлэгддэг хөнгөн атлетикаар тэр хичээллэж 1972 онд улсын дээд амжилт бөөрөнцөг шидэлтээр тогтоосныг, (тэр 13м 72 см шидсэн аж) одоо болтол манай тамирчдаас хэн ч эвдээгүй явна. Ийнхүү яриад байвал энэ аваргад хүнд сонирхуулах хууч их бий.

Ямар ч гэсэн Монголын цуутай аваргуудын нэг Дагвацэрэнгийн Хадбаатар бөхийнхөө, дэвжээнд дахин гарч ирлээ. Дахиад алдах уу, аль эсвэл «аварга» нэрээ бататгах уу? Бүх юм зөвхөн өөрөөс нь шалтгаална. Энэ бүхнийг цаг хугацаа харуулах хэдий ч хүмүүс бидний хайр халамж, ачит сургаал өнөөдөр түүнд юу юунаас чухал  байна. Удахгүй тэр зодог шуудгаа өмсөн наадмын талбарт гарах болно. Түүний бодол нь биелэл болж үйлс нь бүтэг.

Ч.СҮХБААТАР

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]