Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Барулас угсааны ноёны хүү Төмөр монголчуудын түүхэнд алдартай байлдан дагууллуудыг үргэлжлүүлж алдар нэрээ цууриатуулсан юм. Түүнийг Төмөр хаан, “Доголон” Төмөр, “Бурхны ташуур”, Тимур, Исламын илд, Тамерлан, хэмээдэг байлаа.

Байлдан дагуулагч Төмөр: Цагадайн улсыг нэгтгэхийн төлөөУншсан1,723

Энэ хоёр хүний харилцаа ихэд ээдрээтэй, бас сонирхолтой. Зарим түүхчид энэ хоёр хүний нөхөрлөл, хамтын ажиллагааг Тэмүжин, Жамухын нөхөрлөлтэй адилтган авч үздэг.

Нийтлэлч Б.Батмөнхийн аугаа их байлдан дагуулагч Төмөр эмирийн тухай цуврал нийтлэлийг түүх сонирхогч уншигчдадаа хүргэж байна.


Цагаадайн улсын эмир, Самаркандад төвтэй хаант улсыг үндэслэгч, цэргийн гарамгай жанжин. Монголын түрэгжсэн Барулас овгоос гаралтай, цэргийн язгууртнуудын дунд алдаршиж Чингис хааны удмын гүнжтэй гэрлэсэн. 1362 онд баруун хөлөндөө шархадсанаас болоод дайснууд нь “доголон” хэмээн хочлох болсон. 1370 онд эмир Хусейний эсрэг тулалдаж, түүнийг унагасан. 1372 онд Хорезм, 1378 онд Иран, 1392 онд Кавказ, 1391, 1395 онд Алтан Ордны эсрэг 3 удаа аян дайн хийсэн, Иран, Энэтхэг рүү дээрмийн аян дайн хийсэн, 1401 онд Сирийн нийслэл Дамаскийг шатаасан, 1402 онд Туркийн султан Баязидыг бутцохиж, нийслэл Анкараг талан дээрэмдсэн. Насан туршийн мөрөөдлөө биелүүлэхээр Хятадын эсрэг аянд мордоод 1405 онд замдаа нас барсан. Эмир Төмөрийн товч намтар ийм бөлгөө.

14-р зуунд дэлхийг донсолгож, өнөөгийн Узбек, Казах, Киргиз, Армян, Туркмен, Гүрж, Азербайжан, Иран, Ирак, Сири, Дагестан, Оросын өмнөд хэсэг, Оросын өмнөд хэсгээр дайтаж, Анкара, Делид довтолж, Хятадыг заналхийлэн байсан хүн бол Доголон Төмөр юм. Хүн төрөлхтөн түүнийг янз бүрээр л тодорхойлж ирсэн байна. Зарим нэг нь Төмөрийг “Хүний гавлын ясаар овоо босгодог, хүний үнэргүй алан хядагч” хэмээдэг бол зарим нь “Атилла болон Чингис хаан нарын шийрийг хатаасан ялан дийлэгч” хэмээн нэрлэдэг. Тиймээс ч Төмөрийн намтар цадиг яах аргагүй хүмүүсийн сонирхлыг татсаар ирсэн юм. Тэгээд ч Сталины заавраар Герасимов тэргүүтэй Зөвлөлтийн археологичид Төмөрийн шарилыг хөндсөний нөгөөдөр нь буюу 1941 оны 6-р сарын 22-нд Аугаа их эх орны дайн эхэлсэн нь зүгээр нэг тохиолдол байвуу??

 Төмөрийн цэргийн түрэлт дор Алтан Ордны улс нуран унаж, Иран, Кавказ, Энэтхэг цусанд умбаж, Анкарагийн дэргэд Туркийн армийг бутниргэсэн юм. Төмөр нь Македоны Александр шиг эзэн хааны хүү ч юмуу эсвэл Чингис хаан шиг хүчирхэг аймгийн удирдагч байсангүй. Дайснууд нь түүнийг байж болох муугаар хэлдэг бол өөрийн талынхан нь хүчит байлдан дагуулагч, арслан гэж үзнэ. Тэр аль нэг хааны удам байсангүй, Аттила шиг Ромыг эрж хайгаагүй ч гэсэн амьдралынхаа бүх л хэсгийг эмээл дээр өнгөрүүлсэн хүн юм. Бүтээн байгуулж байхдаа тэр барилгын ямар ч хэв маягийг дууриаж байсангүй.

 

Нэгдүгээр бүлэг: Төмөрийн нэрний тухай,
угсаа гарвал, бага нас. Төмөр гэгч хэн байв?

 

"Чингис хаан бол өнгөрсөн үеийн цэргийн бүх жанждаас тохой илүү хүн юм. Цэргийн дүрэмт хувцастай хүн бүхэн Чингис хаанаас суралцахыг Наполеон зөвлөсөн байдаг. Дэлхийн түүхэнд буюу дайны тэнгэрт од болон гялалзсан олон жанждаас Чингис хаанд дөхөж очих нь гагцхүү Төмөр л юм." С.С.Уолкер.

Дэлхийн түүхнээ алдаршсан Төмөрийг дэлхий нийтээрээ "Доголон Төмөр" хэмээн нэрлэдэг. Энэ хочийг түүнд дайснууд нь өгчээ. Тиймээс Монголчуудын хувьд "Доголон Төмөр" хэмээн нэрлэх нь зүйд үл нийцнэ. Ухаандаа "Доголон Төмөр" гэх бус харин Барулас овогт Тарагайн хүү эмир Төмөр хэмээн нэрлэвэл зохилтой. Төмөрийг бусад улс оронд хэрхэн нэрлэж байсан гэдгийг авч үзье. Төмөр, Тимур, Тамерлан, Тимурлэнг, Аксак Тумур, Тимур Хромец, Темир Ленге, Тамбурлан гэх мэт энэ нэр нь бүгд доголон гэсэн утгатай. Лэн гэдэг нь тажикаар “доголон” гэсэн утгатай үг. Туркууд түүнийг Аксак Тумур гэх ба бас л “доголон” гэсэн утгатай үг юм. Эндээс нэг асуулт гарч ирнэ. Төмөр яагаад “доголон” гэгдэх болов? Өөрөөр хэлбэл Төмөр үнэхээр доголон байсан уу? Энэ талаар хэд хэдэн таамаг байдаг юм.

 Төмөр эхээс төрөхдөө төрөлхийн л хазгар байсан гэнэ. Төмөр багадаа туулай хөөж барьдаг байсан. Гэртээ бүжин хөөж оруулж байгаад элдэж гарчээ. Тэгээд аавыгаа цочоосонд аав нь туулайн бүжинг цавчих гэж байгаад хүүгийн хөлийг гэмтээж орхижээ. Мөн Төмөр Сейстанд байлдаж яваад хөлдөө шарх авсанаар доголон болсон бөгөөд энэ нь хамгийн үндэслэлтэй таамаг юм. Төмөр нэг хэсэг хулгай дээрмийн замаар амь зогоож байх үедээ хонь дээрэмдэх гэж яваад харуулын цэрэгтэй тулгаран баруун өвдгөндөө шарх авсан нь үүрдийн хазгар болсон шалтгаан нь юм хэмээн Клавихо тодорхойлсон байдаг. Энэ ч бас үндэслэлтэй.

 Төмөр бол угсаа гарвал, удам судраараа Монгол хүн юм. Үүнийг цадиг намтар нь бэлхнээ харуулна. Төмөрийн өвөг дээдэс нь цөм Цагаадайн улсын харьяат бөгөөд язгуур Монголын Барулас овогт хамаарна. Барулас овгийн түүхийг хөөхөд дээш 12-р үе дээрээ Хиад Боржигонтой ахан дүүс болдог. Барулас овгийнхон Чингис хааны үед Цагаадай хааныг дагаж Дундад Азид үлдсэн бөгөөд хэл яриа, заншил, ёс, ахуй амьдрал нь эзэлсэн газраа захиран суух урт хугацааны явцад түрэгжсэн байна. Барулас овгийнхон Жалайр овгийнхонтой худ ургийн холбоог тогтоодог юм.

1336 оны 4-р сарын 9-нд Шахриз буюу Кешь хотноо Монгол угсаат эмир Тарагайн гэрт нэгэн хүү төрөв. Түүний талаар домогт өгүүлснээр Төмөр гартаа нөж атгаж төржээ. Яг л их эзэн Чингис хаан шиг. Энэ үзэгдлийг Араб болон персүүд тайлбарлахдаа муу ёрын, ирээдүйд цус урсах бэлэг тэмдэг гэж харсан бол Монголчууд болон түрэгүүд сайны бэлгэ тэмдэг гэжээ. Үлгэр домгийн гэмээр энэ үзэгдлийг үнэмшихэд бэрхтэй ч сайтар судлах нь зүйн хэрэг.

Төмөрийн эцэг Тарагай (зарим түүх сурвалжид Туругай ч гэж гардаг) бол Монголын Барулас овгийн хүн бөгөөд нэлээн том байр суурьтай ноён хүн байжээ. Барулас аймаг нь Кашга Дарьяа мөрний хөвөөнд нутаглаж байгаад хожим Долоон голын сав газарт нутагласан байна. Жалайр аймгийнхан Ангар мөрний хөвөөнөөс бас ийш нүүн иржээ. Мавераннахрт нутаглаж байсан Монголын энэ хоёр аймаг хэл ярианы хувьд ихэд түрэгжсэн байлаа. Төмөр түрэг хэлээр ярьдаг байсан бөгөөд араб, перс хэлийг ч муугүй мэддэг байсан гэдэг.

Амударья мөрөн эртнээс нааш Иран, Туран болон өмнөд, умардын зааг байсаар иржээ. Түүнээс урагш хорасаны персүүд нутагладаг бол хойд зүгт нь Тураны нүүдэлчид амьдарна. Эндхийг Мавераннахр хэмээн нэрлэх бөгөөд нэрний хувьд авч үзвэл “голын цаад тал” гэсэн утгатай юм. Туранчууд эсгий гэрт амьдарч “Хулчгарууд ард нь нуугдахын тулд хэрэм цайз барьдаг” гэж өөрсдийн нүүдэлчин амьдралаа зөвтгөнө. Харин суурин иргэд нь нүүдэлчдийгээ бүдүүлэг зэрлэг гэж ад үзнэ.

 Барулас нь Цагаадайн улсын нэгэн түмтийн гол цөм нь болж байсны хувьд Мавераннархт очсоны дараа Кешь хот нь тэдний төв болжээ. Кешь хот бол эрдэмтэд олонтой, усан үзмийн мод найгасан сайхан газар байсан гэдэг. Тус хотын төвд Тарагайн ордон оршино. Тарагай нь Кешь, Каршийг давхар захирч байв. Энэ үед Хажий гэх Барулас овогт хүн Кешийг бас мэдэж байсан. Хажий бол эзэмшил нутагтаа байдаггүй, иргэддээ ховор үзэгддэг, өөрийн бодлогогүй сулхан хүн байснаас баруласуудын амьдрал доройтсон хэмээн Персийн түүхч Низам ад Дин Шам бичиж үлдээжээ.

Төмөр болон түүний аав Тарагайн өвөг болох Хорачар Цагаадайд шадарлан зүтгэж байжээ. Рашид ад Дины үзэж буйгаар Хорачар нь Цагаадай хааны нэгэн том жанжин байжээ. Төмөрийн аав Тарагай нь Исламын шийтийн урсгалыг дэмждэг боловч исламын шашинд гүн сүсэггүй, ёс журмыг нь бүрэн дагадаггүй хүн байжээ. Эхнэр нь алчуур ороолтгүй, толгой нүцгэн явдаг байв. Тарагай эмирийн орлогын эх үүсвэр нь мэдээж хэрэг торгоны замын худалдаа бөгөөд их ч ашиг олдог байжээ. Тарагай хүү Төмөрт эртний өвөг дээдсийн суу алдрыг их ярьж өгдөг байжээ. Төмөр бол Тарагайн цорын ганц агь нь байсан бололтой.

 Төмөр Монголын Барулас овгийн хүн болох нь гарцаагүй. Барулас овог нь Бодончарын авааль эмээс төрсөн Хабич баатрын хүү Мэнэн Түдэнгийн долоон хүүгийн хоёрынх нь үр удмаас үүссэн болохыг “Монголын нууц товчоо”-нд тэмдэглэсэн байдаг. Мэнэн Түдэнгийн хоёр хөвүүн Хачиу, Хачула нарын үр удам болон Баруладай, Барула хэмээх хөвгүүд төрсөн нь Барулас овгийн үүсэл болжээ.

“Барулас” гэдэг үг нь “барах” гэсэн утгатай үг бөгөөд энэ овгийнхон их олуулаа тул идэх хоолоо түргэн бардаг, дуусгадаг гэсэн тайлбар бас байдаг. Харин Төмөрийн гарал угсаа тал дээр узбекууд аль болох өөрсөддөө хамааруулах гэж оролддог. Зарим зохиолд Төмөрийг түрэг эцэг, Монгол эхтэй, эсвэл тэс өөрөөр түрэг гаралтай хэмээн бичсэн байдаг. Эдгээр нь үндэслэл муутай. Харин Төмөр хожим Цагаадайн угсааны хатан буулган аваад өөрийгөө улс төрийн зорилгоор Чингисийн удам хэмээн алдаршуулсан гэж үздэг. Энэ бол харин баримттай.

 Цэрэг дайчдын зиндаанд хамрагддагаараа баруласууд ихэд бахархдаг байжээ. Баруласууд өөрсдийнх нь цусанд дайнч чанар шингэсэн гэж үздэг байжээ. Ираны худалдаачид болон тариачидтай худ ураг болохыг таашаадаггүй, тариа тарихыг жигшүүр гэж үздэг байсан учраас баруласууд дайны олз, дээрэм тонуул хийдэг байжээ. Ер нь бол дайчин, эрх дураараа, зоргоороо загнасан, өглөгч, өгөөмөр улсууд байжээ. Баруласууд Коран судар гэхээсээ илүү Чингис хааны хууль дүрмийг илүү барьдаг байв.

Төмөр багадаа цайз хэрмэнд нуугдаж, байлдаж тоглон өссөн бөгөөд энэ нь түүнийг хожим чадварлаг жанжин болоход нөлөөлжээ. Тэр цагт хүний амь амьтны улаан голтой ижил мэт байсан нь үнэн. Ер нь тэр цаг үе бол тийм ч хүмүүнлэг нийгэм байсангүй. Тэр үед үхсэн хүмүүсийн хүүр, цусан намаг болсон тулааны талбарыг харах нь ерийн хэрэг байв.

Төмөрийг бага байх үед айхтар их ган гачиг болж, Цагаадайн улс даяар ургац алджээ. Зах дээр барааны үнэ тэнгэрт хадаж, айлууд амьдрахын эрхэнд охидууд, илүү эхнэрүүдээ зарж байв. Тарагайн зарц 10 хот айл тус бүр 1000 сүрэг хариулж байжээ. Гэвч цаг ямагт өрнөдөг тэмцэл, дайны үр дүнд Төмөр өөрийн унадаг хоёр морьтойгоо л үлдсэн гэдэг.

Янз бүрийн сурвалжуудыг харьцуулан үзэхэд Төмөр дөрвөн хүүтэй байсан бололтой. Жахангир, Омар, Миран, Шахрух. Хэн нь ууган, хэн нь отгон нь болох талаар харин өөр өөр сурвалжууд үлджээ. Жахангир болон Омарыг ууган хөвгүүд нь гэж бичсэн нь буй. Эхний хоёр хүүхэд нь Улжай хатнаас төржээ. Төмөрийн нэг хүү Миран шах хожим нь одоогийн Сейстан, Афганистаны хойд хэсгийг захирч байсан байна. Миран шах Алтан Ордны эсрэг Төмөрийн хийсэн тулалдаанд олон удаа манлай цэргийг захирч, тодорч байжээ. Төмөрийн өөр нэг хөвүүн Омар шах мөн л цуутай дайчин байсан бөгөөд тэрбээр эцгийн дуудсан газар болгонд очиж, гарамгай гавьяа байгуулж байв. 1394 онд Омар шах Курдийн нэгэн цайзыг бүсэлж байгаад тэнэсэн суманд өртөж алагджээ. Жахангирын хувьд дайн тулаанд ороогүй, урт наслаагүй учрас нэр нь бүрхэг үлдсэн. Төмөр өөрийн хүү Жахангирт онцгой хайртай байсан нь л мэдэгддэг.

Төмөрийн дүр төрхийг тодорхойлвол, нуруу өндөр, толгой том, дух өндөр, бие чийрэг, зоримог гэжээ. Ааш сайтай үед инээнэ, цайвардуу царайд нь хурц харц зохино. Урт сахал, зөөлөн дуу нь ихэмсэг байдлыг илтгэнэ хэмээн тэмдэглэсэн байна. Эмир Төмөр худал хуурмагийг үзэн ядна. Хэчнээн гашуун байсан ч гэсэн үнэнийг сонсохыг хүснэ. Үгэндээ эзэн болно. Эмир Төмөр чулуу мэт зүрхтэй байсан ч гэсэн хүүхдүүддээ өр зөөлөн, халамжтай хүн байжээ. Дайсандаа бол эрлэг, ард иргэддээ бол бурхан, цэргүүддээ бол эцэг нь хэмээн бичсэн нь буй. Төмөр түүх сайн мэддэг, дайнд цэргээ зоригжуулахын тулд домог түүх ярьдаг, анагаах ухаан, одон орон, яруу найраг сонирхдог нэгэн байв. Шатрыг сүрхий сайн тоглодог байсан бөгөөд уран барилга, уран зургийг биширнэ.

 

Хоёрдугаар бүлэг: Эрх мэдэл өөд зүтгэсэн нь

 

Төмөр эмир Хасаганы албанд зүтгэх болов. 14-р зуун, нэн ялангуяа Дундад Ази бол дайны талбар байсаар ирсэн. Тэнд ер нь тогтвортой байдал ч гэж байсангүй. Яг л Балканы хойг шиг, шашны зөрчил, угсаатны мөргөлдөөн, эрх мэдлийн зөрчил хэзээд байсаар ирсэн. Энэ ч жишгээр Төмөрийн үед Дундад Азид нүүдэлчид суурин иргнэдтэй, мөн шашны зөрчилдөөнөөр талууд хоорондоо үзэлцэж байв. Тэр цагт чадварлаг жанжин, овсгоотой, зоригтой удирдагчид бусдад хүндлэгдэж, тоогддог байсан нь нууц биш.

 Хасаган бол Чингис хааны удмын хүн бөгөөд Мавераннахрын эмирүүдийн ахлагч байжээ. Хасаган залуудаа Мавераннахрын Монгол цэргийн ерөнхий захирагч байсан ба олон ч тулалдаанд орж, Монгол хаадад үнэнчээр зүтгэж байжээ. Хасаган нэгэн тулалдаанд өрөөсөн нүдээ сохлyулж, Монголчуудын эсрэг гарсан Самаркандын бослогыг дарж, долоо шархадсан чоно шиг хашир болсон ч гэлээ Төмөрт итгэдэг байжээ. Тэрбээр нэг удаа Төмөрийг дуудаж, дээрэмчдийн хулгайлсан адууг авчрахыг тушаажээ. Төмөр хэсэг нөхдийн хамт дэээрэмчдийн араас нэхэв. Персийн дээрэмчид хулгайлсан морьдоо, мөн хамаг хөрөнгөө ачаад зам буруулж явахад нь Төмөр гүйцэж очин багахан тулаанд ялж ачаа барааг нь олзлон авчирсан байна. Тэр цагаас хойш Хасаган залуу Төмөрийг тоох болж, түүнд нум сумныхаа хоромсогийг бэлэглэсэн гэдэг.

Төмөр Хасаганы итгэлийг олсны дараа Самаркандын эмир Хасаганы ач охин, Жалайр овогт Ульжа буюу Улжай турхан агайтай гэрлэж, Чингис хааны алтан урагтай холбогджээ. Эмир Хасаган Төмөрт ач охиноо өгөөд зогссонгүй, өмч хөрөнгө таслан өгч, амь сахигч торгон цэргийнхээ захирагч болгон Шадман цайзыг хариуцуулжээ. Энэ үед Төмөр дөнгөж 20 гаруй настай байсан бололтой. Төмөрийн эхнэр Улжай хатан тас хар гэзэгтэй, зоримогдуу төрхтэй, Төмөрөөс хэзээ ч салдаггүй, сайхан бүсгүй байсан хэмээн сурвалжуудад бичсэн байна. Тэрбээр 15 настайдаа Төмөрийн эхнэр болсон бөгөөд харамсалтай нь урт наслаагүй юм.

Тэр цагт Цагаадайн хаант улс Могулистан ба Мавераннахр хэмээн хоёр хэсэгт хуваагдаж байв. Дээр өгүүлсэнчлэн Могулистан нь нүүдэлчид, харин Мавераннахр нь суурин иргэд байв. Могулистанд исламын шашин төдий л дэлгэрээгүй, тэнгэр шүтлэг ноёрхож байсан хэвээр бол Мавераннахр өөр байлаа. Могулистан болон Мавераннахр байнга дайтна. Мавераннахр нь Амударья мөрний баруун бие бөгөөд Могулистан нь зүүн бие юм. Төмөр өөрийн эрхгүй тэр зөрчилд татагдан оржээ. Хасаган ноёны мэдэлд байсан ноёдууд өөр өөрсдийн нутагтаа дураараа загнаж, албан татвар шамшигдуулах, хоорондоо байлдах, гэмт хэрэг үйлдэх, атаа жөтөө санах, хардаж сэрдэх нь энүүхэнд байв. Хасаганыг зайлуулж их эмир болох сонирхолтой хүн тэдний дунд бас байсан гэдэг.

Ийм нөхцөлд Төмөр эмир Хасаганыг хамгаалж байсан бөгөөд Кран гэгч султан цэрэглэн орж ирэхэд тосон байлдаж бутниргэжээ. Мөн Углан ноён хуйвалдан зохион байгуулж байгааг олж мэдсэн Төмөр Хасаганд хэлснээр хуйвалдааныг зогсоож байв. Төмөрийн хадам аав буюу Улжай хатны төрсөн эцэг нь Могулистаны хүргэн юм.

Энэ үед Могулистаны эзэн нь Туглуг Төмөр байж, тэрээр Мавераннахрыг эзлэн нэгтгэхийг мөрөөдөж байв. Улмаар хуйвалдаанууд ар араасаа явагдсаар Хасаган ханыг анд явж байхад нь харван алав. Энэ үйл явдал 1358 онд болсон. Хасаганы Самаркандыг захирсан 12 жилийн ноёрхол ингэж төгсгөл болжээ. 1360 онд Төмөрийн аав Тарагай нас барлаа. Төмөрийн байр суурь ганхаж эхлэв. Түүнд язгуур угсаа байсан боловч хаан суух хэмжээний эрх мэдэл биш байв. Тиймээс тэр ганц л чаддаг зүйлээ хийхээр болсон нь илд атгаж, эцсээ хүртэл үзэлцэх байв. Энэ л үед тэрээр өөрийн хадам ах Хусейнтэй дотносох болжээ. Учир нь тэдний дайсан нэг байлаа.

Эзний ширээ солигдох болгонд ил далд тэмцэл өрнөж, цус урсдаг байсан нь ёс мэт зүйл байв. Тэр үед Мавераннахрын хөдөө орон нутгийн эмир, хан, ноёд Самаркандын шинэ эмир Тимур шах Огланд дургүй байлаа. Тэд түүнийг Могулистаны төлөөний этгээд гэдгийг таамаглаж байв. Амьд ахуйд нь муу хэлж байсан ч гэсэн Хасаган ноён ямар ч байсан Мавераннахрын төлөө хүн байлаа. Нөгөө талаар, хөдөө, орон нутгийн эмирүүд шинэ эмирийг учраа олж амжаагүй байхад нь аль болох ширээнээс нь зайлуулах, газар нутгаа тэлэх бодлого явуулж яарч адгаж байсан гэдэг. Зарим нь эрх тушаалаа алдахаас айж байв. Энэ байдлыг Төмөр ч сайн ойлгож байв. Энэ тэмцэлд татагдан орсон Төмөр багагүй цэрэгтэй байв. Гэхдээ Төмөр хэрхэхээ шийдэж чадаагүй байтал 1360 оны намар Могулистаны хаан Туглуг Төмөр Хожендын орчмоор Сырдарьяаг гатлан Мавераннахрт цөмөрлөө. Туглуг Төмөр бол Цагаадайн удмын хаан бөгөөд түүнийг зарим номонд Кандагарын хаан ч гэж нэрлэдэг. Мавераннахр тэр аяараа үймж эхэллээ. Туглуг Төмөрийн өөдөөс сөрөн тулалдахыг хэн ч хүссэнгүй. Туглуг Төмөр хаан ч үүнийг тооцоолж байсан бололтой. Түглэг Төмөр бусад ноёдыг ирж нэгдэхийг шаардсан бөгөөд Төмөр ч энэ шаардлагыг хүлээн авсан юм.

Могулистаны цэрэг ойртох тусам байдал эвгүй болж байлаа. Жалайрын толгойлогч Баянжид, бас бус ноёд Түглэг Төмөрт их бэлэг сэлт барьж, албат болохоор найрсгаар хүлээн авчээ. Төмөр зориг шулуудан Могулистаны хаан рүү хөдлөв. Тэрбээр Могулистаны хаанд дагаар орохоор шийджээ.

 Түглэг Төмөр ч Төмөрийг найрсгаар хүлээн авчээ. Учир нь Түглэг Төмөр болон залуу Төмөр нар адилхан Хасаганы хүргэн юм. Нэг нь Хасаганы ач охинтой, нөгөө нь охинтой нь суусан юм. Ингээд Мавераннахр Могулистаны эрхэнд оров. Цагаадайн улс дахин нэгдлээ. Гэвч шашны асуудал байсаар байв. Түглэг Төмөр тэнгэр шүтлэгт хүн байсан бол Төмөр исламын шашинтай хүн байжээ. Тиймээс ч зөрчил үүсч эхлэв. Энэ үед харилцаа муудсан залуу Төмөр Түглэг Төмөрөөс зугтааж, 4 жилийн турш тэнүүлч дээрэмчний хувь заяаг амсаж, хулгай дээрэм хийж, худалдааны зам дээрэмдэн амь зогоож явсан гэдэг.

Төмөр энэ үед хадам ах Хусейнтэй холбоо тогтоосон бөгөөд энэ үед Сейстан мужийн эзэн Малик Махмудын эсрэг бослого гарч, мужийн 7 цайзыг босогчид эзлэн авсан байна. Сейстаны эзэн Малик нь Хусейн, Төмөр нараас тусламж гуйсан бөгөөд Төмөр 3 цайзыг нь босогчдоос чөлөөлж өгсөний дараа эрх мэдэл, нэр хүнд нь өсөхөөс айж, гэнэт Төмөрийн эсрэг цэрэглэжээ.

Чухамхүү энд л (Сейстанд) тулалдаж байхдаа Төмөр 12 шадар хамгаалагчтайгаа үлдэж, хөл, гартаа хүнд шарх аван, арай гэж амь гарчээ. Ингэж Төмөр доголон болсон байна. Төмөр нэр хүндтэй байсан учраас түүнийг хүмүүс дагах нь их байжээ. Удалгүй Төмөр хүн хүчээ сэлбэж Могулистаны эсрэг тулалдахаар болсон бөгөөд өрсөлдөгч нь 20000 цэрэгтэй байв. Төмөрийн цэргийн тоо хамаагүй цөөн байлаа. Могулистаны манлай ангиуд 6000 цэргээр довтлоход Төмөр 500 цэргээ Амударья мөрний гүүрийг хамгаалуулж, өөрөө үлдсэн 1500 цэргээ аван дайснаа амдан хөдөлжээ. Харин Могулистаны цэрэг голыг өөр гармаар гарч, дөрөв дахин бага цэрэгтэй Төмөрт цохилт өгөв. Ширүүн тулалдаан өдөржин өрнөж, улмаар шөнө нь талууд цэргээ татан амсхийхэд Төмөр Могулистаны хүрээг гэнэдүүлэн довтолсноор тулааны хувь заяа Төмрийн талд шийдэгдэв. Төмрийн цэргүүд ихээхэн хэмжээний зэр зэвсэг, хоол хүнс, агт морьд олзлон авлаа. Төмөр тэр үед Могулистаны 6000 манлай цэргийг 1500 цэргээр цохисон нь гарамгай ялалт байлаа. Могулистаны цэргийн толгойлогч нарын дунд хагарал гарч эхэллээ. Энэ байдал Төмөрт ашигтай байсан бөгөөд тус бүрт нь цохих боломжийг ч алдсангүй. Төмөр амжилттай давшиж, байлдааны ажиллагааг чадамгай удирдсанаар Самарканд хотыг чөлөөлөв. Самарканд хотын исламын шашинт иргэд ихэд баярлан Төмөрт “Их эзэн, эрин цагийн баатар” цолыг олгожээ. Харин Төмөр тэр цолыг хүлээж аваагүй юм. Учир нь тэрээр атаа жөтөө, хэл ам гарахаас болгоомжилж байжээ.

Төмөр Мавераннахрын захирагчаар Хусейныг тавьж, өөрөө баруун гар нь болов. Төмөр, Хусейн нар зөвлөлдөөд ахмад ихэсийн хуралдай зохион байгуулж, хан сонгох хэрэгтэй гэж үзлээ. Хуралдайгар Төмөр болон Хусейн нар Чингис хааны удмын Хабул шах Огланыг хаан ширээнд суулгав. Төмөр, Хусейн нар түүнийг нэрийн төдий хаан сонгоод төрийн бүх хэргийг гартаа авчээ. Төмөр ер нь цагийн эгзгийг тааруулан асуудлыг шийдэхдээ гарамгай хүн байсан гэдэг. Худалдаа, татварын таатай нөхцөлөөр исламын шашинтнуудын итгэлийг олж, хүчээ бэхжүүлж байтал төд удалгүй Могулистанаас Мавераннахрт дахин цэрэглэлээ. 1365 оны 5-р сарын 22-нд Могулистаны цэрэг Ташкентын ойролцоо Төмөрийн цэрэгтэй ширүүн тулалдаан хийв. Төмөрийн цэргүүдийн ихэнх нь түрэг морин цэргүүд байв. Гэхдээ баруласууд ч бас байсан. Төмөр ялалтдаа итгэлтэй байлаа. Төмөр цэргээ баруун, төв, зүүн хэмээн хувааж, өөрөө сулхан зүүн хэсгийг биеэр удирджээ.

Ширүүн тулалдааны эцэст Төмрийн удирдсан зүүн жигүүр шахагдаж, баруун жигүүрийг удирдаж байсан хадам ах Хусейн нь ч могулстанчуудын эсрэг сөрөг давшилт хийх гээд бүтэлтэй болсонгүй. Тулалдааны дараа Төмөрийн хатан Ульжай гэнэт нас барснаар Төмөр, Хусейны харилцаа тасрах бас нэг сэжүүр бий болжээ. Тэд Мавераннахрыг орхилоо. Ямар ч хамгаалалтгүй болсон Самаркандын зүг Могулстаны цэрэг хөдөллөө. Энэ үеэс Төмөр болон Хусейны харилцаа хурцдаж эхлэв.

Энэ хоёр хүний харилцаа ихэд ээдрээтэй, бас сонирхолтой. Зарим түүхчид энэ хоёр хүний нөхөрлөл, хамтын ажиллагааг Тэмүжин, Жамухын нөхөрлөлтэй адилтган авч үздэг. Энэ хоёр Мавераннахрын захирагч Хагасаныг түшин гарч ирсэн, хоёул нэгэн санаа зорилгыг тээж, бие биенээ түшиж тулж байсан. Хусейн бол их эмирийн ач хүү, эмирийн сууринд залрах эрхтэй атлаа Могулистаны довтолгооны үед хамгаа алдсан алтан ургийн угсааны хүн. Төмөр бол Хусейны дүүтэй сууж хүргэн нь болсон, хэн нэгэн хаанд захирагдан явах гэхээсээ илүү өөрөө эзэн суух, эрх мэдэлтэй байх хүсэлтэй Монгол угсаатан.

Хусейн Төмөр хоёр Мавераннахр болон Могулистаныг нэгтгэж, Цагаадайн улсыг сэргээн суух зорилго тавьж, чухам энэ ижил зорилго нь тэднийг нэгтгэж, бас хагалж байв. Хусейн болон Төмөр нар харилцан түшилцээгүй бол аль аль нь хэдийнэ үхэх байлаа.

Эрх мэдлийн төлөө Төмөр, Хусейн хоёр гарцаагүй дайтах болж 1368-1369 оны хооронд Төмөр Хусейн нар хэд хэдэн удаа мөргөлдөв. Төмөр Хусейны дайснуудыг өөртөө татаж, худ ургийн харилцаа хүртэл тогтоов. Улмаар Хусейн, Төмөрийн шийдвэрлэх тулалдаан 1370 онд Карш хотын хавьцаа болсон ба Хусейны мэдэлд 12000 цэрэг байсан тул тэрээр хүчиндээ итгэлтэй байв. Гэхдээ Хусейн нэг зүйлийг ерөөс тооцсонгүй. Төмөр өөрийн тагнуулуудаа Хусейны хажууд шургуулж, итгэлийг нь олсон байв. Хусейны итгэлийг олохын тулд Шир Баграм Төмөрийн эсрэг хоёр ч удаа тулалдаж гавьяа байгуулжээ. Төмөрийн талаас Баграмд хядуулсан нөхдүүд бол найдваргүй этгээдүүд байжээ. Төмөр ингэж нэг сумаар 2 туулай буудсан байна. Ингээд шийдвэрлэх тулалдааны үед Хусейны дэргэд байсан Шир Баграм гэнэт Хусейн рүү довтолж, олзлон авч ойр орчмын хүмүүсийг нь хяджээ.

Үргэлжлэл: Байлдан дагуулагч Төмөр: Алтан ордын эсрэг, Тохтамыш

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]