Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Цөмийн дайны тухай төөрөгдөлУншсан8,824

Удалгүй энхийн зориулалтаар ашиглах цөмийн энерги нь ямар айхтар хор тарьж болохыг ойлгохын хэрээр цөмийн дайн нь бүр ч аймаар зүйл байж таарна гэдэг үзэл бодол газар авсан ба эрдэмтэн мэргэдийн хийсэн гэх мундаг гэмээр тооцоо ар араасаа цуварсаар байсан үе (1980-аад он) бий.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Анх цөмийн зэвсэг бий болсны дараа хүн төрөлхтөн түүний эвдэн сүйтгэх чадварын тухай тун ч бүрхэг ойлголттой, “дэлбэрдэг тэсэрдэг бусад бөмбөгтэй л адил, ганцхан их л хүчтэй эд” гэж л үзэж байв. Удалгүй энхийн зориулалтаар ашиглах цөмийн энерги нь ямар айхтар хор тарьж болохыг ойлгохын хэрээр цөмийн дайн нь бүр ч аймаар зүйл байж таарна гэдэг үзэл бодол газар авсан ба эрдэмтэн мэргэдийн хийсэн гэх мундаг гэмээр тооцоо ар араасаа цуварсаар байсан үе (1980-аад он) бий. Ингээд орчин цагийн эрдэмтдийн хийсэн тооцоогоор өнөөгийн цөмийн дайн, түүний үр нөлөө ямар байх тухай сонирхъё.

Цөмийн өвөл

Цөмийн бөмбөг дэлбэрснээс үүсэх өвлийн тухай аймаар яриа бий. Тэр айхтар хүчтэй, олон зуун  бөмбөг дэлбэрснээс маш их хэмжээний газар нутаг, эд зүйл шатаж үнс болон тэнгэрт хөөрөх бөгөөд энэ үнсэн үүл нь нарны тусгалыг тэр чигээр нь хааж, дэлхий маань харанхуйлан хүйтэрч өвөл болно гэж тооцжээ. Үнс хэдэн жилээр тэнгэрт тогтож байна гэхээр нээрээ л тэгж таарах байх гэмээр. Тэгэхээр цөмийн дэлбэрэлтэд өртөж үхэлгүй амьд үлдсэн цөөхөн хүн амьтан нь хөлдөж, идэх уух зүйлгүй болж дуусах нь . Аймаар!

Гэтэл цөмийн бөмбөг дэлбэрснээр тийм хүчтэй хүйтэрч сүйд болохгүй төдийгүй бүр зарим  газар илүү дулаан болно гэж үздэг болж. Нөгөө хүлэмжийн хийнээс шалтгаалж дэлхийн цаг агаар дулаарч байгаа тухай яриа бий дээ-яг л тэрэн шиг үйл явдал болох юм байх. Цөмийн өвөл биш цөмийн зун болох ч юм шиг. Хамгийн сүүлийн үеийн тооцоогоор одоо дэлхий дахинд байгаа цөмийн бөмбөгнүүдийг тэсэлснээс гарах үнс нь хамгийн ихдээ хэдэн долоо хоног тэнгэрт байж байгаад унах ба нарны гэрлийг тэр чигээр нь халхлах хэмжээнд ч хүрэхгүй юм гэнэ.

 

Дэлхий маань бут үсрэн сансрын уудамд задран алга болох

Өнгөрсөн зууны сүүл үеийн сэтгүүлчдийн хэлэх дуртай үг нь дэлхий даяар хуримтлагдсан цөмийн зэвсэг нь дэлхийг зад татах хэмжээнд хүрсэн гэсэн зүйл байв. Бүр нэг биш нэлээд хэдэн удаа шүү!

Одоо болохоор бүх цөмийн цэнэгийг маш зөв зүйтэй байрлуулаад зэрэг тэсэлсэн ч эх дэлхий маань яах ч үгүй байж л байх юм гэнэ. Ер нь дайн хийж байгаа улсууд ялах гэж зүтгэдэг болохоос Оддын дайн  кино шиг дэлхийгээ устгах гэдэггүй байлтай. Тэр тусмаа өөрөө амьдарч байгаа дэлхийгээ шүү.

Мөн сүүлийн үед цөмийн зэвсэгтэй улс орны тоо нэлээд нэмэгдсэн ч нийт цөмийн хошууны тоо хэмжээ эрс багассан гэдгийг тооцвол бүр ч ойлгомжтой болох байх.

 

Хүн төрөлхтөн сүйрэх

Цөмийн дайн болсноор дэлхий бут үсрээд алга болчихдоггүй юмаа гэхэд хүн төрөлхтөн тэр чигээрээ үхэж далд орох тухай, үгүйдээ л чулуун зэвсгийн үед буцан очих тухай их ярьдаг. Эйнштейний хэлсэн “ дэлхийн 3-р дайнд ямар зэвсгээр байлдахыг мэдэхгүй, харин 4-р дайн нь мод чулуун зэвсэгтэй байх болно оо” гэсэн үг энэ ярианы эх үүсвэр болов уу. Мань Эйнштейн ч марзан хүн шүү дээ-“буурьтай сайхан төв царайтай болоодох доо” гэсэн зурагчны өөдөөс албаар хэлээ гаргаж зургаа авахуулдаг тийм л нөхөр.

Бодит байдал дээрээ дэлхийн олон зуун хот, олон арван улс цөмийн дайны үеэр цохилтод өртөхгүй өнгөрөх бөгөөд дэлхий маань цөмийн дайнаас ч илүү хүчтэй, аймшигтай солиртой мөргөлдөөд тэсээд, үлдээд ирсэн л байна. Тэр тусмаа хүн гэдэг ямар ч амьтнаас илүү амь бөхтэй болохоор тэгж ч амархан хуйгаараа арилчихгүй юм гэнэ.

 

Мутантууд

Цөмийн дэлбэрэлтээс ялгарсан цацраг идэвхт бодисын нөлөөгөөр хүн төрөлхтөн аймшигтай мангас, зомби...болон хувирах тухай зөндөө л сонсож байсан байх. Одоо хүртэл Чернобылийн осол, Фукушимагийн ослоос болж хачин аймаар болсон амьтны тухай ярьж л байдаг.

Харин цацраг идэвхт бодис нь амьд бие организмыг устгах шинж чанартай ба ийм хэмжээнд хордуулж чадаагүй бол хүн амьтныг үр төлгүй болгох хэмжээнд гэмтээдэг байна. Үр төлтэй болсон байлаа ч цаашдаа удаан амьдрах, дахин үр төл үлдээх чадвартай байх магадлал маш бага.

Дээр нь нэмж хэлэхэд цөмийн бөмбөг тэсэрснээс ялгарах цацраг идэвхт бодисын хэмжээ нь бохир цөмийн цэнэг буюу цөмийн станцуудын дэлбэрснээс ялгарах хэмжээнээс хамаагүй бага юм гэнэ лээ шүү. Хирошима Нагасакид юу болоод одоо ямар байгаа болон Чернобылийн ослын дараа (Фукушимад хэдэн жилийн дараа хүн амьдрахыг зөвшөөрөхийг харж л байя) ямар байгаа талаар эргэцүүлэн бодоход нээрээ л тийм юм байна гэмээр санагдана.

Тэгэхээр...цөмийн дайн нь бидний урьд бодож байсан шиг аймшигтай биш байлаа ч энэ бол дайн. Дайн гэдэг бол өөрөө аймшиг, үхэл хагацал, сүйрэл дагуулдаг зүйл. Цөмийн байна уу, ердийн байна уу, химийн байна уу ялгаагүй- дайн бол дайн билээ. Дайн дажин л хол байх болтугай.

P.S

Чернобылийн ослын дараа орхигдсон газар нутагт ан амьтан маш сайхан үржиж, мод ногоо нь цэцэглэн ургаж их л сайхан болж байгаа тухай мэдээ, видео та олныг үзсэн байх. Тийм сайхан юм бол яагаад хүн амьдарч болдоггүй юм бэ гэсэн асуултад эрдэмтэд их сонин хариулт өгдөг юм байна.

Тэдний хэлж байгаагаар бол ан амьтан нь цацраг идэвхт бодист тодорхой хэмжээгээр хордож байгаач богино настай учир энэ нь ямар нэг айхтар хор хохирол учруулж амждаггүй юм байна. Бүр зарим талаар тус болдог ч байж болзошгүй нь. Харин хүн 80-90-100 насалдаг учир тэнд хүн амьдарвал 10-15 жилийн дараа цацрагийн хордлогоор өвдөж зовж тарчилж, үхэж эхлэх юм гэнэ лээ. 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]