Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Цагийн өнгө өө гэж...Уншсан5,778

Ээж хүү хоёр, захиагаа уншиж дуусаад надтай дахин хэдэн үг солилоо. Тэр хоёр давгүй сайхан, бүр жаргалтай амьдарч байгаа бололтой. Карантинд ямар байгаа тухай, хоол унд ямар байгаа тухай, нөхөр нь өөр юу хэлүүлсэн гээд асуусан асуултад нь би ойр зуур хариулаад явахаар бослоо.

МУСГЗ,  доктор Я.Ганбаатар бичиж байна.

1983 онд би цэрэгт татагдсан тухайгаа ярьсан. Хэдхэн сар болоод  халагдаж ажилдаа эргэж орсон тэр хугацаанд туулсан цэргийн амьдралд юм юм л тохиолджээ. Заримаас нь энд дурдахыг хүслээ.

Нэг удаа би хоногийн чөлөө авч хот орох болов. Үдээс хойш яваад маргааш үдээс хойш нь тэр цагтаа эргэж ирэх ёстой. Хоёр цэрэг зүү залгичихсан тул карантины эмч яаралтай хот хүргэж цэргийн эмнэлэгт үзүүлж рентгенд харуулах, зүүг нь яаж авахыг шийдэх ёстой болсон хэрэг.

Харин би тэднийг эмнэлэгт хүргэхээр эмчийн хамт явж байгаа минь тэр. Эмч тэгж хот явахдаа хөгшин цэргүүдээс хань татна. Карантинд очоод хэд хоносны дараачаас шинэ цэргүүд “санамсаргүйгээр” зүү залгичихдаг болжээ. Яасан гэхлээр, кителийнхээ захыг хадаж байгаад зүүгээ амандаа зуучихсан байтал хэн нэг нь араас нь ёворчихсон чинь зүүгээ цааш нь залгичихсан гэнэ.

Тэгээд хот явах болно. Зүү залгисан цэргийг харахад ямарч нүүрний хувирал байхгүй, хар цагаан дуугүй, гүлдийчихсэн харагдана. Өөр ч яах юм билээ дээ. Эхэндээ тэднийг өрөвддөг байлаа. “Яана аа? Үхчих вий дээ. Эх орноо хамгаалах эр цэрэг болох гэж ирээд ингэчих гэж. Хайран сайхан хүү...” гэж элдвийг бодно.

Гэтэл сүүлдээ цувралдаад л зүү залгиад, хот яваад, хоёр хоноод зүв зүгээр эргэж ирээд байхаар нь эргэлзэж эхэлнэ. Зүгээр л, тэгээд хэлчихэд л болчихдог юм биш үү. Тэр хөдөө уулын мухарт үнэн  худлыг нь мэдэхгүй юм чинь. Хот орж л таараа.  Ухаандаа, шинэ цэрэг цэргийн албанаас няцаж, шантарч байгаа нь тэр бололтой.

 Дэг гэдэг юм багасч, бараг байхгүй болсонтой ялгаагүй, зүгээр л цэргийн албаны журам дэглэмээр л чангалдаг болсон тэр цагт жаахан хатуу хүтүүг үзэхээрээ, жаахан өлсөж цангахаараа, нар, бороонд зогсохоороо, зүүд нойроо харамлахаараа, ерөөсөө цагийн дэглэмд ороод ирэхээрээ хүн ингэдэг ажээ. Ерөөсөө хүн гэдэг амьтан эрх чөлөөтэй, дур зоргоороо, задгай тааваараа байх дуртай юмсанжээ...

Баянчандманиас хот руу хэдэн цаг яваад хот орж, цэргийн төв эмнэлэгт нөгөөдүүлээ хүлээлгэж өгөөд гэртээ ирэв. Тэр үед манайх гуравдугаар хороололд “Өргөө” кино театрын баруун талд байсан юм. Энгийн хувцас өмсч гараад, найз нартайгаа уулзан жаал сууцгаав. Тэгээд харьж, орой болтол гэрийнхэнтэйгээ ярьж хөөрч, сайхан унтаж амраад, өглөө нь аажуухан бослоо.

Үдээс өмнө хэдэн ажил амжуулаад үдээс хойш эртхэн гараад явчихна даа. Карантин руу буцна гэхээс сэтгэл хоргодоно. Гээд яахав, явж л таараа. Харин амжиж нөхдийн дайлгасан хоёр захиаг гэрт нь хүргэж өгөх ёстой. Тийм учраас захиануудыг аваад гарлаа. Эхнийх нь захиаг өгөх айл хаа гэж ойрхон, ердөө замын урдтайх есөн давхарт аж. Захиан дээрх хаягаар нь орц руу нь орж цахилгаан шатаар өгсөн найман давхарт гарч хаалганых нь хонхыг дарав.

Чингээд дуу аялсан шигээ санаандгүй зогсч байтал хаалга ч онгойлоо. Тэгтэл нэг орос хүүхэн хаалгаа тайлах нь тэр. Би гэнэ сэрэггүй байсандаа хэдэн агшин гацаж орхив. Айл андуурав уу? Магадгүй. Мөн бол мань хүн надад хэлчихгүй дээ гэсэн бодол төрж байна. Тэгээд ам нээлээ:

-Хм... Драсьте...

-Добрый день.

-Энэ Нямсүрэнгийнх мөн үү?

-Мөн мөн.

-Би карантинаас чөлөөгөөр ирсэн юм аа.

-Өө, тийм үү? Манай нөхөр бас тэнд байгаа.

-Харин тийм. Би нөхрөөс чинь захиа авчирлаа...

-Баярлалаа. Та орооч.

Би хулгасхийн орох үед цаад өрөөнөөс нэг шар толгойтой жаал гүйж ирлээ.

-Ээж ээ, энэ хэн бэ?

-Аавынх нь найз байна аа. Аавтай нь хамт цэрэгт байгаа ах нь. Ааваас чинь захиа авчирсан гэнэ. Хоёулаа уншья.

-Та нээрээ манай аавын найз нь юм уу? Аав тэгээд яагаад ирээгүй юм бэ?

-Аав нь удахгүй ирнэ ээ гэж би хэлээд захиаг гаргаж ээжид нь өгөв. Ээж хүү хоёул захиаг их л амтархан уншицгаав. Тэр зуур би аягалж өгсөн цайг нь оочлон тэднийг, бас гэрийг нь ажиглан суулаа. Цэвэрхэн сайхан суудаг айл ажээ.

Манай салаанд хөгшин цэргүүд нэлээн байсан юм. Цэрэгт арван найм, естэй залуус татагдаж явах нь их агаад хорин хэдтэй ч байна л даа. Тэднийг л хөгшин цэрэг гэж байгаа юм шүү дээ. Хөгшин цэргүүдийн ихэнх нь гадаад, дотоодод их, дээд сургуульд суралцсан, тэгээд л нас нь явчихсан нь тэр л дээ. Манай карантинд Орост, Болгарт, Германд, бас дотооддоо их сургууль төгссөн мань мэтийн олон залуус байсан юм.

Захиа дайлгасан нөхөр маань хойно Зөвлөлтөд сурч байхдаа орос бүсгүйтэй танилцаж эхнэр болгож авчирсан нь энэ байжээ. Тэр үед монгол эрчүүл орос эхнэр авчрах нь түгээмэл байсан даа. Орос авгай авбал төгсч ирээд хотод үлдэнэ, гайгүй ажилд очно, байртай болно. Амьдрал тэгширнэ гэсэн үг. Өөр юу хэрэгтэй юм?

Эднийх тэр л жишгээр залуухан гэр бүл гэхэд ийм аятайхан байртай болсон байж таарна. Гурав, дөрөвдүгээр хороолол тэр үед баригдаад удаагүй, шинэхэн хорооллын шил цонх нь гялалзаад, Улаанбаатарын хамгийн тохилог сайхан газар байсан билээ.

Ээж хүү хоёр, захиагаа уншиж дуусаад надтай дахин хэдэн үг солилоо. Тэр хоёр давгүй сайхан, бүр жаргалтай амьдарч байгаа бололтой. Карантинд ямар байгаа тухай, хоол унд ямар байгаа тухай, нөхөр нь өөр юу хэлүүлсэн гээд асуусан асуултад нь би ойр зуур хариулаад явахаар бослоо.

Гарч явахдаа нөгөө захианы хаягийг хараад автобусанд суув. Хойшоо хоёр буудалд ажээ. Их сургуулийн дэргэд бууж дахин унаанд суун хойшоо явсаар хоёр буудлын орчимд бууж өнөөх айлыг хайн гудамж дундуур алхлаа. Нэлээн явсаар өнөөх хаягийг олж очин мөн бишийг нь дахин нягтлав. Хаалга нь онгорхой байсан ч би орсонгүй, хаалгыг нь цохиход удалгүй нэг залуухан хүүхэн гарч ирлээ.

-Сайн байна уу?

-Сайн, сайн байна уу?

-Би Баянчандманийн карантинаас ирсэн юм аа. Энэ захиа авчирлаа.

-Өө тийм үү? Ор ор! гэж тэр хүүхэн хэлээд цааш эргэлээ. 

Би ормооргүй байсан ч, хүн “Ор!” гэж байхад яаж оролгүй явчихав... гэж бодоод араас нь даган дотогш оров. Жижигхэн хашаан дотор бас л жижигхэн навтгар шавар тагз байна. Хүүхэн түрүүлж ороход нь араас дагаж оров. Намхан таазтай, гэгээ багатай өрөөнд орсон хойноо би дахиад зогтусч орхих нь тэр.

Ёстой л нүдэндээ итгэж ядахдаа нүд аниад толгойгоо сэгсэрч унтаа, сэрүүн алин болохыг үзмээр санагдав. Гэвч мэдээж, сэрүүн л явж байгаа нь энэ шүү дээ. Хөх ямаан сахалтай, туранхай хятад өвгөн цөмцийгөөд сууж байна. Мэнд мэдсэн чинь дуугарсангүй. Монголоор ярьдаггүй бололтой.

Хүүхэн надад цай аягалж, жижиг тавагтай боов дөхүүлж өгөхөд нь би аягатай цайг авангаа захиаг өөрт нь өгөв. Хүүхэн ч захиаг дор нь задлан уншиж гарлаа. Хэдийгээр зуны дунд сар, гадаа нарлаг дулаахан ч, энэ гэрт хүйт хургаад жихүүн сэрүүхэн ажээ.

Тэр үед Монгол-Хятадын харилцаа ямар байлаа, монголчууд, хятадууд бие биендээ яаж ханддаг байлаа даа. Би аягатай цайнд ам хүрсэн болоод ширээн дээр тавьж, бушуухан гарахын түүс болон суулаа. Эр хүний гар хүрээгүй удсан шинжтэй, хаалга, цонхны будаг шунх халцарч, жайжийсан, цаанаа л нэг гундуухан харагдана.

Хүүхэн захиаг уншиж дуусаад эвхэж халаасандаа хийгээд над руу харж:

-Тэгээд манай хүн дажгүй юу? Ямаршуухан байгаа юм бол доо? Манай хүн ч гэж дээ, халагдахаар нь бид хоёр суух гэж байгаа юм аа.

-Дажгүй ээ, бүр сайн. Одоо хуучирсан шүү дээ. Тэгээд манай Жа болсон. Салаа захираад л явж байгаа.

-Ашгүй дээ. Санаа зовох л юм. Мөд ирэхгүй л байх даа?

-Намар карантин буухаар л ирнэ дээ. Наана нь амжихгүй байх аа...

Хүүхэн монголоор бидэн шиг л, ямарч аялгагүй, цэвэрхэн ярих ажээ. Бодвол монгол ээжтэй, хятад аавтай биз. Тэгээд бас монгол сургуульд сурч төгссөн биз. Тэр үед 3, 5, 17 гээд энэ хавийн сургуулиудад эрлийз хүүхдүүд их сурдаг байсан гэдэг.

Хүүхэн эгц харахгүй, үргэлж доош шагайх агаад нэг нааш харахад нь нүдэнд нь тэр гэхийн тэмдэггүй жигтэй хачин гуниг хургасныг би олж харлаа. Ер нь л гундуухан, дуу муутай нь илт. “Яасын бол доо? Элдэв юм тохиолдоогүй л юм шиг...” гэж би бодонгоо явахаар босов.

Хүүхэн намайг хашааны хаалга хүртэл үдэж өгөөд үлдэв. Унаа ирж авах дөхөж байгаа тул би харихаар яаравчиллаа. Харьж явахдаа өнөөдөр нөхдийн захиасыг биелүүлсэндээ сэтгэл хангалуун байж чадахгүй байгаадаа өөрийгөө гайхав. Хэрэг дээрээ өөрийгөө гайхаж байгаа ч юм биш, харин өнөөдөр орсон хоёр айл намайг гайхашруулж байгааг сая анзаарав.

Нээрээ, би ямар айлуудаар орчихов доо? Өөр хүмүүс ч бидний дунд ингээд жаргал, зовлон ээлжлэн баяртай, гунигтай амьдарч байдаг ажээ. Нэг нь орос хүн болж төрснийхөө хэргийг гарган сайхан амьдарч байхад нөгөөх нь хятад хүн болж төрснөөрөө илүү үзэгдэн, гундуухан явдаг юм биш үү? гэж бодсоор явж билээ.

Цаг өөр байсан үе дээ. Түүнээ дагаад цагийн өнгө ч өөр, хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн байж дээ. Орос хүүхэн, сөөсгөр шар баньд хоёр ирээдүй цагийн илэрхийлэл мэт санагдаж байсан бол өвгөн хятад, эрлийз хүүхэн хоёр өнгөрсөн үеийн төлөөлөл мэт сэтгэгдэл төрүүлж байж билээ. Гэвч тэр мэдрэмж оновчтой байгаагүй нь өнөөдрийн өндөрлөгөөс ойлгомжтой байна аа... 

За, ингээд өндөрлөе. Энэ бол миний дурсамж романы нэг хэсэг юм аа. Бага насныхаа тухай “Сансарын хүүхдүүд”, залуу, идэр насны он жилүүдийнхээ тухай “Гүүр” хэмээх хоёр роман бичсэн. Гэхдээ хэвлүүлээгүй байгаа. Хэрэв уншигч танд сонирхолтой бол өөр олон зүйлийн тухай дараа дахин хүүрнэсү.   

                                       Дурсамж хөтөлсөн Я.Ганбаатар.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]