Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Савхин бээлийтний хэрцгий халдлагаУншсан4,921

Тэрбээр Европт зургаан сая еврейчүүдийг хорлон сүйтгэсэн хэрэгт хариуцлага үүрэг хүлээх ёстой фашист Германы олон удирдагчдын нэг, нацистын нөлөө бүхий гэмт хэрэгтэн Адольф Эйхманыг баривчлахад онцгой үүрэг гүйцэтгэж байсан билээ

Энэ оны гуравдугаар сарын эхээр “Вашингтон пост” сонинд тун товчхон эмгэнэлт мэдээ гарчээ. Энд “Израилийн Моссад тусгай албаны домогт гарамгай албан хаагч Питер Малкин 77 насандаа Нью Йорк хотноо өөд болов. Тэрбээр Европт зургаан сая еврейчүүдийг хорлон сүйтгэсэн хэрэгт хариуцлага үүрэг хүлээх ёстой фашист Германы олон удирдагчдын нэг, нацистын нөлөө бүхий гэмт хэрэгтэн Адольф Эйхманыг баривчлахад онцгой үүрэг гүйцэтгэж байсан билээ. Гарамгай тагнуулч амьдралынхаа сүүлийн жилүүдийг АНУ-д өнгөрүүлсэн бөгөөд тэнд дурсамж номоо бичиж, зураг зурж, заримдаа Манхэттэны тойргийн прокурор болох өөрийн найзын мөрдөн байцаах ажилд нь тусалдаг байжээ. МОССАД-ын хамгийн шилдэг агентуудын нэг нас нөгчсөн нь түүний гар бие оролцсон Израилийн тусгай албаны нэгэн шилдэг ажиллагааг өөрийн эрхгүй нэхэн дурсахад хүргэсэн юм...

 1957 оны намрын нэгэн өдөр Израилийн тагнуулын алба МОССАД-ын дарга Исер Харэль албан өрөөндөө шөнө дөл болтол сууж ажилласан юм. Тэрбээр Дэлхийн хоёрдугаар дайны дараагаас л нэгэн хэрэг нээж, түүнд холбогдолтой материал цуглуулан судалж байлаа. Энэ бол Адольф Эйхманы хэрэг байсан агаад тэрбээр 1934 ондУлсын аюулгүй байдлыг төв удирдах газарт сионизмын асуудлыг хариуцсан шинжээчээр ажилладаг байлаа. Тэрбээр “Европын асуудлыг нэг мөр шийдвэрлэх нь” нэртэй төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн нэгэн билээ.

 МОССАД-ЫН ХЭРГЭЭС

 Адольф Карл Эйхман 1906 онд Германы Золинген хотод төржээ. Залуу насаа тэрбээр Гитлерийн бага настай салшгүй холбоотой Австрийн Линцед өнгөрүүлсэн байна. Нүд бас үсний нь өнгө тас хар учир үеийнхнээсээ “Der kleine Jude” буюу жүүд гэсэн хоч авсан байв.

 Хорин насандаа залуу Эйхман нэгэн газрын тосны компанид зарлагаар ажилладаг байв. Гэвч өөрийн хувь заяаг Гитлерийн хас тэмдэгтэй холбох хүсэл түүнд улам бүр бадран асч байлаа. 1932 оны дөрөвдүгээр сарын нэгэнд тэрбээр Австрийн нацистын намд элсэн орсон байлаа.

 Төдөлгүй тэрбээр Дахау хотын захад байх тухайн үедээ төдийлөн олонд мэдэгдээгүй концлагерийн дэргэдэх СС-ийн сургалтын лагерийг зорьжээ. Тэнд сургалтаа дүүргээд тэрбээр сайн дураараа СС-ийн аюулгүй албанд элссэн юм. 1935 онд аюулгүй албаны дарга Генрих Гиммлерийн тушаалаар тэрбээр “Еврейн музей” гэх Австри, Герман дах жүүдүүдийн бизнес болон үл хөдлөх хөрөнгөний талаар мэдээлэл цуглуулах цорын ганц зорилготой хэлтсийг байгуулав. Тэрбээр жүүд уламжлал, ёс заншил, шашин, амьдралын хэв маягийг шаргуу судалж, удалгүй энэ салбартаа нэвтэрхий мэдлэгтэй болсон байлаа.

 1938 онд Герман улс нэг ч буун дуу гаргалгүйгээр өөртөө Австрийг нэгтгэсний дараа Эйхман Вен хот дахь Жүүдүүдийн цагаачлалын удирдах газрыг толгойлон ажиллах болов. Хатуу хэрцгий зан чанар, шунал атаархлаа чадварлаг хослуулдаг тэрбээр Вант улсын эртний хотод амьдрах жүүдүүдийн зүрхэнд айдас хуруулдаг байлаа.

 Жүүдүүдийг гэрээс нь гудамжинд чирч гаргаж ирээд толгойных нь үсийг хусдаг байв. Жүүдийн сүмийг газрын хөрснөөс арчиж байлаа. Еврейчүүдийн эзэмшдэг байсан дэлгүүр, орон сууцуудыг ил цагаанаар дээрэмддэг байлаа. Золиос болсон тэдний хуримтлуулан цуглуулсан бүхнийг булаан авч, гарт нь Ю тэмдэгтэй /юде буюу еврей гэсэн үг/ паспортыг бариулаад өөрсдийг нь хүлээн авахыг зөвшөөрч байгаа улс орныг хоёр долоо хоногийн дотор өөрсдөө ол хэмээн тушаадаг байв. Эс чадваас тэдний өмнө цорын ганц зам байсан нь хорих лагерь байлаа.

 1939 онд Эйхман Рейнхард Гейдрихийн цөөн тооны тойрон хүрээлэгчдийн тоонд багтаж ахмад цол хүртэв. Гейдрих бол СС-ийн дээд албан тушаалтнуудын нэг байсан бөгөөд Гитлерээс “Европыг жүүдүүд болон бусад тааламжгүй элементүүдээс цэвэрлэх” үүргийг авсан байлаа. Гейдрих ч Вен хотыг “еврейгүй хот” болгон хувиргах ажилдаа Эйхман гялалзсан их амжилт гаргаж байгааг анзаарч түүнийг ажил хэрэгтээ үнэнч зүтгэлтэн болох юм байна гэдгийг ойлгожээ. Гиммлерийн нэрийн өмнөөс тодорхойлолт бичиж байхдаа Гейдрих “Эйхман бол Европын бүх чиглэлүүдийг толгойлох чадвартай” хэмээн тодорхойлсон байв.

 Тэр үед Эйхман Европын асуудлыг бодитойгоор шийдвэрлэх өөрийн гэсэн зарчмыг хэдийнэ боловсруулчихаад байв. Түүнийг тэрбээр “Бүрмөсөн шийдвэрлэх” хэмээн нэрлэжээ.

 “ИД-IV” гэсэн товчхон нэр бүхий Эйхманы толгойлсон шинэ удирдах газар /СС-ийн хүрээнийхний дунд энэ газрыг “Эйхманы удирдах газар” гэж нэрлэдэг байв/ нэн түрүүн Варшав, Лодзи зэрэг Польшийн томоохон хотуудад ГЕТТО-г байгуулах ажлыг эхлүүлэв. Эйхманы бодож олсоны дагуу энэ газар өвчин, өлсгөлөнд нэрвэгдсэнээр жүүдүүдийг устгах ажилд онцгой их хувь нэмэр оруулж рейхын хувьд маш үнэ цэнэтэй байлдааны зэр зэвсэгийг нь хэмнэж өгөх ёстой байлаа.

Жүүдүүдийг битүү хаалттай ачааны машинд хөөн оруулж, хийгээр хордуулан хөнөөж байсан “хөдөлгөөнт хөнөөгч” гэх туршилтуудыг Эйхман өөрийн биеэр хянадаг байлаа. Түүнчлэн еврейчүүдийн хувьд Армагеддон нь болсон өмнөд зүгийн Освенцим-Биркенауд үхлийн лагерь байгуулах санаа мөн л түүнийх.

 1941 онд Гитлер Зөвлөлт Холбоот улсад түрэмгийлэн нэвтэрсэн тэр үед Эйхман хэдийнэ дэд хурандаа болчихоод “дорд үндэстнүүдийг” устгах өргөн их боломж өмнө нь нээгдээд байжээ. Энд бүтэж үхэхэд хүргэдэг “хөдөлгөөнт хөнөөгч” ямар ч үр ашиггүй байв. Еврей, славян үндэстнүүдийг үй олноор нь буудан хорооход хэтэрхий их цаг хугацаа, бас зардал зарцуулагдаж байлаа. Түүнээс гадна энэ ажиллагаа нь даалгавар гүйцэтгэгчдийн сэтгэл зүйд тун ч муугаар нөлөөлж байв.

Эйхманы санаачилсан илүү үр ашигтай аллагын аргуудыг удирдлагаас нь сайшааж улмаар золиос болсон хүмүүсийн үс, алтан шүд, өөхөн давхрагуудыг алагдсаных нь дараа ашиглаж эхлэв. Тэрээр “Циклон-Б” гэх хийг ажил хэрэгтээ ашиглаж эхэлсэн бөгөөд түүнийхээ тусламжтайгаар Освенцимд өдөрт арван мянган хүнийг цааш нь харуулдаг болов. Үүний тулд халуун усны өрөөнд дор суурилуулсан хийн камеруудыг ашиглаж байлаа. Эйхман алагдсан хүмүүсийн тоог тун няхуур нямбай тоолон гаргаж, үүнээс гаргаж авах ашгаа ч тооцдог байлаа. Тэрбээр концлагерьт хийнд хордож, угаартаж нас барсан хүмүүсийн өөхийг хайлуулж үйлдвэрлэсэн саванг нэгбүрчлэн ширхэглэн тооцдог байв.

 1942 онд Берлиний ойролцоо Ваннзей дэх, урд нь чинээлэг жүүд гэр бүлийн эзэмшилд байсаннэгэн тохилог зуслангийн байшинд рейхийн өндөр албан тушаалтнууд өөрсдийн ухамсартайгаа эцсийн бөгөөд эргэлт буцалтгүй гэрээ байгуулжээ. Тэр өдрийн хэлэлцэх асуудалд “Европт жүүдийн асуудлыг нэг мөр шийдвэрлэх” гэсэн цорын ганц асуудал байв. Энэ зөвлөлгөөн дээр Эйхман ч бас байлцав. Энэхүү төлөвлөгөөг амьдралд хэрэгжүүлэхээр тэрбээр Европоор нэг хэсч, улам бүр олон олон “рейхын дайснуудыг” хийн камер болон зууханд илгэхээр чармайн зүтгэж байлаа.

 СС-ийн олон офицерууд жүүдүүдийг устгах нь хоёрдогч асуудал, гол зорилт бол дайнд ялах явдал хэмээн үздэг байв. Гэхдээ Эйхманы хувьд огт өөр байв. Тэрбээр золиосуудыг тээвэрлэх шинэ тээврийн хэрэгсэл, концлагерийн хамгаалагч, камерт зориулагдсан үхэлд хүргэгч хийнүүдийг байнга шаргуу шаарддаг байлаа.

 1944 онд холбоотнуудын цэрэг Германы хилд ойртох үед Эйхман Унгар улсад онцгой анхаарал хандуулжээ. Тус орон Германы холбоотон улс гэгддэг байсан агаад тэнд өдийг хүртэл 800 мянган жүүдүүд харьцангуй аюулгүй байдалд амьдарч ирсэн байв. Эйхман үүнийг өөрийг нь гутаан доромжилсон явдал хэмээн үзжээ. Тэрбээр Будапешт руу явж өөрийн биеэр тэднийг концлагерь руу илгээх ажлыг зохион байгуулав. Ингээд 1944 оны тавдугаар сараас долоодугаар сарын хооронд 437 Унгарын жүүдүүд вагонд ачигдаж, үхэл рүүгээ илгээгджээ. Эйхманы хожим ярьснаар энэ бол “түүний амьдралын хамгийн баяр баясгалант үеүүдийн нэг” байжээ.

 1944 оны аравдугаар сард Эйхман Будапештээс явахаас өөр аргагүйд хүрэв. Галд автсан Берлинд эргэж ирээд тэрбээр өөрийнх нь тооцоолсноор дөрвөн сая жүүд хүн үхлийн лагерьт устгагдсан бөгөөд ахин хоёр сая нь Орост үйл ажиллагаагаа явуулж байсан хөнөөн сүйтгэх отрядуудын гарт нас барсан хэмээн Гиммлерт илтгэжээ. Тэрбээр ийм их зүйлийг хийж өндөр “амжилтад” хүрсэндээ сэтгэл хангалуун байв. Харин ажлынхаа багагүй хэсгийг дуусгалгүй үлдсэн нь сэтгэлийг нь зовоож байв.

 ГАРИБАЛЬДИ ГУДАМЖНЫ РИКАРДО КЛЕМЕНТ

 Эйхман хэрэгтний сандлаас оргон зайлж Өмнөд Америкт нуугдаж чаджээ. Түүний байгаа газрын тухай 1957 оны намар хүртэл огт тодорхойгүй байгаад улмаар Германы Гессен эдлэнгийн прокурор Фриц Бауэрээс /тэрбээр жүүд үндэстэн агаад Холокостын махны машинаас азаар амь аврагдан үлдсэн/ РСХА-гийн 6-р хэлтсийн Дөрөвдүгээр хэсэг буюу нацист дэглэмийн аюулгүй албаны дарга өдгөө Аргентинд амьдарч байгаа гэсэн мэдээллийг Харэль авчээ.

 Эйхманы амьдарч байгаа газрын тухай Бауэр Буэнос Айрест амьдарч байсан герман еврей Лотар Херменээс авсан байна. Түүний охин Николас нэртэй залуу эртэй уулздаг байсан агаад тэр нь Эйхманы олон хөвгүүдийн нэг байжээ. Түүний тусламжтайгаар Эйхманы гэр бүлийг Буэнос Айрес, Оливес дүүрэг, Чакабуко гудамжны 4261 тоотот амьдарч байгаа хэмээн хаягийг нь тодорхойлжээ.

 Хэрэг явдлыг судалж үзээд Эйхман шүүхийн өмнө зогсох ёстой гэсэн дүгнэлтэд Харэль хүрчээ. Тэрбээр нацистын гэмт хэрэгтнийг барьж авах ажиллагааг нэгбүрчлэн бодож боловсруулаад Ерөнхий сайд Давид Бен Гурионд очиж илтгэжээ. Тэд хэзээ ч ажил хэргийн асуудлыг утсаар хэлэлцдэггүй байжээ.

 Ерөнхий сайдын албан өрөөнд орж ирээд Харэль Эйхманы амьдарч байгаа газрын талаарх мэдээллийг олж авсан гэдгээ хэлэв. Тэрбээр өөрийн илтгэлийг:

-Түүнийг Израильд авчрах зөвшөөрлийг хүсч байна гэсэн үгсээр дуусгажээ.

-Гүйцэтгэ хэмээн Бен Гурион хариулав.

1958 оны эхээр МОССАД хоёр ажилтныг Аргентин руу илгээж Чакабуко гудамжин дахь гэмт хэрэгтний байшинг судлуулав. Тус байшинд Эйхман нэртэй хүн амьдардаггүй, учир нь цахилгаан тоолуур нь Дагасто, Клемент гэсэн овогтой хүний нэр дээр байлаа.

 Хэсэг хугацааны дараа Фриц Бауэр шинэ мэдээлэл илгээсэн нь дайны дараа эйхман нэг хэсэг хорват лам нарын эзэмшил болсон Австрийн сүмд нуугдаж байхдаа Клемент гэсэн нэртэй байсан агаад Аргентинд ирэхдээ бүх бичиг баримтаа ч энэ нэр дээр авсан гэсэн байлаа.

 Үүний дараа 1958 оны гуравдугаар сард Аргентинд МОССАД-ын хамгийн туршлагатай ажилтнуудын нэг Эфраим Элром ирж Эйхманыг хайж олох бүлгийг ахалжээ. Эрэл хайгуул хийж байгаа ажилтнуудыг түүнийг таньж болох бүхий л нарийвчилсан мэдээллээр хангасан байлаа.

 1959 оны арванхоёрдугаар сард эрэл амжилттай өндөрлөв. Эйхман үнэхээр дампуурсан угаалгын газрын эзэмшигч Рикардо Клемент нэрэн доор нуугдаж байв. Түүний гэрэл зурганд шинжилгээ хийхэд нүдний шилтэй халцарч яваа эр үнэхээр Эйхман гэдгийг нотлов. Гэхдээ 1960 оны гуравдугаар сарын 21-нд энэ нь бүрэн нотлогдсон бөгөөд тэр өдөр Клементийн гэрт ямар нэгэн баяр болж байлаа. Гестапын ажилтан байсан хэргийг нягталж үзээд энэ өдөр Эйхманы гэр бүл мөнгөн хуримаа тэмдэглэх ёстой байсныг МОССАД-ын ажилтнууд олж тогтоожээ. Ямартаа ч таньж илрүүлэх эхний үе шат дуусгавар болов.

 Эйхманыг хулгайлахажиллагаанд бэлтгэхийн тулд Харэль өөрөө Аргентинд хүрэлцэн ирэв. Үүний өмнө тэрбээр ажиллагаанд оролцох ажилтнуудыг биечлэн сонгон шалгаруулж авчээ. Ажиллагаанд ердөө 30 хүн оролцох бөгөөд тэдний 12 нь баривчилгааны хэсэг, үлдсэн нь тэднийг дэмжих ёстой байлаа.

 Аргентинд нэвтрэх, тэндээс гарах зэрэгт ямарваа нэгэн хүндрэл гарахаас зайлсхийхийн тулд Европын нэгэн улсад жижигхэн аялал жуулчлалын товчоо байгуулав. Гадна талаас ажиглалт хийхийн тулд ажилтнууд Буэнос-Айресаас олон арван байр хөлсөлж, мөн нэлээдгүй автомашин түрээсэлж авав. МОССАД-ын хуурамч бичиг баримтын хэлтсийн шилдэг мэргэжилтнүүдийн хийсэн хуурамч паспортыг ажиллагааны бүлгийн бүх гишүүдэд олгов.

 Ингээд 1960 оны дөрөвдүгээр сард ажиллагаанд шууд бэлтгэж эхэлжээ. Ажиллагааны бүлгийн ажилтнууд Аргентинд янз бүрийн улс орнуудаас өөр өөр цаг хугацаанд нэг нэгээрээ ирцгээж байлаа. Ажиллагааг Аргентины тусгаар тогтнолын 150 жилийн ойн баярын үеэр Израилийн төлөөлөгчид Буэнос-Айрест албан ёсоор айлчлан ирэх өдөр явуулахаар товлов. НҮБ дахь Израилийн төлөөлөгч Абба Эбанаар толгойлуулсан төлөөлөгчид Аргентиний нийслэлд тавдугаар сарын 19 -нд Израилийн агаарын тээврийн “Эль Аль” онгоцоор нисч ирээд дараагийн өдөр нь Тель Авивт эргэн очих ёстой байлаа.

Чухам энэ онгоцоор л Эйхманыг тэндээс гаргах төлөвлөгөөтэй байв. Хэрэв энэ нь боломжгүй болсон тохиолдолд нөөц хувилбарыг боловсруулсан бөгөөд Эйхманыг Израиль руу тусгай хөлөг онгоцоор авчрах ёстой байв.

 “УН МОМЕНТО, СЕНЬОР”

 Тавдугаар сарын 11-нд бүхий л бэлтгэл ажил дууссан байв. Эйхманыг баривчлах ажлыг Рафи Эйтан, Авраам Шалом, Питер Малкин нарт даалгав.

 Үдшийн 19 цаг 34 минутад Гарибальди гудамжинд хоёр машин ирж зогсчээ. Нэгнээс нь хоёр эрэгтэй гарч ирээд, арын тээшийг онгойлгож машины эвдрэлийг засах гэж буй мэт дүр эсгэв. Бүлгийн гурав дахь гишүүн арын суудалд нуугдсан байлаа. Хоёр дахь машин үүнээс холгүйхэн зогссон бөгөөд жолооч нь хөдөлгүүрээ асаах гэж оролдох авч амжилт олсонгүй.

 19 цаг 40 минутад буудал дээр Эйхманы гэртээ ирдэг автобус дөхөж ирлээ. Гэвч энэ удаа тэр ирсэнгүй. Дараагийн автобусанд ч тэр байсангүй. Энэ газар ийм байдлаар удаан зогсох нь оршин суугчдад ажиг сэжиг авахуулж болох учир бүлгийн гишүүд бухимдаж эхлэв.

 Эцэст нь ахин нэг автобус ирэв. Түүнээс цорын ганц зорчигч буусан нь азаар Эйхман байлаа. Малкин түүний өөдөөс явж очив.

-Ун моменто сеньор гэж тэр Эйхманд хэлээд тэр даруй хавцал руу даран унагав. Энэ бол Малкины испаниар мэддэг цорын ганц хэллэг байлаа. Дараагиийн мөчид хоёр хүн түүнийг барьж аваад ямар нэг авиа гаргахаас өмнө машины арын суудал руу түлхэн оруулав. Эйхманыг хүлж, ам руу нь алчуур чихээд толгойд нь шуудай углав.

-Ганц л хөдлөх юм бол чи хүүр болно шүү хэмээн МОССАД-ын ажилтнууд түүнд сануулав.

Машин байрнаасаа ухасхийн хөдлөв.

 Баривчилгааны хэсгийн гишүүн Цви Аарони германаар түүнд:

-Хэрэв та тайван байх аваас тантай юу ч тохиолдохгүй, эс бөгөөс амийг чинь егүүтгэнэ шүү хэмээн анхааруулав.

Олзлогдсон эр чимээгүй байв.

-Та намайг ойлгож байна уу хэмээн Аарони асуув.

Хариу бас л сонсогдсонгүй.

-Та ямар хэлээр ярьдаг юм бэ?

 Бас л хариу дуугарсангүй. Аарони асуултыг испаниар давтан асуусан ч нэмэр болсонгүй. Эцэст нь машин хэдэн арван километрийг туулж машины номерыг солихоор ганц удаа зогсоход л олзлогдсон эр цэвэр герман хэлээр:

-Би хэдийнэ хувь заяандаа өөрийгөө зориулсан хүн.. хэмээн хэлжээ.

 Цагийн дараа ЭйхманыгБуэнос Айресын захад байх хөлсний байранд аваачив. Олзлогдсон эрийг нүцгэлж эмчийн нарийн үзлэгт орууллаа. Гавлын яс, цээжний тойргийг хэмжиж үзэв. Эмнэлгийн картанд тэмдэглэгдсэн бүхий л сорвийг шалгахад бүх зүйл таарч байв.

 Энэ байранд тэр хоёр долоо хоногийн турш байв. Энэ бүх хугацаанд түүнийг тасралтгүй байцааж түүний хавтаст хэрэгт байгаа бүх зүйлийг таарч байгаа эсэхийг шалгав.

 Эйхман ямар нэг албадан шаардлаггүйгээр бүх асуултад нэгбүрчлэн хариулж байсан нь израильчуудын гайхлыг төрүүлжээ. СС-ийн гишүүн бүр биен дээрээ өөрийн дугаарыг шивдэг байсан тулМОССАД-ын ажилтнууд түүний дугаарыг шалгахад тэр газар нь ердөө л жижигхэн сорви байхыг олж харжээ. Тэрбээр Америкийн цөллөгийн лагерт шивээсээ арилгасан гэж тайлбарлаад:

-Миний СС-ийндугаар -45326, 63752.НСДАП-ын гишүүнчлэлийн үнэмлэхний дугаар 889895 байсан гэж хариулжээ. Аарони түүнээс:

-Таны овог, нэр хэн бэ? Гэж асуухад

-Рикардо Клемент гэж хариулав.

-Үүнээс өмнө хэн гэдэг байсан бэ?

-Отто Хенингер.

Энэ нэрийг тэд огт дуулаагүй байв.

-Таны төрсөн он, сар, өдөр?

-1906 оны гуравдугаар сарын 19.

Яг л тэдний эрж байсан хүний төрсөн өдөртэй таарч байв.

-Таныг төрөхөд ямар нэр өгсөн бэ?

-Адольф Эйхман.

 Тийм ээ, үнэхээр тэр байв. Олон жилийн туршид барихыг хичээж байсан тэр хүн, мөн дөнгөж саяын хулгайлан барьсан энэ хүн бол чухам сая сая хүнийг үхэл рүү илгээж байсан үхлийн машиныг гол зохион байгуулагч, СС-ийн оберштурбаннфюрер Адольф Эйхман гэдэгт Израилийн нууц албаныхан эргэлзээгүй итгэв.

 Тэрбээр Израилийн шүүхийн өмнө биеэрээ хүрэлцэн очихоо зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтанд өөрийн саналаар гарын үсгээ зурав. Баримт бичгийн төгсгөлд тэрбээр “Энэ мэдэгдлийг миний бие аливаа албадан шаардлагагүйгээр өөрөө гаргасан болно. Би дотоод сэтгэлдээ амар амгаланг олохыг хүсч байна” хэмээн бичсэн байлаа. Тэгсэн атлаа хэрвээ түүний амь насыг өршөөвөл Гитлерийн бүх нууцыг дэлгэнэ гэж нэмж бичсэн байв.

 Хөлсний байранд түүнийг хорин дөрвөн цагийн турш ажиглан харгалзаж байв. Хамгийн хэцүү нь үхлийн лагерьт олон хамаатан саднаа алдсан ажилтнуудынхаа сэтгэлийн хөдөлгөөнийг барих явдал байсан хэмээн хожим нь Харэль дурссан юм. Тухайлбал, Эйхманд хоолыг нь бэлддэг байсан эмэгтэй ажилтан хоолонд нь хор цацчихгүй байхсан гэж биеэ хүчээр барьж байсан тухайгаа дараа нь ярьж байсан ажээ.

 ЕРӨНХИЙ САЙДАД ЗОРИУЛСАН ӨЧҮҮХЭН БЭЛЭГ

 Хулгайлах ажиллагаа явагдсанаас дөрвөн өдрийн дараа Харэль Эйхманыг Аргентинаас авч гарах ажиллагааны хоёр дахь хэсэгт бэлтгэж эхлэв. Бүх үйл ажиллагааг удирдахын тулд тэрбээр “төөрөгдүүлэх штаб” гээчийн зохион байгуулав. Тэрбээр бүлгийн гишүүдтэй тасралтгүй харилцах тун үр ашигтай, уян хатан аргыг боловсруулсан байна. Ажилтан бүрт цайны газруудын жагсаалт өгсөн бөгөөд тэнд Харэль тодорхой дэс дараалалтайгаар очиж, ийм маягаар хөдөлгөөнт удирдлагын сүлжээг бий болгожээ.

 Ихэвчлэн тэр нэг кафед хагас цагаас илүү уддаггүй байв. Дараагийн хагас цагт тэр өөр кафе руу алхаж байдаг байв. Илүү урт хугацаагаар уулзах тохиолдолд л такси барьдаг байв. Түүний цагийн хуваарийг яв цав мэддэг ажилтнууд нь удирдагчтайгаа энэ маягаар үргэлж харьцаатай байдаг байлаа.

 Тус ажиллагааны хамгийн бэрхшээлтэй үе шат бол гааль болон паспортын хяналт шалгалтыг нэвтрэх явдал байв. Ямарваа нэг болзошгүй хүндрэлээс зайлсхийхийн тулд бүлгийн ажилтан Рафаэль Арнон автомашины осолд орж, эмнэлэгт хүргэгдэн улмаар их удаан хугацаанд эмчлэгдэхээр зохион байгуулав. Тавдугаар сарын 20-нд түүний бие харьцангуй сайжирч Израиль руугаа буцах боломжтой гэж хэлээд эмнэлгээс гарахдаа онгоцоор нисэхийг зөвшөөрсөн бичиг баримт авав. Түүн дээр нь Эйхманы зураг наалттай байлаа.

 Харин Эйхманыг нислэгийн өдөр үс зүсийг нь янзалж, “Эль-Аль” агаарын тээврийн компанийн албан хаагчийн дүрэмт хувцас өмсгөв. Нисэх онгоцны буудал руу явахын өмнөхөн түүнд нэгэн тарилга хийсэн нь тэрбээр эргэн тойронд юу болж байгааг бараг ойлгохгүй болсон хэдий ч хоёр талаас нь түшээд явахад алхах чадвартай болсон байлаа.

 Ажиллагааны бүлгийнхэн гурван машинтай нисэх онгоцны буудлын албаны үүдэнд дөхөж ирэв. Энэ үед хэсэг израильчууд халамцуу дүр эсгэж дуудуулан явахад, бас нэг хэсэг нь нойрмоглож байв. Нисэх онгоцны нэгэн хамгаалагч тэднийг хараад ийм байдалтайгаар онгоц жолоодож чадах нь юу л бол гэж хэлэхэд хариуд нь энэ бол нисэх багийн нөөц, тэд замдаа нойроо авах болно хэмээн итгүүлжээ.

 Шалгалтыг давж гараад израильчуудын суусан машин ямар ч саадгүйгээр онгоцонд дөхөж ирэхэд хоёр талаас нь түшсэн Эйхманыг онгоцны тавцан руу өгсүүлэв. Ингээд хэдхэн хормын дараа онгоц агаарт хөөрчээ.

 Онгоц хөөрсний дараа л онгоцны нисэх багийнхан онгоцонд нь хэн сууж явааг мэджээ. Үүний дараа Эйхманыг эмч үзээд түүнд хийсэн тарилга түүний биед ямар нэг сөрөг нөлөө үзүүлээгүй бөгөөд ямарваа нэгэн хүндрэлгүйгээр 22 цагийн нислэгийг давж гарч чадна гэж хэлжээ. Аюулгүй байдлыг хангахын тулд Харэлийг зааварчилгаагаар Дакарт онгоц шатахуун нэмж авав. Ингээд тавдугаар сарын 22-нд онгоц Израильд газарджээ.

 Харэль тэр даруй Бен Гурион руу очив.

-Би танд бяцхан бэлэг авчирлаа гэж тэр Ерөнхий сайддаа хэлэв.

 Шоронд орсон хойноо Эйхман МОССАД-ын ажилтнуудын ажиллагаанд дараах үнэлэлт өгчээ:

-Намайг хулгайлсан явдал мэргэжлийн үүднээс авч үзвэл тун ч авхаалжтай, өө сэвгүй байсан. Тэд намайг яллан шийтгэж, амь насанд минь хүрчихгүй юмсан гэхээс биеэ ихэд хүчлэн барьж байсан гэдгийг би хэлж чадна. Миний бие цагдаагийн үйл хэргийг гадарладаг учир үүнийг анзаарч үнэлэхтэйгээ гэсэн байлаа.

 Эйхманыг шүүх ажиллагаа 1962 оны дөрөвдүгээр сарын 11-нд эхлэв. Шүүх ажиллагааны явцад тэр зөвхөн тушаал биелүүлж байсан хэмээн баталж байв. Гэвч түүнийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн буруутай хэмээн үзэж цаазлах ял оноов.

 Ингээд 1962 оны тавдугаар сарын 31-ний яг шөнө дундЭйхманыг Рамле шоронд дүүжлэн цааш харуулсан юм.

Өөрийн чандрууны нэг хэсгийг Гарибальдигийн гудамжин дахь байшинд нь оршуулахыг тэр гуйсан ажээ. Гэвч нацистын ул мөрийг огт үлдээхгүй гэж үзэн Израилийн хилийн цаана орших далайн усанд түүний чандрыг цацжээ.

Bataar.mn

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]