Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монгол хүн яаж ч дутагдаж гачигдсан ч хурдан хүлэг, сайхан жороо морьдоо зарж, үрдэггүйУншсан6,019

Явган явахыг нүүдэлчид нийтээрээ жигшин үзэх учир хүн болгон ойр хавийнхаа айлд ч явган очихыг ичгүүртэй хэрэгт тооцно.

 

Tolgoilogch.mn сайт Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг түүх газарзүй, өв соёл, зан заншлын холбогдолтой бүтээлүүдээс уншигчдадаа хүргэж байна. “МОНСУДАР”  хэвлэлийн газар “Монголоор бэдэрсэн гадныхан” хэмээх цувралыг эрхлэн гаргаж байгаа бөгөөд монголчуудын аж амьдрал, монгол хүнийг тодорхойлон бичсэн жуулчдын бүтээлийг эх хэлнээ орчуулан уншигч олондоо хүргэх, монголын түүхийг гадны хүмүүс хэрхэн ойлгож, бичиглэн үлдээснийг таниулах, бид бодит байдал дээх хэрхэн амьдарч байв гэдгийг  тодруулах зорилготой аж.

Уг цуврал бүтээлийн дундаас алдарт Н.М.Пржевальскийн Монгол, Гань-су, Хөх нуур, Умард Төвдөөр 11000 бээрийг туулан, судалгаа хийж бичсэн “Монгол орон ба Тангудуудын нутаг газар” хэмээх хоёр боть бүтээлээс толилуулж байна.

Өмнөх нь:  -Н.М.Пржевальский монголчуудыг хэрхэн дүрслэв? http://www.tolgoilogch.mn/_m4xbbkw+7b

-Монголчууд өдөр тутмын амьдралдаа туйлын бохир заваан http://www.tolgoilogch.mn/_j9j9hmk3+3


II бүлэг. Монголчууд

 

 (Интер номын дэлгүүрийн салбаруудаар

худалдаалж байна)

Монголоор аялсан гадныхан Монгол орон болоод монголчуудын тухай зохиол бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байдгийн адилаар Пржевальский "Монголчууд" хэмээх бүлэгтээ тухайн цаг үеийн манай ард түмнийг хэрхэн бичиж тэмдэглэснийг сонирхоорой.

Монголчуудын эрхэлдэг ажил, хөрөнгө баялгийн цорын ганц эх сурвалж нь мал аж ахуй бөгөөд малын тоо толгой тэдний хөрөнгө чинээний хэмжүүр болно. Тэд хонь, адуу, тэмээ, үхрийг хамгийн их үржүүлж, цөөн тооны ямаатай байдаг. Гэхдээ өөр өөр газар нутагт янз бүрийн мал давамгайлна. Жишээлбэл, зөвхөн Халх нутагт л хамгийн сайн тэмээ олноороо байдаг бол Цахарын нутагт адуу олон, Алашаад ямааг хамгийн их үржүүлнэ, Хөх нуурт жирийн үхрийн оронд сарлаг давамгайлна.

Мал сүргийнхээ тоо толгой, баян чинээлгээрээ Халх тэргүүн байранд орох богөөд ер нь тэд нэлээд хөрөнгөлөг. Саяхан мал сүрэг маш олноороо хорогдсон ч энд ганц айлын хөрөнгө болох үй түмэн мал сүрэг харагдана. Хэдэн зуун хоньгүй халх айл нэн ховор, тэгээд ч хонин сүрэг нь нэгд нэгэнгүй сүүл томтой, тарга тэвээрэг сайтай ажээ. Зөвхөн өмнөд Монголд, тухайлбал, Ордос болон Алашаад том сүүлт хонины оронд өөр төрлийн хонь байдаг бол Хөх нуурт урт, мушгирсан эвэртэй (1,5 фут хүртэл) онцгой төрлийн хонь байдаг.

Нүүдэлчид малаасаа өөрт шаардлагатай бүхнийг, хоол хүнсэнд хэрэглэх мах, сүү, хувцас хунар хийх арьс шир, нэхий, гэрийн бүрээсний эсгий, оосор уяа хийх хялгас, ноос зэргийг авахаас гадна малаа зарах, янз бүрийн хүнд ачаа тээшийг тэмээ малаар тээвэрлэх зэргээсээ их мөнгө олохын зэрэгцээ өөртөө болон гэр бүлийнхэндээ санаа тавих ажлыг хоёрдугаарт тавьж зөвхөн мал сүргийнхээ төлөө л амьдардаг. Нэг газраас нөгөөд нүүж бууж суурьшихаа зөвхөн малынхаа нутаг бэлчээрийг харгалзан зохицуулна. Хэрэв өвс бэлчээр сайтай, ус ундаа элбэг; мал сүрэг нь л аятай таатай байвал нүүдэлчдэд өөр юу ч хэрэггүй аж. Мал амьтантайгаа харилцах нүүдэлчдийн ур чадвар, үүндээ гаргаж буй тэсвэр тэвчээрийг үнэхээр гайхан бахдууштай. Зөрүүд зантай тэмээ монгол хүний гарт номхон хүлцэнгүй тээвэрлэгч, тал нутгийн хагас зэрлэг адуу дуулгавартай аргагүй унаа болж хувирна. Түүнээс гадна нүүдэлчид малаа маш их хайрлаж харамлана. Тэд тодорхой насанд хүрэхээс өмнө ч мориндоо хэзээ ч эмээл тохож, тэмээгээ хомнохгүй бөгөөд хурга, тугалаа зарж үрэхгүй бас малыг нялх насанд нь нядлахыг цээрлэнэ.

Мал аж ахуй эрхлэлт монголчуудын ганц үндсэн ажил төрөл. Аж үйлдвэрлэл гэж өчүүхэн төдий, гэр ахуйд зайлшгүй шаардлагатай арьс шир элдэх, эсгий зулах, эмээл, хазаар, нум сум хийх, хааяа хэт цахиур мэтийг дархлахаар хязгаарлагдана. Гэр ахуйн бусад эд зүйл, хувцас хэрэглэлээ монголчууд ихэвчлэн хятадуудаас, бага зэрэг хэмжээгээр бол Хиагт Өргөө орж, худалдаачдаас авна. Нүүдэлчдэд уул уурхай гэж үгүй. Монголын дотоодын худалдаа наймаа зөвхөн арилжаа байдаг бол гадаад худалдаа нь Бээжин болон Хятадын ойр тойрны хотуудаар хязгаарлагдана. Монголчууд мал сүргээ тийш тууж, давс, арьс шир, үс ноос зэргээ аваачин, гар хийцийн бараа таваараар арилжина.

Нүүдэлчдийн зан чанарын хамгийн гол шинж бол залхуу хойрго улс бөгөөд тэдний бүх амьдрал нүүдэлчин, малчин ахуйн нөхцөлөөс болж, цалгар назгай байдал дунд өнгөрнө. Мал сүргээ хариулж арчлах нь монголчуудын цорын ганц ажил мөн ч энэ нь тийм ч их хүч хөдөлмөр шаардаад байдаггүй. Адуу, тэмээ нь ямар ч хариулгагүй, хээр талаар бэлчин явдаг бөгөөд зөвхөн зуны цагт л өдөрт ганц удаа худаг дээр ирж ус ууна. Хонь, үхрийг хариулах ажлыг гагцхүү эмэгтэйчүүд эсвэл гэр бүлийн өсвөр насныхан гүйцэтгэнэ. Хэдэн мянган толгой малтай чинээлэг монголчууд хүн хөлсөлж маллуулдаг ба орон гэргүй, ядуу зүдүү хүмүүс л ийм ажил хийнэ. Тэрчлэн малаа саах, сааль сүүгээ авч өрөм тос бэлтгэх, хоол унд бэлтгэх болон гэр ахуйн бусад бүх ажил дан ганц эмэгтэйчүүдэд ногдоно. Эрчүүд нь бараг юу ч хийдэггүй, өглөөнөөс орой хүртэл нэг айлаас нөгөө рүү давхин айраг, цай гүзээлж, аахар шаахар зүйл ярилцан, өдрийг өнгөрүүлдэг зуршилтай.

Нүүдэлчдийн хийх дуртай нэг ажил болох ан ав тэдний нэгэн хэвийн уйтгартай амьдралд тохиодог нэг төрлийн зугаа цэнгэл болно. Гэхдээ цөөхөн ганц нэгийг нь эс тооцвол монголчууд анд маш муугаас гадна тэдэнд сайн буу огт байдаггүй. Цахиур буу хүртэл айл болгонд байдаг биш, нум сумаар орлуулах нь олонтаа ажээ. Ан аваас гадна янз бүрийн сүм хийдээр хэсэж мөргөл хийх, морь уралдуулах зэрэг нь нүүдэлчдийн наадам зугаа болно.

Намар болоход монголчуудын залхаг зайдан амьдрал арай өөрчлөгдөж, зунжин идээшилж тарга тэвээрэг авсан тэмээ малаа цуглуулан жин тээхээр Хаалган юм уу, Хөх хот руу явна. Хаалганаас Хиагт руу цай тээдэг бол Хөх хотоос Улиастай, Ховдод байрладаг хятад цэргүүдийн хоол хүнсийг мөн худалдаачдын бараа таваарыг тээвэрлэнэ. Дээрх хоёроос хавьгүй цөөхөн тэмээгээр Монголын давстай нууруудаас давс ачин, төв Хятадын наад захын хотуудад хүргэнэ. Ийм маягаар умард болон дорнод Монголын тарган тэмээд намар, өвлийн турш жинд яван, эздэдээ их хэмжээний ашиг орлого авчирдаг байна. Дөрөвдүгээр сар эхлэхэд жин тээвэрлэлт дуусаж, эцэж туйлдсан тэмээд бэлчээртээ очиж, эзэд нь 5-6 сарын турш залхууралдаа автана.

Нүүдэлчдийн залхуу хойрго зан чанар нь тэд явган явахаас аль болохоор зайлсхийж, дандаа унаагаар явдгаар илэрнэ. Маш ойрхон, бүр хэдхэн зуун алхам газрыг монгол хүн хэзээ ч явган туулдаггүй, тэр даруй хэзээ ямагт бэлэн байдаг мориндоо мордоно. Мал сүргээ ч гэсэн морь унаж хариулах бөгөөд жин тээж алс газар явахдаа зөвхөн хүйтэнд маш их даарсандаа л хөшиж чилсэн үе мөчөө тэнийлгэж дулаацахын тулд тэмээнээсээ бууж, ганц хоёр бээр газар явган алхана. Цаг үргэлж морь унаж явдаг учир нүүдэлчдийн хөл бага зэрэг майга болж, адуутайгаа нийлээд наалдчихсан мэт эмээл дээрээ хав сууж явдаг богоод хамгийи эмнэг догшин морь хүртэл монгол хүний гарт орж номхорно. Нүүдэлчид морио унасан үедээ загас усандаа байгаа мэт болно. Тэд бараг хэзээ ч сажилж явахгүй бөгөөд шогшуулж хатируулах нь ч ховор, цаг ямагт салхи мэт хурдлан давхина. Монгол хүн адуу малаа маш сайн мэдэх бөгөөд сайн хурдан хүлэг, сайхан жороо морьд гол гоёл нь болдог тул яаж ч дутагдаж гачигдсан ч тийм морьдоо зарж үрдэггүй. Явган явахыг нүүдэлчид нийтээрээ жигшин үзэх учир хүн болгон ойр хавийнхаа айлд ч явган очихыг ичгүүртэй хэрэгт тооцно.

Байгалиас хүч чадалтай бие махбодтой заяаж, улмаар хар багаасаа нутаг орныхоо хатуу ширүүн болгонд дасаж сурсан монголчууд ерөнхийдөө маш сайн бие хаатай, эрүүл чийрэг хүмүүс. Говь цөлийн бүхий л зовлон бэрхшээлийг ер бусын тэсвэртэй даван туулах бөгөөд дүн өвлөөр бүтэн сарын турш ямар ч амралтгүйгээр цай ачсан тэмээн жин хөтлөн явна. Өдөр болгон гучаад хэмийн хүйтэн жавар хайрч, цаг үргэлж баруун хойд зүгээс салхи шуурга тавин тэсэж тэвчихэд улам ч хэцүү болгодог билээ. Тэрчлэн Хаалганаас Хиагт руу ирж яваа жинчид байнга өөдөөс нь салхи шуургыг сөрөн хоногт тэмээнээс буулгүй 15 цаг явдаг, ийм аян замын гарыг дааж гарахын тулд үнэхээр төмөр хүн байх хэрэгтэй юм. Харин монгол хүн өвлийн саруудад цааш нааш нийт дөрвөнтөө аялж, нийтдээ 5000 бээрийг туулдаг. Тэгвэл яг тэр монголыг өөр, арай хөнгөн зөөлөн тэгэхдээ түүний огт мэдэхгүй бэрхшээлтэй учруулаад юу болохыг нь хараарай. Эрүүл чийрэг, ган болд мэт хатаагдсан мөнөөх эр хорь, гучхан бээр газрыг яттаа тултал эцэж туйлдахгүйгээр туулж эс чадна, нойтон газар дээр ганцхан шөнө хэвтэж хоноод танхил ноён мэт хатгаа авч, шахмал цайгүй хоёр гурав хоночихвол хоолойгоо сөөтөл бархиран, хувь заяагаа зүхэх биз.

Идэвх чармайлтгүй, залхуу хойрго байх нь монгол хүний эн тэргүүний зан. Огт мэдэхгүй хүндрэл бэрхшээлтэй учирвал түүний эр зориг, эрч хүч үл сэргэнэ, тэгээд л түүнийг даван туулах, тэмцэн ялах бус харин түүнээс зайлсхийх, бултан дутаахыг чухалчилна. Юм бүхэнд хэрэг болох чадвартай, бүхий л таагүй зүйлтэй тэмцэж тэдгээрийг ялан дийлэх чадамгай европ хүнийх шиг уян хатан, зоримог оюун санаа түүнд байдаггүй. Харин түүнээс огт өөр, ази хүний хөшүүн хойрго, хэвшил болсон, ганц удаа тохиолдох янз бүрийн зовлон бэрхшээлд ямар ч идэвхгүй ханддаг, үлбэгэр дорой, аливаа идэвхтэй эрч хүчээс хол хөндий зан чанар илрэн гарна...

Залхуу хойргоос гадна аймхай хулчгар зан нүүдэлчдийн бас нэг тод шннж чанар. Хятадуудын ялзруулах нөлөөн дор оюун санааны аливаа эрч хүч, дайчин чанар нь үгүй болсон, Хятадтай хил залгаа суух монголчууд байтугай халхууд хүртэл эдүгээ Чингис, Өгөдэй нарын үеийн өвөг дээдэстэйгээ огтхон ч адилгүй болжээ.

Нүүдэлчдийн дайчин шинж чанарыг элдэв арга залиар унтуулж ирсэн Хятадын дарлал дор, нэгэн хэвийн уйтгартай нүүдлийн амьдрал дунд бараг хоёр зууны турш байсаар, өнөөгийн монголчууд эрт урьд цагийн цог жавхаа, эр зоригоо бүрмөсөн алдсан байна. Монголын өнөөгийн иргэд ердөө “Хой-хой” гэсэн уухай сонсонгуутаа л ухран зугтааж, дайсандаа ганц ч удаа дорвитой эсэргүүцэл үзүүлэх тэнхэлгүй, ямар их аймхай хулчгар болсныг саяхан дунганы бүлэг дээрэмчид Монголын хязгаар нутаг руу цөмрөн орсон явдал харуулжээ.

Гэтэл ялалт байгуулах бүх нөхцөл боломж тэдэнд байсан гэхэд хилсдэхгүй: өөрсдийнхөө эх оронд байгаа болохоор нутаг орноо сайн мэдэж байгаа нь ялангуяа говь шиг ус ундгүй газрын тухайд онцгой чухал байлаа.

Тэрчлэн монголчууд дунгануудаас цаг ямагт тоогоор хавьгүй илүүрхэж болох байв, эцэст нь дайсан этгээдүүдийн нь бүлэг хэсгүүд аймхай хулчгар, тэн хагас нь зэр зэвсэггүй тэнүүлчдээс бүрдэж байсан юм. Хэдий тийм атал дунганууд Ордос, Алашааг цөлмөн хоослоод Хятадын байнгын армийн цэрэг хамгаалж байсан Улиастай, Ховдыг эзэлж, Халх руу хэд хэдэн удаа цөмрөн орсон бөгөөд чухамдаа гэвэл манай цэрэг байрлаж байсан учир Өргөөг орвонгоор нь түйвээчихэж чадаагүй билээ.

Үргэлжлэлтэй.

Монсудар


 Үргэлжлэл: Н.М.Пржевальский: Монгол эмэгтэйчүүдийн хувь тавилан тийм ч сайхан биш

Сэтгэгдэл 8ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2017, 11 сар 13. 16:53
Зочин

ЦЭРГИЙН ТАГНУУЛЧ . АНХНЫ МОНГОЛ МАЛЫН ХӨШӨӨ БОЛОХ ТЭМЭЭНИЙ ХӨШӨӨГ САНКТПЕТРБУРГТ БОСГОСОН

2017, 12 сар 13. 13:38
Зочин

нэг бодлын зөв гэхдээ ганц өнцгөөс харснаа бичсэн байна.

2017, 10 сар 2. 21:07
Зочин

Зөв л бичсэн бна. Бид одоо хүртэл яг хэвээрээ бнаа

2017, 10 сар 2. 11:12
Зочин

Энэ бол зөвхөн нэг л гадаад хүний өөрийнхөө сэтгэхүй, өөрийнхөө харах өнцгөөс харсан, дүгнэсэн зүйл шүү дээ.

2017, 9 сар 29. 16:45
Зочин

Яг л байна. Дурайтал бичиж. Энэ чинь бид шүү дээ. Ахуй байдлын хувьд ялимгүй дэвшсэн боловч нийгмийн сэтгэлгээ 100 Жил өнгөрсөн ч яг хэвээрээ байгаа.

2017, 9 сар 30. 9:52
MAL MONGOL

UHER MONGOLCHUUD 100 JILIIN OMNO YAMAR BSAN YAG TER HEVEEREEE YUM BISHUU AIMHAI HULCHGAR AMIA BODSON BERTEGCHIN ZALHUU HOIRGO ZAVAAN OMHII

2017, 9 сар 30. 23:56
Зочин

Sonin l uymda Mongolchuud shig Evguige hurvel uheh uy ch bish uls baidaggui gesen de

2017, 11 сар 29. 14:03
Зочин

нгэдсэн үедээ л тимй байж. Бусад үед хулчгарууд шүү дээ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]