Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Нацистын хорих лагераас онгоцоор оргосон Девятаевын түүхУншсан39,482

Покрышкин гэж ийм л эр. Тэр Михаилийг ч зүгээр орхиогүй хүн.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Зөвлөлтийн алдарт сөнөөгч, ас Александр Покрышкины дуртгал номд 1945 оны өвлийн сүүлээр хөлдүү газар унасан Германы бөмбөгдөгч онгоцноос хөлдөж, ядарч эцэж туйлдсан хэдэн хүн гарч ирсний нэг нь Михаил Девятаев хэмээх түүний дивизийн нисгэгч байсан тухай бичсэн байдаг билээ. Олон жилийн дараа энэ явдлын нарийн ширийн ил болж бас л цаг хугацааны хувиралд янз бүрийн үнэн худал зүйлээр хачирлагдан байсаар байна.

Сөнөөгч нисгэгч Михаил Девятаев 1944 оны 7-р сарын 13-ны нэгэн тулалдаанд буудуулж шатан унаж байгаа онгоцноосоо шүхрээр үсэрчээ. Буунгуут олзлогдож, хэд хэдэн жижиг хорих байр дамжсаар Кляйнкенигсберг хэмээх хорих лагерьт хоригдсон бөгөөд тэнд байсан хэсэг хоригдол-олзлогдсон цэргүүдтэй нийлж газар доогуур хонгил ухан оргох гэж байгаад баригдан үхлийн хорих лагерь хэмээгдэх Заксенхаузенд шилжлээ. Гимллерийн яг хяналт дор байдаг СС-ийн энэ хорих лагерьт нийт 200 мянга гаруй хүн хоригдсоноос 100 мянга нь өлсөж, буудуулж, хийн өрөөнд хордож, зодуулж, эмнэлгийн туршилтад орж үхсэн байдаг .

Ийм аймшигт газарт ирсэн Михаилын аз таарч тус хорих газар үсчин хийж байсан нэгэн хүн түүний үхлийн хэсгийн тэмдгийг нь өмнө амь үрэгдсэн Григорий Никитенко хэмээх хүний тэмдгээр сольж амийг нь аварчээ. Янз бүрийн хүнд ажил хийж нэлээд олон янзын хүнтэй танилцаж авсан сүйхээтэй эр маань Узедом хэмээх арал дээр ажил хийх хоригдлуудын тоонд багтаж авсан ба ямар ч байсан үхлийн лагериас салах хэрэгтэй байж.

Арал дээр ирсэн хойноо энэ газраас завиар оргох санаатай бэлдэж байсан хэдэн нөхөдтэй танил болж тэдний оргох санааг дэмжсэн боловч харин завиар биш энэ арал дээр байгаа нисэх онгоц ашиглах санаа гаргасан байна. Түүний саналыг зөвшөөрч нисэх буудал дээр ажилладаг хоригдлуудтай танилцаж, хэрэгтэй, санаа нийлэх хүмүүсийг олж баг бүрдүүлж авсан бөгөөд нисэх дээр ажилладаг найдлага муутай нөхдүүдийг янз бүрийн аргаар тэр ажлаас нь холдуулж оронд нь өөрсдийн хүнийг авч байжээ. Нэг жишээ  гэхэд тун эвгүй зан ааштай, хэзээ ч урваж мэдэх нөхөр байсныг нь Германы цэргүүдийн эд зүйлс хулгай хийсэн болгож зайлуулсан байдаг. Баг бүрдүүлж авах явцдаа Зөвлөлтийн олзлогдсон цэргүүдэд тун сайн ханддаг байсан Германы зенитчин цэрэгт төлөвлөгөөгөө ярьж цугтаа оргохыг санал болгоход  өнөөх нь татгалзаж байсан ч тэдний төлөвлөгөөг хэнд ч хэлээгүй байна.

Баг бүрдүүлж аваад оргох онгоцоо сонгосон бөгөөд энэ нь тусгай тоноглол бүхий Heinkel-111 бөмбөгдөгч байв. Михаил болон түүний баг ихээхэн зүтгэж байж уг онгоцны далдлалтын бүтээлгийг бүтээдэг, хуулж авдаг ажилтай болж аван бүхээгийн цонхоор хэрэгслүүдийг нь харж зориулалтыг нь ойлгохгүй байгаа зүйлээ тухайн нисэх буудлын эвдэрсэн онгоцны сэг дотроос хайж олон судалдаг байж.

Оргохоор төлөвлөсөн цаг дөхөж байх үед Михаил хорих лагерийн нэг “овгортой” муудалцаж гар зөрүүлснээс болон “10 хоногийн амьд явах эрх” хэмээх цаазын “ял” авсан байна. Энэ нь 10 хоногийн турш шөнөдөө зодуулж нүдүүлсээр үхэх шоронгийн муухай тамлалт байсан бөгөөд тэр энэ 10 шөнийн тамлалтыг дааж чадлаа гэхэд нэг л шөнө ортойгоо нэвт сүлбүүлэх байлаа. Ийм учраас оргох гэж бэлдэж байсан нөхдүүд яаравчилж эхэлсэн бөгөөд нэгэн өдөр сул зогсох Юнкерс байгааг хараад аргалж байгаад очиж үзэхэд нислэгт бэлэн биш гэмтэлтэй онгоц байж. Энэ мэтээр болон ажлын групп зохион байгуулж байгаа байдал...гэх зэрэг олон нөхцөл байдлаас нэлээдгүй хоригдлууд Михаилыг, түүний нөхдийг оргох гэж байгааг тааварлаж тэдний багт орохыг гуйж байлаа.

Оргохоор бэлдсэн өдөр хэн юу хийх, хаанаас хэдийд онгоц дээр цуглах болон бусад маш олон зүйлийг детальчилж, цаг минутаар тооцож төлөвлөсөн байсан бөгөөд германчуудын цаг нарийн барьдаг тэр байдал нь тэдэнд маш их тус болсон байна. Ингээд төлөвлөсөн цаг буюу германчуудын өдрийн хоолны цагийн үеэр ганцхан буутай харуул онгоцны хажууд үлдсэн байсныг нэг нь анхаарлыг сарниулж байх хооронд өөр нэг нь толгойг төмрөөр бяц цохиж хөнөөгөөд онгоцонд орж эхэлжээ.

Энэ үеэр бас энэ багийн бус гадны ганц нэг хоригдол нөхдүүд тэднийг даган онгоцонд суусан байсан боловч тэд эдгээр нөхдүүдийг оргох гэж байгаа болохоос хаашаа, яаж оргох тухай ямар ч юм мэдээгүй байж. Михаил иймэрхүү нөхдүүдэд “эх нутаг руугаа ниснэ” гэж хэлээд мотор асаах үед нутгийн цаг 12:15-ийг зааж байжээ. Тохирсон ёсоор мотор сэнсний бүтээлгийг хуулж авсан нөхдүүд орж ирэх үед онгоцоо асаах гэсэн боловч аккумулятор байсангүй. Бүгд онгоцноос гаран тэрэгтэй аккумуляторыг олон буцаан онгоц руу түрж байх үедээ зүрх нь амаараа гарах шахаж байсан гэдэг. Ийм байдлаар нэлээд хугацаа алдсан боловч онгоцоо асаан тасрах зурвасаар гүйж эхэллээ. Хангалттай хурд авсан боловч онгоц хөөрөхгүй байсаар тасрах зурвас давах үед Михаил зогсох гэж хүчтэй тоормослон онгоцоо огцом эргүүлж чадсан ба аз болоход онгоц гэмтсэнгүй.  Яагаад тасарч чадаагүйн учрыг олох гэж байх хооронд онгоц дотор ихээхэн юм болж зарим нэг нь худлаа том ярьсан Михаилыг бүр буудах дээрээ тулж байсан гэдэг. Онгоцны моторын чимээнээр германчууд гүйлдэн ирэх үед газраас тасарч чадаагүй бүтэлгүйтлийнхээ учрыг олж амжсан Михаил өндрийн триммер-ийг хөөрөх байдалд оруулаад дүүрэн хааз өглөө.  Сөнөөгч нисгэгч маань огт танихгүй, тэгээд бөмбөгдөгч онгоцыг удирдах гэж бас ихээхэн юм болсон бөгөөд онгоц газраас тасраад огцом өндөр авсан боловч хурд унаж өрөмд ордгийн даваан дээр онгоцоо тэгшилж чадсан байна.

Германууд бөмбөгдөгч онгоц хулгайлсан оргодлуудын тухай мэдээ авсан даруй сөнөөгч нарыг хөөргөсөн боловч тэд Хенкель аль зүгт ниссэнийг мэдэхгүй учир олж чадсангүй. Оргогчид зүгээ буруулан нисэж явахдаа Геманы фоккер-уудтай (Focke-Wulf FW-190) таарсан ба аз болоход тэд нь тулалдаанаас буцаж яваа, шатахуун болон сум хэрэгсэл үгүй байсан учир ганц нэгхэн сумаа тавиад нисэх буудал руугаа буцацгаажээ.

Олон ч удаа чигээ өөрчилсөөр Зөвлөлтийн эзэлж авсан газар нутагт орж ирэх үедээ Зөвлөлтийн зенитийн их буунуудад буудуулж гэмтсэн He-111 хөлдүү газар элэглэн ослын буулт хийсэн байна.

 Михаил Девятаевын энэ орголтын дараа Геринг өөрөө уг арал дээр ирж хорих лагерийн дарга болон дөрвөн албан тушаалтныг хээрийн шүүхээр оруулан буудан алах ял өгсөн гэдэг. Харин оргосон Хенкель-ийг далай дээр явах үед буудаж унагасан гэсэн мэдээний дараа (хуурамч мэдээ) Гитлер өөрөө тэр алах ялыг хүчингүй болгосон байна.

Оргодол оргож л байдаг баригдаж л байдаг. Харин яахаараа рейхсминистр өөрөө яаран давхин ирж сүйд болж байсан хэрэг вэ? Хамаг хэрэг тэрхүү арал, оргодлуудын авч явсан онгоцонд байсан юм. Уг арал дээр Германы Фау-1 далавчит пуужин, Фау-2 баллистик пуужинг бүтээж турших Пенемюнде төв байрлаж байсан ба хулгайлагдсан онгоц нь эдгээр пуужинг байнд чиглүүлэх, нислэгийн чиглэлийн засвар хийх зэрэг, туршилт шинжилгээний маш нарийн төхөөрөмжтэй онгоц байсан юм.

Чухам ингэж Михаил болон түүний нөхдүүд Германы хамгийн нууц зэвсгийн төв яг хаана байдгийг яг таг зааж өгсөн бөгөөд 1945 оны 9-р сард Королевын (өнөөх буюу Сергей Павлович) тушаалаар мань нөхөр дахин Узедом арал дээр ирж байжээ.

1990-ээд оноос энэ түүхийн төгсгөл хэсэг ихээхэн гажуудаж эхэлсэн бөгөөд Михаилийг Зөвлөлтийнхөн 15 жил хорих лагерт хорьсон (бүр Германы яг тэр хорих лагерьт хэдэн жил хоригдсон), гэх юм уу торгуулийн батальонд байлдаж байсан гэх зэргээр бичсэн, ярьсан юм олон гарсан билээ. Гэвч бодит байдал дээрээ тийм юм огт болоогүй бөгөөд тэрээр 2 сар гаруй шалгагдсан (ихэнх хугацаа нь Германы пуужинтай холбоотой мэдээлэл авах болон хуучин цол хэргэмийг нь сэргээх зэрэгтэй холбоотой) ба Королев, Покрышкин мэтийн хамгаалалтай хүн тэгж  олон жил хоригдоно гэж юу байх вэ. Дөнгөж чөлөөлөгдсөн Германы хорих лагериас Покрышкин уг лагерьт хоригдож байсан, чөлөөлөгдөөд шалгагдаж байгаа өөрийн дивизийн нисгэгчийг ямар ч бичиг баримт, элдэв зүйлгүйгээр шууд л булаагаад авч явж байсан тухай баримт бий. Покрышкин гэж ийм л эр. Тэр Михаилийг ч зүгээр орхиогүй хүн.

Михаилтай цуг оргосон бусад нөхдүүд нь эрүүл саруул болоод тулалдах ангид хуваарилагдаж очсон бөгөөд (хорих лагерь, торгуулийн суман-батальон гэдэг шал худал гэдгийн бас нэг баталгаа) тэд бүгд 777-р буудлагын хороонд очоод  удалгүй фронт явснаас 2-хон хүн дайны дараа амьд үлдсэн гэдэг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]