Дэлхийн хамгийн муухай эмэгтэйгээр "Сармагчин эмэгтэй" гэх хочтой Жулиа Пастрана нэрлэгддэг.
1834 онд Жулия Пастрана Мексикт төржээ. Түүний гарын алга, хөлийн улнаас бусад бүх биеийн хэсгүүд нь үсээр бүрхэгдсэн байсан байна. Түүнийг төрсөн даруйд л гаж этгээд гэх яриа таржээ. Охин ер бусын этгээд царайтай төрж, он жилүүд өнгөрөх тусам энэ гажиг нь улам л ихсэж, нүүрэнд нь үс ихээр ургаж, уруул нь урагшаа цорвойж, нүд нь дүрлийж, аманд нь хоёр эгнээ том гэгчийн шүднүүд ургажээ.
Жулия гадна төрхөөрөө сармагчинтай илүү төстэй байсан аж. Түүнийг муу ерын хүчний нөлөөгөөр ийм төрсөн хэмээн сэжиглэж, этгээд царайнаас нь болж ээж нь орхисон учраас өнчин хүүхдийн асрамжийн газарт бага насаа өнгөрөөсөн байна. Үүний дараа орон нутгийн мужийн захирагч түүнийг өргөж авч, тэрээр 20 нас хүртлээ захирагчийн гэрийн үйлчлэгч, зугаацуулагч болж байжээ.
Хожим нь 20-иод настай байх үедээ Жулиа М.Рейтс хэмээх Америкийн шоу бизнесчинтэй уулзах боломж олдсон юм. Шоумэн түүнийг итгүүлж, тайзан дээр тоглолтоо хийж эхэлжээ.
Жулиагийн дебют тоглолт нь 1854 онд Нью-Йорк хотын Готик танхимд болжээ. Тэрбээр амжилттай жүжигчин болсон бөгөөд тэр цагаас хойш "Мууран эмэгтэй" эсвэл бүр "Бабун авхай" гэгддэг байв.
Жулиа Пастранаг Нью-Йорк хотын эмч, мэс засалч Александр Браун Мотт орангутаны эрлийз хэмээн мэдэгдэж, Жулиагийн сурталчилгааны агентууд үүгээр нь сурталчилгаа хийж байжээ.
Жулиа зөөлөн, сийрэг ухаантай, сайхан сэтгэлтэй эмэгтэй байв. Тэр гурван хэлээр ярьдаг байжээ. Мөн бүжиглэж, дуулахыг өөрөө бие даан сурч, хоол хийх, оёх, аялах дуртай байв.
Хэдийгээр эдгээд гаж төрхтэй байсан ч тэрээр 20 гаруй гэрлэх санал авч байсан нь олны сонирхлыг ихэд татаж байв.
Европ руу аялахын өмнө Жулиа менежер Теодор Ленттэй нууцаар гэрлэжээ. Жулиа түүнд чин сэтгэлээсээ хайртай байсан бол харин Теодор ашиг олох зорилгоор гэрлэсэн гэж үздэг.
Гэрлэлтийн дараахан хөл хүнд болсон байсан ч 1860 оны 1-р сард 26 настайдаа Москва хотод аялан тоглолт хийхээр явав. Тийнхүү урт холын цаг наргүй шоу тоглолт хийн явахдаа Жулиа хүүхдээ төрүүлэв. Харамсалтай нь хүү хоёр өдрийн дараа нас баржээ. Үүнээс гурван хоногийн дараа Жулиа нас барсан юм. Түүний сүүлчийн үг "Би аз жаргалтай үхэж байна" гэсэн гэдэг.
Түүний зальтай нөхөр энэ гунигт явдлыг огтхон ч тоосонгүй даруйхан эхнэр, хүүхдийнхээ цогцсыг Москвагийн их сургуулийн анатомийн профессор Соколовод өндөр үнээр заржээ. Гэхдээ профессор ээж хүү хоёрын цогцсыг "янзалж" дуусгаад олон нийтэд үзүүлэхэд Теодор буцааж худалдаж авчээ.
Теодор цогцсыг шилэн шүүгээнд хийж, дэлхийгээр тойрон аялан тоглолт хийн, зургаан жилийн турш хүмүүст үзүүлэн болгон үзүүлж ашиг олсоор байв. Хөөрхийлэлтэй эмэгтэйг үхэл ч хүмүүсийн доог дохуунаас чөлөөлж чадсангүй.
Хожим нь Лент түүнтэй төстэй царай төрхтэй Мари Бартел эмэгтэйг олж, түүнтэй гэрлэж түүний нэрийг Зенора Пастрана болгон өөрчилжээ. Тэрээр хуучин эхнэр болон хүүгийн цогцос багтсан томоохон үзэсгэлэн нээн, түүгээрээ чамгүй хөрөнгө чинээтэй болжээ.
Зарим эх сурвалж түүнийг Оросын сэтгэцийн эмнэлэгт баривчлагдсан эмчлүүлж байгаад 1884 онд нас барсан хэмээн мэдээлдэг. Лентийг нас барсны дараа эмэгтэйн үзүүлэн хаа байгаа нь мэдэгдэхгүй байсан ч 1921 онд Норвегид үзэсгэлэнд тавигдаж, 1972 оны сүүлээр АНУ-д аялан тоглолт хийсэн шоунд мөн тавигджээ. Дараа жил нь Швед улсад хийсэн аялан тоглолт нь олон нийтийн эсэргүүцлийг маш ихээр төрүүлж, цогцсыг олон нийтийн анхаарлаас холдуулж, дахин шоу тоглолтод оролцуулахгүй байхаас өөр аргагүйд хүрчээ.
Ийнхүү агуулахад хадгалж байтал хулгайч агуулахад нэвтэрч хулгай хийх үеэр хүүхдийнх нь биеийн үзүүлэн ихээхэн эвдэрч, үлдсэн хэсгийг хулгана харх идсэн байжээ. Үүний дараа ээж, хүүгийн биеийн үлдэгдлийг Норвегийн Осло хотын шүүх эмнэлэгт хадгалах болсон байна.
Гэтэл дахин цогцос хулгайд алдагдсан мэдээлэл тарсан ч 1990 онд Ослогийн их сургуулийн Анатомийн танхимд байгаа нь тогтоогдлоо.
1994 онд Норвегийн Сенат хөөрхий эмэгтэйн цогцсыг оршуулахыг санал гаргасан ч Шинжлэх ухааны сайд нь эрс эсэргүүцэн эрдэмтэд судалгаандаа ашиглаж эхэлжээ.
2013 он хүртэл түүний зандалшуулсан цогцсыг үзүүлэн болгон ашигласаар байсан ба эцэст нь Мексикт эргүүлэн өгснөөр тэднийг тайван нутаглуулсан байна.