Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Өвөрмонголын эмч Гоо ба Бохоодой Зундуй өвгөний яриаУншсан16,675

Булган аймгийн Хишиг-Өндөр суманд Бохоодой Зундуй гэдэг өвгөн байгаад 1950 оны орчим нас барсан юм. Тэр өвгөн ярихдаа “Манай Авзагийн хувилгаан лам Жамсрандорж ч мэргэн, Бэйсийн хачин /төвд лам/ ч мэргэн, хоёул их мэргэн чадалтай лам нар байсан даа” гэдэг.

ӨвөрМонголын эмч Гоо хэмээх хүний тухай Цэндийн Дамдинсүрэнгийн "ЛУС САВДАГ, ЧӨТГӨР ШУЛМАСТАЙ УЧИРСАН ХҮМҮҮСИЙН ЯРИА" номонд дурддаг. Тухайлбал Тэрхүү эмч Гоотой тохиолдсон түүхийг өөрөөс нь сонссоноо нэрт эрдэмтэн Шадавын Лувсанвандан гуай академич Ш.Гаадамба, Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн нарт ярьж байжээ. Энэ тухайд болон мөн академич Ш.Гаадамба гуайн тэмдэглэж авсан нэгэн яриаг уг номноос сонирхуулж байна.


ӨвөрМонголын эмч Гоогийн тухай Ш.Лувсанвандан 1960-аад оны үед Ш.Гаадамба, Ц.Дамдинсүрэн нарт ярьдаг байсан билээ. Ш.Лувсанвандангийн энэ тухай ярьсан зүйлийг хорин жил өнгөрсөн боловч Ш.Гаадамба мартсангүй тодорхой санасаар иржээ. Би (Ц.Дамдинсүрэн) тэр зүйлийг Гаадамбын ярьсныг баримталж сэргээн бичихийг оролдъё.

Ш.Лувсанвандан 1957- 60 оны орчим Бээжинд сууж их сургуульд багшилж байв. Тэнд Их сургуулийн ардын эмнэлгийн багш Гоо гэдэг өвөрМонгол эмчтэй их танил болж дотно харьцаатай байжээ.

Нэг өдөр Лувсанвандан Гоогийнд ороод сууж байжээ. Гаднаас өвчтэй туранхай эхнэр орж ирээд хэлж гэнэ, “Би олон жил өвчтэй байгаа хүн. Доошоо өтгөний хамт цус гардаг. Олон эмчээр эмнүүллээ. Олон янзын эм засал хийлгэлээ. Ердөө эдгэрэхгүй юм. Энэ өвчнөөс салах арга байна уу? Та үзэж өгөөч” гэж гуйж гэнэ.

Гоо тэр эхнэрийн судсыг барьж үзээд хэлж гэнэ: “Энэ өвчнийг аргалж болмоор санагдаж байна. Би хэдэн эм өгье. Түүнийг уугаад засармаар бол дахиж ирээрэй. Засрахгүй бол би эдгээж чадахгүй байна гэсэн үг. Ер нь таны өвчин уг нь мориноос ойчиж үзүүртэй чулуунд зоогоо цохиулснаас болсон юм шиг байна” гэжээ. Тэгэхэд эхнэр баахан бодоод “Би тийм юм ердөө санахгүй байна” гэжээ. “За тэгвэл та мартсан юм уу, эсвэл би буруу хэлж байгаа юм уу? Ямар ч болсон та энэ эмийг уугаад үз “ гээд хэдэн эм өгч гэнэ. Эхнэр ч яваад өгч.

Нэлээд хоносны хойно Лувсанвандан бас Гоогийнд ороод сууж байжээ. Тэр үед өнөөх эхнэр бас Гоогийнд ирж гэнэ. Тэр авгайн царай зүс нэлээд сайжирсан янзтай харагдаж гэнэ. Тэгээд тэр авгай хэлж гэнэ “Миний бие их сайжирч байна. Таны өгсөн эм их тус боллоо. Дахиад биеэ үзүүлж эм залъя гэж ирлээ” гэжээ. Цааш нь бас хэлсэн нь “Би зоо нуруугаа юманд цохиулснаа бодож оллоо. Би хорь хүрээгүй, айлын бэр болоод байхдаа нэг үдэш үнээ сааж байлаа. Тэгтэл үнээ дагасан бух ирж намайг дайрч унагасан юм. Би газар шаасан гадсан дээр зоогоороо ойчиж зоо нуруугаа гэмтээсэн юм. Түүнээс хойш удалгүй миний өтгөний хамт цус гардаг болсон. Таны урьд хэлсэн цөм үнэн” гэж хэлэв.

Лувсанвандан Гоогоос асууж гэнэ: “Та судас бариад өвчнийг сайн мэдэж байна. Энэ эрдмийг та өөрөө судалж мэддэг болсон юм уу? Эсвэл багшаар заалгаж сурсан юм уу?” гэжээ. Тэгэхэд Гоо хэлжээ: “Судас барьж өвчин танихаас эхлээд эм эмнэлгийн ухааныг танай халх багшаар заалгаж сурсан юм” гэж хэлэв.

Тэгээд Гоо маарамба яаж эмч болсноо ярьсан байна. Гоо залуудаа чойр үзэж гэвш болъё гэж бодож Халхын Их хүрээнд очив. Тэнд очоод дацанд хурж чойр үзэж хэдэн жил боллоо. Тэгж байтал хөлийн шөрмөс татаж өвдөөд явж чадахаа болилоо. Олон эмч маарамба нарт биеэ үзүүлж эмнүүлсэн боловч ямар ч тус болсонгүй. Гоо /ш/ суугаа хүн боллоо. Сүүлд нь Хүрээний сайн эмч Гоо /ши/ д хэлэв. “Чи Шаргын хүрээний Жаал гэлэн маарамбад оч. Тэр л чамайг эдгээж магадгүй” гэв. Тэгэхлээр Гоо Эрдэнэ зуугаас баруун тийш байдаг Шаргын хүрээнд явах аргыг хайж байв. Хамт суудаг нэг хувраг, Шаргын хүрээнээс ирсэн хүн, Гоод туслахыг оролдов. Шаргын хүрээний орчмоос ирсэн аянчин жинчнийг хайж зах дээгүүр явдаг байв. Нэг өдөр явж ирээд “Чамайг авч явах аянчныг оллоо” гэв. Гоо явахаа бэлтгэв. Аянчны тороор зөөллөсөн тэргэн дээр сууж хэд хоног яваад Шаргын хүрээнд очиж өнөөх эмчийнд очиж буув. Тэгсэн чинь эмч байдаггүй, айраг ууж амрахаар хөдөө явчсан байв. Шавь нарынх нь хамт эмчийн гэрт суудаг болов. Намар сэрүүн болох үед Жаал гэлэн маарамба хүрээнд хүрч ирэв. Гоо учир явдлаа айлтгав. Эмч судсыг барьж үзээд “Энэ өвчнийг эдгээж болох байгаа. Ямар ч болсон эмнээд үзье. Одоо эмнэх болоогүй. Өвөл болохлоор эмнэнэ. Чи манайд сууж л бай” гэж хэлэв. Тэгээд хэдэн сар болоход Гоо/ш/-ийн бие улам ядарч хөл нь их өвддөг болов.

Өвлийн нэг хүйтэн өдөр Гоог эмнэх болжээ. Гоог явган тэргэн дээр суулгаад маарамбын хоёр шавь түрээд Шаргын хүрээний зүүгээр урссан голд аваачив. Тэнд нэг гүнзгий цүнхээл ус байжээ. Мөсийг хагалаад Гоог чармай нүцгэлж тэр цүнхээлд суулгав. Цээжийг нэхий дээлээр хучив. Гоо маш их даарч уснаас гарах гэхэд хоёр банди өндийлгөхгүй дараад байв. Багш нь “Тэг” гэж хэлсэн юм байжээ. Мэгзэм хэмээх мөргөлийг тавь /?/ унших хугацаанд цэв хүйтэн усанд суулгасан байна. Гоо ч үхэх шахаж байжээ. Тэгээд Гоог уснаас гаргааж аваад гэртээ авчрав. Ингэж Гоог өвлийн хүйтэн усанд арав шахам удаа суулгасан байна. Түүнээс хойш Гоогийн хөл тэнийж улам улам сайжирч байгаад босоод явдаг болжээ. Тэгээд удалгүй бүрмөсөн эдгэсэн байна. Гоо Жаал гэлэнг ихэд биширч өргөл өгч мөргөж шавь орсон байна.

Тэгээд Гоо чойр үзэхээ больж Шаргын хүрээний манба дацанд суралцаж багш Жаал гэлэнгийн удирдлагаар эм судалж эмч болсон юм байжээ. Гоо багшийгаа дагаж эмийн өвс ургамал түүсэн, түүнийгээ хатааж нүдэж эм бэлтгэж сурсан байна. Гэвч багш нь Гоог “Залуу хүн зоригтой байдаг юм. Залуу эмч, хүн алж мэднэ. Дөчин нас хүртлээ эм битгий барь” гэж айлдсан байна. Гоо нутагтаа ирээд эмнэлэг мэдэх боловч эмнэлэг хийдэггүй байжээ. Дөчин нас хүртэл бас хэдэн жил үлдсэн байхлаар Гоо Баруун Зууд очиж Манба дацанд бас хэдэн жил суралцаж төвд эмнэлгийг сайн мэддэг болжээ. Тэгээд дөчин наснаас хойш эм барьж сайн эмч нэртэй болсон гэнэ. Түүнийг жар гарсан хойно Бээжингийн Их сургуульд багшаар урьсан учир Гоо Бээжинд очиж залуу эмч нарт өөрийн сурсан мэдсэнээ сургаж багшилж байсан юм байна. Энэ үед нь Ш.Лувсанвандан түүнтэй танилцсан ажээ.

1981.5.17

 

БОХООДОЙ ЗУНДУЙ

Булган аймгийн Хишиг-Өндөр суманд Бохоодой Зундуй гэдэг өвгөн байгаад 1950 оны орчим нас барсан юм. Тэр өвгөн ярихдаа “Манай Авзагийн хувилгаан лам Жамсрандорж ч мэргэн, Бэйсийн хачин /төвд лам/ ч мэргэн, хоёул их мэргэн чадалтай лам нар байсан даа” гэдэг. “Тэдний мэргэн чадалтайг та яаж мэдсэн юм бэ? “ гэхэд Зундуй гуай ингэж ярьдаг байлаа:

— Миний мэддэг юм юу вэ? гэхэд ганц даалуу юм. Би даалуугаар овоо тоглодог. Тэгээд даалуу мөрийтэй тоглож бага сага юм олдог байлаа. Нэг өдөр Авзагийн хувилгаан надтай дайралдаад “Хоёул даалуу тавих уу” гэдэг байна. Би “Тэгье” гэлээ. Хоёул даалуу гаргаад тоглох юм боллоо. “Мөрийтэй тоглоё” гэдэг байна. Би “За” гэлээ. Тэгэхлээр “За чи мөрийд юу тавих вэ? “ гэж байна. “Надад мөрийд тавих юм байхгүй” гэлээ. Би даалуугаар тэр ламыг лав хожих болохоор мөрийн юм ч бараг хэрэггүй шиг бодогдож байлаа. Тэгтэл лам хэлж байна: “Яагаад чамд мөрийд тавих юм байхгүй байх вэ! Эхнэрийнхээ толгойн хэрэглэлийг тавь” гэлээ. Манай эхнэрт толгойн мөнгөн хэрэглэл байдгийг лам мэдэх юм. Би “Тэгье” гээд хоёул мөрийтэй тоглолоо. Би даалуу сайн тавьдаг болохлоор ламыг хожоод байлаа. Ламаас хоёр ембүү түрүүтэй нэлээд юмы нь авчихлаа. Лам намайг “Азгүй новш. За больё” гэлээ. Би өдий төдий хожоод байхад намайг яагаад “Азгүй новш” гэдэг юм гэж би жаахан гайхлаа. Тэгээд хожсон юмаа аваад гэртээ ирлээ.

Гэртээ ирсэн чинь, эхнэр маань үхлүүт өвчтэй хэвтэж байна. Ер нь үхэх нь ээ. Би эргээд хувилгаан ламд очлоо. Лам нэлээд согтуу байна. “Эхнэр маань өвчтэй үхэх гэж байна. Лам минь аварч өршөө” гэж гуйлаа. Лам хэлж байна. “Эхнэр чинь үхнээ үхнэ. Чи толгойнх нь хэрэгслийг харамлаад байх чинь билээ” гэлээ. Би тэгэхлээр жаахан гомдлоо: “Манай эхнэрт толгойн хэрэглэл нь гай болоод байсан юм бол над хэлээд авч болох л байсан. Манай эхнэрийн өвдөхийг мэдсэн юм бол над учрыг хэлж арга засал хийж өгч болох л байсан” гэж бодсоор би гэртээ харилаа. Эхнэр хариугүй өвчтэй болохлоор “Яах билээ? “ гэж учир явдлаа тоочиж хүмүүсээс асуулаа. Ламтай мөрийтэй тоглосноо ч хэллээ. Би дахиад хувилгаан ламд очих гэхээс нэг л дургүй хүрээд байна. Нэг нөхөр над хэллээ: “Чи Бэйсийн хачинд оч. Тэр мэргэн хүн шүү” гэлээ. Өгий нуураас баруун тийш Бэйсийн хошуу гэж байсан. Тэр хошууны хачин гэж нэг төвд лам байсан юм. Би тэгээд хүнээс морь гуйж унаад Бэйсийн хачинд өдөр турш явж очлоо. Нэлээд хол газар юм. Очсон чинь ламын үүдэнд олон хүн хүлээж байна. Одоогоор бол оочирлоод сууцгааж байна. Би хүлээж байгаад Хачин ламд орж учир явдлаа хэлээд өөрийн хувилгаан ламаас хожсон нэг ембүүгээ барьж аврал асуув. Хачин шоогоо нэг орхиж үзээд “Ямар ч арга байхгүй. Үхнэ шүү. Үхэх нас болсон шүү. Хорь хоногоос илүү нас байхгүй шүү” гэж байна. Би “Аргалж аль” гэж гуйсан боловч ердөө аргалж өгсөнгүй. Би сангийнх нь гэрт орж цай уугаад буцах боллоо. Юмбүүгээ нэгтээ өгчихсөн юм болохлоор яана гэх вэ, буцааж авалтай биш. Аврал ч үгүй, юмбүү ч үгүй, урамгүй буцаад шогшиж явлаа. Нутагтаа ирээд гэртээ ойртож явтал нэг хүрэн морьтой согтуу лам давхиж яваа харагдлаа. Тэр ламыг харахад манай хувилгаан лам мөн шиг харагдлаа. Тэгээд тэр согтуу дов даваад далдарлаа. Хойноос нь хөөгөөд дов дээр гараад ирсэн чинь тэр лам мориноос буугаад бие засаад сууж байна. Би хүрээд очлоо. Манай хувилгаан лам мөн байна, их согтуу байна. “Чи хаачаад ирэв?” гээд надаас асууж байна. Би үнэнээ хэллээ дээ. “Эхнэртээ аврал эрж Бэйсийн Хачинд очлоо” гэв. “Юу гэж байна тэгээд?” гэж ширүүн асуулаа. “А лам минь, эхнэр чинь үхнэ. Арга байхгүй гэж айлдаж байна” гэв. Тэгсэн чинь лам хэлэв: “Би тэгвэл үхэхгүй гэж хэлж байна. Үхэхгүй хөө” гэлээ. Би ламд өргөх барих юм ч байсангүй, “Лам минь аварч хайрла” гэж дэмий л гуйлаа.

Гэртээ ирсэн чинь эхнэр маань аргагүй муу байна даа. Би арчилж сувилж л байлаа. Эхнэр муудан муудсаар хорь хонолоо. “Өнөө шөнө л үхэх юм байх даа” гэж байсан, шөнө мэнд хоночихлоо. Маргаашаас нь эхлээд бие нь дээрдэж эхэллээ. Арав хоноход эхнэр маань бүр зүгээр болчихлоо.

Тэгсэн чинь, над хүн хэлээд байх юм: “Бэйсийн Хачинд очиж юмбүүгээ нэх. Эхнэрээ эдгэрснийг хэл. Юу гэхий нь дуул” гэх юм. Би тэгэхлээр “Нээрээ тэгье байз” гэж бодоод бас л нэг морь хүнээс гуйж унаад явлаа. Унах унаагүй хүн ч бас хэцүү байдаг юм шүү. Дандаа л хүнээс унах морь гуйх болох юм. Бас л Бэйсийн Хачинд шогшиж очлоо. Мөн л олон хүн хүлээж байна. Би хүлээж байгаад Хачинд бараалхлаа. Хачин лам намайг таньж байна. “За эхнэр яасан? Өнгөрсөн үү?” гэж байна. “Үгүй, амьд. Бүр эдгэчээд байгаа” гэж би хэллээ. “Яасан хачин юм?” гэж шоогоо нэг орхиж үзээд хэллээ: “Та буцах замдаа нэг бурхан хүнтэй уулзсан шүү. Тэр лам танай эхнэрт зургаан жилийн нас өгсөн шүү” гэлээ. Намайг буцах замдаа хувилгаан ламтай уулзсаныг тэр мэдэж байна. Би тэгэхлээр юмбүүгээ нэхсэн ч үгүй харьж ирлээ. Эхнэр маань түүнээс хойш эрүүл мэнд сайн явж байгаад зургаан жил болоод нас барсан даа. Үүнээс хойш тэр хувилгаан хачин хоёр ламыг мэргэн улс юм гэж их итгэдэг болсон юм даа” гэж Бохоодой Зундуй гуай ярьдаг байсан.

1975.2.3

Гаадамба ярив.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]