Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Дамдин аваргыг дор нь пурхийлгэнэ"Уншсан15,602

Улсын арслан У.Мижиддорж, Д.Дамдин аваргад улсын наадамд олон унаад гаршчихсан бөх гэдэг. Улсын засуул Ш.Лүгдэв агсны хуучилснаар,

АЛГАНЫ АМТ

Өмнөговь аймгийн арслан Багахүү улсын начин болох хүсэлтэй төрийн наадамдаа ирж барилдаад барсангүй. Буцаж очихдоо тун их урам муутайг ажигласан бөхчүүд сэтгэлийг нь засч янз янзын үг хэлж, сургаал айлджээ. Удтал таг дуугүй суусан Дэмүүл арслан:

- Ганцаараа очоод барахгүй бол хойтон хоёулаа очно. Хэн хэнд маань дөрвийн давааны хувь байх байлгүй гэж хэлээд босоод явчихжээ. Арслан эр хүний зангаар хэлсэндээ хүрч төрийн наадамдаа барилдахаар ирээд улсын цолтой бөхчүүд ч арсланг хүндэтгээд сүйд. Багахүүгээ начин болоход хөлийн өвчнөө мартсан арслан ч хөөр баяр дүүрэн байв. Багахүүг тугаа тойроод ирэхэд Дэмүүл зодог малгайгаа өмсөж "Багахүүдээ баяр хүргэе. Начин болсныхоо дараа алганы амт үзүүлж ачилдаг улс даа. Арай чи тэр нь биш байвал сайн сан" гээд үнсэхэд тэнд зогссон цөөнгүй начингийн хацар алим болсон аятай улайрч ягааран харагджээ. Үүнийг нийт залуу бөхчүүдэд өгсөн том сургамж гэлтэй.

 

Д.ДАМДИНГ ДОР НЬ ПУРХИЙЛГЭНЭ

Улсын арслан У.Мижиддорж, Д.Дамдин аваргад улсын наадамд олон унаад гаршчихсан бөх гэдэг. Улсын засуул Ш.Лүгдэв агсны хуучилснаар,

“Дамдин аварга нэлээн харимагдуу болсон хойно 1974 онд 53 жилийн ойгоор зургаагийн даваанд өөрт нь олон унаж байсан ч арай дүүмэд мөнөөх арслан У.Мижээгээ амлаад орхиж дээ. У.Мижиддорж арслан ч Ш.Лүгдэв гуайгаар засуулаад дэвж байхдаа “Би энэ муу Дамдинг хаяна, олон жил ч уналаа, хаячихаад цээжин дээр нь нидрээд шороо пурхийлгэнэ. Одоо нэг хаях цаг ирлээ, та миний шуудаг, элэг бүсийг хуруу байтугай хумс ч орохооргүй чангалаад орхиорой, дор нь пурхийлгэчихээд тугаа тойръё” гээд данхалзаж байна гэнэ. Ш.Лүгдэв гуай бодохдоо олон жил нухлуулсан юм даа. Одоо ээлж нь ирж гэж сэтгэл өег бодож зогсчээ.

Гэтэл аварга ид үеийнх шигээ л нөгөө дор нь пурхийлгэнэ гэсэн арсланг хоромхонд давжээ. Тэгж пурхийхээ мэдсэн юм бол урд нь тэгж сүр бадруулаад яанаа. Бөх бөхөө гаршуулна гэдэг энэ байх даа" гэж Ш.Лүгдэв  гуай хуучилсан сан.

 

ХОЁР АВАРГА БАРИЛДСАН НЬ

Чимэд-Очир, Батсуурь аваргууд ид залуудаа улсын наадамд хүч сорин барилдсангүй. Харин жижиг барилдаанд барилдаж будилсан тухай сонин яриа бий. Жараад оны дундуур хэн хэнийх нь сайн танил нэгэн үзэгч:

-Нэр цуутай аваргууд болтлоо барилдчихаад хоорондоо тааралгүй өдий хүрснийг юу гэж ойлговол зохих вэ? гэж дунд нь асуулт тавивал Батсуурь аварга тэгжгэр дөрвөлжин шүднийхээ сиймхийгээр шүлсээ газар нулимаад,

-Гайхаад байх юм ер байхгүй. Ахлах цолтой энэ маань надаас айж бэргэсээр амлалгүй өдий олон жил өнгөрлөө. Харин би дархан аварга болоод үүнийгээ амлаж хонхор газар дүүртэл, хотгор нугачаа тэгширтэл чанга хаяж хашраана гэж тоглоом хийжээ.

Хожим нь тоглоомын үг бодит үнэн болон биелсэн. Батсуурь дархан аварга цол хүртээд ардын хувьсгалын 50 жилийн ойн наадмын дөрвийн даваанд даян аварга Чимэд-Очирыг амлан авч барилдсан юм. Батсуурь аварга өрөхдөө ч гүйх маяг мэдэгдсэнд цаадах нь анаад л тойроод байж, Батсуурь аварга өндийж элэг бүсээ доошлуулснаа гүйгээд ороход нь Чимэд-Очир зайлаад гуд татчихав. Яггүй гэнэдсэн дархан аварга амаа дарсаар босч ирэхэд даян аварга "Хийтэй барихгүй бол хэн хэндээ гуниг болох байлгүй" гэж ёжилжээ.

Хойтон нь мөн дөрвийн даваанд Батсуурь аварга дахин Чимэд-Очир аваргаа амлаад гүйж ороод давахад даян аваргад ноднингийх нь санагдсан уу амаа дарах дүр үзүүлбэл "Хийгүй бариад дуусгачихвал хэн хэндээ хэрэгтэй байх шүү" хэмээн Батсуурь аварга мадалжээ. Ахин давтагдашгүй аваргууд маань юутай гайхалтай сайхан хүмүүс байв даа.

 

БӨХ ТӨРҮҮЛЭХ ОХИН БАЙНА

Дархан аварга Дамдин гуайг хөдөөгүүр зочлоход нутгийн айлууд, бөхөө дээдэлдэг Монгол хүний ёсоор гэрийн эзэн алдарт аваргад идээнийхээ дээжийг барьж аварга нэлээн халамцангаа хөлд орж явсан хүүхдийг нь өвөр дээрээ авч өхөөрдсөнөө “ёстой сайн эр, бөх болох хүүхэд байна” гэхэд, гэрийн эзэн ихэд сандарч “аваргаа наадах чинь охин хүүхэд шүү дээ” гэвэл:

- Тэгвэл ёстой сайн бөх төрүүлэх охин байна даа гэж эвтэйхэн мултарчээ.

Эх сурвалж: "Бөхийн наргиа" номноос

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]