Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Дандар баатрын хүү Д.Ганбаатар: Аав маань сэргэлэн самбаатай хүн байсан учир цөөхөн буудсан тал руу дайрч дайсны бүслэлтээс нөхдөө авч гардаг хүн байсанУншсан54,790

...1939 оны тавдугаар сарын нэгэн тулалдаанд Зургадугаар дивизийн захирагч Шаарийбуу баатарлагаар амь үрэгдсэний дараа энэ дивизийн захирагчаар Дандарыг томилсон байна.

Ярилцсан Л.Батцэнгэл


Монгол Улсын гарамгай баатар Лодонгийн Дандар Монголын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын төлөө тэмцэгч, ард түмний дунд “Алаг морьт Дандар баатар” гэх нэрээрээ алдаршсан цэргийн зүтгэлтэн байсан юм. Тэрээр 1914 онд одоогийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг “Рашаант” хэмээх газар ядуу эмэгтэй Чойдогийн Аюушийн ууган хүү болон мэндэлжээ. Найман нас хүртлээ төрсөн эхийнхээ гар дээр хүмүүжиж байгаад Лодонгийн Лувсан гэгчид үрчлэгдсэн байна. Лувсан бол эхнэр хүүхэдтэй байхыг эгнэгт цээрлэн үздэг, угийн гэлэн санваартан тул Дандарыг өөрийнхөө эцэг Лодонгоор овоглуулжээ. Л.Дандар 1935 онд цэрэгт татагдан, улмаар ЗХУ-ын Тамбов хотын морин цэргийн дунд сургуульд суралцахаар томилогджээ. 1935-1938 онд энэхүү сургуульд суралцан төгсгөөд эх орондоо ирэхэд нь дэслэгч цол олгон Монголын Ардын армийн Зургадугаар морь дивизийн 17-дугаар морьт хорооны захирагчаар томилсон байна. Дандар энэ хорооны захирагч байхад 1939 оны тавдугаар сараас япончуудын өдөөсөн Халхын голын байлдаан эхэлжээ. Тавдугаар сард болсон тулалдаануудад хороогоо онцгой сайн командлан олон удаагийн тулалдаанд ялалт байгуулжээ. 1939 оны тавдугаар сарын нэгэн тулалдаанд Зургадугаар дивизийн захирагч Шаарийбуу баатарлагаар амь үрэгдсэний дараа энэ дивизийн захирагчаар Дандарыг томилсон байна. Халхын голын тулалдаануудад Дандар олон удаагийн морин дайралтыг биечлэн удирдаж байв. Тэрээр сэлмээр гарамгай цавчдаг байсан нь Монгол-Зөвлөлтийн цэргүүдийн дунд төдийгүй япончуудын дунд ихэд алдаршуулж түүнийг унасан мориор нь Алаг морьт баатар гэж нэрлэдэг байжээ. Олон удаагийн тулалдаанд баатарлаг гавьяа байгуулсныг нь үнэлэн 1939 оны тавдугаар сарын 29-нд Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнасны дээр 1939 оны есдүгээр сарын 27-ны өдөр БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид, Ардын сайд нарын зөвлөлийн гишүүдийн хамтарсан 60 дугаар тогтоолоор БНМАУ-ын Гарамгай баатар цолыг олгосон байна. Гарамгай гэсэн чимгийг маршал Х.Чойбалсан тусгайлан тодотгон олгожээ. 1941 онд ЗХУ-д цэргийн академид суралцахаар очсон боловч фашистын герман довтолж дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэнтэй холбогдуулан буцаан татаж ирүүлжээ. 1945 оны Чөлөөлөх дайнд дэд хурандаа цолтойгоор морьт хороо командлан оролцож Хятадын Цагаан хэрэм тултал тулалдсан байна. Дайны сүүлээр ЗХУ-ын цэргийн даргатай цэргийн бэлтгэлийн мал булаалдсан хэрэг үүсгэн, 1946 онд түүнд олгосон БНМАУ-ын гарамгай баатар цол, бусад шагналыг нь хурааж ял эдлүүлж эхэлсэн байдаг. Чухам ямар учир шалтгаанаар түүнийг ингэж хорьсон нь тодорхой бус зөвхөн хүмүүсийн ам дамжсан яриа байдаг. Хоригдол байхад нь тусгайлан гурван удаа Баруун хязгаарт томилон хасгийн дээрэмчдийн толгойлогч Оспаны эсрэг явуулсан тусгай үйл ажиллагаанд оролцуулсан байна. Хоригдол байхдаа сал бэлтгэх, хот хоорондын тээврийн жолооч зэрэг ажил хийж, хөдөлмөрийн өндөр амжилтуудыг тогтоож байж. БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлын 1964 оны есдүгээр сарын 7-ны өдөр Л.Дандарыг урьд шийтгүүлсэн эрүүгийн гэмт хэрэгт нь холбогдолгүй болгон цагаатгасан байна. Үүнээс хойш 22 хоногийн хойно мөн сарын 29-ний өдрийн 172 дугаар зарлигаар Л.Дандарт БНМАУ-ын гарамгай баатар цол, бүх одон медалиудыг буцаан олгожээ. БНМАУ-ын гарамгай баатар Лодонгийн Дандар 1986 оны арванхоёрдугаар сард өвчний улмаас таалал төгсчээ. Монгол Улсын гарамгай баатар Лодонгийн Дандарын хүү болох Ганбаатар, аймгийн арслан Дашдэндэв нартай уулзаж аавынх нь талаар сонирхолтой яриа өрнүүллээ.

-Аав тань хэдэн онд цэрэгт татагдаж ирсэн хүн юм бол?

Миний аав 1934 онд хөдөөгийн жинхэнэ Монгол ахуйгаас цэрэгт татагдаж ирээд, өөрийн идэвх зүтгэл, авхаалж самбаагаар тэр үеийн СССР буюу ЗХУ-д цэргийн сургуульд хуваарилагдан явсан юм билээ. Энэ бол хүн болгонд тохиолдоод байх аз завшаан бас биш. Хувь хүн болгон өөрийн гэсэн хувь тавилантай байдаг ч аавын хувьд агуу хувь тавилан байж. Гучин найман онд урьдчилсан байдлаар Тамбовын Морин цэргийн дунд сургуулийг төгсөж ирээд Тамсагийн морьт хороонд байлдааны офицероор ажилд орсон байдаг.

-Байлдааны офицер гэсэн албан тушаал байжээ?

-Цэргийн албанд штабын туслахаар орсон гэсэн үг. Дээр үед цэргийн албан тушаал нь байлдааны офицер гэж байсан юм билээ. Энд ажиллаж байгаад Арвандолдугаар морьт хороонд хорооны дарга болсных нь дараа дивизээрээ байлдааны давшилтад орсон байдаг. Байлдааны аянд гарах тушаалыг дивизийн дарга Шаарийбуу нь Дандарт өгсөн юм байна лээ. Дивиз тушаал аваад байлдааны шугам руу хөдөлсөн байдаг. Байлдааны үйл ажиллагаа эхлэхэд тэр олон тулаан дундуур цэргүүдээ авч гарахдаа сэргэлэн цовоо, авхаалжтай, самбаатай ажиллаж байсан нь дайчдынх нь дурсамж ярианаас тодорхой болдог юм. Үеийнхэн нь ч гэсэн, нутгийнхан нь ч гэсэн энэ тодорхойлолтыг өгч дүгнэсэн байдаг. Шөнийн бүслэлтээс 17 дугаар морьт хороогоо авч гарсан нэг тохиолын тухай ярья л даа. Тэр шөнө Шаарийбуу гуай алагдсан байгаа юм. Тэр буудалцааныг найз нөхөд нь их дурсана. Бууны сумны дунд найз нөхөд болсон улс чинь манай гэрт ирээд ганц нэг юмны ард суухдаа ярина шүү дээ. Магтаал ч их гарна. Янз бүрийн л юм ярина. Тэгэхэд аав маань магтаалыг нэг их авдаггүй хүн байсан. Бүр хэзээнээсээ тийм шүү. “Миний сайн гэж юу байх вэ, та нарын л ач шүү дээ” гэдэг байсан.

-Дайчид нь юу гэж ярих вэ?

Д.Ганбаатар

-Тэр дайчдынх нь үгийг зүгээр сонсож байхад “За, яахав, бид бүгд байсан нь үнэн. Гэвчиг, чи “Ийшээ яв” гээд командалж байсан. Тэгж гарахаа чи яаж тэр харанхуй шөнө мэдэж байсан юм” гэж асууна. Жүгдэрнамжил гэж аавын хорооны улс төрийн орлогч нь байсан юм. Эх оронч Жүгдэрнамжил гэдэг энэ хүн сүүлд Төмөр замд ажиллаж байсан. Манайхаар байнга ирдэг хүн байсан. Хөөрхий тэр Жүгдэрнамжил гуай л “Бие биеэ магтахын тулд биш, дайныг яаж туулж гарснаа зүгээр эргэн дурсахад наад Дандар чинь буу аль талаас цөөхөн буудаж байна, тэр рүү л биднийг чиглүүлээд байсан шүү дээ” гэдэг байсан.

-Хар ухаанаар бодоход л буун дуу цөөхөн гарч байгаа газарт цөөхөн дайсан байна гэсэн үг байна шүү дээ?

-Тэр чинь авхаалж самбаа, зориг гэдэгт чинь орчихно шүү дээ. Эндээс хорин буу дуугарлаа гэхэд тэндээс арав ч дуугардаг юм уу. Тэгсэн энэ талаас нь дөрөв ч дуугардаг юм уу, зургаа ч дуугардаг юм уу, арай цөөхөн байх нь байна шүү дээ. Тэгэхээр л манай хүн чинь “Мориндоо” гээд буун дуу цөөхөн дуугарсан тал руу нь дайрдаг байж.

-Үнэхээр л сэргэлэн, сийрэг ухаантай хүн байж дээ?

-Жүгдэрнамжил гуай мөн ярихдаа “Олзлогдсон хориод япон тууж яваад явахгүй цахдаад байхаар нь “Наадуулыгаа бууд” гэхэд нь аав “Үгүй, байж бай” гээд японууд руу очоод эхний хүн рүү буугаа тулгасан байгаа юм. (Жүгдэрнамжил гуай улс төрийн орлогч болохоор шууд тушааж байхгүй юу.) “Үгүй” гэсэн эхний хүнийг буудсан чинь тэгээд бусад нь гүйсэн байгаа юм. Аав минь тиймэрхүү цуг явсан нөхдүүдээ, хамт явсан дайчдаа байлдааны талбарт амийг нь л хамгаалж явсан байдаг.

-Бид хүүхэд байхдаа “Дандар баатар дайраад ирлээ. Дайсан бүхэн хиараад өглөө. Дандарын сэлэм гялс, дайсны толгой бөндгөс” гэх мэтээр бургасаар дэрсний толгой бөхөлзүүлж өссөн. Харин таны хувьд бол тэр домогт хүний үр хүүхэд гэдгээрээ маш ойрхон өссөн дөө. Түүхэн том хүний хүүхэд байх ямар санагддаг байв. Сүүлчийн баатар Шагдарсүрэн гуай “Монгол тулгатны зуун эрхэм”-д орохдоо бас хөөрхөн чимхээд авч байсан уу даа?

-Би тэр нэвтрүүлгийг үзсээн. Тэр хүнийг аавын тухай ярихад эвгүйцэж л байсан л даа. Эвгүй санагдсан. Өөрөө тэр дайны утааг үнэрлэчихсэн хүн шүү дээ. Тэгэхдээ, тэр Шагдарсүрэн гуай маршал Х.Чойбалсангийн яг гарын дор ажиллаж байсан учраас Дандарыг үзэх үзэл бодлын хувьд нэг юм байсан байгаа байлгүй гэсэн бодол (нэгдэж ирэхэд) надад төрж байгаа юм. Хоёрдож ирэхэд, аавын маань буюу Монголын морьт цэргүүд орчин үеийн байлдааны техникүүдийн эсрэг цээж нүцгэн давшсан эр зоригтнууд шүү дээ. Миний аав чинь үнэнээр яривал Чингисийн хамгийн сүүлчийн морин цэрэг гэж ойлгож болох уу?

-Ёстой л жинхэнэ Чингисийн удмын морин цэргийн алдарт жанжин даа! (Ганбаатар гуайтай ийн хөөрөлдөн байтал хажуугаас Дандарын бага хүү хэмээгдэх аймгийн арслан Дашдэндэв гуай орж ирж “Энэ талаар, Шагдарсүрэн гуайн талаар би нэг юм хэлж болох уу?” хэмээв. сур)

-Бололгүй яах вэ?

Д.Дашдэндэв:-Аав Арвандолдугаар морьт хороотойгоо байлдаанд ороод тав зургаа хоног хоол ундгүй, ямар ч сэхээ сэтээгүй байлдсан гэж байгаа. Шагдарсүрэн баатар бол яг тухайн үед “Арвандолдугаар морьт хороо олзлогдож уу, байна уу” гэж шалгах гээд явсан байгаа юм. Тэгээд Арвандолдугаар морьт хороон дээр очиж чадаагүй. Эргээд очиход нь дивиз нь сүйдчихсэн байсан. Зургаан хоног байлдсаны эцэст тавдугаар сарын 30-нд тушаал гараад, 31-нд дивизийн даргаар томилогдоод тулалдаанд орсон байгаа. Одоо Ерэн баатрын хөшөө байдаг орчимд гэж байгаа юм. Зургаа долоон хоног нойргүй хоносон хүн чинь түр дугхийгээд унтчихаж л дээ. Аав өөрөө яриад үлдээчихсэн байгаа юм.

-Аа, за юу гэж байх юм?

-Тэгтэл Пэлжээ комиссар нь хөлнөөс нь чирээд, аавыг алагдчихлаа гэж уйлж явсан байгаа юм. Усан дундуур явсан ч юм уу, нүүр өөд нь ус цалгиут аав сэрсэн гэж байгаа юм. Аав усанд цочоод “Яав” гээд босоод ирсэн байгаа юм. Шагдарсүрэн гуай бол яг үнэндээ дайнд ороогүй хүн байхгүй юу. Арвандолдугаар морьт хороогоо манай аав өгчихсөн чинь (үнэн юм үнэнээрээ үлдэх ёстой) Шагдарсүрэн гуай анхны тулалдаанд ороод, шархтаад, эмнэлэгт хэвтээд, эмнэлгээс гараад Чойбалсангийн дэргэд очсон. Яг бодит байдал бол ийм л юм болсон байдаг.

-Монгол Улсын отгон баатар Шагдарсүрэн гуай “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцохдоо “Дандар бол сэлэм барих нь барьсан, харин хуйнаас нь сугалаагүй” гэх маягийн юм ярьж байсан даа?

-Шагдарсүрэн гуай маршал Х.Чойбалсангийн туслахаар очсон гэж ярилаа шүү дээ. Тэр ажлыг хийхдээ ширээний ард байна. Тэр гарч явахгүй. Тулааны талбараас бичиг цаас ирнэ, өргөдөл ирнэ. Тэр дотор “Шагдарсүрэнгийн нэр байна уу” гэхээс яс нь хавталзах нь тодорхой шүү дээ. Чойбалсангийн туслах хийх, цэргүүдээ аваад байлдааны офицер хийх энэ хоёр өөр байгаа биз. Аан?

-Өөр өөр, газар тэнгэр шиг л ялгаатай байж таараа?

-Морин цэргийн байлдаан гэдэг чинь байна аа, энэ нэг гүвээ байна, дарга хүн гүвээний дээр нь гарч цаашаа хараагүй бол цаашаагаа яаж цэргээ авч хаагуур нь явах юм бэ? Хаана нь жалга байна, хаана нь далдлах юм байна тэр бүгдийг харж таарна аа даа. Тийм ч учраас аав маань тэр байлдаануудынхаа тухай дандаа дурсдаг байсан. “Та яагаад цэргүүдээ явуулдаггүй байсан юм бэ” гэхэд “Өөрөө харсан нь баттай байхгүй юу. Ямарваа нэг ажлыг хийе гэвэл өөрөө хийсэн нь дээр” гэсэн захиасыг аав маань хэлдэг байлаа.

-Оросын цэргийн даргатай цэргийн хүнсний үхрээс болж муудалцаад буудчихсан. Тэгээд улсын баатар цолоо хураалгасан гэсэн яриа хэр үнэний ортой бол?

-Яахав, тэр талаар ном зохиол, архивын материал дотор тодорхой юм алга. Энэ Дашдэндэв миний дүү учраас Шагдарсүрэн гуайн үг энэ тэрд эмзэглэлгүй яахав. Эд тийм үг хэлэхээр байгаа. Дайны үеийн тэр хүнд үеийн байдлыг хэн ч одоо батлахгүй. Тэрнээс хүнд үеийг баталж амждаггүй гэж байгаа. Монгол цэргүүдийг орос нисгэгч бөмбөгдсөн үү, үгүй юу гэдгийг баталж чадахгүй шүү дээ. Тэр их хэцүү. Ингэхээр Орос, манай хоёрын аль нь ч батлаагүй, хэн нэгэн тэгсэн гээгүй, ял тулгаагүй. Бусад ялуудыг нэмж байгаад ялласан байдаг юм. Аавын минь гарамгай баатар гэсэн үгийн ард домогт баатар гэдэг үг нэмэгдсэн. Бүр амьд байхад нь шүү.

-Ёстой л амьд домог болсон баатар шүү?

-Нөгөө Хатанбаатар Магсаржавыг бүсээ тайлахад сум унаж байлаа гэдэг шиг домогшсон. Нөгөө Сүхбаатар жанжин буцааж болдоггүй бууны сумыг хаагаад байсан гэдэг шиг домогортлоо баатар болсон хүн шүү дээ. Ард түмэн л энэ домогт баатрыг бий болгож байгаа хэрэг шүү дээ. Монгол Улсын баатар цол олго гэсэн тогтоол гарахад маршал Чойбалсан “Үгүй ээ, зүгээр баатар өгөхгүй. Дээр нь чимэг нэм” гэж Богд хаант Монгол Улсын үеийн баатруудад олгож байсан уламжлалыг залгамжилж олгосон байдаг. Богдын үеийн баатрууд чинь дандаа чимэгтэй шүү дээ. Ялгуун баатар, Хатанбаатар гэх мэтээр олгосон байдаг даа.

-Дамдинсүрэнд гэхэд Манлайбаатар зэрэг цол 105 чимэгтэй баатар төрсөн гэдэг байх шүү?

-Тэрэн шиг Халхын голын баатрууд дунд чимэгтэй баатар хоёрхон хүн байдаг юм. Хоёулаа Булганаас төрсөн. Зоригт нисгэгч Дэмбэрэл, гарамгай баатар Лодонгийн Дандар гэсэн хоёр хүн.

-Гарамгай баатрын маань гэр бүлийн байдал ямаршуухан байв?

-Манай аав чинь ЗХУ-д 1934 онд сурч байхдаа орос эмэгтэйтэй танилцаад нэг охинтой болсон. Тэр аавын ууган охин.

-Хэн гэж охин байна?

-П.Д.Марина гэж хүн бий. Эх нь ОХУ-ын иргэн Д.Печникова. Марина эгч хоёр хүүтэй. Д.М.Александр, Д.М.Николай хоёр манайд жаран хэдэн онд ирэхэд аав өөрийн хэмжээнд Монгол орноо танилцуулсан. Энэ бүхэн миний охин Г.Гангамөрөний бичсэн “Домогт баатар Дандар” номонд их тодорхой орж байгаа. Дараа нь би байгаа юм. Намид гэж эмэгтэйтэй 1944, 1945 оны үед юм уу даа, дайнд явж ирээд танилцсан байгаа юм. Дорноговь аймгийн хүн. Тэр хүнтэй гэр бүл болж би 1946 онд төрсөн. Дайн дуусгаад иртэл нөгөө “Оросыг буудсан уу, буудаагүй юу” гээд хэргүүд хөвөрнө шүү дээ.

-Япончуудаас Өмнөд Монголыг чөлөөлөхдөө язгууртан угсааны нэг бүсгүйтэй учир ургуулсан гэх зэм ч сонсогддог байх шүү?

-“Оросыг буудсан” энэ тэр гээд хүний санаанд багтахгүй зөндөө л яриа бий. Энэ болгон гүтгэлгийн матаасанд нь байгаа болохоос ялын тогтоол дээр тэдгээр яриа орсон байдаггүй юм.

-Та дүүтэй биз?

-Дандарын Цэдэвсүрэн гэж миний дүү охин байлаа.

-Намид ээжээс тань төрсөн үү?

-Үгүй ээ. Энэ маань манай аавын хоёр дахь дүү Ёндон гээчийн охин. Ёндон ахын маань эхнэр Лхамсүрэн дүүг төрүүлээд нас барчихгүй юу. Сайхан хоолтой ундтай эгч байсан юм. Ёндон ах их ажилч, цахилгаан станцад слесарь хүн байлаа. Ёстой хайр гэдэг л тэр байсан байх, ханиа алдаад авга ах маань дотуураа бэтгэрээд хачин болчихсон юм. Өвчин гүдэг тусаагүй л дээ. Тэгээд аав ээж хоёр маань яриад охиныг нь өргөж авсан. Цэдэвсүрэн дүү маань гучин долооны жил дээрээ бурхан болсон. Ингэж аавын албан ёсны гурван хүүхдийн бүртгэл гарч ирдэг юм. Замын-Үүдэд байдаг аймгийн арслан Дашдэндэв гэж хүү байна. Энэ хүнд аав өөрөө юу ярьсан байдаг юм, мэдэхгүй. Аавын бие тааруу байхад гурван сар гаруй хамт өргөлцөж л байсан даа.

-Та ямар ажил төрөл эрхэлж байв?

-Би армид ажиллаж байсан. Эдийн засгийн дээд сургууль, Хөдөө аж ахуйн дээд сургууль төгссөн хөдөө аж ахуйн эдийн засагч мэргэжилтэй хүн. Хөдөө аж ахуйн яаманд ажиллаж байгаад ээжийг 1976 онд бурхан болоход аавдаа санал тавиад Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Алтанбулагийн сангийн аж ахуйд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан даа.

-Та хэдэн хүүхэдтэй болов?

-Би Чүлтэмийн Цэрэндэжидтэй хань бүл болж Гантөмөр, Ганчимэг, Гантулга, Гангантөгс, Гангантогос, Ганхуяг, Ганхуяг (Миша), Гангамөрөн гэж найман сайхан үр хүүхэд төрүүлж өсгөсөн дөө.

-Одоо та хаана аж төрж байна?

-Хотод, Төв цэнгэлдэхийн хажуу дахь “Хурд” хороололд аж төрж байна. 2004 оноос хүүхдүүдэд шатар заалаа. Намайг наймтай байхад аав минь шатар зааж өгч байлаа. Сэлэнгийн Алтанбулагт байхдаа “Алаг морьт” гэж шатрын клуб байгуулж хүүхдүүд маань гайгүй амжилт гаргаж байсан. Сүүлийн гурван жилд бие өвдөөд саянаас нэг юм босож ирлээ. Зүрх гэдэг ч бас л сүрхий өвддөг эрхтэн юм.                  

Сэтгэгдэл 10ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
9 сар 17. 22:06
Амар

ШАГДАРСҮРЭН Гэж их Аимхаи Хулчгар Баилдаж үзээгүй бараг Зугатааж явсан маш Зальтаи Амьтан баисан гэж Ахмадууд ярьж баисаныг сонсож байлаа яагаад тийм Амьтанд Баатар өгөв 100 Эрхэмээр ичихгүи Дандар Баатарыг муулж байсан Атаараж явсан гэж үнэн баижээ

9 сар 3. 3:28
Зочинshajinbaatar

Hovd,aimag,tsetseg,sum,svh,tavnangiin,vr,udam,yum,shvv

X

8 сар 31. 20:35
С.Мэндбаяр

Туул зөрлөг дээр Налайх, зүүн тийш явдаг суудлын вагонууд зогсдог байлаа. Тэр зөрлөг одоо ч байгаа Баянзүрхийн ногооны зоорины урд тэрүүгээр айлууд зусланд гардаг байсан. Л.Дандар баатар гуайнх бас зусдаг байсан. 1970-аад оны сүүлээр юм уу тэр үед бага ч байж Дандар баатар гуайг харж байсан. Хүүхдүүдэд хайртай их сүрлэг гоё хүн харагддаг байсан. Хүүхэд бидний дунд домог болсон хүн дээ... Шагдарсүрэн гэдэг хүнийг хүмүүс таньдаггүй 100 эрхэмээр арай л буруу яриад байх шиг байсан. Дандар баатар гауйг хавь ойрын хүмүүс их хүндлэнэ юун сагсуу онгироо тийм зангүй харин ч даруухан хүн байсан...

8 сар 29. 20:57
Зочин

Шагдарсүрэн гэдэг хүний талаар ахмад дайчид дайн байлдаанд оролцсон талаар нь огт ярьдаггүй их зальтай, аймхай хүн байсан Сүхбаатарын Янжмаагийн дүрд тоглосон хоёр ч жүжигчинтэй сууж байсан ер нь бол тааруухан эр хэмээн дурсдаг байсан даа. Одоо ч мэдэх хүн байхгүй болж, Дандар баатарыг ичихгүй гөрдөж байхыг сонсоод дургүй хүрч билээ.

8 сар 29. 7:02
ЗочинАмуужин

ТЭР ШАГДАРСҮРЭН ГЭЖ ӨВГӨН БАИЛДАЖ ҮЗЭЭГҮИ ИХ АИМХАИ ХУЛЧГАР НӨХӨР БАИСАН ТИИМЭЭС ДАНДАР БААТАРТ ЗАГНУУЛЖ БАИСАНДАА ИХ АТАА ЖӨТӨӨ САНАЖ ЯВСАН ГЭЖ АХМАД ДАИЧИД ЯРЬДАГ ХАРВААС ТИИМ НӨХӨР ЯАГААД ТИИМ ХҮНД БААТАР ӨГӨВ БАИЛДАЖ ҮЗЭЭГҮИ АИМХАИ ХҮНД БААТАР ӨГЧ БОЛДОГ ЮМ УУ

8 сар 28. 9:27
Зочин

дандар баатарын гарал угсаа бол ховд аймгийн цэцэг сум юмаа. одоо ч тэнд авга , нагацууд нь байнам . өөрөө энэ тухайгаа ч мэддэг олон ч удаа очиж байсан .
богдод мөргөхөөр нутгаасаа гарч явсан хүмүүс булганы бүрэгхангайд төрүүлсэн юм .

8 сар 31. 14:15
Зочин

oo manai aaviin hutag yum bna

8 сар 31. 14:15
Зочин

nutag

8 сар 28. 13:13
Зочин

Ямар юмных нь богдод мөргөх вэ. Ард Аюушийн хөдөлгөөнд оролцсон болон дэмжсэн хэргээр нутгаасаа хөөгдсөн хүмүүсийн үр сад шүү дээ.

8 сар 31. 14:06
Зочин

Байлдаж үзээгүй хүнд баатар цол өгч болдогын сонгодог жишээ монголд байгаа биздээ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]