Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Шархадсан өвдөг буюу Вундид Ни-гийн хядлагаУншсан8,066

Ийм явдлын дараа уг омгийнхон миннеконжу омогтой нийлэн овгийн удирдагч “Том хөлт”-ийн удирдлага дор Пайн-Риж резервацийн нутагт байх бартаа ихтэй газар нуугдахаар явжээ.

Нийтлэлч Чалчаа саарал.

Вундид Нигийн геноцидийг эмгэнэн дурсаж тухайн газарт нь ийм хөшөө босгожээ

1973 оны хавар АНУ-ын Өмнөд Дакота мужийн Пайн-Риж хэмээх индианчуудын “резервац”-ийн (Indian reservation) Вундид-Ни буюу “Шархадсан өвдөг” (Wounded Knee) хэмээх хачин нэртэй тосгонд зуу, зуугаар тоологдох индианчууд цуглаж эхэлсэн байна. Тэдгээр цугласан олон индианчууд АНУ-ын эрх баригчид индианчуудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, цагдаа болон бусад хүчний байгууллагын ажилтнууд хуулийн нэрээр халхавчилсан аллага, дайралт хийдгийг зогсоох зэрэг шаардлага тавьж тухайн тосгонд байх “зэвхий царайтнууд”-аас хэд хэдэн хүнийг барьцаалж авчээ. Маргааш өдөр нь л FBI болон индианчуудын асуудал хариуцсан газрын ажилтнууд, цагдаа, маршал нийлсэн 300 гаруй хүн тэдгээрийг бүслэн авснаар алдарт “Вундид-Ни”-гийн 71 хоногийн турш үргэлжилсэн тэмцэл эхэлсэн бөгөөд энэ явдлаас 80 жилийн өмнө яг энэ газар индианчууд АНУ-ын цэрэг армийн хооронд болсон бас нэг харамсалтай, муухай хядлага явагдсан билээ.  Энэ хядлагын  тухай өгүүлэх нь:

1880-аад оны үед индианчуудын амьдрал, нөхцөл байдал тун хэцүү болж эхэлсэн гэдэг. АНУ-ын засаг захиргаа тэдний амьдрах байр орчныг улам бүр шахаж, тэдний амьдралын гол хүнс болсон хэдэн саяар тоологдох бизоныг бөөн бөөнөөр устгаж бараг л үгүй болгохын даваан дээр ирсэн тэр үе юм. Зарим хүмүүс бизоны энэ хядлагыг жирийн л нэг хулгайн анчдын балаг мэтээр ярьж бичдэг ч үнэндээ энэ бол засгийн бодлого байлаа. АНУ-ын генерал Шеридан Конгрессын сонсгол дээр хэлэхдээ “...бизоны ангуучдын сүүлийн хоёр жилд хийсэн ажил нь АНУ-ын байнгын армийн 30 жилд хийсэн ажлаас ч илүү үр дүнд хүрч. Тэд индианчуудын материаллаг баазыг устгаж байна. Тэдэнд буу сум, өөр ямар зүйл хэрэгтэй байна бүгдийг нь өгье. Бизоноо устгаж дуустал юу л хиймээр байна түүнийгээ л хийг...”

Мөн энэ үед АНУ-ын эрх баригчид болон индианчуудын хооронд хийсэн гэрээ болох индианчуудад эд материалын туслалцаа үзүүлэх, цагаан арьстан тэдний нутагт шилжин ирэхийг хориглох, алт хайгуулчдын газар нутгаар нь хэрэн хэсэхийг зогсоох тухай заалтууд огт хэрэгжихээ байсан байв.  Ядаж байхад индианчуудын газар нутагт алт байгааг оллоо. Тэдгээр алтыг хайх, нөөцийг нь тогтоох ”цөөхөн тооны” хайгуулчдын аюулгүй байдлыг хамгаалах морин цэргийн генерал Кастер тэргүүтэй цэргийнхэн ч нутагт нь орж ирж. Хэдхэн жилийн өмнө том дайн хийж асар олон хүнийхээ амиар сольж авсан тэрхүү тохироо нь ингэж хурдтайгаар юу ч биш болж байгааг индианчууд түгшин харж байсан нь ойлгомжтой.

Нөгөө талаар индианчуудын дунд бас нэг төрлийн шашны урсгал ихээр хүчээ авч байсан нь Исус Христос индиан хүний дүрээр дэлхийд эргэн ирсэн, удахгүй бизон тал хээрийг бүрхэж, цагаан арьстнууд үгүй болж жаргах цаг ирнэ хэмээн дуулах учир “зэвхий царайтнууд” ч бас болгоомжилж эхэлж.

1890 оны 12 дугаар сарын 15-нд 40 орчим цагдаа энэхүү шашныг дэмжиж, түүнийг ашиглан индианчуудыг бослого хөдөлгөөнд уриалж байж болзошгүй гэж сэрдсэн Хункапа овгийн удирдагч Татанка Ийотакег баривчлах гэж очсон нь түүний омгийнхны дургүйцлийг хүргэж улмаар буудалцан 8 индиан үхсэний нэг нь Татанка буюу “сууж буй Бизон” байлаа. Мөн баривчлах гэж очсон цагдаа нарын 6 нь бас алуулсан байна.

Ийм явдлын дараа уг омгийнхон миннеконжу омогтой нийлэн овгийн удирдагч “Том хөлт”-ийн удирдлага дор Пайн-Риж резервацийн нутагт байх бартаа ихтэй газар нуугдахаар явжээ. Эдгээрийн араас мөшгөн явсан Армийн 7-р морьт хороо, 4 их буутай 500 цэрэг тэднийг Вундид-Ни орчимд гүйцэж бүсэлж авлаа.

Энэ өдөр чухам юу болсон талаар олон гэрчийн янз бүрийн мэдүүлэг байдаг ба ямар ч байсан хөдөлшгүй үнэн нь 37 мм-ийн их буу бүхий 500 цэрэг нь зэвсэг хэрэгсэл муутай, голдуу хутга, сүх мэтийн зэвсэгтэй олон эмэгтэйчүүд, хүүхэдтэй энгийн индианчуудыг эмх замбараагүй буудаж 150-300 гаруй хүн амь үрэгдсэн байна. Тэдгээрийн дотор удирдагч “Том хөлт” ч мөн байсан бөгөөд буудалцаан дууссаны дараахан эхэлсэн их цасан шуурганаас болж Америкийн цэргүүд уг газрыг орхин явжээ. Цасан шуурга дууссаны дараа эргэн ирэхдээ үхсэн индиан болон америк цэргүүдийг оршуулах хөлсний хүмүүс, зурагчинтай ирсэн нь энэхүү үхээд, хөлдөөд харахад хэцүү болсон индианчуудын цогцсын зургийг авсан байна. Тэрхүү хядлагын талбарт 84 эрэгтэй, 44 эмэгтэй, 18 хүүхдийн цогцос байсан бөгөөд мөн олон тарж зугтсан, шархадсан хүмүүс өөр газар үхсэн, хөлдсөн байж таарах нь ойлгомжтой. Цэргүүдийн хохирол 25 хүн үхэж, 39 хүн хүнд шархадсан ба бараг бүгд өөрсдийн замбараагүй буудсан суманд оногдсон байв.

Аймшигт явдлын дараа эрүүгийн хэрэг үүсгэн ихээхэн юм болсон ч ямар ч хүн ял аваагүй төдийгүй цэргүүдийг удирдаж байсан хурандаа Форсайт удалгүй албан тушаалдаа эргэн очоод бүр генерал болсон байна. Энэ хядлагад гавьяа байгуулсан 20 гаруй цэрэг нь цэргийн дээд шагнал болох “Medal of Honor”-оор шагнуулжээ. Америкийн армийн генералын нэрлэснээр хядлагын шагнал нь энэ.

80 жилийн дараа энэ газар дахиад л цуст мөргөлдөөн гарах юм, энэ удаа мөн л Америкийн засаг захиргаа, индианчуудын хооронд болох юм  гэж тэр үед хэн ч төсөөлөөгүй биз ээ.

Сэтгэгдэл 4ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
6 сар 20. 14:33
Зочин

Нээрээ 1973 онд ямар хядлага болчиховоо.

6 сар 17. 10:58
Зочин

1973 онд юу боловоо . мөн саяхан 1998-99 онуудад баруун эргийн хотуудыг харууд нь 3 хоног эзлэж маш их хядлага болсон санагдахын . лос анжелас энэ тэр хотууд нь тоногдоод

6 сар 21. 13:45
Зочин

94 ond bolson.

6 сар 17. 16:59
Tugs

Сонирхолтой өгүүлэл юм. Монгол хэлэнд мал адгуус суудаггүй хэвтдэг, тэгэхээр Хункпапа омгийн удирдагч Татанка Иёотака-г Хэвтээ бух гэж орчуулдаг бсан санагдана.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]