Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Японы самурай нарын эсрэг Испанийн конкистадорууд тулалдсан ньУншсан10,409

1570-аад оны үеэр Филиппин болон ойролцоох арлуудыг, тэр хавийн усан замыг Японы далайн дээрэмчид байнга тонон дээрэмдэж, яг далайн эзэд, хаад шиг аашилдаг болсон байна.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Их дайны үеийн нэгэн жигтэй ялалт нийтлэлдээ цөөхөн цэрэг тооны хувьд хэд дахин давуу дайснаа ялсан, буулгаж авсан тохиолдлуудын тухай бичих болно гэснийг маань зарим нэг нь санаж байгаа болов уу. Энэ удаа Испанийн конкистадорууд Японы ронин нарын хооронд болсон нэгэн алдартай тулалдааны тухай сонирхуулъя.

1570-аад оны үеэр Филиппин болон ойролцоох арлуудыг, тэр хавийн усан замыг Японы далайн дээрэмчид байнга тонон дээрэмдэж, яг далайн эзэд, хаад шиг аашилдаг болсон байна. Тэдгээр далайн дээрэмчдийн ихэнх нь ронин нар байсан ба энэ нь эзнээ алдсан, эсвэл эзэндээ гологдон хөөгдсөн самурайнууд юм. Японы хууль, зан заншлаар ийм самурайнууд өөр эзний төлөө үйлчлэх эрхгүй учир тэдэнд нэг бол өлсөж үхэх, эсвэл дорд ядуусын адил ажил төрөл хийн шившиг болох гэсэн хоёр зам л байв.

Харин дээр дурдсан нөхдүүд гурав дахь зам болох далайн дээрэмчний “мэргэжлийг” сонгон авчээ. Тэд өөрийн агуу илд болох катана, хар нялхаасаа эзэмшсэн илдийн эрдэмдээ эрдэж байсан ба бас нум сум, зарим төрлийн буутай байх нь ч тохиолдоно. Бас бараг бүгдээрээ ялтсан хуягтай байсныг сануулах хэрэгтэй болов уу.

Испанийн мэдлийн Филиппинийг талан дээрэмдэх Япон дээрэмчдийн дээрэнгүй авирыг таслан зогсоохоор тус мужийн захирагч Гонсало Ронкильо де Пеньалоса хэсэг цэрэг гаргаж Хуан Пабло де Каррион хэмээх эрд захируулсан ба тэрээр далайн дээрэмчдийг сургахын тулд зохих “бэсрэг флот” гаргаж өгөхийг мужийн захирагчаас хүссэн байна.

Түүний бодож байснаар бол далайн дээрэмчдийг хөөж туухад эрэг газраар явахад тохиромжтой жижиг онгоцнууд илүү ашигтай ба харин ийм хөлгийн нэг сул тал нь тун цөөхөн цэрэг авч явах дутагдалтай байв. Хуан Пабло өөрийн хамгийн том онгоцондоо дүүртэл цэрэг ачсан нь ердөө л 40 хүн байжээ.

Ингээд испаничууд Япон ронин нарыг хайж эхэллээ. Тэрхүү конкистадарууд нь Толедын гангаар хийсэн битүү хуяг өмсөж, морио-н дуулгаар толгойгоо хамгаалсан ба мушкет буу, урт жад, жижиг бамбай, нарийн илдээр зэвсэглэсэн байв.

Богеадор хошууны ойролцоо дээрэм хийж явсан Японы хөлөг онгоцыг харсан испаничууд яаран давхин очиход ронинууд дээрмээсээ дөнгөж буцан ирж байгаа бололтой зарим нь эрэг дээр, зарим нь хөлөг онгоц дээрээ байж байв. Конкистадорууд шууд л хөлөг онгоцыг нь дэгээт олсоор татаж аван хөлөгтэйгөө нийлүүлсний дараа тулалдаан эхэллээ.

Япончууд муухай орилон дайрч, илдээ далайн цавчиж эхэлсэн ч Испанийн ган хуяг, дуулгыг катана илд нь дийлэх байтугай харин ч хугарч, бут үсрэн үйрч байлаа.

Тухайн үед Япончууд катана илдийг бурхны зэвсэг гэж үздэг байсан бөгөөд хүнд хөнгөний тэнцвэрийн харьцаа “төгс” болсон, өөр хаана ч байхгүй сайн ган болдоор хийсэн, ер нь л илдний хаан гэж ойлгож байжээ. Одоо ч гэсэн ингэж үздэг хүн олон байх бөгөөд катана илд бараг 1000 жилийн турш өөрчлөгдөөгүй нь хөгжлийнхөө оргилд хүрсэнтэй холбоотой, бүр XX зууны дайнд ч энэ илдийг хэрэглэж байсан гэдгийг цохон тэмдэглэнэ. Харин тэрхүү катанаг бишрэгчид дундад зууны үеийн Европын илднүүд, тэр тусмаа нарийхан уян туялзуур илд жадыг хүүхдийн тоглоом шахам юм гэж дооглодог нь олон билээ. Гэтэл Европчуудын илд нь өөр хоорондоо хийсэн олон зуун дайн, Арабын ертөнцтэй хийдэг дуусашгүй мөргөлдөөн, төв Азиас уулгалан ирэх нүүдэлчин аймгуудад навс балбуулах үе зэрэг түүхийн олон үйл явдлын дараа бага багаар өөрчлөгдөн сайжирсаар байсан юм. Европчуудын илд яваандаа цавчих биш харин дүрэх, бүлэх чиглэл рүү илүү хөгжиж эхэлсэн учир илд нь нарийн, уян, туялзуур шинжтэй болсон байна. Харин катана бол катана. “Ямар ч юмыг хоёр болгодог идтэй илд учир өөрчлөх шаардлага огт үгүй”.

Япончууд орилон цавчихад илд нь Испанийн хуяг дуулгыг дийлэлгүй бут үсэрч байдаг, харин конкистадоруудын нарийн хурц илд ронинуудын ялтсан хуягны завсар заагаар орсоор...

Катана хугараад, Испани илд туялзаад л бүлээд байдаг. Испаничууд ганц ч хүн алдаагүй бол япончуудын цогцос энд тэндгүй...

Самурайнууд сүүлдээ хуурай газарт зугтахад конкистадорууд байлдааны эгнээнд орон мушкет буугаараа буудаж олон ч хүнийг зүйл дуусгалаа. Харин өөдөөс нь буудах Японы “буу гэмээр юмных” нь сум дайсандаа хүрдэггүй, хүрсэн ч онодоггүй, оносон ч хуяг дуулгыг нь нэвтэлж чадахгүй болохоор зугтахаас өөр хаачихав.

Испаничууд яг ингэж бодсон байв. Тэд дайснаасаа дэндүү илүү зэвсэгтэй, хамаагүй илүү байлдах урлагтай, тогтсон эмх цэгцтэй учир япончууд хэдүүлээ байх нь хамаагүй, тэднийг ямар ч нөхцөлд ялж дийлэх нь тодорхой гэж итгэж байсан учир дайсныхаа араас хөөж эхэлжээ.

Конкистадорууд дайснаа элдэн, нэгэн голын эх рүү өгсөж байх үед өөдөөс нь маш олон япончууд гарч ирлээ. Эргээд хартал ард нь бас өчнөөн самурайнууд. Бараг 600-700 хүн испаничуудыг бүслэн авсан нь 600 хүний эсрэг дөчөөдхөн хүн. (Зарим эх сурвалжид Япон ронины тоог бүр 1000, 1600 гэж бичсэн байдаг ба харин испаничууд нь 40 биш 38 хүн байсан гэх нь бас бий)

Конкистадорууд яаралтай тойрог болон жагсаж, мод чулуугаар овоолон бэхлэлт хийж байх үед япончууд дайран орж ирлээ. Цөөхөн конкистадорууд мушкет буугаараа буудаж нэлээд хэдийг унагасан ч цаана нь хэдэн зуун хүн бий. Хэрэггүй болсон буугаа хаясан европчууд одоо урт жадаа (бараг 5 метр урт) барин нягтарч, япончуудыг ойртуулалгүй жадалсаар. Аргаа барсан самурайнууд дайснаа энэ аюултай зэвсгээс нь салгахын тулд жадыг булааж авах, бүлүүлсэн ч жадыг нь тас зууран буцаж зугтах гэж оролдож эхэллээ. Зарим нь зүйл дуусч байхдаа ч жадыг нь тас зуурсаар.

Тулалдаан хэсэгхэн завсарлаж, япончууд хүчээ бүлэглэж байх хооронд Хуан Пабло өөрийн цэргүүддээ жадны урд хэсгийг оливийн тосоор тослохыг тушаасан байна. Одоо япончууд жадыг нь булаах гэхэд гар нь тосонд халтиран зуурч чадахгүй болох ба дайсны биед орсон жадаа буцаан сугалж авахад ч амархан болжээ. Дайн байлдааны туршлага гээч чухам энэ буюу. Япончууд дараагийн дайралтаар бүр ч олон хүнээ алдаж, эмх замбараагүй зугтан зайлсан бөгөөд хошууны нөгөө талд байсан 18 хөлөг онгоцондоо яаран сандран сууж бүрмөсөн талийн алга болсон гэдэг.

Үүнээс хойш тэр хавийн газар нутагт Японы далайн дээрэмчид дахиж үзэгдээгүй юм гэнэ лээ.

P.S

Бид уг нь сэлэм гэж ярьдаг ч энэ нь манж үг, монгол нэр нь илд гэдэг юм байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]