Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Зогс!, Гараа өргө! Бүү хөдөл!”Уншсан5,095

1979 оны 2 дугаар сар шиг санагдана. Би Их сургуулийн монгол хэлний ангиас шинэхэн байгуулагдсан хятад судлалын ангид шилжин суралцаад нэг улирал өнгөрч байсан үе.

МУСГЗ,  доктор Я.Ганбаатар бичиж байна.                              

1979 оны 2 дугаар сар шиг санагдана. Би Их сургуулийн монгол хэлний ангиас шинэхэн байгуулагдсан хятад судлалын ангид шилжин суралцаад нэг улирал өнгөрч байсан үе. Харилцаа сайн байсан жараад оны үед Хятадад суралцаж бэлтгэгдсэн боловсон хүчнүүд ихэнх нь нас дээр гарч тэтгэвэрт сууж эхэлсэн байжээ. Харилцаа хэдий муу, зогсонги байсан ч улс орнууд хоорондоо харилцаж л таарна гэсэн ойлголт төр засагт аажмаар бий болж, хэдийгээр Хятадтай харилцаа зогсонги хэвээр байсан ч боловсон хүчний шинэ залуу халааг бэлдэж эхэлсэн нь тэр байлаа.

Тийнхүү Их сургуулийн ангиудаас сурлага, сахилгыг нь харж судалсан арван залуу нэг ангид цуглаж суралцах болов. Би англи юм уу, япон хэлний ангид суралцах далдхан хүсэлтэй байсан ч, Намын төв хорооноос судалж шийдсэн, санал хүсэлтээрээ орохгүй гэсэн ч дээд газрын шийдвэрээр авна гэж хэлээд авч байж билээ.

Тэгж би Хятад судлалын ангид орсондоо хожим нь харамсаагүй юм. Учир нь Монголын оюуны тэнгэр дэх гэрэлт од, хар багаасаа зохиол бүтээлийг нь хүлхэж, цээжилж өссөн агуу их Б.Ринченгийн гарын шавь их эрдэмтэн Чой.Лувсанжав Их сургуулийн Гадаад хэлний тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байсан агаад, тэр их хүний гарын шавь болсондоо ихэд баярлаж, эгээ л Ринчен докторын шавь болсон юм шиг баярлаж байсан даа.

Лу багш Багшийн Дээд сургуулийн математикийн ангийг төгсч хэдэн жил ажиллаад Ринчен гуайн дэмжлэгтэйгээр Хятадад явж Бээжингийн Их сургуулийн хятад хэлний ангийг төгсч хэл шинжлэлийн мэргэжил эзэмшсэн хүн тул бидэнд хятад хэл, хятад судлалыг заах гол хүний нэг байсан юм.

Түүнчлэн жараад оны үед Хятадад суралцаж төгссөн нэрт түүхч, академич Н.Ишжамц, Ч.Далай, Ж.Чимидцэрэн, Намын Төв хороо, Гадаад яаманд ажиллаж байсан Р.Нямаасүрэн, Ц.Базаррагчаа гээд тэр үеийн мундагчуулаар хичээл заалгасан бид их азтай оюутнууд билээ.

Нэг өдөр завсарлагаанаар МУИС-ийн хоёрдугаар байрны дөрвөн давхрын коридорын цонхны дэргэд зогсож байлаа. 1977 онд Их сургуульд ороход л замын урд талд монгол гэртэй айлууд олон байсан юм. Саяхан болтол нийслэлийн маань төв дунд гэр хороолол байсан нь тэр. Нэг л өвөл тэндхийн айлууд бүгд нүүж, Оросын барилгын цэргийн анги байрласан.

Тийнхүү өвлийн тэсгим хүйтэнд цэргийн ногоон майхан палатканд өвөлжиж байгаа орос цэргүүд ШУМТ-ийн барилгыг сүндэрлүүлсэн юм аа. Төдөлгүй Шинжлэх ухаан, мэдээллийн төвийн цагаан байшин баригдсан. Өнөөдөр харин тэр ордонд кино театр, гуанз, дэлгүүр гээд элдвийн л юм дүүрч дээ. Түүний хойхно ШУА-ийн анхны Ерөнхийлөгч Б.Ширэндэв гуайн хөшөө шоовдорхон, гунигтайхан зогсч харагддаг юм.

...Тийн зогсч байтал хэдэн вьетнам оюутан хүрч ирэв. Оюутны байранд суудаг ангийнхнаараа дамжуулан танилцсан юм. Манай улс Вьетнам, Камбож, Лаос гурван улсад “ах” гэгддэг, тусламж үзүүлдэг, оюутнуудыг нь авчран сургадаг байлаа.

Өнөө хэдэн оюутан хүрч ирээд нүд нь гялалзан шулганаж гарлаа,

-Хятадууд манай улс руу дайрсан! Тийм тийм! Манай улс руу цөмрөн орсон... Манайхан одоо байлдаж байна... Бид ч явж байлдаж магадгүй! Та нар бидний талд биз дээ? Тийм үү? гээд л, их л чанга шийдэмгий ярьж ам асууж байна. Бид сайн мэдээгүй тул үнэмшиж ядан дуугүйхэн л амыг нь дагуулж зогслоо.

-Та нар хятад хэл үздэг юм чинь, бидэнд хэлж өгөөч: “Зогс!, Гараа өргө!, Бүү хөдөл!” гэхийг хятадаар юу гэх вэ? гээд л, юу юугүй ингээд байлдаанд орж, хятадуудыг баривчлах гэж байгаа юм шиг л болоод явчихав. Тэр үед залуучууд “Руки вверх!”, “Хэндэ хох!” гэх мэтийн орос, герман үг л кино энэ тэрээс мэдэхээс биш, хятадаар мэдэхгүй, бид ч заалгаагүй юм чинь, мэдэхгүйгээ л хэлэв. Хятад хэл үзээд хэдхэн сар л болж байгаа шүү дээ.

Гэтэл вьетнам оюутнууд өөрсдөө мэддэг юм байна. Юу юу гэнэ вэ, хэлээд л, “Зөв хэлж байна уу, буруу байна уу? Хятадууд ойлгох бол уу?” энэ тэр гээд л, ер нь ширүүн байна аа. Бид хятадуудыг Соёлын хувьсгал, улаан хамгаалагчдын хэрэг явдлаар нь айхтар улаан хувьсгалч, тэмцэгч хүмүүс байдаг гэж ойлгодог байсан, гэтэл вьетнамчууд хятадуудаас илүү юу гэхээс дутахааргүй айхтар хүмүүс бололтой.

Тэгснээ “Бид ойрын үед Хятадын Элчин сайдын яамны гадаа эсэргүүцлийн жагсаал хийнэ. Та нар ирэх үү? Ер нь биднийг дэмжиж ирээрэй!” гэж байна. Бид ч “За за, очно оо! Вьетнам нөхөдтэйгөө хамт шүү!” энэ тэр гэлцээд завсарлага дуусахад салцгаав.

Хятадын цэрэг Вьетнам руу цөмрөн орж дайн эхэлсэн тухай, сонин хэвлэлээс олж мэдсэн, ер нь л энэ тухай Монголд төдийгүй дэлхий дахинд шуугиж байлаа. Социалист системийн өмөг түшиг, ган бат цайз гэгдэж байсан Зөвлөлт улс Вьетнамыг хамгаалан Хятадын эсрэг дайн эхлүүлэх нь гэж амтай болгон ярьж, бас хойноос Зөвлөлтийн цэрэг, техник бөөн бөөнөөрөө Монгол руу орж ирж, шууд Зүүнбаян, өмнөд хил рүү цувж байгаа тухай хаа сайгүй сонсогдох боллоо.

Тэр байтугай, Эрхүү, Улаан-Үдэд ажлаа хийгээд явж байсан энгийн ачааны машины жолоочийг дайчлан шууд наашаа ороод ирсэн явж байгаа гэнэ, бөөн юм болж байгаа юм байх аа гэх мэтийн үг яриа өчнөөн дуулдаж байлаа. Ийм уур амьсгал дунд Америктай олон жил байлдсан Вьетнамын тэр оюутнууд цөс нь хөөрчихсөн явсан байх л даа.

Чингэхэд тэртээх жараад оны дундуур буюу Монгол-Хятадын харилцаа муудаж, Монголд орос цэргүүд орж ирж байрласан 1965 оны үйл явдал санаанд бүдэг бадагхан сэргэн орж ирсэн юм. Сургуульд ороогүй байсан миний ой тойнд тэр үеийн дүр зураг хадгалагдан үлдсэн байлаа. Тэр жилийн зун манайх Баянзүрхэд зусланд гарсан байв.

Тэр зунжингаа, өдөр шөнөгүй төмөр замаар урагшаа орос цэргүүд, оросын байлдааны машин, техник цуварч билээ. Хүүхдүүд бид гадаа тоглож байхад үе үе галт тэрэгний урт цуваа түчигнэн довтолгож өнгөрнө. Дээрээ олон орос цэргүүд суучихсан, эсвэл танк, хуягт, байлдааны том машин тэрэг ачсан тэр урт цувааг хүүхдүүд эгнэн зогсоод чанга дуугаар тоолцгоодог сон.

 Танк, хуягт ачсан цуваа явах нь сүртэй. Танк, хуягт бүрийн дэргэд цэрэг ногоон цув өмсч, буу мөрлөсөн орос цэрэг зогсч харагдана. Танкийнх нь бөөрөн дээр томоо гэгч улаан таван хошуу тодхон харагдах нь сэтгэл хөөргөж орхидог сон. Хүүхдүүд байлдаж тоглохдоо танкчин болох гэж өрсөлдөн зүтгэцгээнэ... 

Завсарлага дуусч бид ангидаа орсон хойноо багшид энэ тухай хэлэв. Гэхдээ шууд ч хэлчихсэнгүй, “Зогс!, Гараа өргө!, Бүү хөдөл!” гэдэг үгсийг хятадаар юу гэж хэлдгийг асуулаа. Манай ангийн багш Ц.Базаррагчаа гэж зохиолч, орчуулагч хүн байсан юм. Базараа багш хэд хэдэн янзаар хэлж самбарт бичиж өгсөн санагдана. Тэгээд “-Та нар ер нь яагаад ийм юм асуугаад байна?” гэхэд нь бид саяын учрыг нь хэлэв. Багш юм хэлсэн ч үгүй. 

Харин маргааш нь хичээл орохдоо Базараа багш хэлж байна:

-Хүүхдүүд ээ, та нар тэр цуглаанд нь битгий очоорой!

-Юу гэнэ ээ, багш аа? Вьетнам нөхдөө дэмжиж оролцоно гээд хэлчихсэн ш дээ!

-Тэгсэн ч гэсэн болохгүй ээ! Юманд учир, суманд гичир гэж байдаг юм. Тэр тусмаа улс төрийн асуудал, улс хоорондын харилцаатай холбоотой асуудал нарийн шүү! Энийг би ч хэлсэн юм биш, Лу багшид дээрээс тийм чиглэл ирүүлсэн гэсэн!...

Ингээд л тэр асуудал өндөрлөв. Бид ч нэг их юм бодсонгүй. Тэгсгээд мартчихаж. Хэд хоногийн дараа нөгөө вьетнам оюутнууд тааралдаад их л дуу муутай байна аа:

-Та нар яагаад манай эсэргүүцлийн цуглаанд ирээгүй вэ? Бид та нарыг зөндөө харсан! Яасан, юу болсон? гээд салдаггүй ээ. Тэгсэн чинь нээрээ л Хятадын Элчингийн гадаа Вьетнамыг дэмжсэн эсэргүүцлийн цуглаан болсон байлаа. Гадаад оюутны байраар хэрэндээ л бөөн юм болж, олон орны оюутнууд, тэдний дүйвээнд бас дотуур байранд амьдардаг монгол оюутнууд ч юм юм л болсон байж билээ. Гэхдээ тэр цуглаанд монголчууд яаж оролцсон юм бүү мэд, оролцсон ч юм уу, үгүй юу, бас бүү мэд.

Хэд хоногийн дараа хятадууд цэргээ Вьетнамаас гаргаснаар Хятад-Вьетнамын дайн дууссан юм.

Өнөөдөр өрнөж буй Орос-Украины хэрэг явдалтай холбогдуулан зарим судлаач улс хоорондын харилцаанд “айлгах тактик” гэдэг юм байдаг гэж ярьж байна. Ухаан нь сөргөлдөгч талынхаа хил орчимд цэргийн хээрийн сургууль хийж “айлган” номхотгож авдаг аж. Тэр л зорилгоор Вьетнам руу цөмрөн орсон Хятадыг айлгахын тулд Москва Монгол руу цэрэг оруулж Хятадын хил рүү хөдөлгөсөн байх нь. Энэ нь ч үүргээ гүйцэтгэсэн байж таарна.

Барууны телевизүүдээр ийм нэртэй цэнгээнт нэвтрүүлэг гардаг. Найз нөхөд нь нэгнийгээ айлгаж, хэрхэн цочиж бажгадаж, сүнс нь зайлах шахаж байгааг нь харж  бах таваа ханган: “-Айж байна уу? -Тийм ээ, чи айх ёстой!” энэ тэр гээд л, түүнээс нь таашаал авч баясалдаж байгааг нь харуулдаг.

Харин улс хоорондын харилцааны “айлгах тактик” гэж огт өөр юм байдаг ажээ. Хэрэг дээрээ өнөөдөр өрнөж буй Орос-Украины хэрэг явдал “айлгах тактик” төдий зүйл биш байсныг дэлхий даяараа харж байна. Нээрээ л тоглоом, шоглоом хоёр тэс өөр юм даа...

Орос-Украины дайн гэснээс, багын бас нэгэн явдал санаанд орлоо. 1973 оны өвөл шиг санагдана. Он гараад удаагүй байсан байх. Нэг орой манай хаалгыг маш хүчтэй балбах чимээнээр бид бүгд цочин гайхав. Дөнгөж ажлаасаа ирээд байсан аав маань хаалга онгойлготол хоёр орос офицер дайрах шахан чихэлдэн орж ирлээ.

 Тэр үед манай Сансарт оросууд их, Улаанбаатарт биш, Оросын хотод байгаа юм шиг л байдаг сан. Хоёр байрны нэг нь оросын байр. Орос сургууль гэхэд л дөрөв тав байсан гэхээр хэчнээн олон хүүхэд байсан нь ойлгогдох биз ээ.

Тэр хоёр хоёулаа согтуу ажээ. Нэг нь ухаангүй умаахум. Арай гайгүй нэг нь нөгөөгөө тэвэрсээр том өрөөнд орж буйдан дээр шидэж хэвтүүлээд өөрөө дэргэд нь суулаа. Тэгээд баахан юм шулганаж гарав. Би ямар ойлгох биш. Дэмий л согтуу оросуудын аяглахыг үзээгүй тул нүдэндээ итгэж ядан холоос сэмхэн харж зогслоо.

Сүүлд сонсох нь ээ нь, тэр хоёр согтуу офицер, цэргийн комендантдаа хөөгдөөд ум хумгүй зугтаж явсаар тааралдсан монгол айлдаа орж ирсэн нь энэ байжээ. Тэгээд ингэж ярьж байна гэнэ, “Энэ муу орос гахай! Ёстой соёлгүй бүдүүлэг амьтан! Энэнээс болж амьдралгүй болох шахлаа... Та нарт баярлалаа! Би бол орос биш, украин хүн. Манай украинчууд соёлтой, ухамсартай, огт өөр хүмүүс шүү..."

Украин офицер тэгж ярьж жаал суугаад: “Би явлаа! Энэ гахай унтаад үлдэг. Сэрээд явна биз!” гээд гарч одсон юм. Харин өнөөх орос нь унтаж унтаж үдэш өнгөрч шөнө болсон хойно сая сэрлээ. Жаахан сэргэсэн бололтой, гэхдээ л согтуу хэвээрээ: “-Би хаана байна?” гэж асууж, бас нөгөө нөхрөө яасныг нь асууж толгойгоо базлан сууж байгаад бослоо.

-“Унаж яваад морио, ханилж яваад нөхрөө...” гэдэг юм болжээ! За, яахав. Чи тэгж л бай! Чамд үзүүлээд өгнө өө!... гэж бувтнасаар гарч явсан юм.

Ах маань л дараа нь энэ тухай надад ярьсан хэрэг. “Өө, за, нөгөөхийгөө тэгээд “Ну погоди!” гэсэн юм уу?” гэлцэн дүү бид нар инээлдэцгээж байж билээ. Ийм нэртэй хүүхэлдэйн кино дандаа гардаг, хүүхэд үүхэд бүгд үздэг байсан цаг даа... 

За, ингээд өндөрлөе. Энэ бол миний дурсамж романы нэг хэсэг юм аа. Бага насныхаа тухай “Сансарын хүүхдүүд”, залуу, идэр насны он жилүүдийнхээ тухай “Гүүр” хэмээх хоёр роман бичсэн. Гэхдээ хэвлүүлээгүй байгаа. Хэрэв уншигч танд сонирхолтой бол өөр олон зүйлийн тухай дараа дахин хүүрнэсү. 

                                  Дурсамж хөтөлсөн Я.Ганбаатар.

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
3 сар 15. 17:06
Зочин

Энэ үеэр танкийн цуваанаас нэг танк гарч хол байсан гэрийг доторхи хүүхэдтэй нь хамт дайраад гарсан гэдэг. Тэр хүүхэд нь манай найзын дүү нь байсан. Орос цэргүүд ийм ял хийгээд нутаг буцах аргатай болсон гэж дуулсан. Монгол Хүн мал алахад манайх хөөцөлдөх хүнгүй болсноос олон хүн амиа алдсан. Хэрэв хөөцөлдвөл дарга нар хусуулдаг тул зүгээр өнгөрөөж даврааж байсан гэдэг.

3 сар 14. 19:14
Зочин

1238 онд Чингис хааны ач Бат хаан Киевийг эзэлж, Монголын ноёрхол 300 жил үргэлжилсэн.

3 сар 14. 17:33
Зочин

Энэ номуудаа хэзээ хэвлүүлэх вэ? Бүтнээр нь унших юмсан.

3 сар 15. 8:31
Зочин

Харин тийн Ганбаатар гуай уг нь хэвлүүлнэ гээл байгаа, одоо цаг нь болсон байхаа, хуучин ертөнцөөр аялуулсан сайхан эом болох байхаа

3 сар 14. 14:53
Зочин

1973 онд "Хэрлэн-73" гэж бас Орос-Монголын хамтарсан их том хээрийн сургууль болсон гэдэг. Юу болсон юм бол доо?

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]