Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Сая манай тэнэгүүдийн нэг ирээд бөмбөг хаяж сүйд хийх шахлааУншсан33,577

Перл Харборыг бөмбөгдөх үед чухам юу болсон, ямар хохирол учирсан, япончуудын хувьд бөмбөгдөлтийн ач холбогдол юу байсан тухай энэ удаа ярилгүйгээр бөмбөгдөлтийн дараа буюу эмх замбараа алдагдах, айж сандрах үед олон тохиолдох хачирхалтай гэмээр зарим нэг үйл явдлын тухай.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1941 оны 12-р сарын 7-ны өдөр япончууд Америкийн Перл Харбор дахь тэнгисийн цэргийн баазыг бөмбөгдөж ихээхэн хохирол учруулсан тухай олон арван, магадгүй зуугаар тоологдох ном, бүр олон нийтлэл бичигдсэн байх. АНУ-ын Ерөнхийлөгч Рузвельтийн хэлснээр “Америкийн шившиг” болсон энэ бөмбөгдөлтийн тухай олон янзын яриа байдгаас хамгийн хачирхалтай нь Америкийн засаг захиргаа энэ дайралтын тухай өөрсдөө мэдэж байсан, дайралтыг цэргийнхэнд хэлэлгүй хүлээж байсан гэх таамаг бөгөөд нэгэн цагт англичууд Энигма хэмээх Германы харилцаа холбооны нууц түлхүүрийг тайлж уншсанаа мэдэгдүүлэхгүй гэж Ковентри хэмээх хотыг германчуудын бөмбөгдөлтөд сул тавьж өгсөн хэмээх хардлагатай адил энэ таамаг нь түүхчид болон судлаачдын дунд одоо хүртэл маргаан тарьж байдаг аймшигт түүхийн нэг билээ.

Перл Харборыг бөмбөгдөх үед чухам юу болсон, ямар хохирол учирсан, япончуудын хувьд бөмбөгдөлтийн ач холбогдол юу байсан тухай энэ удаа ярилгүйгээр бөмбөгдөлтийн дараа буюу эмх замбараа алдагдах, айж сандрах үед олон тохиолдох хачирхалтай гэмээр зарим нэг үйл явдлын тухай.

Японы адмирал Нагумо хоёр дахь дайралтынхаа дараа хохирол улам бүр нэмэгдэж байгаа тухай мэдээ аваад хамаг хөлөг онгоц тээгч болон бусад хөлгүүд, онгоцоо яаралтай буцаж аюулгүй бүсэд орохыг тушаалаа. Гай болж болзошгүй Америкийн хөлөг онгоц тээгчид хаана байгааг олж мэдэж чадаагүй байгаа болон гол зорилго болох Перл Харборыг дайрсан дайралт нь хүлээсэн үр дүнд бүрэн хүрсэн зэргээс болж мань эр ийм шийдвэр гаргасан байна. Цэргүүд нь ч тушаалыг ёсчлон биелүүлж ёстой л хар хурдаараа зугтаажээ.

Харин америкчууд энэ үед ...

-Перл Харбор яйртлаа бөмбөгдүүлж утаа униар, цус нөждөө хутгалдаж байх үед Америкийн флотын удирдагч Киммель нь адмирал Драмельд ойрхон байж болох Японы хоёр онгоц тээгчийг яаралтай олох тушаал буулгалаа. Адмирал ч дайсны байж болох бүсэд өөрийн мэдлийн хэдэн хөлгөө аван яаран очиж хайсан боловч япончууд тэнд байсангүй. Гэтэл дээрээс тэдний байгаа бүсэд Японы хөлөг онгоцнуудыг  илрүүлсэн тухай мэдээ өгч шууд дайрахыг тушаасан тушаал дахин ирлээ. Адмирал Драмель хичнээн хайсан ч тэдгээрийг олоогүй тухайгаа мэдээлэхэд  “Хажууд чинь байгаа, саяхан манай тагнуулын онгоц тэднийг илрүүлсэн” хэмээн дайрахыг шаардсаар. Гэтэл хамаг хэрэг ердөө тэр тагнуулын онгоцонд байжээ. Тэрхүү онгоц адмиралын хөлөг онгоцнуудыг хараад Японы хөлгүүдийг оллоо хэмээн мэдэгдсэн бөгөөд тэр мэдээг нь авсан флотынхон Драмельд өөрийгөө олохыг л тушаагаад байсан байна.

-Япончуудын дайралтын дараа нутгийн сэрэмжтэй ардууд янз бүрийн мэдээллээр ёстой л дарж, тэд бүгд л шахам Японы тагнуулыг илрүүлсэн тухай, сэжигтэй этгээд энд тэнд байгаа тухай мэдээллийг хэдэн зуугаар нь өгч байснаас тагнуулынхан тэр их мэдээллийг шалгах гэж ихээхэн цаг алдаж байсан гэдэг. Тэдгээр мэдээллүүдийн дотор байсан хамгийн солиотой гэмээр нэг мэдээ нь “Эва хэмээх арлын орчимд нэг нохой тусгай шифр байдлаар хуцаж эргийн ойр байгаа Японы шумбагч онгоцонд мэдээ өгч байна” гэх мэт. Энэ мэдээг өгсөн хүн үүндээ маш итгэлтэй байсан бөгөөд тэр даруй тэр нохойг барьж шумбагч онгоцыг илрүүлэхийг шаардаж бөөн юм болж байжээ.

- Эва арал дээр байрлах цэвэр усны цэгүүдийг япончууд хордуулсан байна гэх цуу гэнэт гарлаа. Цуу яриаг сонссон, энэ уснаас уусан цэргүүдийн бие гэнэт муудаж, хордлогын шинж тэмдэг илэрч, олон зуугаараа эмнэлэгт яаралтай хүргүүлсэн бөгөөд ус шинжлэх багаж төхөөрөмж байхгүй учир дайралдсан нэг нохойг барьж аван “хортой байх магадлалтай” усыг өгч шинжлэх гэсэн боловч “Японы талын бололтой“ нохой уснаас ууж өгөлгүй их цаг алдаж. Зүтгэсээр байгаад нэг юм уулгатал нохой хордсонгүй. Энэ мэдээний дараа тэр олон зуун цэргүүдийн бие ч гэнэт сайжирлаа.

- Ийм үед болдогчлон янз бүрийн цуу хүчтэй газар авч эхэлснээс хамгийн эмгэнэлтэй нь далайд байгаа Америкийн Лексингтон, Энтерпрайз зэрэг хөлөг онгоц тээгчүүдийг нь япончууд бас дайрч живүүлсэн, япончууд Америкийн нутаг дээр маш том десант буулган Лос-Анжелесийн ойролцоо ширүүн тулалдаан болж байгаа гэх мэт. Бас “оросууд” америкчуудад туслахын тулд Токиог бөмбөгдөөд эхэлсэн гэсэн элдэв хоосон яриа тархсаар.

-Агаарт гарч эргүүл хийж байсан нэг онгоцны нисгэгч эргэн ирэнгүүтээ Японы онгоц тээгчийг илрүүлж бүр бөмбөг хаяж гэмтээсэн байж болох тухай рапорт өгсөн ба тэрхүү онгоц тээгч нь өөрийгөө маш сайн нууцалж, халхлалтын өнгө будгаар хүнд крейсер шиг харагдахаар будсан байсан гэх зэргийг мэдүүлжээ. Киммель ч тэр даруй уг бүсэд ойрхон байх ёстой адмирал Браунтай холбогдож япончуудыг дайрахыг тушаахад өөдөөс нь харин “Энд юу ч байхгүй, байгаагаас бид л байгаа. Сая манай тэнэгүүдийн нэг ирээд Портленд крейсер рүү хоёр бөмбөг хаяж сүйд хийх шахлаа. Их ойрхон тэсэрсэн шүү” гэх маягийн юм хэлжээ.

-Айж сандарсан хүмүүс янз бүрийн алдаа зогсоо зайгүй гаргаж байсан бөгөөд томоохон обьектийг хамгаалахын тулд олон жижүүр зэрэг зэрэг гаргаж байв. Ийм нэг обьектийн хамгаалалтын хоёр жижүүр нөхөр өөрийн хариуцаж байсан хэсгийг эргэн явах үедээ Японы тагнуул бололтой этгээдтэй таарч түүнийг гар чийдэнгээрээ тархийг нь бяц цохисон баатарлаг үйлдэл хийж. Харамсалтай нь тэр япон гэсэн нөхөр нь уг обьектийн өөр нэг хэсгийг хамгаалж байсан хятад гаралтай, ази царайтай жижүүр байсан ба хариуцсан хэсэгтээ дүрмийн дагуу эргүүл хийж явсан юм байж.

Иймэрхүү олон зүйл гарч байсан бөгөөд зарим нэг жижиг арал дээр  тусламж болгон шинээр аваачсан цэргүүдийг япончууд ирлээ хэмээн буудах явдал гарсаар.

-Бөмбөгдөлтийн дараа Перл Харбор руу 6 сөнөөгч онгоц Энтерпрайз онгоц тээгчээс явуулсан тухай уг хөлгөөс мэдээлж, сөнөөгч нарын хөтлөгч нь өөрийн ирэх чиг, цаг хугацаа, өндөр зэргээ нарийн тодорхой хэлэн, байлдааны бэлэн байдалд байгаа Перл Харборын агаараас эсэргүүцэн хамгаалах бүлгийнхэнтэй бүх л зүйлээ яг таг тохирчээ. Тохирсны дагуу агаараас хамгаалах албаныхан зааж өгсөн чиглэлээс ирэх, буух гэрлээ асаасан, 6 онгоц руу гал нээхгүй байх тушаалыг бүх л хэсгүүдэд тараалаа.  Мөнөөх сөнөөгчид ирэх үед эргийн хамгаалалтад байсан Пенсильвань линкор буюу шугамын онгоц тэдэн рүү зенитийн их буугаар гал нээхэд өөр бусад хэсгүүд бүгд даган буудаж эхлэх нь тэр. Зургаан онгоцны тавыг унагахад 3 нисгэгч шүхрээр үсэрч чадсан ба нэг нисгэгчийг нь усанд буугаад эрэг рүү сэлж байхад нь том калибрын пулемётоор юу ч үгүй болтол нь буудаж аллаа.  Буудуулаагүй үлдсэн ганц онгоц тэр даруй холдоод эргэн холбогдож яагаад буудсан, одоо яах, шатахуун дуусч байгаа тухай уйлан хайлан гомдоллон хэлэхэд эргээс “Гэрлээ асаалгүй, хусах нислэгээр буу” гэж зааварлажээ. Өөрийн онгоц гэдэг зарчмаар буугаад болохгүй бол дайсны онгоц шиг нууцаар бууж үзсэн нь тэр. Сонирхолтой нь тэрхүү гэрэлгүй, нууцаар нисэх буудал руу орж ирсэн онгоцыг хэн ч мэдсэнгүй, буудсангүй, эсэн мэнд газарджээ.

Япончууд Перл Харборыг бөмбөгдсөний дараа иймэрхүү үл ойлголцох, замбараа цадигаа алдах, цуу ярианд автах... зэрэг үйлдэл нь зөвхөн энд, нэг удаа болсон явдал биш бөгөөд өөр бусад улс орон, армид иймэрхүү явдал дэндүү олон болж байсан тохиолдол их бий.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]