Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Үхэж байгаа хүнээс ярилцлага авч болно гэж үү?Уншсан25,819

Тэрээр уг нь 4 ширхэг хүчилтөрөгчийн баллонтой явах ёстой байсан боловч ердөө 2-тойгоор сүүлийн дайралтаа эхлүүлсэн байж.

Хоёр хөлгүй боловч хиймэл хөлний тусламжтайгаар Эверестийн оргилд гарсан хүнийг хэн хүнгүй хүндлэх, бахархах нь тодорхой. Гэхдээ энэ хүн нь үхэж байгаа өөр нэг уулчныг дээгүүр “даван алхсан” хүний нэг ба түүнтэй адил 43 уулчин тэрхүү амьд үхсэний завсар байх хүний хажуугаар дээшээ, дараа нь доошоо өгсөж уруудаж явсан байдаг. Энэ бол 2006 оны 5-р сарын 14, 15-нд болсон явдал юм. Хамгийн сонирхолтой нь тэдгээр 43 уулчдын дотор Discovery танин мэдэхүйн сувгийн зураглаачид байсан ба тэд үхэж байгаа хүнээс богинохон хэмжээний ярилцлага авч амжжээ. Үхэж байгаа хүнээс ярилцлага... аврахын оронд...

Энэ бүхнийг уншиж байхад олон хүний дотор зэвүү дургүй нь хүрч, хүний мөс чанарын тухай айхтар хачин бодлууд төрж байгаа нь тодорхой. Гэхдээ энд бас “гэхдээ” байгаа билээ.

2006 оны 5-р сарын 14-нд Их Британийн иргэн, математикийн багш Дэвид Шарп Эверестийн их оргилд ганцаарчилсан авиралт хийж оргилд гарахаар зүтгэж эхэлжээ. Ганцаарчилсан гэхээр энэ хүн ганцаараа уулын бэлээс явсаар оройд нь гарна гэсэн үг биш юм шүү. Энэ их ууланд бүх юм өөр, бүр дэндүү өөр билээ.

Дэвидийн хувьд гурав дахь оролдлого нь байсан бөгөөд өмнө нь 8200 метрийн өндөртэй Чо-Оюуд гарч байсан ихээхэн туршлагатай уулчин байж. Тийм ч учраас түүний хүсэл мөрөөдөл нь Эверест байлаа. Гурван удаагийн бүтэлгүй оролдлого хийсэн тэр 2006 оны оролдлогоороо заавал орой дээр гарна гэж хатуу шийдэж, өгсөж явсаар 8300 орчим метрийн өндөрт гэнэт бие нь муудаж эхэлжээ. Шалтгаан нь ердөө л хүчилтөрөгчийн “өлсгөлөн”. Тэрээр уг нь 4 ширхэг хүчилтөрөгчийн баллонтой явах ёстой байсан боловч ердөө 2-тойгоор сүүлийн дайралтаа эхлүүлсэн байж. Амьсгалахад маш хүнд болж, ядарч сульдсан Дэвид хэсэг суугаад босох гээд чадсангүй.

Энэ хэсэг газар нь алдарт ногоон гуталт уулчны үхсэн газар байлаа. Энд ойрхон өөр 10-аад уулчны цогцос бий. Үхлийн бүс гэдэг маань энэ. Дэвид хажуугаар гарах бусад уулчдаас ямар нэгэн байдлаар хүчилтөрөгчийн баллон олж аваад эргэж буухаар шийдсэн ч ...

Алдарт ногоон гуталт. Энэ цогцос уулчдыг үхлийн бүсэд ирсэн гэдгийг илтгэх дохио болжээ

5-р сарын 14-нд хэн нэгэн хүн Дэвидэд ямар нэг тусламж үзүүлсэн эсэх тухай тодорхой баримт үгүй бөгөөд 15-ны өдөр уулын орой руу дайрч байсан бүх л хүмүүс Дэвидийг амьд байгааг харж хажуугаар нь өнгөрч байжээ. Зарим нэг нь үндсэн бааз руу холбоогоор ийм хүн байгаа тухай ярьж цаашдын заавар зөвлөгөө хүсэхэд (эдний дунд шинэ Зеландын нөгөө хөгжлийн бэрхшээлтэй, мундаг уулчин орно) бүгд л “Ямар харамсалтай хэрэг вэ, бүтэн хоног тэр бүсэд байгаа наад хүн чинь одоо амьд гэхэд хэцүү байдалд байгаа учир нэмэргүй, авиралтаа үргэлжлүүл” гэсэн заавар өгч байжээ.

Эдгээр 43 уулчны зарим нэг нь өөрийн чадлаар туслах гэж оролдож, зарим нь бүр хүчилтөрөгчийн баллон хүртэл өгч байжээ. Дисковеригийн зурагчид ч бас баллон өгч байж мань хүнээр хэдэн үг хэлүүлж амжсан байна.

“Намайг Дэвид Шарп гэдэг. Би энд Азия Треккинг багийн бүрэлдэхүүнд ирсэн, би маш их ядарч, унтмаар байна”. Энэ бол Дэвид Шарпын хэлж чадсан цөөхөн үгс билээ. Удалгүй энэ хүн байхгүй болсон юм. Түүний хажуугаар буусан уулчид дараа нь Азия Треккинг багийн удирдагч Жорж Дижмарескугаас “Танай багийнхнаас үлдэж хоцорсон хүн байгаа юу?” гэхэд тэрээр “Байгаа, нэг маань буцаж ирээгүй ээ” гэж тайван хариулж байж. Ямар нэг илүү дутуу зүйлгүй, алга болсон тэгээд л тэр.

Гэхдээ  Азия Треккинг багийнхан хэрдээ л Дэвидийг аврах гэж оролдсон бөгөөд Даваа хэмээх ширваа (Балба улсын нэг овог, заримдаа балбачуудыг ширваа хэмээн ойлгох нь бий) энэ хүнийг босгох гэж бүтэн цаг ноцолдож дийлэлгүй нулимс дуслуулан орхин явсан байдаг.

Олон хүн энэ явдлыг, тэрхүү 43 уулчныг, Азия Треккинг багийг, Даваа ширвааг, Шинэ Зеландын хөлгүй уулчныг буруутгаж, өөдгүй муугаар дуудах нь тодорхой. Үнэхээр ч тэднийг магтан сайшаах юм алга. Гэхдээ тэд буруутай гэж үү гэдэг асуултын хариулт хэзээ ч олдохгүй биз ээ. Хамаг хэрэг өндөр ууланд, үхлийн бүсэд байгаа юм. Үхлийн бүс гэж ярьж байгаа тэр газар маань чухам ямар гээч газар болоод ийм нэр авсан хэрэг вэ?

Хүн далайн төвшинд байх үеийн агаараар амьсгалахад хүлээн авах хүчилтөрөгчийн хэмжээг 100 гэж үзвэл, та далайн эргээр гүйж амьсгаадаад зогссоны дараа хэд сайхан том амьсгалаад цусаар хүчилтөрөгч бүх биеэр дамжин эргэн сэргэнэ. Харин 8500 метрийн өндөрт хүн ердөө 30 хувийн хүчилтөрөгчөөр амьсгалах ба та хүч гаргаж ядарч зүдэрсэн үйлдэл хийхэд зарцуулсан хүчилтөрөгчөө эргүүлэн олж авч чадахгүй. Нэг ёсондоо та хэчнээн амарч суулаа ч эргэж сэргээд сайхан болох тийм нөхцөл байхгүй, хүний бие аажмаар үхэж байдаг тэр өндрийг л үхлийн бүс гэдэг билээ. Хамгийн хялбарчилсан байдлаар ингэж л тайлбарлана.

Энэ бүсийг давж уулын оргилд гарна гэж найдсан, зориглосон, асар их хэмжээний хөрөнгө мөнгө энд тэндээс гуйж байж босгон зүтгэсэн, өөр бусад дэлхийн хүмүүсийг бодвол үхэлтэй тэмцэлдэн байж их оргилд гарна гэж дайрч байгаа тэдгээр хүмүүс нь үнэндээ тулалдаанд орж байгаа дайчидтай адил хүмүүс билээ. Ийм аймшгийг давж гарч чадна гэсэн итгэл үнэмшилдээ хөтлөгдөн гарсан хүмүүс замдаа үхэж үрэгдэж байгааг бусад адилхан нөхдүүд нь харсаар, харамссаар хажуугаар нь гарахыг зөв гэж хэлж чадахгүй ч буруутгаж үнэндээ чадахгүй нь. Дэвидийн хажуугаар гарсан хүмүүсийг дараа нь юу хүлээж байгааг хэн ч мэдэхгүй буюу тэд оргил хүрэлгүй, эсвэл хүрээд буухдаа хүч дутах үед чухам Дэвид мэтийн хүмүүст туслах гэж оролдсоноосоо болж үхэж болох юм. Ингэж ч үхдэг байна.

Дэвид ийм байдалтай амьсгаа хураажээ

Гэхдээ ууланд өөрөө өөрийнхөө төлөө тэмцэх ёстой гэсэн дээрх үзэл бодлыг зарим хүмүүс бас ихээхэн өөдгүй байдлаар ашигладаг бөгөөд Нидерландын нэгэн экспедиц Өмнөд хөтлийн ойролцоо (Эверестийн) өөрийнх нь баазаас тавхан алхмын зайд байгаа Энэтхэгийн уулчныг гараараа дохин тусламж гуйсаар байхад зүгээр байсаар амьсгаа хураахад хүргэсэн тохиолдол байдаг бол Японы уулчдын баг мөн л ийм байдалтай хоёр Энэтхэг уулчныг хараад тойрч явсан гэх мэтийн муу муухай зүйл өндөр ууланд гардаг нь бас тоо томшгүй гэдэг.

Нийтлэлч Чалчаа саарал

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]