Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хүйтэн дайны үеийн сансрын өрсөлдөөн (4-р хэсэг): Саран дээр буухын төлөөУншсан2,823

1964 он. Зөвлөлтийн улсын нууцад хамрагдсан Королев дэлхий даяар танил болсон өрсөлдөгчийнхөө пуужингийн тухай баримтат киног үзэж байв.

Хүйтэн дайны үеийн сансрын өрсөлдөөн (1-р хэсэг): Нацистын пуужингийн төлөө

Хүйтэн дайны үеийн сансрын өрсөлдөөн (2-р хэсэг): Хиймэл дагуулын төлөө

Хүйтэн дайны үеийн сансрын өрсөлдөөн (3-р хэсэг): Сансарт хүн нисгэхийн төлөө

Шинээр байгуулагдсан Америкийн Сансар Судлалын Агентлаг НАСА болон хоёр суут эрдэмтний дараагийн өрсөлдөөн саран дээр хүн буулгах.

 

Сарны төлөө

 

1964 он. Зөвлөлтийн улсын нууцад хамрагдсан Королев дэлхий даяар танил болсон өрсөлдөгчийнхөө пуужингийн тухай баримтат киног үзэж байв. Фон Брауны удирдсан Аполло төслийн хүрээнд 107 метр урттай Сатурн пуужинг бүтээсэн аж. Пуужингийн эхний шатны таван хөдөлгүүр 3400 тонн хүч үүсгэнэ. Энэ нь 1500 ширхэг Спутник хиймэл дагуулыг нэгэн зэрэг сансарт хүргэх чадал. Тэгвэл Сатурны адил хэмжээний пуужин бүтээх санхүүжилт олж чадаагүй Королевийн пуужин ширээн дээрх загвар төдий байв. Сатурны хөдөлгүүр пуужингийн бусад төрлийн хөдөлгүүртэй адил бөгөөд хамгийн чухал хэсэг нь шүршигч хавтан юм. Энэ нь түлшийг шатаах сав руу шүрших маягаар тасралтгүй илгээнэ. Хөдөлгүүрийн туршилтыг хоёр жилийн өмнөөс хийж эхэлсэн боловч асуудал үргэлжилсээр. Хавтангийн олон жижиг нүхээр хэдэн арван мянган тонн түлшний хамт исэлдүүлэгчийг илгээж, шатаах замаар их хэмжээний түлхэлтийн хүчийг үүсгэнэ. Түлшний шүршилтэд үл ялиг алдаа гарахад л шаталт тогтворгүй явагдаж, аймшигтай осолд хүргэнэ. Таван хөдөлгүүр нэгэн жигд ажиллах ёстой.

Шинээр төлөвлөж буй Эн-1 пуужинд хангалттай төсөв хуваарилахгүй байгаа коммунист намын дарга нарыг ятгуулахаар Королев эхнэр Нинагийн хамт Валентин Глушкогийнд очжээ. Глушко тусална гэсэн боловч түлшийг өөрчлөх нөхцөл тавьсан байна. Хэрэв шингэнээс өөр төрлийн түлш ашиглавал хангалттай цаг хугацаа байхгүй нөхцөлд бүхнийг дахин эхлэх шаардлагатай болно. Асуудлын гол нь түлшинд бус тэр хоёрын харилцаанд байв. Глушко өмнө нь Королевийг Хрушёвт муулж байсан бол одоо Брежневээс холдуулахыг оролдож, түүний амжилтад атаархаж байв. Саранд хүрэх эсэх нь пуужингийн хөдөлгүүрээс хамаарна. Фон Браун хөдөлгүүр дотор жижиг оврын дэлбэлэх төхөөрөмж суурилуулж, түлшний шаталтын тогтворгүй байдлыг зориудаар үүсгэх хэтэрхий шийдэмгий туршилт хийжээ. Хэрэв энэ дэлбэрэлтэд хөдөлгүүр тэсч үлдвэл асуудал шийдэгдэнэ гэсэн үг. Гэвч туршилт амжилтгүй. Ард түмний татварын мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулж байна гэх мэтээр фон Брауны эсрэг хэл ам гарах болж, түүнийг шоглосон дуу ч зохиогдов.

Фон Браун хэдэн сая доллар зарцуулж, эд ангиудыг сайжруулан олон дахин туршилт хийсний эцэст амжилтад хүрчээ. Гэхдээ шаталт тогтворгүй явагдаж байгаагийн шалтгаан тодорхойгүй хэвээр. 1965 оны 3-р сарын 18-нд фон Брауны болгоомжилж байсан зүйл биеллээ олж, өрсөлдөгч нь түүхэнд анх удаа хийсэн амжилтын жагсаалтаа нэгээр нэмэгдүүлэв. Зөвлөлтийн сансрын нисгэгч Алексей Леонов анх удаа задгай сансарт гарчээ. Королев ч энэ амжилт дарга нарт нөлөөлж, саранд хүрэх төсөлд хөрөнгө, мөнгө гаргана гэж найдаж байв. Харин Леонов хөлөгтөө эргэн орох үед түүний хувцас хөөж, томорсноос гараа ч атгаж чадахгүй болсон байна. Королевийн зөвлөсний дагуу хувцас доторхи агаарыг бага зэрэг гадагшлуулж, 12 минут оролдсоны эцэст хөлөгтөө орж чаджээ. Түүний задгай сансарт өнгөрүүлсэн нийт хугацаа 23 минут 41 секунд.

Тухайн үед Вьетнамын дайны гал өргөжиж, Америк даяар эсэргүүцлийн дуу хоолой цууриатав. Фон Браун эсэргүүцлийн хөдөлгөөн сансрын технологийн хөгжүүлэлтэд нөлөөлөхөөс болгоомжилж байсан бол Королев өрсөлдөгчийнхөө хөрөнгө, санхүүжилтийн чөлөөт байдалд атаархаж байсан юм. НАСА зөвхөн 1965 онд гэхэд л таван тэрбум долларын төсөвтэй байжээ. Эцсийн эцэст Сатурн пуужингийн эд ангиудыг үйлдвэрлэхэд Америк даяараа хүчин зүтгэж, нисгэгчид ч саран дээр газардах бэлтгэлээ хангаж байв. 1965 оны 5-р сард Королев чихэнд чимэгтэй мэдээ дуулав. Октябрийн хувьсгалын 50 жилийн ойд зориулан хоёр жилийн дотор зөвлөлтчүүд саранд хүрэхээр төлөвлөжээ. Гэхдээ олдсон төсвийн хэмжээ Эн-1 пуужинг бүтээх зардлын хагаст л хүрэхээр. Шинэ пуужингийн хөдөлгүүрийг Глушкогийн оронд Николай Кузнецов хариуцах болсон байна.

Королев нар хангалттай түлхэлтийн хүчийг үүсгэхийн тулд пуужингийн эхний шатанд 24 хөдөлгүүр угсрахаар шийджээ. Америкчууд дөнгөж таван хөдөлгүүр удирдах гэж ядаж байхад 24 хөдөлгүүр маш хэцүү. Хөдөлгүүр бүтээж байх явцад Королев капсулын загварыг бүтээлээ. 6500 кг жинтэй Союз хөлгийн капсул гурван нисэгчийг тээвэрлэхээс гадна жолоодох боломжоороо Востокоос ялгагдана. Эхний үед капсулын бүхээгний хэмжээг хэтэрхий давчуу байхаар төлөвлөсөн. Шалан дээр тойрог зурж, хариуцсан залуу зохион бүтээгчийг өөрийг нь зогсоож үзүүлсний дараа хэмжээг томруулж, Восток хөлгийнхөөс хоёр дахин их болгожээ. Саранд хүрэх сансрын нисгэгчээр Леонов, Гагарин, Комаров нар сонгогдоод байв. Гэвч нисгэгчдэд капсулыг танилцуулсны дараа Королев зүрхний хүчтэй өвдөлтийг мэдэрсэн байна. Гэрээр эмчилгээ хийлгэх зөвлөгөөг эмчээс авсан түүнийг 20 жил туслахаар нь ажилласан Василий Мишин орлох болов.

Харин НАСА энэ үед Жэмини хэмээх сансрын шинэ хөлөг бүтээж, хоёр сарын зайтай жолоодлогот нислэгийг хоёр ч удаа амжилттай үйлдэв. Задгай сансарт гарах, хөлгүүдийг залгах туршилт хийж, сансарт хоёр долоо хоног байрлан дээд амжилт тогтоолоо. Ийнхүү саранд хүрэх америкчуудын эхний алхмууд амжилттай хийгдэж эхэлжээ. 1966 оны 1-р сарын 14-нд Кремлийн эмнэлэгт зүрхний булчингийн ургац авах мэс засал хийх үед Королевт хавдар илрэв. Тэрээр мэс заслын дараа ухаан оролгүй байсаар зүрх нь зогсчээ. Засан хүмүүжүүлэх газрын хүнд хүчир нөхцөл, сансрын хөгжүүлэлтийн олон жилийн амралтгүй хөдөлмөрт түүний зүрх бүхий л боломжоо аль хэдийнэ шавхсан байв. Гурав хоногийн дараа 20 жил нууцалсан түүний нэрийг дэлхий даяар зарлажээ. Нэгэн цагт хоригдол байсан хүнийг Зөвлөлтийн ард түмний баатрын ёсоор Кремлийн хананд оршуулсан байна.

 Тэр үед Кэйв Канаверал хошуунд байрлах дэлхийн хамгийн том үйлдвэрт аварга Сатурн-5 пуужингийн угсралт явагдаж байв. 1967 оны 1-р сарын 17-нд НАСА Аполло төслийн бэлтгэл ажлыг бараг дуусгаж, газар дахь хамгийн сүүлчийн туршилт хийхээр гурван нисгэгч капсулд орсон байна. Гэвч осол болж, чөлөөт хүчилтөрөгчийн нөлөөгөөр капсул бүхэлдээ галд автжээ. Амеркчуудыг цочирдуулсан ослын дараа НАСА капсулыг дахин шинэчлэх шаардлагатай болов. Түүнээс хойш гурван сарын дараа Зөвлөлтөд Союз хөлгийн туршилтын нислэг хийжээ. Хөлөг тойрог замд орох үед нарны панел нээгдээгүйгээс хүч хүрэлцэхгүй болж, нисгэгч Комаровын амь нас аюулд учрав. Энэ үйл явдал Королевийг залгамжилсан Василий Мишины хувьд томоохон сорилт болно. Тэрээр зөвхөн шаардлагатай системийг үлдээж, бусад бүх товчлуурыг унтраах үүрэг өгсөн байна. Гэвч хөлөг дэлхийг 13 тойрсны дараа агаар мандалд автоматаар оруулах системд гэмтэл гарчээ.

Эцсийн арга гар жолоодлого боловч бас л найдваргүйд тооцогдож, сансарын нисгэгч Комаровын эхнэрийг салах ёс гүйцэтгүүлэхээр нислэгийг удирдах төвд дуудсан байна. Сансрын нисгэгч хөлгөө жолоодон агаар мандалд амжилттай орсон боловч Союз хөлгийн шүхэр дэлгэгдээгүйгээс газарт унаж нас баржээ.

(Комаровын үхэлтэй холбоотой нийтлэлүүдийг Сансрын нисгэгч Комаровын эмгэнэлт үхлийн нууц

Нэгэн зэрэг гурван алдаа гаргасан Мишин хувьсгалын 50 жилийн ойн жилд багтаж саранд хүрэх боломжгүй хэмээн намын төв хороонд илтгэв. Харин сансрын нисгэгчид амь насаараа дэнчин тавьж, саранд хүрч чадах тухайгаа илэрхийлсэн ч удирдлагуудаас ямар ч хариу өгөөгүй байна. Мишин уг ослын дараагаас эхлэн согтууруулах ундаа ихээр хэрэглэх болсон гэдэг. Хоёр сарын дараа Гагарин нисэх онгоцны дадлагын нислэгийн үед тохиолдсон ослоор амь үрэгдэв. Королев, Комаров, дараа нь Гагарины үхэл нийгмийн сэтгэлзүйд нөлөөлж, Зөвлөлтийн сансрын технологийн хөгжүүлэлт зогсонги байдалд орох эрсдэл учирлаа.

Комаров

Тэгвэл Америкт Сатурн пуужинг сансарт хөөргөх туршилт эхэлж байв. Энэ удаад сансрын нисгэгч суулгаагүй хоосон капсулыг тойрог замд оруулна. 1968 оны 4-р сарын 4-ний өдөр, аюулгүйн үүднээс хэвлэл мэдээллийнхнийг зургаан км-ийн зайд байрлуулжээ. 36 давхар барилгатай тэнцэх өндөр, өмнө байгаагүй аварга том Сатурн-5 пуужин цөмийн бөмбөгийг эс тооцвол түүхэн дэх хамгийн их тэсрэлтийн дуу чимээг үүсгэн хөөрөв. Пуужин хөөрөх үед үүссэн чичирхийллийг Америкийн нутаг дэвсгэрт байрлах газар хөдлөлтийн бүхий л төхөөрөмжүүд бүртгэж авчээ. Хөөрснөөс хойш 125 минутад их биед бага зэргийн чичиргээ мэдрэгдэж, дараа нь 2-р шат салах явц бага зэрэг саатсан ч пуужин капсулыг тойрог замд амжилттай оруулав. Гэхдээ өмнөх ослын дараах сайжруулалт дуусаагүй нөхцөлд хүн суулгаж хөөргөх боломжгүй.

Тэр үед Зөвлөлтөд Кузнецовыг хөдөлгүүрийн хүчний асуудал зовоож байв. Шаардлагатай хүчийг үүсгэхийн тулд хөдөлгүүрийн тоог нэмэхээс өөр аргагүй болж, эхний шатны хөдөлгүүрийн тоо 30-д хүрсэн байна. Үүнтэй холбогдуулан Королевтой сөргөлдөж байсан Глушко ч Кузнецовыг эсэргүүцэж байв. Өмнө нь өөрийн бүтээж байсан РД-23 хөдөлгүүрийг ашиглан, Эн 1-ийн хөдөлгүүрийн зураг төслийг тэгээс эхлүүлэх шаардлагатай гэжээ. Глушкогийн эсэргүүцлийг үл тоон Королевийн мөрөөдлийн биелэл болох учиртай Эн1 пуужин хөөргөх тавцанд хүрсэн боловч их биед цууралт илэрч, эхний туршилт хойшлов. Энэ үед оросууд тухайн ондоо багтаан саран дээр газардах гэж байгаа тухай ТТГ-ын мэдээлэл америкчуудад хүрэв. Тэд яаравчиллаа. Хиймэл дагуулаас авсан зурагт Сатурнтай дүйцэх хэмжээний аварга пуужин дүрслэгдсэн байв. Иймд дараагийн нислэг хийхээр төлөвлөж буй Аполло-8 хөлгийг сарны тойрог замд оруулахаар шийджээ. Харин Королевийг алдсан Зөвлөлт улсын сансрын технологи уналтын босгыг дөнгөж л алхаж байв. 1968 оны 11-р сард Мишинд үл итгэсэн сансрын нисгэгчид түүнийг алгасан 12-р сарын эхээр саранд хүрэх жолоодлогот нислэг хийх боломжтой тухайгаа намын удирдлагуудад илтгэсэн боловч тэдний хүсэл биелсэнгүй.

1968 оны 12-р сарын 21-нд, хөдөлгүүрийн чичиргээний асуудал бүрэн шийдэгдээгүй нөхцөлд америкчууд сарыг тойрон эргэх гурван нисгэгчийг сансарт хөөргөв. Пуужингийн 2-р шат амжилттай салж, сарыг чиглэх тийрэлтэт хөдөлгүүр ажиллагаанд залгагджээ. Сансрын 3 нисгэгч 380 мянган км зам туулж, сарны тойрог замд оров. Тэд Зул сарын баярын өмнөх өдөр сарны гадаргыг анх удаа өөрсдийн нүдээр харжээ. Аполло-8 хөлөг сарны эсрэг талд орох үед дэлхийтэй холбоо тасарна. Сарны эсрэг талаас гарч ирсэн нисгэгчид хүн төрөлхтөн хэзээ ч харж байгаагүй дэлхийн шинэ төрхийг тольджээ. Сарны гадаргын хязгаараас дэлхий мандаж байв. Сансрын нисгэгчид үзэсгэлэн төгөлдөр дэлхий ертөнцөд амьдрагсдад Зул сарын баяр хүргэж, бурхны авралд багтахыг хүсэн ерөөв. 12-р сарын 27-нд Аполло-8 хөлгийн нисгэгчид сарны гадаргад 110 км ойртсон байв. Дараагийн нислэгээр анхны хүн сарны гадарга дээр газардах болно.

1969 оны 7-р сарын 3, америкчууд саранд хүрэхээс 17 хоногийн өмнө Эн1 пуужинг хөөргөж, саранд хүрэх хөлгийг хүнгүйгээр нисгэх туршилт хийхээр Зөвлөлтөд төлөвлөжээ. Пуужин амжилттай хөөрөхийн тулд 30 хөдөлгүүр нэгэн зэрэг асах ёстой. Гэвч туршилт бүтэлгүйтэж, пуужингийн түүхэнд тохиолдсон хамгийн том дэлбэрэлтийн ул мөр атомын бөмбөгнийхөөс ялгагдахааргүй байв. Пуужингийн үлдэгдлүүд 10 км тойрогт цацагдсан байна. Дэлбэрэлтийн шалтгаан ганц ширхэг эрэг (болт) түлшний насост сорогдсоноос болжээ. 20 жилийн турш нууцлагдсан уг ослоор Мишиний сансарын карьер төгсгөл болов. Тэгвэл америкчууд саранд хүрэх бэлтгэл ажлын хамгийн сүүлчийнх болох төрийн далбааны сонголт хийж байв. Аль нэгэн компанийн бүтээсэн далбаа саран дээр мандаж байгаа нь сурталчилгаанд ашиглагдан зүй бусаар ашиг олохоос сэргийлэх зорилгоор сонголтыг нууцалсан байна. 1969 оны 7-р сарын 16-нд Нил Армстронг, Баз Олдринг, Майкл Коллинз нар Аполло-11 хөлгөөр саранд хүрэх нислэг эхлэхэд бэлэн болоод байв.

Нислэгийн явцыг ажиглахаар Кэйв Канаверал хошуунд нэг сая гаруй хүн цугласан бол дэлхий даяар таван тэрбум хүн догдлон хүлээж байв. Аполло-11 хөлөг дэлхийн тойрог замд орох эсэх нь Сатурн пуужингийн үндсэн хөдөлгүүрийн эхний 150 секундын ажиллагаанаас хамаарна. Дөрөв хоногийн дараа, фон Браун пуужингийн технологийн хамт Америкт ирснээс хойш 25 жилийн дараа түүний амьдралын туршид тээсэн мөрөөдөл биелэл болох гэж байв. Сарны тойрог замд орсны дараа эх хөлөгт Майкл Коллинз үлдэж, Нил Армстронг, Баз Олдринг нар буугч хөлгөөр сарны гадаргыг чиглэн урууджээ. Саран дээр түрүүлэн хөл тавьсан Нил Армстронг "Нэг хүний хувьд жижиг алхам боловч хүн төрөлхтөнд томоохон дэвшил боллоо" хэмээлээ. Америкийн сансрын хоёр нисгэгчийг саран дээр байх үед Зөвлөлтийн станц тэдний дээгүүр нисэн өнгөрч, цаахна байх "Хямралын тэнгис"-т унажээ. Фон Браун түүнээс хойш таван удаагийн нислэгээр саран дээр дахин таван удаа хүн амжилттай газардуулав. Гэхдээ бусад гаригт хүрэх сансрын аялал биелэл болж амжаагүй юм.

Фон Браун 1972 онд НАСА-гаас гарч, таван жилийн дараа нас баржээ. Харин Сергей Королевийн үйл хэрэг үргэлжилсээр байна. Түүний бүтээсэн Р7 пуужин, Союз капсул Оросын сансрын нислэгт өдийг хүртэл ашиглагдсаар байгаа юм.

"Robomec"-ийн зөвшөөрөлтэйгөөр нийтлэв.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]