Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Өмдөндөө авсан" сансрын нисгэгчУншсан7,254

Дэлхий дахинд Юрий Алексеевич Гагарин гэдэг нэрийг мэдэхгүй хүн бараг байхгүй гэхэд болох байх. Харин Алан Шепард гэдэг хүнийг хэр их хүмүүс мэдэх бол?

Дэлхий дахинд Юрий Алексеевич Гагарин гэдэг нэрийг мэдэхгүй хүн бараг байхгүй гэхэд болох байх. Харин Алан Шепард гэдэг хүнийг хэр их хүмүүс мэдэх бол? Ямар ч байсан Америкт энэ хүн Гагаринаас илүү алдартай бөгөөд олон америкчууд түүнийг сансарт ниссэн анхны хүн гэж ойлгодог билээ. Дэлхийн анхны сансарт ниссэн хүн юм уу, Америкийн анхны сансарт ниссэн хүн юм уу гэдэг талаар нэг их дурдалгүй анхных...

Энэ хүний нислэг хоёр зүйлээр алдартай нь нэгдүгээрт түүний нислэгийг сансрын нислэг гэж үзэх эсэх тухай маргаан, нөгөөх нь нойтон өмд юм.

Ингээд сансарт гарсан хоёр дахь хүний нислэгийн тухай.

АНУ сансарт нисэх групп байгуулж энд тэндхийн шилдэг залуучуудыг цуглуулан шилж хассаар 7 хүн үлдсэний нэг нь Алан Шепард байлаа. Дараа дараагийн шалгалт сонголтыг давж, янз бүрийн бэлтгэл хийж дууссаны дараа буюу 1961 оны 2-р сард НАСА сансарт нисэх хүнийг Алан Шепард, орлон нисгэгч нь Гус Гриссом гэж зарласан байна. 

Америкчууд Аланыг 3-р сарын 24-нд хөөргөх гэж төлөвлөсөн бөгөөд Фон Браун зарим нэг зүйл хэлж байж нислэгийг хойшлуулах болсон гэдэг.

Өөрөөр хэлбэл Гагаринаас өмнө нисэх байж гэсэн үг. Фон Браун гээчийн тухайд бол тайлбарлах шаардлага үгүй байх. Харин тэрээр чухам яг юу яриад энэ нислэг хойшилсон тухай янз бүрийн цуу яриа байхаас тодорхой зүйл байдаггүй нь сонин.

1961 оны 5-р сарын 5-ны өглөө 5 цаг 15 минутад Шеппард хөлгийн бүхээгт орж суудлаа эзэлжээ. 

Меркури хөлөгт ороод нисэх бэлтгэлээ хийх зэргээр нэлээд хугацаа өнгөрч, сүүлийн шалгалтууд хийж дууссан НАСА-гийн мэргэжилтэн Шмитт хаалга хаахын өмнөхөн “амжилттай газардаарай“ хэмээн хэлсэн гэдэг. Энэ үгийн дараа Шепардын сэтгэл маш их хөдөлж байсан тухайгаа, хүчээр тайвширсан тухайгаа өөрөө дараа нь ярьсан байдаг билээ. Эх дэлхийгээсээ тасрах гэж байгаа, магадгүй эргэж ирэхгүй байж болох хүн нь найз нөхдийнхөө үгийг сүүлийн удаа сонсож байж болно гэдэг аймшигтай байлгүй яахав.

Хөлөг хөөрөхөөс 15 минутын өмнө үүлшиж эхэлснээс болж нислэгийг цагийн хугацаагаар хойшлуулжээ. Энэ хооронд мань эр перископ буюу яндан дурангаар ийш тийш харан (Меркурий хөлөгт Восток-1 шиг шилэн цонх байсангүй) өнгөрөөсөн бөгөөд одоо л нисэх цаг боллоо гэх үед удирдлагын нэг компьютер гацаж, “рестарт” хийх хэрэгтэй болжээ. Дахиад хоёр гурван цаг хүлээнэ гэсэн үг.

Шепард хөлгийн бүхээгт ороод 4 цаг гаран болсны дараа байдал эвгүйтэж эхэллээ. Шээс хүрч байна гэж жигтэйхэн. Гэтэл хөлөгт 00 байхгүй, гарах арга үгүй болохоор одоо яах вэ? НАСА-гийнхан удаан бодож, маргалдаж байгаад скафандртай холбоотой бүх цахилгаан тэжээлийг салгасны дараа мань эрийг “өмдөндөө авч" болно гэж хэлсний дагуу Алан ч даруй тушаал биелүүлж. Дахин цахилгааны холболтыг хийж байх үед НАСА бас л өмдөндөө тавьчих шахан айж байсан нь лавтай. Азаар ямар нэг богино холболт үүссэнгүй. Нойтон “өмдний” түүх мань энэ.

Яг хөлөг хөөрөх үеийн тухай бас нэг сонин яриа бий. Гагарины хөлөг дөнгөж газраас тасрах үед тэрээр “Поехали” (хамтдаа явцгаая гэсэн утгаар) гэсэн алдарт үгээ хэлсэн бол харин Шепардын хэлсэн үг нь “Don't fuck up, Shepard” байв. “Өмдөндөө аваад хаячихсан” хүн чинь дахиж бүтэлгүйтэж болохгүй хойно өөр юу хэлэх билээ.

Шепардын энэ нойтон өмдний тухай их ярьдаг, гутаадаг боловч энэ бол ёстой байх л зүйл. Сар руу нисэх үеэр чухам юу болж байсантай харьцуулах аргагүй жижиг зүйл билээ. Сансар судлалын анхдагч Гагарин маань ч бас иймэрхүү түүхтэй бөгөөд мань эрийг хөөрөх талбай руу автобусаар авч явж байх үед бас “болохоо байж”, замдаа зогсож, автобусныхаа дугуй руу морь харсан гэдэг. Энэ заншил одоо ч хэвээр ба Оросын хөлгөөр хөөрөх бүх л космонавт, астронавтууд ингэж морь хардаг гэсэн.

Хөлөг хөөрч байх үед Америк орон таг зогсч, гудамж хоосорч байсан ба бараг 70 сая хүн энэ явдлын тухай шууд нэвтрүүлгийг үзэж байжээ.

Хөөснөөс хойшхи 45 дахь секундээс эхлээд зөөгч пуужин айхтар чичирч савлаж эхэлсэн бөгөөд хэдийгээр ийм зүйл гарч болно гэдгийг тооцоолж байсан боловч хянах самбарын заалтыг харах боломжгүй хэмжээнд чичирнэ гэж хэн ч мэдсэнгүй. Хөлөг яаж бут үсрэлгүй тэссэн юм бол гэмээр. Хоёр дахь минутаас байдал хэвийн болж, 3 дахь минутад Шепард хөлгийн удирдлагыг гартаа авлаа. Тэрээр хөлгийн хошууг бага хэмжээгээр нааш цааш болгох, тэнхлэгээ тойрон эргэлдүүлэх маяг хийж байсан нь сансар судлалд хийсэн бас нэг том алхам байв.

Ингээд хөлөг 187 км-ийн өндөрт 5 минут 10 секундэд гараад тоормосны хөдөлгүүрүүд ажиллаж эхэллээ.

“Ер нь энэ нислэгийг сансрын нислэг гэж хэлж болох эсэх тухай маргалддаг ба Гагарин сансрын 1-р хурдаар татах хүчнээс тасарч дэлхийг тойрсон бол энэ удаа зөвхөн сансар руу үсрэн гараад буцаж унасан, бас газраас хөөрөөд буцан бууж ирэх хооронд нийтдээ 15 минут 28 секунд зарсан учраас энэ бол нислэг биш гэх хүмүүс олон. (Германы Фау-2 сансарт гарсан анхны пуужин мөн эсэх талаарх маргаантай яг адил. Тив алгасах баллистик пуужин мөн ийм зарчмаар цэнэгт хошуугаа байндаа хүргэнэ) Зарим талаар энэ нь үнэний хувьтай билээ.

Хөлөг буух явц төлөвлөж байсны дагуу явж байсан боловч Шепард энэ үед 11,6 g хэт даралт мэдэрч байсан нь тооцож байснаас хамаагүй их байв. Гэсэн ч баатар эр үүнийг даван, хүлээж байсан газартай тун ойрхон усанд буужээ. Харамсалтай нь энэ хэт даралтаас болсон уу яасан, бууж ирэхдээ чихний сонсголын эд эрхтэн гэмтсэн байсан нь дараагийн удаа сансарт нисэх тухайд нэлээд саад болж байсан гэдэг. Гэсэн ч тэрээр Аполлон-14 хөлгийн даргаар жинхэнэ сансарт, бүр сар хүртэл ниссэн хүн билээ. Харин энэ нь тусдаа өөр түүх.

P.S.

Илон Маскын Crew Dragon тун удахгүй дотроо хүнтэйгээр сансарт гарна. (уг нь 3 сард гэж байсан боловч ийм ажил дандаа л хойшилдог ёсоор 6 сар хавьцаа байх бололтой. Дахиад ч хойшилж магадгүй юм) 10 гаран жил өөрийн хүнээ өөрийн хөлгөөр сансарт гаргаагүй байгаа америкчуудын хувьд энэ нь бас ихээхэн том юм болох биз ээ. Зөвхөн Америк ч биш өөр олон улс оронд энэ явдлыг хүлээн ядаж байна. Маск болсон хойно ёстой “ганган” шоу хийх нь дамжиггүй.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]